Б.Мөнхбаяр: ШУА-тай хамтын ажиллагаа хэрэгжүүлснээр салбар дундын судлал улам өргөн хүрээнд явагдах боломжтой

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 05

ШУА,  Санхүү Эдийн Засгийн Их Сургууль хамтын ажиллагааны санамж бичиг байгуулан ажиллаж байна. Тус санамж бичгийн хүрээнд хийгдэх ажлууд болон хамтарсан ажлын үр дүнгийн талаар СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяртай ярилцлаа.


-Хоёр байгууллага хамтын ажиллагааны санамж бичиг байгуулж ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны гол зорилго юунд оршиж байгаа вэ?

-Бид  өмнө нь салбар нэгжийн түвшинд  хамтын ажиллагааг  тодорхой хэмжээнд явуулж ирсэн. Харин энэ жилээс нэлээн өргөн хүрээний хамтын ажиллагаа хэрэгжүүлэхээр хоёр талаасаа ажлын хэсэг гараад хамтарч ажиллах чиглэлүүдээ тохироод хамтын ажиллагаагаа албан ёсоор эхлүүлж байна. Энэ хамтын ажиллагааны хүрээнд улс орны нийгэм эдийн засгийн тодорхой тулгамдаад байгаа асуудлуудыг шийдэхэд Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүд,Санхүү эдийн засгийн их сургуулийн эрдэмтдийн хамтарсан багуудыг гаргаж, үүн дээрээ түшиглэн Монгол улсын эдийн засаг, нийгэмд тодорхой өөрчлөлтийг авчрах томоохон төсөл хөтөлбөрүүд, улс орны шинжтэй асуудлууд дээр тодорхой шийдэл гаргах байдлаар  хамтарч ажиллахаар  бид төлөвлөж байгаа юм.

-Эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг хөгжүүлэх, судалгаанд суурилсан бодлогын шийдвэрт дэмжлэг үзүүлэх зэргээр олон ажил хийхээр төлөвлөгөөнд тусгажээ. Эндээс хамгийн чухал, онцлох нь ямар ажил вэ?

-Монгол улсын засгийн газраас  Шинэ сэргэлтийн  бодлого хэрэгжүүлэхээр зарласан. Энэ бодлогын хүрээнд тодорхой төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Эдгээр төслүүд нь Монгол улсын нийгэм, эдийн засагт яг одоо тулгамдаад байгаа асуудлууд мөн үү. Энэ төслүүдийг хэрэгжүүлэхэд шинжлэх ухааны үүднээс цогцоор нь, системийнх нь хувьд асуудлыг оношилж үр ашгийг нь урт хугацаанд нь төлөвлөж харж чадаж байна уу, үгүй юу гэдэг дээр  бид  хамтарсан байдлаар өөрсдийнхөө дуу хоолойг өргөе гэж ажлаа төлөвлөж байгаа. Энэ хүрээнд жишээлбэл, монгол орны стратегийн салбарууд болох  уул уурхай, эрчим хүч, хөдөө аж ахуй, аялал жуулчлал гээд  стратегийн салбаруудын хөгжлийн бодлого, хөгжлийн загвар гаргах тал дээр бид бас түлхүү ажиллахаар төлөвлөсөн байгаа.

-Улс орны хөгжлийн  томоохон асуудлууд руу чиглэсэн эдгээр ажлын эхний үр дүн хэзээ гарах вэ?

-Хамтын ажиллагаа өнөөдрийн санамж бичигт тусгагдсан ажлуудыг хэрэгжүүлэх  төлөвлөгөө батлагдаж байгаагаар эхэлж байна. Мэдээж хэрэг  хоёр байгууллагын хүний нөөц, чадавхыг бэхжүүлэх, хамтарч мэдлэгээ хуваалцах, мэдлэг хөгжүүлэх чиглэлээр эхний ажлууд хийгдээд эхэлнэ. Улс орны шинж чанартай томоохон ажлуудад мэдээж хэрэг тодорхой хугацаа хэрэгтэй, Хамтын ажиллагааны хүрээнд тодорхой чиглэлүүдээр төвлөрсөн багууд байгуулаад, тэдгээр багууд маань ажилласнаар тодорхой бодлого загварууд дараа дараачийн жилүүдээс гарч ирнэ гэж харж байна.

-Төлөвлөгөөнд  салбар дундын тэнхим байгуулна гэж тусгасан нь нэлээд анхаарал татлаа. Энэ танхим байгуулагдсанаараа ямар ач холбогдолтой талаар тодруулж өгнө үү?

-Өнөөдрийг болтол Монгол улсад хийж хэрэгжүүлж байгаа  судалгааг харахад тодорхой шинжлэх ухааны чиглэлээр дагнасан судалгаанууд түлхүү хийж хэрэгжүүлсэн байдаг. Энэ нь улс орны хувьд ч тэр, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууд, их дээд сургуулиудын хувьд ч ялаагүй хийгдсэн судалгаа нь ихэвчлэн шинжлэх ухааны чиглэлээр дагнасан судалгаанууд байгаа. Энэ судалгааг яах  яах вэ? Тодорхой шинжлэх ухааны чиглэлээр маш нарийн, ийм судалгаанууд хийгдсэн боловч яг ажил хэрэг болоод  хэрэгжээд явахад  олон талаас нь харж, олон шинжлэх ухааны огтлолцол дээр энэ асуудлуудыг авч үзэх нь  их чухал байдаг. Тэр утгаараа Санхүү эдийн засгийн их сургууль 2019 онд анх удаа энэ салбар дундын судлалын тэнхимийг байгуулсан. Энэ тэнхим дээр бид бүхэн Монгол улсын  стратегийн салбаруудын  хөгжлийн бодлого, загвар гаргах судалгааны ажлуудыг төвлөрүүлэхээр зорьж байгуулсан. Тиймээс Шинжлэх ухааны академитай хамтын ажиллагаа хэрэгжүүлснээр манай салбар дундын судлалын үйл ажиллагаа улам өргөн хүрээнд явагдах боломжтой болж байна гэж харж байгаа юм. Жишээлбэл, Монголд хөдөө аж ахуйн чиглэлээр тэр дундаа мал аж ахуйн чиглэлээр маш олон янзын судалгаанууд, олон төсөл хөтөлбөрүүд хэрэгжсэн байдаг. Гэхдээ энэ нь зөвхөн хөдөө аж ахуйн чиглэлийн талаас нь харж хийгдсэн судалгаа байдаг. Цаашлаад малын үржлийн хэсгээс эхлээд тэжээл бэлтгэх, богино хугацаанд тарга тэвээрэг авхуулах, үйлдвэрлэх, буцаад хэрэглэгчид рүү хүргэх гээд энэ бүх  процессыг нь хамарсан байдаг. Гэтэл энэ процессын оролцогч үе шат болгон дээр нь ямар эдийн засгийн үр өгөөж гарах юм бэ гэдгийг тооцсон, тийм загварыг өнөөдөр гаргаж ирж чадаагүй л байна. Ер нь Хөдөө аж ахуйн эрдэмтэд ямар байдлаар тэжээх юм, ямар байдлаар үржүүлэх юм гээд бүх технологиудыг гаргачихсан боловч нийт системийнх нь хувьд үнэ цэнийнх нь гинжин, хэлхээнийнх нь хувьд цогцоор нь эдийн засгийнхаа үр ашгийг нь тооцож, нийт загварыг нь гаргаагүй байна гэж бид харж байгаа юм. Гэтэл манайхтай ижилхэн газарзүйн нөхцөл байршилтай хэрнээ Казакстан, Америк, Канад зэрэг газрууд аль хэзээний улсынхаа хэмжээнд энэ бодлогыг цогц байдлаар нь хараад тооцоод гаргачихсан. Тэр бодлогоо хэрэгжүүлээд эхний үр дүнгүүд нь амжилттай гараад явж байгаа. Гэтэл манайх нөгөө л мал аж ахуйн уламжлалт арга хэвээр, намар бэлтгээд хадгалдаг энэ байдлаасаа салахгүй л байна шүү дээ. Өнөөдөр хүртэл бид нар нөөцийн махны тухай ярьж байна. Гэтэл өдөр болгон шинэ үйлдвэрлэлийн аргаар бэлтгэсэн, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан тийм  бүтээгдэхүүнийг бид  хэрэглэх боломжтой. Цаашлаад энэ бүтээгдэхүүнийг олон улсын зах зээл дээр гаргах боломжтой. Гэтэл бид зөвхөн нэг шинжлэх ухааны талаас нь хараад одоо болтол асуудлыг шийдэж чадахгүй байгаад байна. Тиймээс л бид бүхэн салбар дундын судлалыг хөгжүүлье. Энэ салбар дундын судлалыг хөгжүүлэхэд монголын эрдэм шинжилгээ судалгааны гол суурь,түшиц газар бол яалт ч үгүй Шинжлэх ухааны академи. Тиймээс Шинжлэх ухааны академитайгаа хамтраад бид өөрсдийнхөө хүч нөөц бололцоог нэгтгээд тодорхой том ажлууд, улс орондоо, бүс нутагтаа магадгүй цаашдаа дэлхийд ч өөрчлөлт авчрах ийм ажлуудыг бид хийж чадна л гэж харж байгаа.

-Танай сургууль бол монголдоо төдийгүй гадаад улс оронд ч нэр хүндтэй том сургууль. Энэ сургууль зорилго, алсын хараагаа юу гэж тодорхойлсон байдаг юм бол?

-Манай сургууль орчин үеийн гуравдугаар түвшний их сургууль буюу энтрепренер их сургууль болно гэж өөрсдийнхөө зорилгын хөгжлийн загварыг  харж байгаа. Их сургуулиудад ерөнхийдөө гуравласан, хэлхээ загвар гэж байгаа. Энэ юу вэ гэхээр төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, их сургуулиудын хамтарсан загвараар ажиллахыг хэлдэг. Ийм их сургууль болох үүднээс бид бүхэн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дижитал энтрепренер их сургууль болохоор өөрсдийнхөө зорилгыг тодорхойлсон. Манай алсын хараа бол даян дэлхийн тогтвортой хөгжил, улс орныхоо өрсөлдөх чадварт үнэ цэнтэй хувь нэмэр оруулах манлайлагчдыг бэлтгэнэ гэж тодорхойлогдсон байдаг. Тэгэхээр бид суралцаж байгаа хүмүүсийнхээ хувьд ч, төгсчихсөн хүмүүсийнхээ хувьд ч тэр, сургуульд ажиллаж байгаа багшийн амжилтын хувьд ч тэр, эрдэмтэн судлаачдын хувьд ч тэр, сургууль нь өөрөө системийнхээ хувьд ч тэр, улс орныхоо тодорхой, хөгжлийн үнэ цэнтэй асуудлуудыг авч шийддэг, даян дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулсан сургууь байна гэж харж байна. Дашрамд хэлэхэд, дэлхийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулж байгаагаар нь их сургуулиудыг эрэмбэлдэг “Times Higher Education”-ийн эрэмбээр манай сургууль 801-1000 гэсэн ангилалд багтсан. Энэ бидний амжилт.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top