Б.Орхон: Монголчууд өдөрт хэрэглэх махны хэмжээгээ гурав дахин хэтрүүлж хэрэглэдэг

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 10

Хүнсний хангамж, аюулгүй байдал-Хүнс үйлдвэрлэл үндэсний зөвлөгөөн өчигдөр Төрийн ордонд боллоо. Энэ үеэр Булган аймгийн Дашинчлэн сумын Хүнс жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн, хоол зүйч Б.Орхонтой ярилцсан юм.


-Зөв хооллолт, эрүүл хүнс гэж юуг хэлдэг талаар ярилцаж, яриагаа эхлүүлье?

-Энэ бол өргөн утга бүхий ойлголт. Хамгийн энгийнээр бодоход хүнс эрүүл байж гэмээн хүн эрүүл байдаг. Тэгэхээр хүнсний аюулгүй байдал бол нэн тэргүүний зүйл. Үүнд анхаарч чадвал эрүүл хүнсийг хэрэглэдэг болох юм. Улмаар тэрхүү эрүүл хүнсийг хүнсэндээ зохистой хэмжээгээр хэрэглэснээр зөв хооллолт болно. Эрүүл хүнсийг зөв дадлаар хүнсэндээ хэрэглэж, шим тэжээл, амин дэм, эрдэс бодисоор хооллож буйг л эрүүл хооллолт гээд байгаа юм.

-Хүн өдөрт хэр хэмжээний шим тэжээл, амин дэмийг авах ёстой байдаг юм бол?

-Шим тэжээл нь бие махбодийн тэжээгч бодис юм. Хүний биед нэн шаардлагатайг дурдвал нүүрс ус, уураг, өөх тос, ус, витамин зэрэг юм. Мэдээжийн хэрэг бусад шим тэжээлүүд ч шаардлагатай. Үүнээс заримыг нь дэлгэрүүлэн тайлбарлая. Уургийг амин хүчил хэмээн нэрлэдэг. Бидэнд 20 төрлийн амин хүчил хэрэгтэй. Хоол хүнснээсээ есийг нь авах шаардлагатай байдаг. Бусад шаардлагатай амин хүчлээ төрөл бүрийн бүтээгдэхүүнээс сонгох хэрэгтэй.

Амьтны гаралтай сүү, цагаан идээ, мах, өндөг, ургамлын гаралтай самар, үр, шош, буурцаг гэх мэтээс өөрт тохирох бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэх нь чухал юм. Хүний биеийн 70 хувь нь ус учраас усыг ч зохистой хэмжээнд хэрэглэх шаардлагатай. Жимс, ногоо ч усны агууламж ихтэй учраас жимс идэж, шингэнээ нөхдөг.

Улс орон бүрд эрүүл, зохистой хооллолтын өөр өөрийн гэсэн зөвлөмжүүд байдаг. Манай улсын хувьд гэр зөвлөмж гэж бий. Насанд хүрсэн хүний өдөрт хоолноос авах илчлэгийн хэмжээ ойролцоогоор 2000 калори байдаг. Гэхдээ хүний биеийн онцлогоос шалтгаалан калорийн хэмжээ тодорхой хэмжээнд өөрчлөгдөж болно. Гэр зөвлөмжийн хувьд гэвэл үр тариан бүтээгдэхүүн 11-16 нэгж, хүнсний ногоо 3-5 нэгж, мах махан бүтээгдэхүүн, сүү цагаан идээ, жимс жимсгэнэ тус бүр 2-3 нэгж байх ёстой хэмээн зөвлөсөн байдаг.

-Сүүлийн жилүүдэд иргэдийн махны хэрэглээ нэмэгдсэн. Зарим судлаачид махны хэрэглээгээ багасгах шаардлагатай гэх юм билээ?

-Үндэсний зөвлөгөөний үеэр үүнтэй холбоотой тоон мэдээллийг дурдсан. Монгол хүнд өдрийн жишиг хэмжээгээр хэрэглэх ёстой махны хэмжээ бол 120 грамм юм. Гэтэл өнөөдрийн байдлаар 385 граммыг хэрэглэдэг болсон гэж байна. Энэхүү үзүүлэлт гурав дахин өссөн байна шүү дээ. Тэгэхээр бид махыг хангалттай хэмжээнд хэрэглэж байна. Гэвч нөгөө талаас аюулгүй байдал, шим тэжээлийн талаар дурдах нь зүйтэй. Хэдийгээр махыг их хэмжээгээр хэрэглэж байгаа боловч чанартай, шим тэжээлтэй байж чадаж байгаа юу гэдэгт анхаарах шаардлагатай.

Махаа багасгахыг зөвлөж буй нь хэд хэдэн шалтгаантай юм. Малын махыг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Өмнө нь ямар байсан бэ гэвэл уламжлалт ёсоор зун нь цагаан идээгээ хэрэглэж, өвөл нь дархлаагаа дэмжих зорилгоор мах махан бүтээгдэхүүн хэрэглэдэг байлаа. Мах ихээр хэрэглэдэг хүмүүс ногоог хамтад нь хэрэглэх хэрэгтэй. Ядаж махны хэрэглээгээ бууруулж чадахгүй бол ногооны хэрэглээг бага багаар нэмснээр хоолны зохистой хэрэглээг бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр болж өгвөл махны хэрэглээгээ багасгах шаардлагатай болж байгаа юм. Нөгөө талаас урд хөрш хилээ хааснаас үүдэж ногооны хомсдолд орох, ногооны үнэ нэмэгдэх гэх мэт асуудал үүссэн шүү дээ. Тиймээс хүнсний хангамж, нөөцөд их анхаарсан. Одоо ч анхаарсаар байгаа. Нөөцөд анхаарах нь зүй ёсны хэрэг боловч шим тэжээл, аюулгүй байдалд анхаарах цаг болсон.

-Өөхний хэрэглээ нь бага, заримдаа илүүдэлтэй хүмүүс бий. Өөх тос муу учраас хэрэглэдэггүй гэх хандлагыг ч гаргадаг шүү дээ?

-Өөх тос, тосон хүчлүүд хүний биед шаардлагатай. Ийм үед шим тэжээлээр баялаг өөх тос хэрэглэх хэрэгтэй юм. Транс тос таргалалт, үрэвсэл, өвчлөл үүсгэдэг. Мөн өөх тос ихтэй байгаад сахарын өвчлөл нэмэгдэх аваас олон өвчний суурь болдог юм. Амьтны гаралтай өөх тос хэт их хэрэглэснээр зүрх судасны өвчлөл үүсэх эрсдэлтэй. Хүн өдөрт 30 граммаас илүү өөх тос хэрэглэж болохгүй. Малын сүүгээр хийсэн бяслаг, зөөхий, өрөм, тараг зэрэгт ч өөх тос агуулагддаг. Мөн эсрэгээрээ өөх тосыг огт хэрэглэхгүй байж болохгүй гэсэн үг биш. Тухайлбал, хонины сүүлний болон өвчүүний өөх гэхэд л хамгийн органик өөх тос болдог. Тэгэхээр тодорхой хэмжээнд шим тэжээлт өөх тосыг хэрэглэх хэрэгтэй. Эс бөгөөс эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх боломжтой юм. Жишээ нь, зөнөгрөх, мартамхай болох зэрэг өвчлөл, шинж тэмдгүүд нь зарим тохиолдолд өөх тосны хэрэглээ дутагдсантай холбоотой байдаг. Зарим Азийн орнуудад ийм жишээ бий.

-Мах махан бүтээгдэхүүн ярьсных хагас боловсруулсан болон бүрэн боловсруулсан бүтээгдэхүүний хэрэглээний талаар ярилцах хэрэгтэй болов уу. Хиам, зайдас, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт. Эдгээр бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг хүмүүс өөрсдөө хэрэглэдэггүй гэх хардлага олны дунд байдаг. Энэ төрлийн бүтээгдэхүүн эрүүл мэндэд хэр сөрөг нөлөөтэй юм бол?

-Энэ төрлийн махыг түлхүү хэрэглэх хэрэгтэй, үүнийг нь бага хэрэглэ хэмээн шууд хэлэх боломжгүй. Үүний адилаар энэ төрлийн бүтээгдэхүүн сайн уу, муу юу гэдгийг тодорхойлон хэлэх нь тийм ч зохимжтой зүйл биш. Дэглэм барь, бага ид хэмээн төрөл бүрээр нь зөвлөгөө өгдөг. Хоол хүнсийг хорих оновчтой зүйл биш. Зохистой хэрэглээ л хамгийн чухал зүйл. Аливаа зүйлийг зохист хэмжээнд хэрэглээгүйн улмаас бие махбодод сөрөг нөлөө үзүүлж байгаа юм.

Гэхдээ энэ асуудалд нэг зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Ямар ч бүтээгдэхүүн үйлдвэр рүү орж, үйлдвэрт хэчнээн шат дамжлагаар явснаас шалтгаалж өөрчлөгдөнө. Бүтээгдэхүүний шим тэжээл, чанар, амин дэм, бодис зэрэг нь зайлшгүй өөрчлөгдөж, багасна гэсэн үг. Тэгэхээр болж л өгвөл органик бүтээгдэхүүнийг хэрэглэх шаардлагатай.

-Органик бүтээгдэхүүний талаар ярьсных, бид хүнсний хэрэглээнийхээ дийлэнх хэсгийг импортоор авдаг. Импортын бүтээгдэхүүн хэр органик байж чаддаг хэмээн бодож байгаа вэ?

-Хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнх хэсгийг импортоор авч байгаа нь үнэн. Урд хөршөөс ямар их хараат билээ дээ. Одоо ч ялгаагүй. Мэдээжийн хэрэг хүнсний бүтээгдэхүүний органик, чанартай байж чадах эсэхийг гаалийн байгууллага тогтооно. Бүтээгдэхүүнийхээ хажууд шим тэжээлийн үзүүлэлтийг ч тавьсан байдаг. Өнгө оруулагч нэмсэн, хадгалалтын хугацааг уртасгасан гэх мэт удаан хугацаанд хадгалах нэмэлт бүтээгдэхүүний талаарх тайлбаруудтай нь сайн танилцах хэрэгтэй. Миний хувьд 67 сая толгой малтай улс сүүгээ, цагаан идээгээ импортоор авч буйд харамсдаг. Малтай, сүүн бүтээгдэхүүнийг олноор бий болгох нөөц бололцоотой улс атлаа цагаан идээнийхээ 50-иас илүү хувийг импортлож авч байна. Дотроо үйлдвэрлэж, зах зээлд худалдаалах боломжтой бүтээгдэхүүнээ дэмжих хэрэгтэй. Үйлдвэрлэлээ хөгжүүлмээр байна. Тэгвэл импортын барааны чанарт санаа зовох нь багахан ч атугай багасна шүү дээ.

-Хооллолтоос үүсэлтэй өвчлөл манай улсын хэмжээнд хэр байдаг бол?

-Сүүлийн жилүүдэд хооллолтоос үүсэлтэй өвчлөл нэмэгдсэн. Үүнийг халдварын бус өвчлөл ч гэж нэрлэдэг. Хооллолтоос 100 хувь хамааралтай өвчлөлүүд бий. Таргалалт, шүдний өвчлөл, хоол боловсруулах замын тогтолцооны өвчлөл гэх мэт. Хоолны асуудал үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрсэн, шим тэжээлийн дутагдал гэх мэт олон сөрөг мэдээллийг дагуулж байгаа боловч нөгөөтэйгүүр өрх бүрд хооллолтын талаарх мэдлэг, мэдээлэл дутмаг байна. Өрх, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд, хувь хүмүүст хоолны мэдлэг мэдээлэл, боловсрол зайлшгүй шаардлагатай байгаа. Зөв хооллолт, хоолны соёл, соёлтой хооллох, эрүүл хүнсний талаарх хичээлийг хүүхэд байхаас нь зааж, сургаж, мэдээллээр хангах ёстой юм. Энэ хэрэгцээ шаардлага одоо ч байсаар л. Цаашдаа ч байна. Мэдлэг мэдээлэлтэй байснаар хоолноос үүсэлтэй өвчлөлөөс урьдчилан сэргийлэх боломж бүрдэх юм. Сайн анзаарвал сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл болон таргалалт нэмэгдсэн. Энэ нь тэдгээр хүүхдүүдэд органикаас илүүтэй химийн найрлага ихтэй, чихрийн агууламж өндөртэй бүтээгдэхүүн, нүүрс ус их хэрэглэсэн зэрэг асуудлаас үүсэлтэй. Магадгүй зохисгүй хооллолтын уршгаар халдварын бус өвчлөл залуужих эрсдэл тулгараад байгаа юм.

-Бид өөрсдийн орны уур амьсгалд тохирсон бүтээг­дэхүүнийг хэрэглэх хэрэгтэй юм уу, эсвэл дэлхийн жишгээр хоолны хэрэглээндээ ч өөрч­лөлт оруулах хэрэгтэй юу?

-Мэдээжийн хэрэг амьдарч буй орчиндоо дасан зохицож хооллох хэрэгтэй. Тэгэхээр бид Монголынхоо уур амьсгалд тохируулж хооллох, хүнсээ сонгох шаардлагатай болж байгаа юм. Газар нутгийн онцлогоос хамаарч нутаг нутагт хоолны соёл өөр байх жишээтэй. Баруун аймгууд давс их хэрэглэдэг бол зүүн аймгууд руу давс бага хэрэглэдэг. Ингээд харвал газар зүйн байрлал бидний хүнсний хэрэглээнд нөлөө үзүүлж байна. Тиймээс уур амьсгалдаа тохируулан уламжлалт хоолны хэрэглээгээ зохицуулах л чухал юм.

Улсын хэмжээнд хүнсний аюулгүй байдлын томоохон хөдөлгөөнийг төлөвлөж байгаа юм билээ. Энэ нь хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдалд мэдэгдэхүйц, тодорхой үр дүнг үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Нөгөөтэйгүүр, төр хувийн хэвшлийн түншлэлээр хүнсний бүтээгдэхүүний хангамж, аюулгүй байдлыг хөгжүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлсэн, эх орондоо үйлдвэрлэсэн, стандартын шаардлагад нийцсэн сав, баглаа, боодолтой бүтээгдэхүүнийг хэрэглэнэ гэдэгт итгэлтэй байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
солиоооор(124.158.67.187) 2022 оны 06 сарын 12

SOLIOTOI AVGAI, YU IDEHEE HER IH BAGA IDEHEE ENE NOVSHOOR ZAALGAHDAA TULSANUU, SHARHADNII UVCGTUNGUUD BIDEND AMIDRAL ZAADAG BOLJEE

0  |  0
John(73.25.114.116) 2022 оны 06 сарын 11

Jinhene mahchinguud chini amerik baruun europe l baina. Mongolchuud hajud ni ui ch bish.

0  |  0
Doljin(73.25.114.116) 2022 оны 06 сарын 11

Oird mahnii baraa harsanguiee hu

0  |  0
Зочин(202.126.88.97) 2022 оны 06 сарын 11

Харинч мах сайн идэх хэрэгтэй

1  |  1
Bav(66.181.161.100) 2022 оны 06 сарын 10

Erguu dagz ve haha uheech pizdaa

0  |  0
Зочин(122.201.21.3) 2022 оны 06 сарын 10

Өдөртт 300 грамм мах хэрэглэдэг хүмүүс хөдөө л байдаг байх. Ер нь 300 грамм мах идэх норм байдаг юм бишүү?.Хотын ихэнхи хүмүүс 100 грамм махаа л дөнгөн данган авч идэж байгаа байх. Сүүлийн үед антибиотик вакцин шахуулж үржсэн булчин махыг нь хөөлгөх бодистой тахиа гахайны мах гаднаас оруулж их хэрэглэдэг болсон.

0  |  0
Цц(66.181.190.103) 2022 оны 06 сарын 12

Тгд юу идэх болж б.аа.бүгд хор химийн бодис чихэр бхад..үнэ нь тгд өндөр..

1  |  0
Чойжоо(124.158.69.91) 2022 оны 06 сарын 10

Орхон гуайн яриаг ер ойлгосонгүй нэг болно гээд дараачийн өгүүлбэртээ болохгүй гээд хэлчихээр яаж ойлгох ёстой вэ.Бид хичээлд органик гэж амьд организм,түүний гаралтай бүтээгдэхүүнийг хэлдэг,органик бус гэж амьгүй байгаль хад чулуу элс мөсийг хэлдэг гэж заалгасан байдаг.Хонины сүүл органик байж.Бусад өөх органик бус болж тааравуу.Хиам,консервийг түлхүү хэрэглэ гэлээ их ид гэсэн үг мөн үүШинжлэх ухаан ингэж өөрчлөгдөөд байна уу Орхон гуайн онол уу.Өөрсдөө сайн мэдэхгүй юмаа манай зарим мэдэгчид тайлбарлах гэж мундрыг нь хутгаад байдпаг болжээ Лаазалсан,хиам,шарсан хуурсан мах бага хэрэглэ гээд

0  |  0
Чойжоо(124.158.69.91) 2022 оны 06 сарын 10

Орхон гуайн яриаг ер ойлгосонгүй нэг болно гээд дараачийн өгүүлбэртээ болохгүй гээд хэлчихээр яаж ойлгох ёстой вэ.Бид хичээлд органик гэж амьд организм,түүний гаралтай бүтээгдэхүүнийг хэлдэг,органик бус гэж амьгүй байгаль хад чулуу элс мөсийг хэлдэг гэж заалгасан байдаг.Хонины сүүл органик байж.Бусад өөх органик бус болж тааравуу.Хиам,консервийг түлхүү хэрэглэ гэлээ их ид гэсэн үг мөн үүШинжлэх ухаан ингэж өөрчлөгдөөд байна уу Орхон гуайн онол уу.Өөрсдөө сайн мэдэхгүй юмаа манай зарим мэдэгчид тайлбарлах гэж мундрыг нь хутгаад байдпаг болжээ Лаазалсан,хиам,шарсан хуурсан мах бага хэрэглэ гээд

0  |  0
а(202.9.41.4) 2022 оны 06 сарын 10

Хоол зүйч нь өмнөх зууны үедээ л байна даа. \nЭдэндээ орчин үеийн шинэ мэдлэг олгохгүй байхад, \nиргэд яаж шинэ зөв эрүүл хооллолттой болох вэ?

0  |  0
Top