Урин дулааны улирал эхэлмэгц орон сууцанд амьдардаг айл бүхэн тагтныхаа цонхыг нээж агаар салхи оруулдаг. Ихэвчлэн ялаа, шумуулнаас хамгаалсан нимгэн тор цонхондоо татдаг боловч хүүхдүүд хуруу гараараа урж татаад эвдчих нь бий.
Тиймээс ялангуяа бага насны хүүхэдтэй айлууд төмөр торон хаалт цонхондоо хийж аюул ослоос хамгаалах хэрэгтэй. Сануулахад өнгөрсөн хоёрдугаар сард нэгэн ээж бага насны хүүхдээ гэртээ түр орхиод гараад ирэх хооронд хүүхэд нь өндрөөс унаж амь насаа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. Энэ мэт хэргүүд урин дулааны улирал эхэлсэнтэй холбогдож нэмэгддэг ажээ.
Хүүхэд л юм чинь хүрэхгүй байх гээд порчикоо нээчихээд орхиход л нүд ирмэхийн зуурт сандал дээр дамнаж цонхон дээр гараад, авирч зүүгдсээр байгаад порчик руу толгойгоо цухуйлгаж дөнгөдөг. Хүүхэд гэдэг саваагүй, бүхнийг өөрийн биеэр барьж, хүрч мэдрэхийг хүсдэг учир өндрөөс айж эмээнэ гэсэн ойлголт байхгүй.
Ил задгай тагттай айлуудын тагтан дээрээс учир мэдэх насны хүүхдүүд гялгар уутанд у хийж доогуур яваа хүмүүсийн дээр цацаж тоглож дэггүйтэхийг олонтаа харж байв. Эгч, ах нарыгаа дуурайж бяцхан дүү нар нь тагтан дээрээс гар утас, тоглоом зэрэг зүйлсээ шидэж гэм зэмгүй хүний тархи толгойг хагалсан ч тохиолдол гардаг. Энэ мэтээр өөрөө болон өрөөлийг бэртээж гэмтээж, цаашлаад амь насаа алдах эрсдэл олон гардаг тул эцэг, эхчүүд тагтаа битүүлж, торлохыг дахин сануулж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )