ЧИНГЭЛТЭЙ: 33 дугаар цэцэрлэгт монтессори сургалт хэрэгжиж эхэллээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 04

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 33 дугаар цэцэрлэгт бага насны хүүхдийг сургуулийн өмнөх боловсролын үйл ажиллагаанд идэвхтэй оролцуулах, хүсэл сонирхлыг нь дэмжих, авьяас чадварыг нь хөгжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын нэрэмжит “Монтессори сургалт”-ын танхимыг тохижуулан, монтессори сургалт хэрэгжиж эхэллээ.

"Монтессори танхим"-ын нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, Нийслэлийн Боловсролын газрын Байгууллагын менежмент, удирдлагын хөгжил хариуцсан ахлах мэргэжилтэн З.Болормаа, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Ш.Оюунсүрэн, цэцэрлэгийн багш нар оролцон шинэ танхимаа хүлээн авлаа.

Монтессори бол тусгай бэлтгэсэн орчинд хүүхдийг хөгжүүлэх арга барил юм. Хүүхдэд өөрөө хөгжих боломж олгодгоороо давуу талтай. Монтессори арга зүйн гол зорилго нь хүүхэд өөрийгөө нээж илрүүлэх, таньж мэдэх орчинг бий болгох замаар өөртөө дотоод хүчийг бий болгоход оршино. Хүүхдийг хүмүүжүүлэх биш хөгжүүлэх систем аж.

Монтессори орчинд өссөн хүүхэд:

  • Бие даасан
  • Өөртөө итгэлтэй
  • Эмх цэгцтэй
  • Сонголт хийх чадвартай
  • Дасан зохицох чадвартай
  • Шинжлэх ухаанч мэдлэгтэй
  • Зөв дадал хэвшилтэй
  • Бүтээлч сэтгэхүйтэй гэх мэт олон давуу талтай өсч хөгждөг.

Монтессори орчинд хүүхдийг хөгжүүлэхэд багшийн ур чадвар шаарддаг бөгөөд Монтессори арга зүйн сургалтад 33 дугаар цэцэрлэгийн багш нар хамрагдан албан ёсны батламж гардан авсан байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top