ОЛОН ӨНГӨ | Үсэг бүхэн үүрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 11

Биднийг багад үсэглэлийн баяр гэдэг эрдэм номд оюун тайлагдсаны баяр байлаа. Үсэг бүхэн үүрэгтэй, үг бүхэн утгатай гэж багш маань хэлж А-Я хүртэл ямар ч үсэг болсон хүүхэд бүхэн хязгааргүй хөөр баяртай догдолдог байлаа. Энхийн цагаан тагтааг бүтээдэг “Т” үсэг хэмээн цовоо цолгиун дуудаж, ээжийнхээ хийж өгсөн тагтааны зурагтай гоёмсог цаасан малгайгаар гангарч байснаа санаж байна. Гэтэл одооны аав, ээжүүд хүүхдээ “А” үсэг болгоно гэж “дайн” болж байгаа сурагтай.

Миний хүүхдийг анхдагч бүхний эхлэл “агуу” гэдэг үгэнд орсон “А” үсэг болгочихвол хүүхэд маань агуу хүн болох гээд байна хэмээн багш нарт мөнгө амлаж, өнгө ярьж байна гэнэ шүү. Яасан их сэтгэл, ямар их өглөг вэ. Хүүхдийг багаас нь аливаа зүйлийн өнгөн төрхөнд шунуулж, бүхнийг мөнгөөр шийдэж болдог гэсэн хямдхан сэтгэлгээнд зааж сургаж буй эцэг, эхчүүдийг үнэнхүү өрөвдөв.

Хүүхэд л болсон хойно “Миний аав “А” үсгийг мөнгөөр худалдаж авсан” гэж ярих нь  байна шүү дээ. Бас хүүхдүүдийн дунд онц сурдаг хүүхдүүд "Цагаан толгой"-д урдуур орсон үсэг болдог, муу сурдаг хүүхдүүд ардуур орсон үсэг болдог гэсэн ойлголттой байдаг аж.

Зарим жаалууд “Ю” үсэг болоод үсгээ голоод уйлж байх юм гэнэ. Зарим жулдрайнууд “А” үсэг болоод аархаж байх юм гэнэ. Мөн ч зугаатай яа. Үсэглэлийн баяр биш үнэлгээний баяр болжээ. Аливаа зүйлийн утга учрыг ингэж алдагдуулж хэт дэвэргэн хөөсрүүлэх ийм л аюултай.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
З(118.235.14.233) 2022 оны 05 сарын 11

Нэрсийн дарааллаар л өгвөл болоо ш дээ. Хүүхэд ялгаварлан гадуурхахгүй. Тэгээд ч 35 с илүү хүүхэд сурдаг. Ер нь энэ дэмий баяр. Болих хэрэгтэй

0  |  0
Top