Гадаа дулаарч хөгшид хүүхдүүд байрныхаа гадаа нарлаж салхилдаг цаг эхэлжээ. Тэр тусмаа тоглоомын талбай дээр бүрэнхий тасартал тоглох хүүхдүүдийн тоо эрс нэмэгджээ. Гэвч хотхоны гадаах цементэн хавтан бүхий хүүхдийн гулсуур, жижиг сүүдрэвчээс өөр зүйлгүй тоглоомын талбай дээр хүүхдүүд багталцаж ядна.
Барилгын компаниуд орон сууц барихдаа хамгийн түрүүнд автомашины зогсоол, барилгын хийц, загвар зэргийг нэн түрүүнд тавьж, томоохон метр квадраттай байрны 00 өрөөнөөс жижиг хэмжээтэй тоглоомын талбайтай байгаа нь хүүхдийн тоглоомын талбайн асуудалд хайхрамжгүй ханддагийг бэлхнээ харж болно.
Үүнээс гадна ихэнх тоглоомын талбай автомашины зам, гарааштай ойр байрлах аж. Сүүлдээ хүүхдийн аюулгүй байдлыг хангасан тоглоомын талбай бүү хэл талбайтай байгаа нь их юм болчихоод байна шүү дээ. Улаанбаатар хотын оршин суугч, эцэг эхчүүдийн толгой сэгсрэн халагладаг зүйл бол яах аргагүй хүүхдийн тоглоомын талбай. Орон сууц, хүүхдийн цэцэрлэгийн талбайд суурилуулсан хэдэн төмөр тоглоом, урд хөршөөс авчирсан цөөн нэр төрлийн хугархай, эвдэрхий хуванцар тоглоом дээр ээлжлэн тоглох бяцхан үрсээ харахад өр эмтэрмээр. Ямар сайндаа л Үндэсний соёл амралтын хүрээлэнд орсон хүүхэд дуу алдаж, гарахгүй гэж уйлж эцэг эхээ сандаргаж байхав.
Ц.ДАВААСАМБУУ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )