Сэтгүүлч болсон мөчөөс эхлэн хоёр ч сонин дамжуулан хөтөлж ирсэн “Миний ээж” ярилцлагын булангаа “Өглөөний сонин”-ы хойморт үргэлжлүүлэхээр болж, шинэ зочны хамт уншигч танаа мэндчилж байгаадаа баяртай байна. Хаан найргийн хатан Ш.Дулмаа ахайтны хүү, үзэгч олонд “Дуурийн” Ганхуяг хэмээн нэрлэгдсэн ч, “Толбот хивс”, “Улаан дарцаг”, “Тунгалаг Тамир”, “Тэмцэл”, “Мартагдашгүй намар” киногоор хүүхэд байхаас олны танил болсон Монгол Улсын гавьяат жүжигчин Д.Ганхуягтай ярилцсанаа хүргэе.
-Хаан найргийн хатан Ш.Дулмаа гуайн хүүгээ өсгөсөн алтан сургаал нь юу вэ?
-Ээж минь хоёр хүү, хоёр охин төрүүлсэн. Цаг наргүй ажилтай болохоор бид тоотойхон л уулздаг байлаа. Эмээ, өвөөтэйгөө ихэнх цагийг өнгөрөөнө. Тэдний ухаанд өлгийдүүлж өссөн. Гэхдээ тэдний ухаан бол миний ээжийн баримталдаг зарчим гэсэн үг шүү дээ. Худал ярьж, хулгай хийж болохгүй гээд амьдралын энгийн зарчмууд бүгд байна. Хамгийн гол нь, ижийн минь намайг өдий дайтай болгосон үнэт зүйл бол манай гэрт Монголын оюуны сор болсон зохиолчид бүгд ирдэг байсан юм.
“Хүрэн морь”-ны Ч.Лхамсүрэн, Ч.Чимид, Ц.Гайтав, Базарын Цэдэндамбаа, Б.Явуухулан гуай гээд зохиолчид бүгд ирнэ. Тэр амьд бурхадын дунд тоглож өссөн би их азтай. Тэд ирэхээрээ өөрсдөө шүлэг зохиолоо уншиж баахан бужигнана. Намайг “Миний хүү, киногоо ярь” гэж өхөөрдөж хөгжөөнө.“Мужийн намын хороон дарга” гэж миний үзсэн орос кино байсан юм. Зөндөө юм гарна, тэр үед дайны тухай кино л их гарна. Би өнөөх киногоо дайн, байлдаантай хольж хутгаад, шалан дээгүүр өнхөрч, “пулмётлоод”, “автоматлоод” амьдаар нь үзүүлнэ. Хүүхэд болохоор фантазлах ч гэж жигтэйхэн. Тэгэхээр “сэргэлэн хүүхэд” гээд хөөргөнө. 1962 онд “Толбот хивс” хүүхдийн анхны кинонд ээж минь намайг дагуулж очиж бүртгүүлж, зураг авалтад оруулсан юм. Эндээс эхлээд миний амьдрал маш сонирхолтойн дээр гоё болсон. Гоё болох ч гэж, кинонд тоглосон хүүхэд гэхээр тэр үед юу болохыг өөрөө төсөөлж байна уу. Дараа нь Дамдин найруулагч, Балжинням гуай хоёр “Улаан дарцаг”-т, 1970 онд “Тунгалаг Тамир”-т, 1972 онд “Тэмцэл” кинонд, 1975 онд “Мартагдашгүй намар”-т тоглосон. Хүүхэд байхад тоглосон энэ дөрөвхөн киногоор би нэрд гарсан хүн шүү дээ.
-Таныг мэргэжил сонгоход ээж чинь чиглүүлсэн үү, эсвэл?
-Би наймдугаар ангиасаа хичээлээс чөлөөлөгдсөн юм шүү дээ, кинонд тоглохоор. Бидний үед алегбр, геометр, физик, химийн хичээлд муу дүнтэй хүн хамгийн муу хүнд тооцогддог байсан юм. Тэр хичээлүүдэд суугаагүй би юугаа мэдэх вэ. Бүх хичээлийн дүн “муу”. Олон кинонд тоглосон болохоор кино үйлдвэр жүжигчнээр авна гэсэн, тэрэнд нь итгээд хичээлдээ анхаараагүй. Төгсөөд очтол боловсон хүчин нь “Жүжигчний орон тоо алга, гэрэлтүүлэгчээр авна” гэсэн. Гэрэлтүүлэгч гэдэг үг, тэр ажил нь миний толгойнд буудаггүй. Ядахад Багшийн дээдийн кино драмын анги тэр жил ирэлгүй өнжсөн. Ингээд аравдугаар ангиа төгсөөд цэргийн дээд сургуульд хуваарилагдахад ээж минь “Миний хүү, чи цэргийн хүн болохгүй ээ. Ээж нь монгол хэлний анги төгссөн. Чи хэлний хүн бол” гээд өөрөө дагуулж очоод шалгалт өгүүллээ.
Тэр үед монгол хэлний ангид алегбр, түүх, орос хэлний хичээлээр шалгалт авдаг байсан. Би тооны шалгалтад унаад “будаа” болсон. Ингээд Төв аймгийн Баян сум руу Жавзандулам гэж ээжийн төрсөн ахынд очиж зунжин хонь хариулж, адуу малтай ноцолдлоо. Намар ээж ирээд “Энд дууны сургууль байгуулагдах гэж байна. Ийшээ шалгуул, тэгэхгүй бол кино драмын хуваарь ирэхийг хүлээж жил алдах гээд байна ” гэлээ. Би гитар бариад орцонд дуулдаг. Ээж минь намайг сайхан хоолойтой гэдэг байсан юм. Тэгэнгүүт Улаанбаатар руу гарлаа, Баян сумаас хоёрхон цаг яваад хотод ирж, маргааш нь Хөгжим, бүжгийн сургуульд шалгууллаа. Тэр сургуулийг үүсгэн байгуулсан Лувсаншаравын хүү Даваахүү гуайтай ээж “Алтан Соёмбын дуулал” гэж дуу хийж байсан юм билээ.
Тэгээд миний талаар ярихад нь “Авчраад шалгуул” гэсэн шиг байгаа юм. Л.Даваахүү багш, Ардын жүжигчин Долгорсүрэн, гавьяат бүжигчин Дамдин, хөгжмийн зохиолч Хангал, Бэгз нарын алдар цуутай хүмүүсийн авсан тэр шалгалтад би тэнцсэн. Тэр үед өөрийгөө тоондоо муу юм чинь муу хүүхэд гэж бодож явлаа. Гэтэл хагас жилээр онц гарчихлаа, жилийн эцсээр дүнгээ баталлаа. Тэгэнгүүт дараа жил нь кино драмын ангид сурна гэж байсан бодлоо орхисон. Хөгжим, бүжгийн сургуулийг онц төгсөөд Улсын филармонид хуваалигдаж, өөрийгөө дуурийн дуучин болчихлоо гээд “Жаргаах зүрхэн”, “Гоёхон чимэг юм уу даа” тэргүүтэй Б.Зангад гуайн гурван ч дууг симфони найрал хөгжимтэй дуулж, түүнийгээ Намсрайжав гуайд шалгуулахад Хөгжмийн зохиолчдын холбооны хурал болж Б.Мөрдорж, Лувсаншарав, Чойдог гуай гээд тэр үеийн бүх хөгжмийн зохиолч ороод ирдэг юм.
Намайг дуулсны дараа Гончигсумлаа гуай “Наад хүүхэд чинь дуурь дуулах болоогүй, “Соёл Эрдэнэ” хамтлагт өг” гээд шууд тийш нь хуваарилчихсан.Тэнд дөрвөн жил ажиллахдаа бүх хөгжмийг дамжиж, 1980 онд сургуульд явъя гэж шийдсэн. Ингэхдээ Баяраа, Ариунаа нарын төгссөн Болгарын хөгжмийн дээд сургуульд явахаар шалгалт өгтөл эстрадын дуугаар шалгалт авахгүй, дуурийн дуугаар шалгуул гэсэн. Мэргэжлийн шалгалтандаа тэнцсэн ч би орос хэл дээр 15 оноо, Чингис хаанд тоглосон А.Энхтайван 13 оноо, Монгол Улсын гавьяат жүжигчин Цэцгээ долоон оноо, Игариш гэж манай ангид байсан залуу зургаан оноо авлаа. Гэтэл 15, 13 оноотойг нь Оросод, 6-7 оноотойг нь Болгарт хуваарилчихсан. Ээж минь Сумъяа сайдтай уулзсан ч, орос хэлдээ сайн оноо авсан хүүхдийг явуулахгүй яадаг юм гээд загнаад гаргачихсан. Ингээд би Орост дуурийн дуучнаар суралцаж төгссөн.
-Нуруу өндөр, том биетэй дуурийн дуучдын дунд жижиг биетэй, намхан ч гэлээ хоолойгоор бол дутаагүй гэж таны тухай дуучдын ярихыг сонсч байсан?
-А.Энхтайван гэхэд л надаас өндөр, том биетэй шүү дээ. Тэдний дэргэд би намхан, биеэр ч жижигхэн. Хамт дуул гэвэл ямар харагдах вэ, чи бод доо. Тэгээд би эстрадын дуучин болох бодолтой байсныг ч хэлэх үү. Гэтэл манай багш нар “Чи заавал дуурьт дуулах албагүй, концертод дуулж болно шүү дээ” гээд миний сэтгэлийг урвуулчихсан. Төгсөөд “Соёл Эрдэнэ”-д очно гэж шийдсэн байтал Соёлын яамны Нанзад дарга “Чи яахаараа филармонид очдог юм. Улсын хөрөнгөөр таван жил дуурийн сургуульд сурсан хүн нэг бол ДБЭТ-т оч, эсвэл Баян-Өлгий яв” гэсэн. Яаж Баян-Өлгий рүү явах билээ дээ, тэр үед эхнэртэй болсон, хүүхдүүд бага байсан болохоор ДБЭТ-т орсон. Дандаа туслах дүрд дуулж байсан ч тэр театр надад маш их зүйл өгсөн. Тэр үед ДБЭТ-д “Үүрийн туяа” гэж хамтлаг байсан юм. “Соёл Эрдэнэ” хамтлагт дуулж байсан юм чинь “Үүрийн туяа”-д басс гитартай тоглох хэцүү биш. Хажуугаар нь дуурьтаа дуулаад явсан. 1990 оноос Загдсүрэн багш Америк руу явж, концертмейстр Сарантуяа намайг СУИС руу дуудаж, хүүхдүүдэд хоолойны дасгал хийлгэж, хичээл заалгах болсон. Дараа нь цагийн багш болсон. Загдсүрэн багш ирээд намайг үндсэн багшаар “хадчихсан”. Нэг хэсэг эстрад дууны багш байснаа сүүлд дуурийн дуулаачийн ангид багшилсан.
-Таныг мэдэх, таних хүмүүс Дулмаагийн “Сөөсгөр хүү” гэлцэх юм билээ. Ганц хүүгээ ханьтай болоход ээж тань хэрхэн хүлээж авч байв?
-Намайг ханьтайгаа танилцаж, гэр бүл болоход миний ээж асар их үүрэг гүйцэтгэсэн. Залуу улс муудах, сайдах алийг тэр гэх вэ. Салж сарнихдаа тулсан ч үе бий. Ямар ч цаг үед ээж минь “Хүний анхны ханиас өөр сайхан нь үгүй. Чи өөрөө өнчин өссөн шүү. Ямар нэгэн юм болж ханиасаа саллаа гэхэд хүүхдүүд чинь яг чам шиг аавгүй өснө” гэж надад хэлсэн. Тэгж хэлэхэд нь би айгаад буцаж ханьтайгаа эвлэрээд, одоо хамтдаа өтөлж явна. Миний ээж асар их ухаантай хүн шүү дээ.
-Амьд бурхадын дунд өснө гэдэг нэгэн том сургуульд суралцсантай адил санагдана. Тэднээс та юу сурч, өвлөсөн бол?
-Тэр хүмүүсээс би маш их ухаан авсан. Бод доо, агуу Р.Чойном Нина эгчээс салсныхаа дараа орох оронгүй болсон уу, манайд гурван сар байсан юм шүү дээ. Бүтэн гурван сар манай ахтай ч өвөртөө унтаад, намайг ч өвөртөлж унтаж, чөлөө заваараа зураг зурж, сийлбэр хийж, шүлгээ бичиж манай гэрт амьдарсан. Өглөө эрт босоод заавал ямар нэгэн юм хийж сууна. Надад тэр хүнээс авсан юм их бий. Тэр үед арьсны үзэл гэж том юм байлаа. Цагаан арьстан нь гадаадын мундагчууд, шар арьстан нь монголчууд, тэгэхээр хар арьстан нь гуравт орж байгаа юм.
Колумбийн ерөнхийлөгчийг хар арьстан гээд нүдийг нь ухаж, онгоцон дээрээс шидсэн гээд аймаар зүйлүүд яригдаж, нийгэм даяараа айдас хүйдэст автана. Үүний учрыг Р.Чойном ахаас асуухад “Дэлхий дээр нэг номерт монгол хүн байдаг юм. Хэн ч гүйцэхгүй” гэсэн. Тэгэхэд би юу ч ойлгохгүй, зургаадугаар ангийн хүүхэд байлаа. Сүүлд Орост очиход В.Яны бичсэн “Чингис хаан” романыг уншсан оюутнууд намайг “Танай хаан яргачин байсан” гэдэг байв. Тэрийг нь би эсэргүүцээд дийлдэггүй. Тэд “Чи дэлхийн мундаг хүн бол яагаад өнөөдөр бидний хоолыг долоогоод явж байгаа юм бэ” гэж асууна, би юу ч хэлж чадахгүй болчихдог байсан. Тэгвэл 1993 оноос хойш Чингис хаан ямар хүн байсныг дэлхий ойлгож, “Мянганы суут хүн”-ээр зарлалаа. Сүүлийн арав гаруй жил би “Өнө эртний судлалын хүрээлэн”-д ажиллаж байна.
Монголчууд ямар агуу гүн ухаантай вэ, тэр түүхийг мэдэрч, ойлгож, судалж ирлээ. Оросууд аавыгаа Бат гэдэг, баруун талаар украинчууд нь Бачка, зүүн талынхан нь Батый гэцгээдэг. Тэр нь Бат хааныг хэлж байгаа юм. Орос гүрнийг байгуулж өгсөн, тийм учраас оюун санааны удирдагч нь Бат хаан. Түүнээс хойш XVI-XVII зууны үед аавыгаа “папа” гэх болсон. Утга нь Ромын папыг хэлж байгаа юм. Ингээд яривал хоёул сэдвээсээ халиад дэлхийн түүх рүү орчих байх. Тэгэхээр би хазаараа татая, чи асуу. Харин миний байгуулсан “Есүхэй баатарын музей”-г Монголын сэтгүүлчид үзээгүй бол үзчих хэрэгтэй шүү. Бид 800 ном хэвлүүлсэн, судалгааны ажлууд үргэлжилж байна.
-Ш.Дулмаа гуайг “Монголын Горький” гэж нэрлэгддэг Утга зохиол-Нийгмийн ажилтны дээд сургуульд багшлах үеэс эмэгтэй шавь нар гэрт нь амьдарч, харин эрэгтэй оюутнууд нь очиж “хоол бууддаг” байсан тухай хөөрхөн дурсамж дэлгэх юм билээ?
-Манайх ерөөсөө нэг тийм “общий айл” байсан юм.Общий гэдэг нь цаг мөнхөд гаднын хүн хөлхөж байдаг гэсэн үг. Одоо ч тэр нь хэвээрээ. Зохиолчид бүгд ирнэ, дээр нь манай найзууд бүгд ирэх дуртай. Миний төгөлдөр хуурыг ээлжилж дараад дуулаад л. Ээж хөгжөөн наргианд дуртай, одоо ч хэвээрээ. Миний аав Э.Ганболд гэж хүн байлаа. “Дайсны цэргүүдээ сонсоцгоо” киноны Гэлэг хошууч, “Анхны хайрын дууль” киноны Дандийгийн дүрээр хүмүүс сайн мэднэ, үзэгчдийн хайртай жүжигчин, найруулагч байлаа.
Аав минь 60 насны сүүдэр зооглоод хорвоогоос буцсан. Хоолыг янзтай сайхан хийдэг, ээжийг тогоо шанага руу ойртуулдаггүй байлаа. Нэг нутгийнх, бие биеэ эртнээс мэдэх ч амьдралын замд учрал тохиол бүрдэхгүй зөрөлдсөөр хожуу учирсан гэж ярьдаг ч 21 жилийг хамтдаа жаргаж туулсан, сайхан ч айл байсан. Миний төрсөн эцэг биш ч гэлээ би тэр хүнийг “Миний аав” гэж дуудаж, хүндэлж хайрлаж явсан. Ээжийн шавь нар ихэнхдээ хөдөөний хүүхдүүд, манайд голдуу амьдарч байсан. Одоо ч “Ээж” гэж дуудаж, ирж очиж байдаг юм.
-Та түүх, гүн ухаан судалдаг учраас яруу найргаар нөхөр хийж, баргийн жаахан Дулмаа гэж яс үндсээрээ овоглох хүртэл түүхээ өөрөө бүтээсэн ээжийнхээ тухай бол бараг л “амьд архив” нь байх?
-Миний ээж Төв аймгийн Авдарбаян сумын хүн шүү дээ. 1934 онд тэнд төрсөн, одоо нас сүүдэр 92 хүрч байна. Барга гэдэг нь баруун аймгийн гэсэн утгатай, баргажин төхөм гэж “Монголын нууц товчоо”-нд гардаг Алун гоо эхийн удмын хүмүүс байгаа юм. Авдарбаянгийн баргуудыг Хөлөнбуйраас нүүж ирсэн гэлцдэг. Хувьсгалын далбаан дор зах хязгаар нутагт дээрэм тонуул элбэгшсэн 1917 онд Өвөрмонголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгаас 200 гаруй өрхийн 1000 гаруй барга ястан нүүдэллэн ирж Богдын шавь болон тэр үеийн Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуунд нутаглан суурьшсан түүхийн гэрч нь Авдарбаяны баргууд юм. Миний ээжийн төрсөн эцэг нь хар багаасаа сүм хийдэд шавилсан оточ маарамба Зана, ээж нь олон хүүхэд төрүүлсэн Мажигсүрэн гэж эмэгтэй байсан гэдэг. Олон малтай, тэр хэрээр зарц хамжлага ч олонтой. 10 хүүхэд төрүүлж, өсгөсний 11 дэх нь миний ээж байгаад Шагдар гэж хүнд өргүүлсэн юм гэнэ лээ.
-Та төрсөн эцгийнхээ тухай хэр мэдэх вэ?
-Ээж минь намайг өөрийн нэрээр овоглосон, би Дулмаагийн Ганхуяг, миний ах Дугарын Ганбаатар, дүү маань Борын Уранчимэг, отгон дүү Зоригийн Саранчимэг гэж явдаг. Бид дөрвөн өөр овогтой, гэхдээ миний ээж маш их зовлон үзсэн хүн шүү. Эхний нөхрөөс салсан эмэгтэй хүн ямар зовлон туулдгыг би хожуу мэдэрсэн. Ер нь бол миний ах, би, дүү Уранчимэг гурвууланг Дугар гэж хүний хүүхэд гэж өөрөө хэлдэг байсан юм. Дугар аавыг ирэхээр ах бид хоёр “Жува аав” гэж дууддаг байсан. Ямар учиртайг тэр үедээ мэдээгүй. Хөдөөгийнхөн шооч улс болохоор “Зува” буюу явчихсан гэдэг утгаар хэлж байсныг нялх жаахан хүүхдүүд юугаа мэдэх вэ, ирэхээр нь “Жува аав” гэж сүйд болж гүйгээд байж л дээ. Аав хааяа ирээд ах бид хоёрт тав, гурван төгрөг өгөөд явдаг байлаа. Уранчимэг дүүг ээж минь эгчдээ өргүүлчихсэн юм.
Хүүхэд байхад дүүтэйгээ тоглож, сайдаж муудна. Нэг өдөр дүү “Чамайг Жува” аавын хүүхэд биш гэж байна лээ гэж орилдог юм. Хэн тэгж байна гэтэл “Ээж тэгж байна” гэлээ. “Тэгээд хэний хүүхэд гэж байна” гэхэд “Цэргийн даргын хүүхэд гэнэ лээ” гэж хэлчихээд гүйгээд явчихсан. Одоогоос 3-4 жилийн өмнө учрыг ухахад миний төрсөн эцэг Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Сономдаш гэж хүн байсныг олж мэдсэн. Бүдэг бадаг сураг л энэ. Ээж минь “Хүүхэд олчихлоо” гэхэд нь хаяад алга болсонд гомдож цөхөрсөн учир надад хэлээгүй биз дээ. Тэгэхээр би Дугар гэдэг хүнийг насаараа миний эцэг гэж бодож явчихаад огт өөр хүнийг эрж хайх болж байнаа даа. Хайгаад үзтэл нас барсан гэсэн сураг дуулдсан, өөр нарийн мэдээлэл олдоогүй. Дугар гэж хүн ээжийг орхиж яваад өөр хүнтэй амьдрах үед нь би олдсон юм билээ. Дугарыг буцаад ээж дээр ирэхэд дүү Уртнасан маань гарсан юм билээ. Эмэгтэй хүний зовлон их, ээж минь амьдралын урт замыг туулсан хүн дээ.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 3 )
Zov bicheech ee, Ul-Oldoh guai. Aldaatai utgagui bichsenees yariand orson hunee gutaagaad bna sh dee.
Bas yun Urtnasan garaad irev ee. Huntei yaria hiij baigaa bol hariutslagatai bai l daa, bichih gej boon aldaa. Ul-Oldoh guai iim baij huntei bitgii yarij bai. Yariand orson hunee gutaagaad baina shuu dee.
Ганхуяг, Урнаа, Сараа 3 ыг мэдэх юм байна Ахыг нь мэдэхгүй юм байна. Бид микрийн 27 р баыранд олон жил амьдарцгаасан.