"Гурван улсын үлгэр" бол Хятадын Мин улсын яруу найрагч Луо Гуаньжун бичсэн Хань улс дахи гурван улсын үеийн тухай роман юм. Хятадын эртний ба сонгодог уран зохиолын бүтээлүүдээс Хятадад төдийгүй нийт Зүүн болон Зүүн өмнөд Азид, хожим нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсэн суут туурвилуудын манлайд дөрвөн их роман бичигддэг. Тэдгээр нь "Си Ю Зи" буюу "Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл", "Шуйху Жуань" буюу "Хүйтэн уулын бичиг", "Саньгуо Янь И" буюу "Гурван улсын үлгэр", "Хунлоу Мөн" буюу "Улаан асрын зүүд" хэмээх болой.
Зохиолын гол өгүүлэмжийг товчхон хэлбэл, "Гурван улсын үлгэр" нь бүхэлдээ Хятадын түүхийн нэн дуулиантай зурвас үеийг тусган үзүүлжээ. Шар алчууртны бослого эхэлсэн 189 оноос 280 он хүртэл эл бүхий л дуулиант хэрэг явдлыг хамарсан нэгэн жаран илүү хугацааны түүхийг Луо Гуаньжун энэхүү бүтээлдээ дүрслэн өгүүлсэн байна.
Энэхүү сонгодог зохиолыг Монгол Улс дахь БНХАУ-ын Элчин сайдын яамны зөвшөөрөлтэйгөөр уншигч танд хүргэж байна.
I БОТЬ-47 ДУГААР БҮЛЭГ
КАНЬЗӨ СЭМЭЭР ХУУРМАГ ДАГАХ БИЧГИЙГ ӨРГӨСӨН ПАНТУН УРНААР ГАРХИЛАН ХОЛБОХ АРГЫГ СУРГАСАН
Өгүүлэх нь: Каньзөгийн өргөсөн нэр Дөрүнь. Хуйзигийн Шань Ян газрын хүмүүн. Гэр үгээгүй боловч сурахад дуртай. Хүнд хүч явмуй. Үргэлжид хүний бичгийг зээлэн авчирч үзээд нэгэн мөр үзэж өнгөрөөвөөс хэзээд умартахгүй бөлгөө. Хэлний эрдэм хотол төгсөж, бяцханаас цөс их ажгуу. сүньцуань дуудан аваачиж дэмнэгч түшмэл болгожээ. Хуангай лугаа асар найртай болой. Хуангай түүний үг хэл уран сэцэнгийн дээр цөс ихийг мэдэхийн тул тийнхүү “Хуурмаг дагах бичгийг өргүүлсүгэй!” хэмээхэд Каньзө баярлан хүлээн авч өгүүлрүүн: “Их эр хэмээн ертөнцөд төрөөд гавьяа байгуулан хөрөнгийг бүтээж чадахгүй болбоос арай өвс модны адил хамт ялзрахгүй юу? Гүн та биеийг гээж эзэнд хариулах бөгөөтөл Каньзө би бас өчүүхэн амийг юунд хайрламуй?!” гэхэд Хуангай хэвтсэн ширээнээс өнхрөн бууж мөргөн тал хийхэд Каньзө өгүүлрүүн: “Үйлийг алгуурлаж болохгүй. Өдгөө даруй явбаас болмуй”. Хуангай өгүүлрүүн: “Бичгийг хэдийнээ бичжээ” хэмээв.
Тэндээс Каньзө бичгийг хүлээн авч мөн шөнөдөө загасчин хүний дүрээр чимэглээд бага онгоцонд сууж хойд хөвөөг зүглэн ирэв. Тэр шөнө жихүүн, од тэнгэр дүүрэн түгээд, гурван жингийн үе болтол хэдийнээ Цаоцаогийн усан цэргийн хүрээнээ хүрч ирэв. Мөрнийг цагдагч цэргийн ард түүнийг барин аваад шөнөдөө Цаоцаод мэдүүлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Эсхүл тагнуурч буюу?” цэргийн ард өгүүлрүүн: “Гагц нэгэн загасчин хүн хэлэх нь “Зүүн Ү улсын дэмнэгч түшмэл Каньзө нарийн нягт хэрэг байж золгохоор ирэв” хэмээмүй”. Цаоцао “Даруй түүнийг дагуулан оруулж ир!” хэмээхэд цэргийн ард Каньзөг дагуулан оруулав. Үзвээс цацрын дотор лав зул гялбалзан гэрэлтэж, Цаоцао ширээг түшин суужээ. Цаоцао асууруун: “Чи нэгэнтээ зүүн Ү улсын дэмнэгч түшмэл болбоос энд юу хийхээр ирэв?”. Каньзө өгүүлрүүн: “Хүн Цао Чансан таныг “Эрдэмтнийг элсэх нь ундаассан мэт” хэмээн хэлдэг бөлгөө. Өдгөө ийнхүү асууснаас үзвэл хэлсэн лүгээ маш үл нийлэлцмүй. Хуан Гүнфү чи мөн ташааран санажээ”. Цаоцао өгүүлрүүн: “Би зүүн Ү улс лугаа өглөө үдэш цэрэг оруулан байлдмуй хэмээж байтал чи гуячаар энд ирсэн тул юунд үл асуумуй?”. Каньзө өгүүлрүүн: “Хуан Гүнфү нь зүүн Ү улсын гурван үеийн сурвалжит сайд бөлгөө. Өдгөө Жоу Юйд олон жанжин нарын өмнө учиргүй хүндээр занчигдаж тэсгэлгүй хорсжээ. Тийнхүү Чансан танд дагасугай хэмээх нь өшөөг авахын учир болой. Үүнийг тусгайлан над лугаа зөвдсөнд би Гүнфү лугаа найр нь яс махны мэт тул шууд нууц бичгийг өргөхөөр ирэв. Чансан та агууланбагтаах ба үгүйг эс мэдэв”. Цаоцао асууруун: “Бичиг нь хаана буй?” хэмээхэд Каньзө бичгийг гаргаж өргөн барив. Цаоцао бичгийг тосон авч дэлгэн үзвээс бичгийн үг нь:
“Хуангай би Сүнь овогтны зузаан хишгийг хулээж чухам хоёр сэтгэлийг өвөрлөвөөс үл зохимуй. Тийн гэвч энэ өдрийн хэргийн байдлыг шүүмжилбээс “Зяндунгийн зургаан хошууны хүнээр Дундад улсын зуун түмэн цэргийг тулуулмуй” хэмээгч цөөн нь олон лугаа байлдаж чадахгүй хэмээхийг далайн дотоодод бүгдээр мэдэх нь болой. Зүүн Ү улсын жанжин түшмэд ба мэргэн мунхгийг хэлэхгүй ч цөм түүний болохгүйг мэдмүй. Гагц Жоу Юй боол нимгэн сэтгэлийг хэлбэрүү өвөрлөн биеийн чадалдаа баатарлаж, эрхбиш өндгөөр чулууг цохьсугай хэмээх бөгөөд ямагт дураар сүр буяныг үзүүлж, ялгүй байтал эрүүг эдлүүлэх, гавьяатайг шагнахгүй. Хуангай би болбоос сурвалжит сайд бөгөөтөл учиргүйгээр хохируулан ичээгдсэний тул сэтгэлд үнэхээр хорсмуй. Мэхийн сонсвоос Чансан та үнэнч сэтгэлээр бодисыг харгалзаж, санааг хөнгөтгөн эрдэмтнийг багтаамуй хэмээх зүйн тулд Хуангай би дуртайяа олныг авч дагахаар ирээд гавьяаг байгуулан хорслыг цагаатгахыг хүсмүй. Амуу өвс ба цэргийн зэвсгийг онгоцонд дагалдуулан өргөсугэй! Цусаар уйлан мөргөн мэдүүлэвэй. Түмэнд эс сэжиглэх ажаамуу!” хэмээжээ.
Цаоцао ширээний дээр бичгийг урвуулан хөрвүүлж арван хэдэн мөр үзээд гэнэт ширээг дэлдэж нүдийг бүлтийлгэж, ихэд хилэгнэж өгүүлрүүн: “Хуангай мах гашуудах аргыг хэрэглэн чамайг зарж хуурмагаар дагах бичгийг хүргүүлээд хоорондоос нь хэргийг олзлон авсугай хэмээх бөгөөд харин аймшиггүй намайг мэхлэхээр ирсэн буюу?” хэмээгээд даруй зүүн баруун этгээдийг дуудан “Түлхэн гаргаж цавч!” хэмээв. Зүүн баруун этгээдийн ард Каньзөг барьтал Каньзө царай хувьсах ч үгүйгээр тэнгэрийн зүг хандаж ихэд инээмүй. Цаоцао эгүүлэн авч ирээд зандран өгүүлрүүн: “Би энэ зальт аргыг нэгэнтээ үзэж гарсан атал чи юунд ийнхүү инээмүй?”. Каньзө өгүүлрүүн: “Би чамайг инээсэн бус! Би Хуан Гүнфүг хүнээ таниагүйн тул инээмүй”. Цаоцао асууруун: “Юуг хүнийг танихгүй хэмээмүй?”. Каньзө өгүүлрүүн: “Алсугай хэмээвээс албаас барав. Юунд үлэмж асуумуй?”. Цаоцао өгүүлрүүн: “Би хараахан багаас цэргийн бичгийг боловсортол уншсан тул зальхай хуурмагийн ёсыг гүн мэдмүй. Таны энэ аргаар гагцхүү бусад хүнийг мэхэлж болмуй за. Яахин намайг мэхлэн чадмуй”. Каньзө өгүүлрүүн: “Чи хэлэгтүн! Бичгийн доторх аль зүйлийн хэргийг зальхай арга хэмээмүй?”. Цаоцао өгүүлрүүн: “Би таны энэ сэдвийг хэлж гаргаад чамайг үхэвч хорсолгүй болгосугай! Чи нэгэнтээ үнэнхүү сэтгэлээр бичиг өргөж, надад дагах бөгөөд юунд аль цагийг ил болзож тогтохгүй буй? Өдгөө чи ямар хэлэх ёс баймуй?”. Каньзө үүнийг сонсоод ихэд инээн өгүүлрүүн: “Чи юунд ичингүйрэхгүй буй? Харин аймшиггүйгээр биеэ “Цэргийн бичгийг боловсортол уншсан” хэмээн бардамнамуй. Басхүү эндээс цэргээ хурааж эгэхгүй, хэрвээ байлдаан үүсгэвээс эрхгүй Жоу Юйд баригдах болой, сурталгүй ард ажгуу. Харин би чиний гарт хилсээр үхэх буй за”. Цаоцао асууруун: “Юунд намайг сурталгүй хэмээн хэлмүй?”. Каньзө өгүүлрүүн: “Чи нарийн нягт зүй бодлогыг танихгүй, учир ёсонд гэгээнгүй нь сурталгүй бус юун аж?”. Цаоцао өгүүлрүүн: “Чи хэл, миний аль хэдэн зүйлд буруу газар баймуй?”. Каньзө өгүүлрүүн: “Чамд мэргэдийг хүндлэх ёсгүй тул би яаж хэлмүй. Гагц үхвээс барав”. Цаоцао өгүүлрүүн: “Хэрвээ чиний хэлсэн үг ёстой болбоос би эрхбиш хичээнгүйлэн биширмүй”. Каньзө өгүүлрүүн: “Эзнээс тэсэргүүлэн хулгай хийхэд хугацааг тогтож болохгүй” хэмээснийг сонссонгүй юу? Өдгөө хэрэв өдөр хугацааг болзоод даруйд гар хөдлөн чадахгүй байтал эндээс гэдрэг өмгөлөхөөр очих бөгөөс үйл лав задармуй. Гагцхүү дашрамыг үзэж явбаас болохоос хэрхин урьдаас хугацааг тогтоож болох буй за? Чи энэ ёсыг мэдэхгүй бөгөөд сайн хүнийг хилсдүүлэн алсугай хэмээх нь үнэхээр сурталгүй ард болой”. Цаоцао энэ үгийг сонсоод царайг өөд болгож суудлаас буун тал өгч өгүүлрүүн: “Би хэргийг үзэхдээ гэгээнгүй тул эндүүгээр эрхмийн сүрд халдав. Завшаанаар сэтгэлдээ үл үлдээнэ үү!”. Каньзө өгүүлрүүн: “Би Хуан Гүнфү лүгээ сэтгэлийг уудлан “Дагахаар ирсүгэй!” хэмээсэн нь нялх хөвгүүн эцэг, эхийгээ хүсэх мэт бөгөөтөл юуны хуурмаг байх аж!” хэмээхэд Цаоцао ихэд баярлан өгүүлрүүн: “Та хоёул үнэхээр их гавьяаг байгуулан чадваас хожмын өдөр хэргэмийг хүртээх нь лав олноос дээдэд зогсмуй”. Каньзө өгүүлрүүн: “Бид нар хэргэм пүнлүүгийн тул ирсэн нь бус. Үнэхээр тэнгэрт нийцүүлэн хүнд эедэх нь болой” хэмээсэнд Цаоцао дарс авчруулж хүндлэв.
Тэндээс удсангүй нэгэн хүн цацарт орж ирээд Цаоцаогийн чихний дэргэд шивнэн хэлсэнд Цаоцао өгүүлрүүн: “Бичгийг авч ир үзсүгэй!” хэмээхэд тэр хүн өврөөс бичгийг гаргаж өргөн барив. Цаоцао тосон авч дэлгэн үзээд нүүр дээр маш баярлах өнгө илэрчээ. Каньзө дотроо сэтгэрүүн: “Энэ лав Цайжун, Цайхөгөөс Хуангайгийн эрүүтгэн жанчигдсан чимээг мэдүүлэхээр ирсэн буй за. Тиймийн тул Цаоцао манай “Дагахаар ирсэн хэрэг үнэн магад болов” хэмээн баярламуй за”. Цаоцао өгүүлрүүн: “Ноёнтон та зүдгүүрийг бодолгүйгээр дахин Зяндунд эгэж, Хуан Гүнфү лүгээ тогтоотун! Мөрнийг гэтэлж урьдаар чимээ нэвтрүүлэгтүн! Би цэргээр өмөглөж тосон авсугай!”. Каньзө өгүүлрүүн: “Би Зяндунгаас нэгэнтээ ангижран гарч ирсэн тул дахин буцаж үл болмуй. Чансан та өөр нарийн нягт хүнийг зарж илгээх ажаам уу!”. Цаоцао өгүүлрүүн: “Хэрвээ бусад хүн очвоос хэргийг мөн задруулах болуузай хэмээмүй”. Каньзө дахин давтан маргаж нилээд удаад аргагүй өгүүлүүн: “Очих болбоос аймшиггүй удаан байж болохгүй. Мөн даруй явбаас болмуй” хэмээв.
Тэндээс Цаоцао алт магнагаар шагнахад Каньзө хүлээн авахгүй, салах ёс хийж хүрээнээс гараад угийн бага онгоцонд сууж дахин Зяндунд эгэж ирэн Хуангайд золгон анхны хэргийг нарийвчлан хэлсэнд Хуангай өгүүлрүүн: “Гүнгийн хэлний эрдэм төгссөнөөс бус болбоос Хуангай би гашууныг талаар амсах бөлгөө”. Каньзө өгүүлрүүн: “Би одоо Ганьнингийн хүрээнд очиж Цайжун, Цайхөгийн чимээг туршин үзсүгэй” хэмээхэд Хуангай “Маш сайн” хэмээв. Түүнээс Каньзө Ганьнингийн хүрээнд хүрч ирсэнд Ганьнин угтан оруулсан хойно Каньзө өгүүлрүүн: “Жанжин таны өчигдөр Хуан
Гүнфүг аврахын тулд Жоу Гунзиньд хүндээр ичээгдсэнд миний дотор маш төвшингүй болов” хэмээхэд Ганьнин инээх бөгөөд өчих үгүй, хараахан үг хэлэлцэн байтал Цайжун, Цайхө нар хүрч ирэв. Каньзө нүдээр Ганьнинийг ирмэсэнд Ганьнин санааг ухаж даруй өгүүлрүүн: “Жоу Гунзинь гагцхүү биеийн чадалдаа эрдэж огтхон ч бид нарыг бодохгүй, өдгөө би мөн түүнд ичээгдэж, Зяндунгийн олон хүнд уулзахуйд ичингүйрмүй” хэмээн хэлж бараад шүд зууж араагаа хавиран ширээг дэлдэж ихэд бархирахад Каньзө хуурмагаар Ганьнингийн чихний дэргэд шивнэн хэлсэнд Ганьнин тэргүүнийг дарж дуугарахгүй хэдэн удаа уртаар шүүрс алдмуй. Цайжун, Цайхө хоёул Ганьнин, Каньзөд цөм урвах санаа байхыг үзээд үгээр туршиж өгүүлрүүн: “Жанжин танд ямар төвшингүй газар байж уурлан гасалмуй?” хэмээсэнд Каньзө өгүүлрүүн: “Бид нарын хэвлийн доторх гашууныг та хэрхин мэдэж болмуй?” хэмээсэнд Цайхө өгүүлрүүн: “Эсхүл Ү улсаас тэсэргүүлэн Цаоцаод дагасугай хэмээмүй үү?” гэхэд Каньзө царай алдсанд Ганьнин сэлмийг сугалан гүйн босож өгүүлрүүн: “Манай хэргийг нэгэнтээ үзэж таньсан тул хэл амыг таслахын тулд алахгүй бол болохгүй болжээ”. Цайжун, Цайхө хоёул яаран өгүүлрүүн: “Хоёр гүн битгий зовнигтун! Бид мөн сэтгэл зүрхний үгийг өгсүгэй!”.
Ганьнин өгүүлрүүн: “Хурдан хэлэгтүн!”. Цайхө өгүүлрүүн: “Бид хоёул болбоос мөнхүү Цао гүнгийн захиагаар хуурмагаар дагахаар ирсэн нь болой. Хоёр гүн хэрвээ Цао гүнд дагах сэтгэл байваас бид удирдан дагуулсугай!”. Ганьнин асууруун: “Чиний энэ үг үнэн буюу?”. Хоёр хүн цугаар өгүүлрүүн: “Ямар аймшиггүй мэхлэх буй”. Ганьнин зоримгоор баярлан өгүүлрүүн: “Үнэхээр ийм болбоос тэнгэр энэ дашрамыг хайрласан нь болой”. Хоёр Цай өгүүлрүүн: “Хуан Гүнфү бөгөөд жанжин лугаа ичээгдсэн хэргийг бид хэдийнээ Чансанд мэдүүлэн илгээжээ”. Каньзө өгүүлрүүн: “Би бас ч Хуан Гүнфүгийн төлөө Чансанд дагах бичиг өргөөд өдгөө тусгайлан Синбад уулзаж нэгэн цугаар дагахаар очихыг болзохоор ирсэн бөлгөө”. Ганьнин өгүүлрүүн: “Их эр гэгээн эзэнд учирсан тул адбиш сэтгэлийг уудлан дагаваас зохимуй” хэмээгээд дөрвүүл хамт суулцан архи уулцаж цугаар сэтгэлийн хэргийг шүүмжлэхэд хоёр цай мөн даруй бичиг бичиж “Ганьнин бид нар лугаа хамтад дотуураар тосмуй” хэмээн хэлэлцэн тогтов гэж сэмээр Цаоцаод мэдүүлэн илгээжээ. Каньзө тусдаа бичиг үйлдэж хүн заран далдуураар Цаоцаод мэдүүлэхээр илгээсэн бичигт хэлсэн нь: “Хуангай ирсүгэй хэмээхүл дашрамыг олсонгүй. Хожим гагцхүү онгоцны тэргүүн дээр хөх хөвөөт хиур хатгаж ирснийг үзвээс даруй мөн болой” хэмээжээ.
Тэндээс Цаоцао дараагаар хоёр бичгийг олж үзээд сэтгэлийн дотор сэжиглэн тогтворгүй тул олон зөвлөлийн сайдыг цуглуулж зөвлөн өгүүлрүүн: “Зяндунгийн Ганьнин Жоу Юйд ичээгдээд “Дуртайяа дотуураар тусламуй” хэмээмүй, Хуангай бас түүнд занчигдаад Каньзөгөөр дагах бичиг өргүүлж “Дагахаар ирсүгэй!” хэмээхийг цөм гүн итгэж үл болмуй. Хэн хүн аймшиггүй шууд Жоу Юйгийн хүрээнд орж магад чимээг туршин ирмүй?”. Зянгань орж ирэн өгүүлрүүн:
“Гань би урьд өдөр зүүн Ү улсад хоосон одож гавьяаг байгуулан чадсангүй тул гүн ичингүйрмүй. Өдгөө дуртайяа биеийг гээж дахин одоод эрхбиш магад чимээг олж буцаж Чансанд мэдүүлэн ирсүтэй!”. Цаоцао ихэд баярлан мөн даруй Зянганийг онгоцонд гаргасанд Зянгань онгоцыг сэлбэсээр шууд мөрний өмнөдийн усан хүрээнд хүрч ирээд даруй хүн зарж уламжлуулан мэдүүлэв. Жоу Юй “Зянганийг бас хүрч ирэв” хэмээн сонсоод ихэд баярлаж өгүүлрүүн: “Миний гавьяа бүтэх нь гагц энэ хүний биед буй!” хэмээгээд даруй Лүсүг сургаж “Панши Юанийг залж авчран миний төлөө ийм тийм бологтун” хэмээв. Угаас Сян Ян газрын Пантунгийн өргөсөн нэр Ши Юань, самуунаас зайлж Зяндунд түр нүүн суужээ.
Лүсү түүнийг Жоу Юйгийн өмнө өргөн мэдүүлсэнд Пантун одож золгоогүйгээр Жоу Юй урьдаар Лүсүг зарж Пантунгаас арга асууруун: “Цаоцаог эвдэхэд ямар арга хэрэглэвээс зохилмуй?” хэмээсэнд Пантун сэмээр Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Цаоцаогийн цэргийг эвдсүгэй хэмээвээс галаар байлдах хэрэгтэй! Гагцхүү их мөрний дээгүүр нэгэн онгоцонд гал гарваас бусад онгоц дөрвөн зүгт тархмуй. Түүнийг гархиар холбох аргыг өргөж цөмөөр нэгэн газарт хадуулсан хойно сая гавьяаг бүтээвээс болмуй”. Лүсү үүнийг Жоу Юйд хэлсэнд Жоу Юй тэр үгийг гүнээ биширч Лүсүгийн зүг өгүүлрүүн: “Миний төлөө энэ аргыг явуулж чадах нь Панши Юаньгаас бус нь үл болмуй”. Лүсү өгүүлрүүн: “Гагцхүү Цаоцао зальхай хуйхар тул яахин очиж болмуй” хэмээв.
Тэндээс Жоу Юй доош харж таслан чадахгүй хараахан тохиол учралгүй хэмээн санагалзаж байтал гэнэт Зянганийг бас ирэв хэмээн мэдүүлжээ. Жоу Юй ихэд баярлаж нэгэнтээгүүр “Пантуныг сургаж арга хэрэглэ!” хэмээгээд нэгэнтээгүүр цацарт суун хүн зарж Зянганийг залуулав. Зянгань угтахаар гарч ирэхгүйг үзээд сэтгэлийн дотор сэжиглэн зовниж онгоцоо булан сэлүүн хөвөөний амсар газар нотод уяулаад даруй хүрээнд орж Жоу Юй лүгээ золгов. Жоу Юй царай хувилж өгүүлрүүн: “Зы И юунд намайг даанч хэтэрхий мэхэлмүй?”. Зянгань инээн өгүүлрүүн: “Би бодвол чам лугаа хуучин өдрийн ах дүү хэмээн тусгайлан сэтгэл зүрхний хэргийг хэлэхээр ирсэн бөлгөө. Юунд мэхлэв хэмээх үг гармуй?”. Жоу Юй өгүүлрүүн: “Чи намайг хэлэлцэж дагуулъя хэмээвээс далай ширгэж чулуу ялзрахаас бус өөр хөдөлгөн үл чадмуй. Урьд удаа би хуучин өдрийн найрыг бодон чамайг залж нэвширтэл уулцаад нэгэн ширээнд унтуулсанд чи харин миний нууц бичгийг хулган авч сэмээр оргон очоод буцаж Цаоцаод мэдүүлэн Цаймао, Жан Юнийг алуулаад миний хэргийг бүтээхгүйд хүргүүлжээ. Энэ өдөр учиргүйгээр бас ирсэн нь лав сайн сэтгэлийг өвөрлөсөнгүй буй за. Би эрт өдрийн найрыг үл үзвээс нэгэн илдээр хоёр тийш болгомуй. Мөн чамайг хүргэж илгээсүгэй хэмээхүл би нэгэн хоёр өдрийн хооронд даруй Цаоцао хулгайг эвдсүгэй хэмээж амуй. Гэвч чамайг цэргийн дунд үлдээе хэмээвээс бас эрхгүй үйлийг задруулмуй” хэмээгээд даруй зүүн баруун этгээдийг дуудан: “Зы Иг баруун уулын сүмд хүргэж амуулан суулгагтун! Хүлээж Цаоцаог эвдсэн тэр цагт түүнийг мөрнийг гэтэлгэн илгээхэд хождохгүй болой” хэмээв.
Тэндээс Зянгань дахин ам нээж хэлсүгэй хэмээтэл Жоу Юй хэдийнээ хойд цацарт орж очив. Зүүн баруун этгээдийн ард морь авчирч Зянганьд унуулаад баруун уулын хойд дахь бага сүмд хүргэж суулган хоёр цэргийн хүнийг томилон өгч зарагдуулав. Зянгань сүмийн дотор сууж сэтгэлийн дотор бухимдан унтах идэхэд амаргүй болжээ. Мөн шөнө одон ор тэнгэр дүүрэн гарсанд ганцаар алхсаар сүмийн хойно хүрвээс гэнэт бичиг унших дуу сонсогджээ. Алгуур аажмаар алхаж эрэн очвоос харин уулын эргийн хажууд хэдэн өвсөн гэр баймуй. Дотроос зулын гэрэл гарчээ. Зянгань одож хулган үзвээс нэгэн хүн зулын өмнө сэлмээ өлгөж, Сүньзыгийн цэргийн бичгийг гингэнэн уншмуй. Зянгань сэтгэрүүн: “Энэ лав өөр гайхамшигт хүн болой” хэмээгээд үүдийг тогшиж золгосугай хэмээхэд тэр хүн үүдийг нээж угтан гарав. Үзвээс байдал дүр ер бус, Зянгань түүний овог нэрийг асуусанд өчрүүн: “Овог Пан нэр Тун өргөсөн нэр Ши Юань” хэмээв. Зянгань асууруун: “Арай Фөнчу ноён бус уу?”. Пантун өгүүлрүүн: “Мөн болой”. Зянгань баярлан өгүүлрүүн: “Их алдрыг сонсож удав. Өдгөө юунд энэ мэт булан газар суумуй?”. Пантун өчрүүн: “Жоу Юй өөрийн эрдэм ихтэйд эрдэж, богдсыг багтаан чадахгүй тул би тийнхүү энд нуун суумуй. Гүн ямар хүн болой?”. Зянгань өгүүлрүүн: “Би Зянгань болой”. Пантун даруй өвсөн гэртээ залж оруулаад цугаар сууж сэтгэлийг шүүмжлэхэд Зянгань өгүүлрүүн: “Гүнгийн энэ мэт их эрдмээр хааш одвоос ашиг үгүй буй, хэрвээ Цаоцаог дагах болбоос гань би удирдан оруулсугай!”. Пантун өгүүлрүүн: “Би мөн “Зяндунгаас ангижирсугай!” хэмээн санаж удав. Гүнд удирдан оруулах сэтгэл байхын тулд мөн даруй одвоос болмуй. Хэрэв удваас Жоу Юй сонсоод эрхгүй хорлон хөнөөх болой” хэмээв.
Тэндээс Зянгань лугаа шөнө дөл уулнаас бууж мөрний дэргэд хүрч ирээд угийн сууж ирсэн онгоцыг эрэн олж, сэлүүрийг нисгэн мөрний хойдыг зүглэн явсаар Цаоцаогийн хүрээнд хүрч ирсэн хойно Зянгань урьдаар очиж золгон анхны хэргийг бүрнээ хэлсэнд Цаоцао “Фөнчу ноён хүрч ирэв” хэмээснийг сонсоод биеэр цацраас гарч угтан оруулаад зочин гэрийн эзний ёсоор ялган суулцсан хойно Цаоцао өгүүлрүүн: “Жоу Юй нас бага бөгөөтөл эрдэмд эрдэж олныг дарлан мэргэн бодлогыг хэрэглэхгүй, Цаоцао би ноёнтон таны их алдрыг сонсож уджээ. Өдгөө хишгээр залран ирсэн тул сургаалыг хайрлалгүй сургахыг гуймуй!”. Пантун өгүүлрүүн: “Пантун би анхнаас Чансан таны цэрэг хэрэглэх нь цаазтай хэмээн сонссон тул өдгөө цэргийн байдлыг нэгэн мөр үзэхийг хүсмүй”. Цаоцао “Морь эмээллэ!” хэмээгээд Пантуныг залж урьдаар хамтдаа хуурай замын цэргийн хүрээг үзүүлэхэд Пантун Цаоцао лугаа морь зэрэгцэж өндөрт гараад нэгэн мөр ажиглан үзэж магтан өгүүлрүүн: “Уулыг арлан шугуйг түшиж, өмнө хойш харж үзэх, гарах ороход үүд байж, дэвших эгэх, муруйх нугалахад хэдий Сүньзы, Үци нар дахин төрж Ранзюй297 жич мэндлэв хэмээн мөн үүнээс хэтрэх нь үгүй”. Цаоцао өгүүлрүүн: “Ноёнтон та үлэмж битгий сайшаагтун! Харин ч заан сургахыг хүсмүй” хэмээгээд бас хамтдаа очиж усан хүрээг үзэхэд өмнөш хандуулж хорин дөрвөн хаалга хувааж цөм эл зүйлийн байлдах онгоцоор хот дүүрэг болгоод дотоодод бага онгоцыг нууж нааш цааш явахад зам зээл байх бөгөөд босож нуухад дэс дараатай ажгуу. Пантун инээн өгүүлрүүн: “Чансангийн цэрэг хэрэглэх нь энэ мэтээр үзвэл нэрийг хоосноор уламжилсангүй аж” хэмээгээд мөрний өмнөдийг хуруугаар зааж өгүүлрүүн: “Жоулан, Жоулан! Өдөр зааж эрхгүй сөнөөгдөх болой!” хэмээв.
Түүнээс Цаоцао ихэд баярлан хүрээндээ эгээд цацарт залж оруулан архи базааж нэгэн цугаар уулцан хамтаар цэргийн зүйг хэлэлцэхэд Пантун ялган салган шүүмжлэн хэлэлцэж өчих нийлүүлэх нь усны урсгал мэт тул Цаоцао гүнээ биширч хичээнгүйлэн хүндэлжээ. Пантун зоримгоор согтогч болон өгүүлрүүн: “Аймшиггүй асуусугай! Цэргийн дотор сайн эмч баймуй уу?”. Цаоцао “Юу хиймүй?” хэмээн асуусанд Пантун өгүүлрүүн: “Усан цэргүүдэд олонтаа өвчинтэй нь буй тул сайн эмчээр засуулах хэрэгтэй” хэмээжээ. Тэр үед Цаоцаогийн цэрэг хараахан ус шороонд зохихгүй тул цөм огшиж бөөлжиж, элдэв өвчин хүртэж олонтаа үхсэн бөлгөө. Цаоцао төв хийтэл энэ хэргийн тул зовниж байтал гэнэт Пантунгийн хэлэхийг сонсоод хэрхиж асуухгүй буй. Түүнд Пантун өгүүлрүүн: “Чансан таны усан цэргийг боловсруулан сургахын арга маш гайхамшигтай боловч хайран нь ганц бүрэнгүй бөлгөө”. Цаоцао дахин давтан лавлаж асуухад Пантун өгүүлрүүн: “Гүн надад нэгэн арга байж их бага усан цэргийг огт өвчин тахалгүй болгож амар түвшингээр гавьяа бүтээлгэсүгэй!”. Цаоцао ихэд баярлаж гайхамшигт аргыг лавлан асуухад Пантун өгүүлрүүн: “Их мөрний дунд түлхээн298 хөөж, түлхээн татаж, салхи долгион намхрахгүйд хойд газрын цэрэг онгоцонд сууж дадсангүй тул энэ зовиурыг амсаж даруй өвчин тахал хүрчээ. Хэрвээ их бага онгоцыг тус тусад цөм холбож, эсвэл гучин онгоцыг нэгэн баг болгон, эсвэл тавин онгоцыг нэгэн баг болгож толгой сүүлийг төмөр холбоот гархиар оньслоод дээр нь өргөн хавтас дэвсвээс хүн гэтэлж болохыг хэлэх ч байтугай морь ч мөн явж болмуй. Үүнд сууж явбаас түүний салхин долгио ба усны түлхээн өсч бууравч дахин юунд эмээх буй?”. Цаоцао суудлаас бууж тал өгөн өгүүлрүүн: “Ноёнтон таны мэргэн бодлогоос бус зүүн Ү улсыг яахин эвдэж чадах аж”. Пантун өгүүлрүүн: “Мунхаг гүехэн бодлого болой. Чансан та өөрөө тасалсугай!”. Цаоцао мөн даруй цааз зарлаж цэргийн дундах төмрийн урчуудыг дуудан “Шөнө дөл холбоот гархи ба их гадсыг үйлдүүлээд онгоц бүхнийг оньслон холбогтун!” хэмээжээ. Олон цэрэг үүнийг сонсоод цөм тус тусдаа баярлав.
297 Чүнчюгийн үеийн чи улсын Сима Ранжюй хэмээгч цэргийн эрдэмтэн
298 Далайн усны түрж тэлэх үзэгдэл
Хожмын хүний шүлгийн үг:
“Чыбигийн газарт зууралдан байлдахуйяа галыг хэрэглэсүгэй гэж
Цэргийн эрдмийг чадамгай хэрэглэсэн нь цөм адил амуй
Пантун хэрвээ гархилан холбох аргыг хэрэглээгүй болбоос
Гүн Зинь яахин гавьяаг байгуулан чадах буй?”
Тэндээс Пантун бас Цаоцаогийн зүг өгүүлрүүн: “Пантун би Зяндунгийн баатар эрэлхэгүүдийг үзвэл олонтаа цөм Жоу Юйд хорсмуй. Пантун би гурван ямхын хэлэндээ эрдэж Чансан танд хэлэлцэн өгөөд цөм дагахаар ирүүлсүгэй! Жоу Юй ганцаар болж тусламжгүй болбоос эрхгүй Чансанд баригдах буй за. Жоу Юй мөхсөний хойно Любэй адбиш хэрэггүй болмуй”. Цаоцао өгүүлрүүн: “Ноёнтон та үнэхээр их гавьяаг бүтээж чадах болбоос Цао би тэнгэрийн хөвгүүнд айлтган сонсгож, гурван гүнгийн зэрэгт болгон өргөмжилсүгэй!”. Пантун өгүүлрүүн: “Би баян эрхэмд дурласан нь бус. Гагц түмэн иргэнийг аварсугай хэмээсэн бөлгөө. Чансан та мөрнийг гэтлэн гарсан хойно хичээн үл алж хөнөөх болов уу?”. Цаоцао өгүүлрүүн: “Би тэнгэрийн төлөө ёсыг явуулах тул хүн амьтанг алж хөнөөхөд яахин төвдмүй”. Пантун тунхаг бичгийг гуйн “Угсаа төрлийг амаржуулсугай!” хэмээхэд Цаоцао асууруун: “Ноёнтны гэр өрх өдгөө ямар газар суумуй?”. Пантун өгүүлрүүн: “Өдгөө мөрний дэргэд баймуй. Хэрвээ энэ тунхаг бичгийг олбоос бүрэн болгон баталж болох буй!”. Цаоцао тунхаг бичүүлж захиргаа тэмдэг даран
Пантунд тушаан өгөв. Пантун мөргөн тал хийж өгүүлрүүн: “Салсны хойно түргэнээ цэрэг орогтун! Жоуланд битгий мэдэгдтүгэй!”. Цаоцао үгийг зөвшөөв.
Түүнээс Пантун ёслон салаад мөрний дэргэд хүрч сая онгоцондоо суусугай хэмээтэл гэнэт хөвөөний дээрээс нэгэн хүн бумбын дээл, хулсан малгай өмсөж нэгэн атгаар Пантуныг атган авч өгүүлрүүн: “Чи юуны ийм цөс их аж? Хуангай мах гашуудах аргыг хэрэглэн, Каньзө хуурмагаар дагах бичгийг хүргэхээр ирж, чи бас гархилан холбох аргыг өргөхөөр ирсэн буюу? Гагцхүү шатааж дуусган тасалж үл чадах болуузай хэмээмүй? Та нар энэ мэт хорт ухааныг зөвдөн хэрэглэж, ганц Цаоцаог мэхлэн чадах буй за. Намайг мэхлэн чадмуй уу?”. Пантун үүнийг сонсоод сүнс сарниж сүг нисэв. Энэ чухамхүү:
“Зүүн өмнөдийг дарангуйлан дийлж чадмуй хэмээн битгий өгүүлэгтүн
Баруун хойдод дан гагц хүн үгүй хэмээн хэн хэлэв?”
Эгнэгт энэ хүн хэн болохыг доор бүлэгт үзтүгэй
Сэтгэгдэл ( 0 )