Багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцуулах шаардлагатай

2022 оны 05 сарын 06

Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөлийн хурал боллоо. Дэд зөвлөлийг Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн даргалдаг. Хурлаар дэд зөвлөлийн нэгдүгээр улирлын биелэлт, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбоо, Монголын аутизмын холбоо, Тэгш хамруулах боловсролыг дэмжих төслөөс хэрэгжүүлсэн ажлын мэдээллээ хуваалцав.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүдийн холбооны зүгээс бага насны хүүхдэд хөгжлийн дэмжлэг үзүүлэх, оюутны ялгаатай чадвартай залуусыг хөдөлмөрт бэлтгэх болон зөвлөх эцэг эхийн хөтөлбөр зэрэг олон ажлуудыг зохион байгуулан ажилладаг. Харин Монголын аутизмын холбооны хувьд дунд хугацааны төлөвлөгөөндөө СӨБ, ЕБС-д аутизмтай хүүхдийг сургахад хамтран ажиллахаас гадна аутизмтай хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, багшийн чадавхыг сайжруулах чиглэлд ажиллаж байгаа юм.

Дэд зөвлөлийн гишүүдийн зүгээс багш бэлтгэх тогтолцоонд анхаарч, нийт багш нарыг хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах арга зүйд суралцуулах шаардлагатай байгааг онцолсон. МУБИС-д тусгай хэрэгцээт боловсролын багшаар 37 оюутан суралцаж байна. Цаашид энэ тоог нэмэгдүүлэхээс гадна нийт багшаар суралцаж буй оюутанд тусгай хэрэгцээт боловсролын арга зүйг заахаар ажиллаж байгааг МУБИС-ийн захирал О.Алтангоо хэллээ.

Уулзалтын төгсгөлд БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн дэд зөвлөлийн гишүүдээс гарсан саналыг энэ оны ажлын төлөвлөгөөнд тусгаж ажиллана гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top