"Монголын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт" хэлэлцүүлэг болж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 05 сарын 20

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын барилгын салбарт 6278 барилгын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй компани байдаг.  Энэ онд Монгол Улсын төсвийн хөрөнгөөр 1300 гаруй төсөл хэрэгжих бол хувийн хөрөнгө оруулалтаар 2000 гаруй төсөл хэрэгжих аж.

Эдгээр барилга, байгууламжийн төслийг барьж гүйцэтгэхэд барилгын төслийг хэрхэн зөв хэрэгжүүлэх, эдийн засаг зах зээлийн судалгаанд суурилж барилгын бизнесийг хэрхэн оновчтой зөв хөгжүүлэх нь хөрөнгө оруулагчид, захиалагчид болон гүйцэтгэгчдийн хувьд нэн чухал асуудал байдаг. 

Тэгвэл “Монголын барилгын инженерүүдийн холбоо” ТББ-аас барилгын төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч “Интеплект Инвестмент групп” ХХК-тай хамтран өнөөдөр /2022.05.20/ “Монгол Улсын барилгын төслийн бизнес хөгжүүлэлт” хурлыг зохион байгуулж байна.  Энэхүү хуралд барилгын салбарт үйл ажиллагаа эрхэлдэг 48 компанийн 80 гаруй удирдлага оролцож байгаа юм. 

Хурал бүхэлдээ барилгын салбарт бизнес эрхлэгчид барилгын төслийг хэрхэн зөв хөгжүүлэх чиглэлэлээр мэдээлэл, туршлага солилцох, хэрлэлцэхэд чиглэжээ. 

Харин “Барилгын салобарын зах зээлийн чиг хандлага”, “Барилгын брендинг ба бүтээгдэхүүн хөгжүүлэлт”, “Барилгын санхүүгийн модель”, “Барилгын хөрөнгө оруулалтын эрсдэл”, “Барилгын өртгийн менежмент”, “Солонгос улсын барилгын салбарын бизнес хөгжүүлэлт”, “Англи улс дахь мега төслийн бизнес хөгжүүлэлт” сэдэвт илтгэлүүдийг Монгол, Солонгос, Английн мэргэжилтнүүд тавьсан нь барилгын бизнес эрхлэгчдийг сүүлийн үеийн судалгаа, мэдлэг олж авах, гадаад орнуудын туршлагаас суралцах боломжийг олгож байгаагаараа онцлог аж. 

Хуралд Барилга хот байгуулалтын яам болон барилгын салбарт тэргүүлэгч бүтээн байгуулагч компаниуд болох “Жигүүр гранд” ХХК, “Монкон констракшн” ХХК, “Макс өргөө” ХХК, “Голомт” констракшн ХХК, “НБИК” ХХК, “Таванбогд проперти” ХХК, “Эрхэт Монгол групп” ХХК зэрэг компаниудын удирдлагууд оролцож, өөрсдийн байгууллагын бизнесийн хөгжил, хэрэгжүүлж буй төслүүдээ танилцуулж, шийдэл хайж ярилцаж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top