Сургалтын хөтөлбөрийн давхардлыг арилгаж, элсэлтийн тоог нэмэгдүүлнэ

2022 оны 05 сарын 06

Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажиллахдаа их, дээд сургуулиуд, МСҮТ, политехникийн коллежийн удирдлагуудтай уулзлаа. Дархан-Уул аймгийн их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон хөгжүүлэх хүрээнд хотхон байгуулах газрын асуудлыг шийдвэрлэхээр ажиллав.

Тус аймгийн хувьд төрийн өмчийн ШУТИС, ХААИС, АШУҮИС-иуд бий. Эдгээр сургуулиудад нийт 2272 оюутан суралцаж, 137 үндсэн багш ажилладаг. Энэ тоог цаашид нэмэгдүүлж, аймгийнхаа их сургуулиудын хөтөлбөрийн давхардлыг арилгахад голчлон анхаарч ажиллахыг дэд сайд сургуулийн удирдлагуудад хэлэв.

Дархан-Уул аймагт одоо байгаа 16 га талбайд дахин төлөвлөлт хийж, оюутны хоёр байр, хичээлийн байр, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, сургуулийн эмнэлэг байгуулах юм. Харин шинээр 34 га талбайд Дархан хот дахь “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

Оюутны хотхон байгуулах дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээс гадна Засгийн газраас орон нутагт суралцагсдад мэргэжил харгалзахгүй хөнгөлөлт үзүүлэх, зээл олгох нөхцөлийг бүрдүүлнэ. Багш нарт орон нутгийн нэмэгдэл олгох, хөтөлбөр давхардуулан элсэлт авахгүй байх эрх зүйн орчныг бүрдүүлэх зэрэг хувилбарыг хэрэгжүүлнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top