Хамгийн үнэтэй суулгац 800 мянган төгрөгийн ханштай байна

2022 оны 05 сарын 15

Хаврын урин дулаан цаг орж, модод гөлөглөж буй энэ үед иргэд суулгац сонирхдог билээ. Манай улсын нийт газар нутгийн найм хүрэхгүй хувийг ой мод эзэлдэг учраас мод тарих сонирхолтой иргэдийн тоо ч олширсон. Жилдээ хоёр удаа буюу хавар болон намрын улиралд мод тарих жишиг тогтоод 12 дахь хавартайгаа золгож байна. Нэг үеэ бодвол мод тарих нь хүн амын дунд сайн үлгэр дууриалал болж, нөгөө талаас хашаа, талбайгаа моджуулах хүсэлтэй хүмүүс олон болжээ. Тэгвэл энэ удаагийн сурвалжилгаар модны суулгацын үнэ ханшийн талаар судлан хүргэж байна.


ИРГЭД СУУЛГАЦ ХУДАЛДАН  АВАХ НЬ ИХЭССЭН ГЭВ
 


Монгол Улсын хэмжээнд 816.9 га талбай бүхий 217 мод үржүүлгийн газарт 9.2 сая ширхэг тарьц суулгацын нөөц байгаа ажээ. Судлаачдын хэлж буйгаар тэрбум мод тарих тоо 1.3 тэрбум болсон гэх тоо бий. Тэгвэл иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагууд хэдийн мод суулгац ихээр худалдаж авч эхэлсэн байна.

Иргэн Н.Бат-Очир “Эхнэрийн хамт суулгац сонирхож байна. Бид зуслангийн хашаандаа мод тарихаар бэлдэж байгаа. Талбайдаа олон төрлийн мод тарихаар модны үнэ сонирхож байна. Жимс жимсгэний мод тарих хүсэлтэй байгаа. Үнийн хувьд өмнөх жилүүдэд ямар байсныг мэдэхгүй ч харьцангуй дундаж үнэтэй байна хэмээн бодлоо” гэсэн юм.

Харин иргэн Л.Лхагвасүрэн “Эмгэн бид хоёр тэтгэвэртээ гараад хашаандаа хэдэн мод тарих санаатай байна. Үнэ ханшийн хувьд өмнөх жилүүдтэй харьцуулж хэлж мэдэхгүй л юм. Гэхдээ дундаж ханштай юм болов уу гэж бодож байгаа. Мөн тэтгэврийн бид гэлтгүй хүн бүр идэвхтэй мод тариасай хэмээн уриалъя” гэлээ. Иргэдийн хувьд өөрийн биеэр суулгац, мод худалдан авах нь илүү хямд тусаж байгаа талаар хэлж байсан юм. Харин суулгац зарж буй хүмүүсийн хувьд иргэдийн худалдан авах чадвар сайн байгаа талаар дурдаж байлаа.

Ойн стандарт компанийн захирал Ц.Энхтөр “Хүмүүс суулгац худалдаж авах нь ихэссэн. Нөгөө талаар бид олон төрлийн суулгацыг иргэдэд худалдаалдаг. Ингэснээр иргэд дурын суулгац модоо хүссэн өндөртэйгээр худалдан авах боломжтой болж байгаа. Мөн албан байгууллагууд хамтарч ажиллах санал ихээр тавьсан” гэлээ.

Мөн хувиараа мод үржүүлэн, худалдаалах Б.Батцэцэг “Одоогоор олонд танигдсан, том газар биш хэдий ч суулгацуудыг маань иргэд ихээр сонирхож байгаа. Учир нь төрөл бүрийн өндөр, үзэмжээс хамааран иргэд сонголт хийж байна. Мөн олон төрлийн суулгацыг худалдаалснаар иргэд маш их зөвлөгөө, өмнө нь тарьж байгаагүй суулгацаа авч байгаа. Хүмүүс мод тарих нь нэмэгдсэн явдалд олон жил хувиараа мод тарьж буй хүний хувьд баярлаж байна” хэмээн өөрийн байр суурийг илэрхийлэв.
 

30-80 СМ ӨНДӨРТЭЙ СУУЛГАЦЫГ 90 ХҮРТЭЛХ МЯНГАН ТӨГРӨГӨӨР БОРЛУУЛЖ БАЙНА
 


Мод дотроо олон төрөл бий. Суулгацын худалдаа эрхлэгчид навчит, шилмүүст, гоёлын болон жимст модны төрөл хэмээн ангилж, модоо худалдаалдаг байна. Ингэхдээ дээрх ангиллаас гадна өмнө дурдсан өндөр, нас үнэ нь өсөхөд нөлөөлдөг ажээ. Энэ дундаа 30-80 см өндөртэй суулгацууд хамгийн хямд үнэтэй байдаг юм. Энэ төрлийн өндөртэй суулгацууд 700 төгрөгөөс 90 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Хамгийн хямд ханштай буюу 700 төгрөгөөр хайлаас худалдан авах боломжтой байгаа юм.

Тэгвэл хамгийн өндөр өртөгтэй нь ногоон гацуур ажээ. Зөвхөн нэг метр хүрэхгүй өндөртэй суулгацуудаас хамгийн өндөр ханштай нь гацуур биш юм. Нэг болон түүнээс дээш өндөртэй суулгацууд дунд ч хамгийн өндөр өртөгтэй нь гацуур байна. Ингэхдээ хоёр болон түүнээс дээш өндөртэй гацуурыг 800 мянган төгрөгөөр худалдаалж байгаа ажээ.

Иргэдийн хамгийн ихээр худалдан авдаг мод болох агч 2.5-65 мянга, бургас 3.5-25 мянга, улиас 3.5-95 мянга, хус 35-120 мянга, гүйлс 2.8-25 мянга, голтбор 3.5-38 мянга, буйлс 3.8-35 мянга, алим 18-55 мянга, бэсрэг алим 18-55 мянга, үхрийн нүд 6.5-25 мянга, монос, өрөл 4.5-90 мянга, нохойн хошуу 2.5-25 мянган төгрөгийн ханштай байна. Мөн шингэн бордоо таван кг нь 25 мянга, хуурай бордоо 20 кг нь 20 мянга, таван кг нь 7500, нэг кг нь 2000 төгрөгийн ханштай байгаа юм.


МОД ТАРИХ АЖИЛ НЭМЭГДСЭН УЧРААС ҮҮНИЙГ ДАГАН ШИНЭ ТӨРЛИЙН ҮЙЛЧИЛГЭЭНҮҮД БИЙ БОЛЖЭЭ
 

Зөвхөн суулгац тарьж, худалдаалахаас гадна мод үржүүлэг, ногоон байгууламж, тохижилтын компаниуд шинэ үйлчилгээнүүдийг гаргажээ. Энэ нь мод, зүлэг, ургамлан хашлага тарих үйлчилгээ юм байна. Нэг ширхэг модыг ойролцоогоор 35 мянга, сөөгийг 18.5 мянга, том модыг 55-85 мянган төгрөгөөр тарьж өгдөг ажээ. Харин нэг ам.дөрвөлжин зүлгийг 25-35 мянган төгрөгөөр, нэг метр ургамлан хашлагыг 28.5 мянган төгрөгөөр тарьдаг байна. Мөн нэг ам.дөрвөлжин эко хавтанг 20 мянган төгрөгөөр зүлэгжүүлдэг аж.

Тарьц, суулгацыг ой, талбайд тайван байдалд байгаа буюу хаврын улиралд нахиа нь задраагүй, өсөж эхлээгүй байх үед нь суулгадаг аж. Харин намрын улиралд өсөлт нь зогсож, нахиа зангидсаны дараа тарьдаг ажээ. Тарьцыг ургаж буй үед нь шилжүүлэн суулгавал амьдрал даадаггүй учраас тайван байх үед нь тарьдаг юм байна.

Энэ талаар Газарзүй, геоэкологийн хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Г.Батсайхан “Бортгонд ургуулсан, бортготой тарьцын ургамал ургалтын хугацаа буюу таван сараас есөн сарын хооронд дурын улиралдаа шилжүүлэн суулгах боломжтой байдаг. Тухайн ургамал бортготой хөрсөндөө ургаж байхад хөрсийг нь гэмтээхгүйгээр гаднах бортгыг нь урж, хөрстэй нь гэмтээхгүйгээр тарьж буй учраас тухайн тарьцын амьдрал нэлээн өндөр байдаг. Мод тарьж, ойжуулалт хийж, нөхөн сэргээж буй үед ихээхэн үр дүнтэй явагдах нөхцөл бүрддэг” гэсэн юм. Тиймээс ч иргэд нахиа нь задраагүй суулгацыг ихээр худалдан авч буй талаар худалдаачид хэлж байв.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(66.181.177.217) 2024 оны 05 сарын 17

Хаана зарж байгааг мэдээлээчээ ямар дутуу дулимаг юм хийдэг юм бэ

0  |  1
Уншигч(192.82.86.48) 2024 оны 05 сарын 17

Хагас дутуу л шаах юм аа гэж, хаана ямар газар борлуулж байгаа нь алга даа, дутуу төрсөн, дутуу заяатай сэтгүүлчийн өрөөл дутуу мэдээнцэр юм.

1  |  0
Top