ЧИНГЭЛТЭЙ: Шингэрүүлсэн шатдаг хийн шалгалт хийлээ

Б.Батчимэг | Zindaa.mn
2022 оны 05 сарын 19

Нийслэлд насанд хүрээгүй хүүхдүүд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий (газ) үнэрлэн амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол ихсэж байгаатай холбогдуулан Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга Р.Отгонжаргал, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Б.Батшагай, Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга А.Дашням, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын дарга Ө.Ган-өлзий нарын баталсан 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн удирдамжийн дагуу Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй нийт 18 худалдааны газруудад шингэрүүлсэн шатдаг хийн худалдаалалт, аюулгүй ажиллагааны зааварчилга, ашиглах, хэрэглэх заавар, зөвлөмжийг хэрэглэгчдэд өгч буй байдал, аюулгүй ажиллагааны талаарх санамжийг худалдан авч буй иргэдэд өгч буй эсэхэд хамтарсан хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтад 8 худалдааны төвийн 16 лангуу түрээслэгч иргэд, 1 хайпермаркет, 2 супермаркет, 2 мини маркет, 5 хүнсний дэлгүүр хамрагдлаа.

Шингэрүүлсэн шатдаг хийн худалдан борлуулалтын байдалд шалгалт хийхэд худалдааны газрууд ОХУ, БНСУ-аас импортлосон болон Гор газ ХХК, Дашваанжил ХХК-ийн ахуйн хэрэглээний 4 төрлийн шингэрүүлсэн шатдаг хийг худалдан борлуулж байна.

Шалгалтаар “Хүчит шонхор” ХХК-ийн “Шонхор” “Мөнгөт цахир трейд” ХХК-ийн “Нарлаг дэнж” худалдааны төвүүд, “Үндсэн орд” ХХК-ийн “Орд” супермаркет нь хийн түлшний тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах эрх олгох сургалтад түрээслэгч иргэд болон худалдагчидаа хамруулж, НМХГ-аас хүргүүлсэн зөвлөмжийн дагуу худалдан борлуулж байлаа.

Шалгалтын бүрэлдэхүүн шингэрүүлсэн шатдаг хийн худалдан борлуулж буй худалдааны төв, газруудад зөвлөмж хүргүүлж, аюулгүй ажиллагааны талаарх санамжийг худалдан авч буй иргэдэд өгч байх, насанд хүрээгүй хүнд ахуйн хэрэглээний шингэрүүлсэн шатдаг хий (газ) худалдан борлуулахгүй байх талаар зөвлөмж, зөвлөгөө өгч ажиллалаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top