ОЛОН ӨНГӨ: Үсэг, тооны хийрхлээ үр, хүүхдэдээ өвлүүлэгчид

2022 оны 05 сарын 13

Тоо бол хэмжээг илэрхийлэхэд ашигладаг хийсвэр ухагдахуун. Харин үсэг бол аливаа нэг бичиг үсгийн үндсэн махбод болох тэмдэг юм. Гэтэл Монголд гэлтгүй Азийн орнуудад үсэг, тоог бэлэгшээн сонгож тахин шүтдэг ойлголт олон зууны туршид оршин тогтносоор өнөөдрийг хүрчээ. Магадгүй энэ шашин, соёлтой холбоотой байх. Угаасаа ч тоо нь зурхайн ухаан болон будда тэргүүтэн зарим шашинд билэгдлийн замаар оршиж ирсэн зүйл.

Өдгөө манай улсад автомашины улсын дугаар, утасны дугаар, бүр дансны дугаараа авахдаа хүртэл бэлгэдэлтэй тоог сонгож, үүнийхээ төлөө өндөр үнэ төлж авдаг жишиг тогтчихсон. Ингэж явсаар үсэг, тооны "өвчтэй" болсон эцэг, эхүүд Мобиком, Юнител гэх мэт үүрэн телефоны 11-тэй дугаарын хийрхлээрээ үр хүүхдээ үсэглэлийн баяраар "А" үсэг болгох гэж улайрч байна.

Миний хүүхэд л бусдыг манлайлж, бүх зүйлийн түрүүнд байвал болно гэсэн бодлоо энэхүү адын шуналтайгаа адилтган элийрэх аж. Манлайллыг мөнгөөр худалдаж авч болохгүй гэсэн бодлоо хаана гээчихээд ийм ёрын бодлоор тархиа дүүргээд байдгийг нь хэлж мэдэхгүй юм. Хүүхэдтэй болоод нэр хайрлахдаа хүртэл дахин давтагдашгүй улсын бүртгэлд байхгүй нэрийг сонгохыг хүсэх нь нөгөөх л үсэг, тооны "өвчин" биз ээ. Энэ хорвоогийн амьдралд тоогоор жиших аргагүй олон зүйл бий.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр бүх зүйл цахимд шилжиж хүн бүрийг илэрхийлэх ID дугаартай, түүнийгээ баталгаажуулах тооны гарын үсэгтэй болоод байгаа билээ. Энэ байдлаараа явбал дахин давтагдашгүй тооны төлөө өрсөлдсөөр байх болно. Эцэст нь даамжирсаар хүүхдэдээ цахим орчинд хаяг нээж өгөхдөө хүртэл дахин давтагдаагүй нэр, бэлгэдэлтэй тоо залгасан нэр сонгохын төлөө мөнгө төлж мэдэхээр байдалд хүрчээ. Дээр дурдсанчлан тоо бол зүгээр л хийсвэр ухагдахуун гэдгийг ойлгуулахын тулд үр хүүхдэдээ ядаж үсэг, тооны хийрхлээ битгий өвлүүлээсэй гэж хүсэж байна.

О.ГАНЖАРГАЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top