Хуучин тогтолцоот нийгмийн үеэс тавдугаар сарын 9-ний өдрийг “Ялалтын өдөр” хэмээн тэмдэглэж ирсэн түүхтэй. Харин энэ жил чимээ багатайхан эхэлж байх шиг.
Мөнхийн хөршийн хувьд тэдний ялалт, ялагдал нь Монгол Улсын нийгэм, эдийн засагт ямар нэгэн байдлаар нөлөөлнө. Өдгөө ч хамаатай гэдгийг нуух юун. Тийм ч учраас монголчууд дэлхийн хоёрдугаар дайны үед хойд хөршдөө өглөгийн гараа сунгаж ирсэн нь түүх болон үлджээ.
Тухайлбал, дэлхийн II дайн эхэлсэн өдөр буюу 1941 оны зургаадугаар сарын 22-нд Улсын Бага хурал, Сайд нарын Зөвлөл, Төв Хорооны тэргүүлэгчид хамтарсан тогтоол гаргаж, Ерөнхий сайдын орлогч С.Лувсан тэргүүтэй тусгай комисс байгуулжээ. Үүгээр улаан армид зориулан зээр, гахайн мах бэлтгэх анчдын бригадыг орон нутагт зохион байгуулснаар ангийн мах бэлтгэх төлөвлөгөөг давуулан биелүүлсэн аж.
Монголын эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн хөдөлмөрлөж, олон аймагт зөвлөлтийн дайчдад зориулан хэдэн мянгаар тоологдох цамц, дулаан хүрэм, нэхэж, хүмүүс сайн дураар цусаа өгч байв. Түүнчлэн 1941 оны аравдугаар сард Монголын хөдөлмөрчдөөс 15 мянган өвлийн иж бүрэн хувцас, 1.8 сая гаруй төгрөгийн үнэтэй 3000-аад илгээмж ачсан цуваа явуулан, ЗСБНХУ-ын улсын банк руу 587 мянган төгрөг бэлнээр гуйвуулсан байна.
Мөн 1942 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр танкийн цуваа байгуулахад хөрөнгө хуримтлуулах тухай шийдвэрийг гарган, ЗХУ-ын Внешторг банк руу 2.5 сая төгрөг, 100 мянган америк доллар, 300 кг алт гуйвуулсан нь 3.815.725 рубльтэй тэнцэх мөнгө байсан гэдэг. Эдгээр танкнаас гадна 237 вагоноор хүргэсэн 1000 тонн мах, 90 тонн цөцгийн тос, 80 тонн хиам, 150 тонн чихэр, боов, 30 мянган ширхэг богино нэхий дээл, 30 мянган хос эсгий гутал, 30 мянган ширхэг үстэй хүрэм бэлэглэжээ. Ийнхүү 1943 оны дөрөвдүгээр сар гэхэд Монголоос 25.3 сая гаруй төгрөгийн үнэтэй хүнсний бараа, хувцас ачсан найман цуваа илгээсэн байна.
Энэ мэтээр бүхий л дайны турш жижигхэн Монгол Улс 500 мянган тонн мах, 64 мянган тоннн ноос нийлүүлжээ. Дээр нь дайны турш Монголоос ЗСБНХУ-д нийлүүлсэн 500 мянга гаруй агт морьд өч төчнөөн мөнгө хүргүүлсэн баримт байдаг. Харин энэ өдөр сүр дуулиантайхан тэмдэглэдэг ялалтын баярт ОХУ гадны ямар нэг зочид урьсангүй. Аль эрт дуулиан шуугиан болдог энэ өдрийн тухай төдийлөн дөвийлгөхгүй байгаа нь олон хүний гайхширлыг төрүүлж байгаа юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )