Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн Япон улсад хийж буй ажлын айлчлалын хүрээнд “Монголын аялал жуулчлалын форум” Токио хотноо зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын Засгийн газрын баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-д ковид цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтэд аялал жуулалчлалын салбарыг тэргүүлэх чиглэлээр нэрлээд буй цаг үед цар тахлын нөлөөгөөр хоёр жил гаруй хугацаанд тасалдаад байсан Монгол, Япон хоёр улсын аялал жуулчлалын харилцааг дахин сэргээж, цаашдын хамтын ажиллагааг батжуулахад тус форум ихээхэн ач холбогдолтой юм.
Уг форумд Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнийн хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Япон Улсын аялал жуулчлалын салбарын төлөөлөл эрхэм хүндэт та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын тэргүүн, Ерөнхий сайд Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийн мэндчилгээг хүргэхийн ялдамд, өнөөдрийн форумд цаг гарган хүрэлцэн ирсэнд, мөн Япон Улсын өнцөг булан бүрээс цахимаар оролцож буй БОАЖ-ын сайдын хувиар чин сэтгэлийн талархал илэрхийлэн мэндчилье.
Монгол Улсын Засгийн газрын 2021 онд баталсан “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд аялал жуулчлалын салбарыг дэмжих төрийн бодлого шийдвэрүүдийг үе шаттай гаргаж байгаа хэдий ч аялал жуулчлалын салбар нь “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр хамгийн их эрсдэлд орж, хохирол амссан салбар бөгөөд манай орны хувьд 3,0 их наяд төгрөгийн алдагдлыг хүлээж, 1,600 орчим аж ахуйн нэгжүүд эдийн засгийн хүндрэлийг даван туулах, мэргэшсэн хүний нөөцөө хэрхэн хадгалж үлдэх зэрэг өмнө нь тулгарч байгаагүй хүнд сорилттой нүүр тулаад байгаа билээ.
Монгол улс 2019 онд дэлхийн улс орнуудаас 577,000 жуулчин хүлээн авсан бөгөөд үүнээс Япон Улсаас 24,419 жуулчин ирсэн нь нийт жуулчдын 4.2 %-ийг эзэлж байна. Монгол, Япон хоёр улсын хооронд зөвхөн МИАТ-ийн нислэг үйлдэж байгаа бөгөөд цаашид агаарын тээврийг либералчлах, зах зээлийн чөлөөт өрсөлдөөнийг бий болгох, Япон Улсын агаарын тээврийн компаниуд Монгол Улс руу нислэг үйлдэх, мөн сонирхол татах аяллын хөтөлбөрийг бодлогоор дэмжих, бодит ажлуудыг хийх зайлшгүй шаардлага байгааг дээрх тоо баримт харуулж байна.
Энэ онд Япон, Монгол хоёр орны дипломат харилцаа тогтсоны 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд тус ойг угтан 2021 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Япон Улсын хөнгөлттэй зээлийн хүрээнд нэг жилд 1 сая 190 мянган зорчигч хүлээн авах хүчин чадалтай “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулан хүлээн авсанд баяртай байна.
Цаашлаад Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Нарита ОУ-ын онгоцны буудлыг оролцуулсан 4 компанитай хамтран “Шинэ Улаанбаатар ОУ-ын нисэх онгоцны буудал” ХХК-ийг байгуулан 15 жилийн хугацаатай гэрээ байгуулан ажиллаж байгаа нь олон зуун мянган Япон жуулчдын тав тухтай үйлчлүүлэх боломжийг бүрдүүлж буйгаараа өндөр ач холбогдолтой гэж үзэж байна.
Япон Улсын ард түмний хөрөнгөөр боссон шинэ нисэх онгоцны буудалд олон зуун Япон жуулчид үйлчлүүлэх өдрийн эхлэл өнөөдрийн энэхүү форум болно гэдэгт илтгэл дүүрэн байна.Та бүхний цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсэхийн ялдамд манай хоёр орны хамтын ажиллагаа аялал жуулчлалын салбараар дамжин улам өргөн хүрээнд өргөжин тэлэхийн ерөөл өргөж, форумын арга хэмжээнд амжилт хүсье гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )