Анхны монгол компьютер “Оч” 38 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 17

Монгол Улсад анх угсарч ашиглалтад оруулсан микрокомпьютер “Оч” өнөөдөр /2022.05.17/ 38 нас хүрлээ.

Тус компьютерийг анх 1984 оны 5 сарын 17-ны өдөр Статистикийн төв газрын Шинжлэх ухаан, техникийн нэгдсэн зөвлөлийн гишүүд шалгаж үзсэнийхээ дараа хэлэлцээд, нэгдсэн зөвлөлийн дарга, доктор Д. Лувсандорж агсны гарын үсэгтэй “Тус газрын Тооцоолон Бодох Төвийн инженер О.Батсүх, Г.Оюунбаяр, Д.Толя нарын БХЯ-ны …-р ангийн инженер Д. Дашцэрэн, Залуу техникчдийн ордны багш Мягмарсүрэн, Л.Гантулга, УАМД институтын инженер А. Гантөмөр нартай хамтран хийсэн микро-тооцоолох электрон машин “Оч” нэртэй оновчтой саналын материалыг судалж үзээд Шинжлэх ухаан, техникийн Улсын хорооны зөвлөлөөр хэлэлцүүлж, оновчтой санал болгож батлуулж зохиогчдод нь гэрчилгээ олгох саналтай байна. Холбогдох материалыг судалж, зохих шийдвэр гаргаж өгнө үү” ….. гэсэн 4/5 тоот “өргөдөл хүргүүлэх тухай” албан бичиг ШУТУХ-нд хүргэгдсэнээс хойш 38 жил өнгөрчээ, энэ хугацаанд “Оч”-оос Дөл, Гал үүсч байгаа төлөв байгаа ч дүрэлзэх нь бага байна.

Микрокомпьютер “Оч”. Дисплейн оронд “Юность” нэртэй жижиг телевизор, HDD-ийн оронд “Электроника” нэртэй дуу хурааж тоглуулагч, соронзон кассет ашиглав. Чипүүдийн суурийг IBM мэйнфрэймийн коннекторууд хөрөөдөж хийв. Тэжээлийн блок хадгалагдсангүй. “Оч” компьютер нь одоо Мэдээлэл технологийн үндэсний паркын музейд хадгалагдаж байна. 

 

“ОЧ”-ИЙН ЯЛГАРАХ ОНЦЛОГ ЮУ БАЙВ?

 

Овор хэмжээ жижиг, үнэ хямд (~USD500), хүчин чадал харьцангуй өндөр* (intel8080), шуурхай санах ой их* (16КБ), ашиглахад хялбар атлаа найдвартай ажиллагаа нь маш өндөр байв. Харьцуулах компьютер нь 1983 онд аймгийн төв, 3 хотын Статистикийн Хэлтэс, ТБТ-д суурилуулсан байсан Польш улсын 22ш суурин МЕRА-100 (үнэ нь USD15000) мини компьютер байлаа. Мэйнфрэйм Минск-32 ~90 кв м, IBM360 110 кв м талбай эзэлдэг байлаа. Гэвч MERA-100 зөвхөн ассемблер хэл зөвшөөрдөг, гэтэл “Оч” ассемблерээс гадна BASIC-тэй буюу хэрэглэгчээс програмчлалын өндөр ур чадвар шаардахгүй авсаархан ширээний компьютер байв.

Нэг бэрхшээл нь “Оч”-ийг бүтээхэд ашигласан чипүүд Intel-ийн голдуу байсан тул эдгээр нь манай дэлгүүрт төдийгүй ЗХУ, Герман, Польшийн дэлгүүрт огт байгаагүй. Унгар, Польшийн хар зах дээр харин байсан. 1979 онд ЗХУ Афганистан руу цэргээ оруулахад ЗХУ-ын талын соц улсууд, түүний дотор хамгийн түрүүнд дэмжсэн БНМАУ-д АНУ тэргүүтэй хэд хэдэн улс өндөр технологийн бүтээгдэхүүн нийлүүлэхгүй байх COCOM нэртэй санкц тавьсан нь ЗХУ цэргээ Афганистанаас 1989 онд гаргах хүртэл үргэлжилсэн. “Оч”-ийн чип, эд ангиудыг Герман, Унгарын тоног төхөөрөмжийн сэлбэгээс авах, Польшийн мэргэжилтнүүдтэй бараа солилцох, нууцаар худалдаж авах замаар 3 жил цуглуулсан билээ.

“Оч” нь, 2 жилд нэг удаа зохион байгуулагддаг байсан ШБОС-84 үзэсгэлэнгийн хүрэл медаль авч хэвлэл мэдээллийн хэрэгслээр яригдсан ч, COCOM-ын Монгол Улс дахь төлөөлөгч нь хэл ам хийгээгүй нь харин гайхалтай. Тэр үед COCOM-ын санкцын хэрэгжилтийг хянадаг төлөөлөгч нь Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын ЭСЯ-ны нарийн бичгийн дарга байсан. “Оч”-ийн процессорын хайрцагт, модем залгаж телефон шугамаар дата дамжуулах зорилгоор serial data chip 8251 бүхий хавтан угсарч гадна талд нь 25 хөлтэй коннектор эрэгдсэн байсан.

 

ОЧ”-ИЙГ БҮТЭЭГЧДИЙН ЗОРИЛГО БИЕЛСЭН ҮҮ?

 

“Оч”-ийг, тэр үед нэвтэрч эхлээд байсан, IBM PC, Apple II зэргийн нэгэн адил мэргэжилтэн бүрт, бас айлд байх компьютер болгохоор, бас сүлжээнд холбохоор бүтээж угсарсан билээ. Өнөөдрийн байдлаар PC Монгол Улсын айл бүрт хүрч амжаагүй, гэхдээ угсрагчид олноор бий болсон, бөөний нийлүүлэгчид цөөнгүй, Оч маань Дөлийн хэмжээнд хүрсэн. Сүлжээний хувьд, хотуудын төв хэсгийн айл, ААНБ-ын PC-нүүд шилэн кабелийн сүлжээнд холбогдсон ч захын гэр хороололд суурин дата үйлчилгээ маш хангалтгүй. Үүрэн холбооны дата үйлчилгээ УБ-ын гэр хороолол, аймаг, сумын төв, суурингуудад хүрсэн ч, малчны хот, бэлчээрийн өчүүхэн хэсэгт хүрээд буй нь холбоо, электроникийн Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч болсон БНХАУ-ын хөрш улсын хувьд чамлалттай явдал. Монгол Улс 1996 онд интернетэд холбосон.

Өнөөдрийн байдлаар хөдөөд хэдэн зуун terabit/s-н нэвтрүүлэх чадвартай 30 мян км илүү шилэн кабель татагдаж, үүрэн холбооны хэдэн арваас олон зуун mbps хурдаар хэдэн арван км-ын цаана утас таталгүй дата үйлчилгээ хүргэх чадвартай олон мянган станц суурилагдсан, гэтэл Монгол Улсын нутаг дэвсгэрийн 80% гаруйд дата үйлчилгээ хүрээгүй, хөдөөгийн малчид өвөлжөө, зуслан, бэлчээртээ, хэдий тэд өндөр хүчин чадалтай процессор, олон гигабайт санах ой, 3G/4G/5G-ийн модемуудтай смарт төхөөрөмжтэй ч, интернетгүй. Учир юунд оршино вэ? Шилэн кабелийн маань тариф маш өндөр, тухайлбал УБ-с АНУ хүртэл 1мбит/с нь ₮16000 (Жемнэт ХХК) байхад, УБ-с аймаг, сум байтугай Төв шуудангаас УБ-ын гэр хороолол хүртэл  ₮80000 (МХС ТӨК) юм байна. АНУ, Япон, Герман гэлтгүй, бидэнтэй нэг зиндаанд байсан Латви, Эстони, Казахстаны хөдөөд 1 мб/с-ийн урсгалын сарын тариф 1 ам доллар хүрдэггүй гэнэ.

PC нэвтрэлтийн хувьд “Оч”-г хийх үеийн зорилго биелэхэд ойртсон, смарт төхөөрөмжөөр харин ч давсан буюу “Гал” болсон. Харин мэдээлэл дамжуулах сүлжээний хувьд тэр үед төсөөлөөгүй өндөр үзүүлэлттэй дамжуулах, төгсгөлийн төхөөрөмж, станцууд Монгол Улсын суурингууд, зам дагуу тавигджээ. Харин сум, суурин хүрсэн шилэн кабелийн нэвтрүүлэх чадварын 1% ч ашиглагдахгүй байхад суурингийн иргэдэд хүрэх үйлчилгээний тариф өндөр атлаа үзүүлэлт нь бага аж. Малчдын бэлчээр, өвөлжөөнд бол, хэдий тэд смарт төхөөрөмжтэй ч суурин байтугай үүрэн холбооны сигнал очоогүй, буюу “гал” түлшгүй. Шалтгааныг нь сурвалжилсаар мэдсэн зүйл минь Харилцаа Холбооны Тухай Хууль, чухамдаа 17.2 дахь заалт нь гэнэ! Энэ заалтын “… байж болно” гэдэг чухал уу гэхэд хөдөө тийш татсан эрчим хүчний шугам, дэд станцын хамт, мөн хөдөө тийш барьсан авто замыг ашиглахад дан ганц хөдөөнийхөн мөнгө төлдөггүй биз дээ, Авто замын тухай, Эрчим хүчний тухай хуулиудад энэ тухай заалтууд тун тодорхой гэх мэргэн дүү олон. 1984 онд компьютер бөөнөөр үйлдвэрлэхэд COCOM гол саад байсан бол өнөөдөр орон нутгийн дамжуулахад маш өндөр тариф тогтоосон хуулийн заалтыг өөрчлөхгүй байгаа УИХ маань тэр COCOM-ын үүрэг гүйцэтгэж байна. ЦХХХЯ, ЗГ, УИХ-д дэвшүүлэх үндэслэл бүхий санал боловсруулж өргөн барих нь өнөөдрийн “Шинэ Оч” бололтой, түүнээ Дөл, улмаар Гал болгон хөгжөөнө үү.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top