Б.Чимэд: Нэгэнт шүдгүй болсон бол заавал хиймэл шүдэлбэр зүүх хэрэгтэй

2022 оны 05 сарын 09

Монголчуудын дунд шүдний өвчлөл их. Амны хөндийн эрүүл мэнд хүн болгонд тулгамддаг нь үнэн. Тиймээс энэ удаагийнхаа эрүүл мэндийн буландаа шүдний өвчлөл, түүний суурь шалтгаан болоод өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга, арчилгааны талаар “Ангаа дент” шүдний эмнэлгийн захирал Б.Чимэдтэй уулзаж, ярилцлаа. Түүний хувьд энэ салбартаа 28 жил ажиллаж буй юм.


-Монголчуудын дунд  шүд цооролтын өвчлөл маш их байна. Тиймээс энэ сэдвээр ярилцлагаа эхлүүлье?

-Ихэнх хүмүүс шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг. Гэвч буруу дадал зуршлаас үүдэн шүдний өвчлөл хүн амын дунд өндөр хувьтай байдаг. Тэр дундаа шүд цоорох өвчлөл хамгийн түгээмэл байна. Цоорол үүсэх үндсэн шалтгааныг энгийнээр тайлбарлая. Зарим нэг тусгай нянгуудын хөнөөлт үйл ажиллагаанаас болж, хамгийн түрүүнд шүдний паалан гэмтдэг. Улмаар цоорол үүсгэдэг.

Шүдний гадаргууд үүссэн бүхий л цоорлууд нь шүд цоорох өвчинд хамаарна. Бид хоол идэх үед тэдгээр нянгууд нь хоол хүнсний үлдэгдлийг задалж хүчил үүсгэдэг. Улмаар тэрхүү хүчил нь өнгөрийн дор байх шүдний паалангийн гадаргуугийн хамгаалах давхаргыг уусгаж гэмтээнэ. Гэмтсэн хэсгээр шүдний хатуулаг эрдэс алдагдаж, улмаар томоохон хөндий болсноор шүд цоордог. Шүд цоорох өвчин нь шүдний хамгийн гадна талын хатуу давхарга болох паалангаас эхэлдэг ч хүндрэх явцдаа цоорол улам гүнзгийрч, шүдний бусад давхаргууд болох тугалмай, ясажмаг эдийг гэмтээн шүдний хөндийрүү нэвтэрч шүдний зөөлөн эдийг үрэвсүүлдэг. 

-Зөөлөн эд гэмтэнэ гэхээр гүн цоорол явагдсан гэсэн үг үү. Цоорлын эмчилгээний талаар тайлбарлаж өгөхгүй юу?

-Шүдний эмч амны хөндийн үзлэг, рентген зургийн шинжилгээгээр шүдний цоорлын хүндрэлийг хэр түвшинд байгааг оношилдог. Мэдээж цоорлын түвшнээс хамаарч эмчилгээ харилцан адилгүй хийгдэнэ.

Насанд хүрэгчдэд шүднийх нь ховил хонхрыг таглан сийлант /шүдний цоорлоос сэргийлэх хамгаалалтын ломбо/ ломбо тавьж болно. Энэ нь шүдний паалан гэмтэж цоорохоос урьдчилан сэргийлнэ. Харин шүдний паалан нэгэнт нөхөн сэргээгдэхгүй болтлоо гэмтсэн бол шүдийг ломбодож сэргээнэ. Цоорол хүндэрсэн тохиолдолд шүдний сувгийн эмчилгээ хийж дууссаны дараа ломбоддог. Тиймээс хүмүүс цоорлоо хүндрэхээс урьтаж, шүдний эмнэлэгт ирж эмчлүүлэх нь чухал гэдгийг зөвлөж байна.

-Хүүхдийн шүдний өвчлөл маш их бий. Өвчлөл хүндрэхээс урьдчилан сэргийлэх ямар арга байна вэ?

-Мэдээж өвчлөлөөс сэргийлэх үндсэн арга бол шүдээ зөв арчилж сурах хэрэгтэй. Хүүхдийн сүүн ба байнгын шүдийг аль, алиныг нь цоорлоос урьдчилан сэргийлэх зорилгоор сийлант ломбо тавьж болно. Мөн цоорлоос хамгаалах фторт түрхлэг сүүн болон байнгын шүдэнд түрхэнэ. 

-Сувгийн эмчилгээ гэхээр ихэнх хүн ямар эмчилгээ, яаж хийдэг талаар мэддэггүй шүү дээ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөөч?     

-Сувгийн эмчилгээ гэдэг нь шүдний хөндийд байрлах судас мэдрэлийн багц буюу шүдний заслын эмийн болон мэс заслын аргаар эмчлэх эмчилгээ юм. Энэ эмчилгээг ихэнх хүн шүдний мэдрэл тастах эмчилгээ гэдгээр нь мэддэг. Шүдний дотор талд шүдний хөндий хэсэгт байрлана. Энэ хөндийд цусны судас мэдрэлийн багц байрлаж, шүдний хатуу эдийн мэдрэгжилт болон бодисын солилцоог нь явуулж байдаг. Шүдний хөндийд буй нянгаар халдварлагдсан халдварын голомтыг арилгах, өвдөлт таагүй мэдрэмжийн шалтгаан болж буй шүдний зөөлцийг авах зорилгоор хийдэг.  

-Хүмүүс сувгийн эмчилгээ хийлгэхээр маш их өвддөг гэдэг. Өвдөлтгүй эмчилгээ хийх боломж байдаг уу?

-Сувгийн эмчилгээг огт өвдөлтгүй хийж болдог. Харин өвдөлтгүй эмчилгээ үзүүлэхийн тулд мэдээ алдуулагч тариануудыг ашигладаг.

-Фторт түрхлэг гэж хүмүүс төдийлөн мэддэггүй байх. Энэ ямар үйлчилгээ байдаг юм бол?                

-Араа бүлгийн шүднүүд нь зажлах гадаргуудаа ховил хонхор ихтэй байх ба тэдгээр ховилууд нь шүд цоорох өвчинд өртөх эрсдэл өндөр байдаг. Иймд энэ хэсэгт өнгөр хуримтлагдан нян үржсэнээр нянгийн бодисын солилцооны бүрэлдэхүүн хүчил ялгарч шүдний пааланг түлж гэмтээснээр паалан цоорч хөндий үүсдэг. Тэгвэл фторт түрхлэг нь эдгээр ховил хонхрыг битүүлж өгснөөр шүдний ховилд өнгөр тогтож нян үржих боломжгүй болгоно. Эрүүл шүдний гадаргуугаар нимгэн бүрхүүл үүсгэж тухайн шүдийг зургаан сарын турш хамгаалах үүрэгтэй түрхлэг юм. 

-Шүдний ломбо яагаад чухал вэ?

-Ломбо нь шүдний бүтэц ба үйл ажиллагааны бүрэн бүтэн байдлыг сэргээхийн тулд шүдний согог, эсвэл хөндийг дүүргэдэг хурдан хатдаг уян хатан материал юм. Шүдний анатомийн бүтэц, цөгц, үйл болон гоо сайхныг сэргээх зорилгоор шүдэнд үүссэн хөндийг зориулалтын материалаар чигжиж дүүргэн, шүдийг бүтэн болгохыг л ломбо гээд байгаа юм. Материал нь гэрлээр хатуурдаг композит ломбыг өргөн хэрэглэж байгаа бөгөөд ломбоны найрлага илүү хатуу, зажлалтын даралтыг сайн даадаг, шүдний өнгөтэй ижил, хэрэглэхэд хялбар, өнгөлгөө сайн авдаг, тогтоц сайн болж өдрөөс өдөрт шинэчлэгдэж байдаг. Ломбоны тогтоц тухайн хүний арчилгаанаас хамаарч, 24-өөс дээш сар тогтдог.

-Зарим хүн шүдээ өвдөх төдийд эмчийн зааваргүйгээр дур мэдэн эм зуух, цоорол руу юм чихэх тохиолдол байдаг. Энэ зөв арга хэмжээ мөн үү?                                                               

-Шүд өвдөх төдийд л эмчид үзүүлэх шаардлагатай байдаг. Энэ аргууд шууд хүндрэлийн үе рүү аваачдаг. Тэрхэн үедээ л өвчнийг нь намдааж, зүгээр мэт болгоно. Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан болдог. Гэрийн аргаар өнөөдөр л өвчнөөсөө салж байвал гэх бодлоор удвал хавдах цаашлаад бүүр хүндэрч буйлны зүслэг хийлгэх мэс ажилбарт ороход хүрнэ. Тийм учраас шүдээ зөвхөн өвдөх биш энгийн үед ч гэсэн тогтмол үзүүлж байх хэрэгтэй. 

-Өөрийн шүдээ авахуулсан ч юм уу ямар нэгэн тохиолдлоор шүдгүй болчихдог. Түүнийгээ тоохгүй удаан хугацаанд явах нь хүний биед сөрөг нөлөөтэй юу?                               

-Шүд авахуулаад шууд өөрчлөлт гарахгүй. Харин эрүүл мэнд тал дээр аажмаар ходоод өвдөх, нэг талаараа зажлахаар нөгөө талын эрүүний булчин зангирах, хүний нүүрний тэгш харьцаа алдагдах зэрэг өөрчлөлтүүд гардаг. Шүдгүй болоод зай гарахад хүний эрүүний хөгшрөлтийн шинж тэмдэг хурдацтай явагдаж эхэлдэг. Хажуу тал руу суларч зайгаа алддаг. Буйлны хавтгайрал явагдаж суналт үүсэж хажуу шүд нь хоол идэх даацгүй болдог. Нэгэнт шүдгүй болсон бол заавал хиймэл шүдэлбэр зүүх хэрэгтэй

-Хиймэл шүдийг хүн бүр хийлгэх боломжтой юу?  

-Өөрийн шүдээ алдсан тохиолдолд эмч тухайн хүнийг үзлэгт хамруулж, шийдвэр гаргадаг. Эмч, техникч, сувилагч гээд бүгд зөвлөлдөж тохирох ажилбарыг сонгон шийдвэрлэнэ. Хүмүүс голлон авагдахгүй шүдэлбэр хийлгэх сонирхолтой байдаг ч хүн бүрд тохирох шүдэлбэр өөр өөр байдаг. Тийм учраас өвчтөнд сайтар зөвлөгөө өгөх хэрэгтэй. Ямар ч шүдэлбэр байсан өөрийн шүдийг гүйцэхгүй учраас тохирч буй шүдийг арчлах талаар нэг бүрчлэн заадаг.

-Авагддаг шүд, авагдахгүй шүд нь ямар ялгаатай байдаг вэ?                                                                 

-Манай эмнэлэг гүүрлэсэн шүдэлбэр хийдэг. Энэ нь хоёр талын байгаа шүдэн дээр тулгуурлан хийсэн хиймэл шүд юм. Авагддаг шүд нь тухайн үедээ сайн таараад зүүсэн ч гэсэн цаашдаа хоолны амт ердийнх шиг мэдэрдэггүй. Амтыг өөрийн шүдээр идэж буй түвшинтэй дөхүүлэхийн тулд авагддаггүй шүдэлбэрийг сонгох нь бий.    

-Шүдний эмчилгээний өртөг өндөр байдгаас болж, шүдээ эмчлүүлж чадахгүй явсаар хүндрүүлэх тохиолдол их гардаг?

-Манай эмнэлгийн нэг давуу тал байдаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд тэтгэврийн насны хүн, хөгжлийн бэрхшээлтэй буюу хөдөлмөрийн чадвараа алдсан иргэнд халамжаар үйлчилгээ үзүүлдэг. 

Хүмүүст дахин зөвлөхөд шүднийхээ цоорлыг хүндрүүлэхгүйгээр эмнэлэгт хандвал эмчилгээний зардал нь ч багасах боломжтой шүү дээ.

Б.НАРАНГОО

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

                                                                              

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(192.82.85.122) 2022 оны 05 сарын 10

Содоор шүдээ угааж байвал Шүд өвдөх, шүд янгинах болон шүд хорхойтлхоос сайн сэршийлдэг.Үүнийг их хожуу мэдсэг.Одоо хорхлй идсэн шүдээ содоор угаагаад байвал ер өвддөггүй.

0  |  0
Top