ОЛОН ӨНГӨ: Хотын төвдөө ногоон байгууламжтай болохсон

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

Зуны дэлгэр цаг ирж хотынхон амралтын өдрөөрөө гол ус бараадаж, уул хадаар агаарлах болов. Зуслангийн газартай нь өвөлжин “мартсан” байшингаа онгойлгож, шороо тоосыг нь цэвэрлэн төвхнөж байгаа бол зусланд газаргүй хүмүүс нь хотын ойролцоо модны зах бараадаж сууна. Хойшоо Чингэлтэйн Зүрх уулын ам руу тэмүүлж, урагшаа Зайсангийн хөндий рүү зүтгэцгээнэ.

Ойрын үед хур тунадас ороогүй байгааг ч хэлэх үү сул шороо гутал хувцас сааралтуулах аж. Хүссэн газартаа очоод тухалъя гэхнээ битүү хашаа хайс хатгаж айлууд эзэн суужээ. Агаарт тэмүүлсэн ард иргэд явж явсаны эцэст уулын мухарт багшралдан мод модны сүүдэр бараадасхийн гудас дэвсгэр шидэсхийн хажуулдана. Гэр бүл, үр хүүхдээ дагуулан ирсэн хүмүүс тэрүүхэн тэндээ тойрч ойр зуурын хоол хүнсээ өрөв. Моддын захад байгаагийнх эрх биш уушги зүрх уужирч, урвагар царай тэнийж, нуруу амсхийжээ.

Хэрэв нийслэл хот маань голоо дагаж битүү хотхон бариагүй бол, уулаа бүрхэж дүүрэн хаус цогцлоогоогүй бол нийслэлчүүдэд маань гэр бүлээ салхилуулах жаахан ч гэсэн газар үлдэхсэн. Эсвэл хотын төвдөө иргэдийн амарч зугаалах талбай тохижилтыг нь шийдэж өгсөн бол хэчнээн сайхан.

Төв талбай дээр хөл бөмбөг тоглох зориулалтаар хиймэл ногоон зүлэг зулжээ. Иргэд түүн дээр хөлөө жийн таатай нь аргагүй сууж, зарим нь бүр хэвтэж байгаа харагдав. Яг л гадаадад байгаа юм шиг. Хот гэхээр яагаад заавал замын түгжрэл, тоос шороо бодогдох ёстой гэж. Олон улсын жишиг болсон хөгжингүй хот болохын тулд хамгийн эхлээд тав тухтай, өргөн уудам, цэвэр цэмцгэр соёл амралтын хүрээлэн, ногоон байгууламжтай болох нэн шаардлагатай байгаа юм. Газар л олдвол хэн нэгэн бизнесменд үнэ хүргэн зарж, барилга байшин чигжиж байхаар үр хүүхдээ тоглох, гэр бүлүүд зугаалах боломжтой ногоон цогцолбор байгуулж өгөөч ээ Хотын дарга аа.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top