Хонхор дахь Алт- Болд сувилахуйн төвийн үйлчлүүлэгчдийн 70 хувь нь ковидын дараах сэргээн засах үйлчилгээнд хамрагдахаар зорьж иржээ. Ханиад, томуу ээрдэг хүүхдүүд ч эндхийн байнгын зочид. “Хүүхдийн бодисын солилцоог сайжруулж, дархлааг нь дэмжин, уушги амьсгалын замыг цэвэрлээд, ядаргааг нь тайлах үйлчилгээ үзүүлдэг учраас өвдөөд салахгүй байгаа хүүхдүүд их ирдэг” хэмээн тус төвийн дарга Г.Од танилцуулав.
Улаанбаатараас 26 км зайд Налайхын зам дагуу байрлах уг төвийг Алтангэрэлийн Болд, Дашдоржийн Өлзийбаяр хэмээх эмч гэр бүл байгуулсан түүхтэй. Өдгөө "Алт-Болд ХХК" байгуулагдсаны 30 жилийн ой тохиож буй. 1992 онд мэдрэлийн эмнэлэгээ нээж олон ч хүнийг эмчилж эдгээсэн Д.Өлзийбаяр эмчийг хүмүүс мэднэ дээ. Сувиллын хашаанд ормогц амар амгалан ханхална. Хүүхдийн тоглоомын том талбай, усан оргилуур, хөгшид нарлах сүүдрэвч сандал, тав тухтай орчинтой юм.
Алт- Болд сувилахуйн төвийн дарга Г.Од “Манай төвийн хашаанд агаар огт өөр байдаг. Манайхаар үйлчлүүлсэн Хонхорын иргэд хүртэл “Танай энд орж ирэхэд арай өөр байна” гэж гайхдаг юм. Магадгүй бид ногоон байгууламжиндаа анхаарсан учраас тэр болов уу. 5000 орчим модтой. Урагшаа 2000 чацарганын мод хоёр жилийн өмнө тарьсан. Яваандаа цэцэрлэгт хүрээлэнтэй болох төлөвлөгөөтэй. Зун зүлэг ногоороод, цэцэг цэцэглээд ирэхээр хачин гоё” хэмээн бахархав. Сувилахуйн төвийн гурван давхар ногоон байшин өвөрмөц загвартай юм.
“БИД АНХ ЯПОНЫ АСРАМЖИЙН ГАЗРЫН ЗУРАГ ТӨСЛӨӨР ЭНЭ БАЙШИНГАА 2007 ОНД БАРЬСАН” ГЭЖ Г.ОД ТАЙЛБАРЛАВ
- Анх манайх Монгол Улсдаа гадны өндөр хөгжилтэй орны жишгээр өндөр настай ахмадуудын хувийн асрамжийн газрыг байгуулах зорилготой байв. Гэвч тухайн үед монголчууд маань асрамжийн үйлчилгээг хүлээж авахад бэлэн биш. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй байсан. Гэсэн хэдий ч цөөн тооны эрэлттэй үйлчлүүлэгч байв. Эрүүл мэндийн үйлчилгээ дотроо хүнийг асрах сувилах хамгийн хүнд. Тухайн хүнд сэтгэл гаргаж, тулж ажиллах шаардлагатай байдаг. Урт, богино хугацаагаар асаргааны хүмүүс авч байсан. Хамгийн урт хугацаанд үйлчилгээ авсан хүн маань 90 настай эмээ байв. Манайд гурван жил байсан. Охин нь гэр бүлээрээ Японд амьдардаг. Эмээ ганц охинтой. Японд амьдрах гэхээр цаг агаар нь таардаггүй. Монголдоо амьдрах гэхээр гэртээ ганцаараа ус алдаж, гал тавьчих гээд байна гээд биднийг зорьж ирсэн юм. Гурван жил манайд үйлчлүүлээд, охин нь авч явсан даа.
Одоо бол хүмүүсийн ойлголт, эрэлт хэрэгцээ өөрчлөгдсөн. Үр хүүхдэдээ түвэг дараа болохгүй, өөрийн дураар, сайхан хоол ундтай, тухтай орчинд үеийн хөгшидтэй хууч хөөрч суух хүсэлтэй ахмад олон байна. Гэхдээ бид одоохондоо энэ үйлчилгээгээ зогсоосон. Хууль эрх зүйн орчин бүрдээгүй учраас төр засгаас дэмжлэг байдаггүй. Хоёрдугаарт маш хүнд ажил.
Гэсэн ч бид зайлшгүй шаардлагатай сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүлэхийг зорьдог. Манай үйлчлүүлэгчид үүнд сэтгэл хангалуун байдаг.
Нүүрний асаргаа, хөлийн асаргаа, дээд, доод биений асаргаа, чих арчилгаа, хамар, ам арчилгаа хийдэг. Заавал өндөр настан ч бус гар нь гэмтсэн хүн гэхэд л хумсаа авч чадахгүй шүү дээ. Сувиллын газар ирэхэд нь хөл, гарыг нь угааж илээд, тослоод өгөхөд сайхан мэдрэмж үлдэнэ хэмээн Г.Од ярилаа.
-Танайд голдуу ямар хүмүүс ханддаг вэ?
-Манайх Монгол Улсын анхны сувилахуйн төв. Бид бүх насныханд үйлчилдэг. Манайд хүүхэд, залуус, ахмадууд маань ч ханддаг. Нас насанд тохирсон эмчилгээ сувилгаа үзүүлнэ. Шаардлага хэрэгцээ нь өөр байна. Хүмүүсээ ангилаад, тохирсон эмчилгээ сувилгаа үйлчилгээ санал болгодог.
-Танай сувилал бусдаас юугаараа ялгаатай вэ?
-Үйлчлүүлэгч нар маань “Танай хамт олон дунд ороход халуун дулаан уур амьсгалтай. Гэртээ байгаа юм шиг санагддаг” гэдэг юм. Гэр бүлээрээ хүүхдүүдтэйгээ ирсэн хүмүүст гэр бүлийн өрөөгөө зориулдаг. Тэр нь хангалттай зай талбайтай, мөлхөхөд аюулгүй орчинтой. Ариун цэврийн өрөөнүүд зориулалтын бариултай, босгогүй, тэргэнцэртэй хүмүүс ч явж орох боломжтой гэв.
Тус төвийн нүүр хуудсанд хандсан олон хүн “Яаж танай төвд хандах вэ, үнэ төлбөр нь хэд байдаг вэ, мэдээлэл авъя” гэж олонтаа лавласан байна лээ.
Г.Од хариулахдаа “Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газартай ес дэх жилдээ хамтарч ажиллаж байна. Ахмад настны амралт, сувилахуйн үйлчилгээ үзүүлдэг. Энэ жилийн хувьд бэрхшээлтэй асуудал бий. Яагаад гэвэл 2016 онд нэг ахмад настанд ногдох төлбөрийн хэмжээг хоногийн 30 мянган төгрөг гэж тогтоосон. 2019 оноос энэ тарифаар үйлчлэхэд хэцүү болсон. Ийм хэмжээний мөнгөөр таван удаагийн хоолоор үйлчилж, эмчилгээ сувилгаа, тав тухтай үйлчилгээ үзүүлэхэд амаргүй. Гэхдээ биднийг зорьж ирдэг ахмадууд байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд энэ үйлчилгээгээ татгалзахгүйгээр үзүүлж байна.
Ахмадууд маань халамжийн хэлтсээрээ дамжуулж эрхийн бичигтэй ирдэг. Зарим нь төлбөрөө төлөөд ч ирдэг. Анх бид ахмад настанд чиглэсэн үйлчилгээ үзүүлж эхэлсэн ч одоо бол бүх насныханд үйлчилдэг.
-Ковидын дараах сэргээн засах үйлчилгээ үзүүлдэг гэсэн үү?
-Ковидын дараах сэргээн засах үйлчилгээ маань тамир тэнхээ оруулах, дархлааг дэмжих, бодисын солилцоог нь сайжруулах, биеэс хорыг гадагшлуулах, уушги амьсгалын замыг цэвэрлэх, үе мөч нуруу, эмэгтэйчүүд, давсаг, түрүү булчирхайд чиглэсэн физик эмчилгээний солонгос аппаратаар үйлчилдэг. Манайх давсан эмчилгээний өрөөтэй. Энэ нь амьсгалын замыг цэвэршүүлж өгдөг. Долгионы хордлогыг тайлахад тустай. Нойргүйдлийг арилгахад сайн нөлөөтэй гэв.
ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ Ё.ГАНБОЛДЫН СЭТГЭЛ ХАНАМЖИЙГ ЛАВЛАЖ АМЖЛАА
“Эхнэр, ачтайгаа гурвуулаа ковидын дараах сэргээн засах үйлчилгээ авахаар ирсэн юм. ХӨСҮТ-д 10 хоног хэвтсэн. Сарын дараа энд ирж байна. Урд нь би өвчин хэлдэггүй л байсан. Энэ жил дөрөв дэх тунгаа хийлгэсэн ч ковид тусчихлаа шүү дээ. Би тусаад, эхнэр бас халдвар авч, ач охин ч өвдсөн. Хүүхдүүд маань “Сайхан газар байдаг” гэж хүнээс дуулаад, биднийг авчирсан юм. Би өдий наслахдаа бариа хийлгэж байгаагүй. Бариа эмчилгээ хийлгээд их л сайхан болж байна. Гаднаа хүүхдийн тоглоомын талбайтай юм билээ. Ойрд салхитай болохоор удаан гарч чадахгүй байна. Эмчилгээ, сувилгааны үр дүн илт мэдрэгдэж байна. Ирээд хоёр хоноход л цэр ховхроод, царай зүс сайхан болсон. Ковидын дараа юм үлддэг юм байна. Дулаарахаар энэ сувилалд хүмүүс их ирдэг юм байна” гэж тэрбээр хуучлав.
Гурван давхар ногоон байшингийн үүдээр ормогц тохиолог, цэлгэр танхим угтах юм. Цэлгэр танхимд үйлчлүүлэгчид хооллож байлаа. Хаврын салхи хавирга нэвт үлээсэн өдөр Алт- Болд сувилахуйн төвийн цэлгэр хоолны танхимд солонгос маягийн хавиргатай хоёрдугаар хоол, шөл үнэхээр амттай байлаа.
Ахлах тогооч Г.Тунгалаг 35 жил тогоочоор ажиллаж байгаа туршлагатай нэгэн. “Эмчилгээний хоол амт султай байдаг. Та яаж хүмүүст таашаагдах амт гаргаж байна вэ” хэмээн түүнээс сонирхлоо.
-Нэгдүгээрт мэргэжлийн ур чадвар байна. Янз бүрийн өвчтэй, ядарч сульдсан хүмүүс сувилалд ирдэг учраас эмчийн зааврын дагуу тохирсон хоолоор үйлчилдэг. Ер нь сувиллын хоолонд давс бага ордог, зөвхөн ясны шөлөндөө тулгуурладаг, чанартай мах авдаг. Дандаа жигнэсэн, чанасан хоол өгдөг. Люкс өрөөнийхөн бол эмчилгээнээс гадна хоолноос кайф авахыг хүсдэг. Гэртээ иддэг хоолоо идэх нь тэдэнд сонин биш. Солонгос хоолны нэг онцлог хайрсан, хуурсан юм байдаггүй. Айхавтар хурц халуун ногоотой л биш бол чихэрлэг маягийн хоолнууд байдаг. Солонгос хоолыг сонирхлоороо хийж сурсан даа гэв. Хоолны дараа нэг бус хүн тогооч нарт баярлалаа гэж хэлнэ лээ.
Үйлчлүүлэгч Ө.Баасанжав ярихдаа “Бөөр өвдөөд, эмнэлэгээр нэлээд явсан. Тэгээд Алт- Болд гэж сайхан сувилал байна гэж сонсоод, биеэ тэнхрүүлэхээр ирсэн юм. Ядаргаанд орсон байсан. Энд долоо хоноход сувилгаа сайхан таарлаа. Ирсэнээс эрс өөрчлөгдсөн. Сүүлийн гурав хоног нам унтлаа. Бүх үйлчилгээ нь таалагдсан. Сүүнд оруулах нь сайхан юм байна. Хар модны холтостой ваннд орох бас зүгээр юм билээ. Биеийн хор гадагшилдаг юм байна. Шөлөнд ороход бас ядаргаа тайлагдах юм. Гэхдээ бас эмчийн заавраар орох ёстой юм билээ. Жишээлбэл, сүүнд орсны дараа найман цаг унтаж болохгүй гэнэ. Сүү халуун чанартай учраас шууд унтвал биед халуун шунадаг гэсэн. Солонгосын алдартай брэндийн физик эмчилгээний аппаратууд байна. Яг үнэнийг хэлэхэд эд нар нь жигтэйхэн таалагдлаа. Бариа засал, найрсаг хамт олон, хоол унд сайхан санагдсан” гэж магтав.
Уламжлалт анагаах ухааны их эмч Э.Хатансүрэнгээс “Танай эмчилгээний онцлог юу вэ?” хэмээн асуусан юм.
-Бүтэн биеийн бариа засал, ванн эмчилгээ, асаргаа сувилгааг ахмадууддаа түлхүү үзүүлдэг. Миний хувьд бариа засал, физик эмчилгээ, зүү эмчилгээ хийдэг. Ванн эмчилгээ ясны шөл, сүүн бариа, хар цай, хар модны холтостой ваннд оруулж ядаргаа тайлах үйлчилгээ үзүүлдэг. Хар модны холтостой ванн эмчилгээ нь ядаргаа тайлах, хорыг гадагшлуулах, цусны эргэлтийг сайжруулдаг.
-Монголчууд ясны шөлөнд хүүхдээ оруулдаг. Харин энд томчуудыг ч “эрхлүүлдэг” юм байна?
- Ахмадууд, хэт ачаалалтай ажилладаг хүмүүс ч ванн эмчилгээнд ордог. Манайх хүүхдэд ч, том хүнд ч асаргаа сувилгаа хийдэг. Шинэ төрсөн хүүхэд шиг болоод л гардаг шүү дээ. Манайх бас асаргаа хийдэг. Тэр дундаа нүүр, хөлийн арчилгаа, нүүрний асаргаа нь гоо сайхан тал руугаа, хөлийн арчилгаа нь алжаал тайлах зориулалттай гэв
М.ГАНЧИМЭГ АСАРГАА ХИЙДЭГ СУВИЛАГЧ. ТҮҮНД ГАНЦ, НЭГ АСУУЛТ ТАВЬЖ АМЖЛАА
-Асаргаа хийдэг сувилагч ховор. Сэтгэл гаргаж хүнийг асрах нь хүн болгоны хийдэг ажил биш байх л даа?
-Өвчтэй хүнийг өөртэйгээ зүйрлэж бодож байгаад асаргаа хийдэг.
-Олон хүн танд баярлаж талархсан байх. Сэтгэлд үлдсэн үгс байдаг уу?
-Харваад нэг тал нь саажиж, найман жил хэвтэрт байсан хүн саяхан манай сувилалд ирсэн юм. Манайд эмчилгээ хийлгээд, гарахдаа алхаад явсан. Тэр хүн бүр уйлж байгаад хэлж байсан. “Би найман жил хэвтэрт байсан. Босно гэж бодоогүй, харин одоо хөл дээрээ зогсч байна гэж хэлсэн юм. Тэр л сэтгэлээс гардаггүй. Тэр хүн бусдын тусламжгүйгээр орноосоо босч, ширээн дээр очоод цайгаа уудаг, ариун цэврийн өрөөнд өөрөө ордог болоод гарсан даа гэв.
Хаврын хавсаргатай өдөр Алт-Болд төвийн хашаан дотор зун шиг л байв.
Б.Эгшиглэн
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Монголчууд уйдамтгай 3 хоноод гаргасан хуульнаасаа уйддаг. Уйдахгүйгээр улам хөгжүүлж Голланд улсын жишигт хүрээрэй амжилт.
Uuchlaarai, Odoo!\nManai eej tanai tevd 3 jil boloogui shuu dee.2015 oniin 7 saraas 3 sar l arai gej bolson. Yumiig uneneer ni bucheech.