Ц.Даваасүрэн: Бусад хуулиа давсан КОВИД-ын хуулиа цэгцлэх хэрэгтэй

2022 оны 06 сарын 10

УИХ-ын чуулганы өчигдрийн /2022.06.09 / нэгдсэн хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдаанд Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Г.Амартүвшин танилцууллаа.Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэгтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асуусныг тоймлон хүргэж байна.


Ц.Даваасүрэн: Энэ хуулийг яаралтай хэлэлцэж шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж байна. Манай  улсын барилгын ажил улирлын шинж чанартай, гол хүндрэл учруулдаг зүйл нь тендер. Тендер нь маргаан үүсгэдэг. Ингээд 2-3 жилээр үргэлжилж, шүүхээр явдаг. Ийм буруу жишиг гараад байгаа. Энэ хуульд санал нийлэхгүй байгаа “КОВИД-тай холбогдуулан шууд гэрээ байгуулна” гэсэн заалт яваад байгаа. Ер нь КОВИД-оор далимдуулахаа больё. Үндсэн хууль шиг бусад хуулиа давсан КОВИД-ын хуулиа цэгцлэхгүй бол болохгүй байна. Урьдчилгаа огт өгөхгүй байгаа. Энэ чинь том компаниудад хоол бэлдэж өгөөд, шинээр юм хийх гээд явж байгаа хүмүүст ямар ч боломж олгохгүй байна гэсэн үг. Өөрсдийнх нь халаас зузаараад ирэхээр манай сайд нар “Хийчих байх” гэж бодож байна. Үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа хүмүүс чинь урьдчилгаагаа гаргаж чадахгүй. Тиймээс урьдчилгааг нь өгөөд гүйцэтгэлээр нь санхүүжүүлээд явуулах хэрэгтэй. Мөн тендерийн баталгаа дээр нэлээд анхааралтай хандахгүй бол болохгүй. Хугацаа, хэмжээг нь бодолцож үзмээр байна.

С.Бямбацогт: Засгийн газраас өргөн барихдаа төсвийн хөрөнгөөр барилга байшин барих юм бол гүйцэтгэлийн баталгаа таван хувь байхаар өргөн барьсан. Гэтэл Их хурал дээр ярьж байгаад гурван хувь болгоод багасгачихлаа. Чанаргүй, дутуу, хаяад явчихсан ажлуудад энэ хувь чинь хариуцлагын хөшүүрэг болж чадах юм уу. Ховд аймгийн Мөст суманд 20 километр хатуу хучилттай зам барьсан. Жил болох гэж байгаа ч ноднин зуны борооноор 500 орчим метр нь урсчихсан. Үүнийг шийдүүлэх гээд Зам тээврийн хөгжлийн сайд, МХЕГ-т албан бичиг өгөөд хариу байхгүй сар болсон. Үнийн өсөлт, бараа бүтээгдэхүүний хомсдол, тээвэрлэлтийн асуудал зэргээс үүдэн авсан тендерийнх нь үнэ нь өчнөөн хувиар өссөн. Үүнийг шийд гээд Засгийн газарт УИХ-аас тогтоол гаргаж өгсөн ч өнөөг хүртэл хэрэгждэггүй. Үнийн өсөлтийг шийдэхгүй байсаар байтал барилгын компаниуд чинь дампуурлаа.

Ч.Хүрэлбаатар: Хуулийн эцсийн хэлэлцүүлэг болж байна. Чанарын гүйцэтгэлийн баталгааг тухайн гэрээний дүнгийн таван хувь байсныг гурван хувь болгож буулгаж байгаа. Яагаад гэвэл КОВИД гээд эдийн засгийн хүндрэлтэй, аж ахуйн нэгжүүдийн байдал дордсон байгаа учраас тавигдах шаардлагуудаа буулгаж байгаа. Одоогийн явж байгаа тендер, ажил гүйцэтгэл, үнийн өсөлттэй холбоотой асуудлуудыг энэ хуулиар зохицуулагдаагүй.

Сангийн яамны Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул: Гүйцэтгэлийн болон чанарын баталгаа гээд хоёр тусдаа зүйлийг энэ хуулиар зохицуулж байгаа. Гүйцэтгэлийн баталгаа нь гэрээг хүлээлгэн өгөх хугацаанд тухайн гүйцэтгэгч компани гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг баталгаажуулж байгаа санхүүгийн хариуцлага юм. Үүнийг одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар нийт гэрээнийхээ таван хувиар гаргадаг. Харин он дамжин хэрэгжиж байгаа төслүүдийн хувьд санхүүжих дүн нь бага байгаагаас хамааран тухайн онд санхүүжих дүнгийн гурван хувиар гаргадаг зохицуулалт хийж байгаа. Жил бүр ингэж гурван хувиар гүйцэтгэлийн баталгаагаа гаргана. Хэрэв гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол хар жагсаалтад оруулах, бусад хариуцлага хүлээлгээд явна.

Б.Энхбаяр: Тендерийн хуулийн эцсийн хэлэлцүүлэг явж байна. Анх Засгийн газраас өргөн баригдахдаа нэлээд том хуулийн хулгай хийх гэж байна гэдэг асуудлыг миний бие чуулганы танхимд хэлж байсан. Ялангуяа томоохон төсөл хөтөлбөрүүдээ хэдэн дарга нар нийлж байгаад хэлэлцээ гэдэг нэрийн дор тендергүйгээр "хусах" гэж байна гэдгийг хэлсэн. Энэ заалт бүхэлдээ УИХ дахь МАН-ын бүлэг хэлэлцээд энэ асуудлыг хасах шийдвэр гаргасан. УИХ дээр яригдаж байгаа томоохон хуулиуд дээр хулгай, хийдэл гаргахгүй байх дээр анхаарч ажиллах шаардлага байна. Бөгс өндийхөөр л хулгай хийчих гээд сандаргаж байна. Концессийн хууль гэдэг чинь ганцхан байнгын хорооны асуудал биш, салбар дундын асуудал. Гэтэл ганцхан Эдийн засгийн байнгын хороон дээр хүч түрээд Ажлын хэсэг байгуулчихсан. Яахаараа хотын гишүүдээс нэг ч гишүүн оруулдаггүй юм бэ. Дандаа томоохон бизнес эрхэлж байгаа гишүүдээр Ажлын хэсэг бүрдүүлдэг нь яаж байгаа юм. Тендер болон төсөв, концесс дээр л хамгийн том хулгайнууд явагддаг гэдгийг бид өчнөөн ярьсан. Ийм байж Ёс зүйн хуулийг ямар нүүрээрээ ярих юм. Өөрсдөө концесс авдаг бизнестэй гишүүд болохгүй гэж их хэлсэн.  

Х.Баделхан: Эдийн засгийн хямралтай үед дэмжсэн их сайн хууль болсон. Нэмэлт, өөрчлөлтөөр гүйцэтгэл, тендерийн баталгааг бууруулж, нэг удаа төсөвт өртгийг өөрчлөхөөр болгож байгаа. Аж ахуйн нэгжүүдийг дэмжсэн маш чухал заалтууд гэж үзэж байна.  

М.Оюунчимэг: Тендерээ зарлахдаа цаг хугацаа алддаг, хил гааль хаалттай зэргээс шалтгаалаад аж ахуйн нэгжүүд тендерт орохгүй байгаа үед асуудал яаж хандах ёстой вэ. Ер нь манай яам, Тамгын газарт хүнд суртал үнэхээр их байна. Хүнд суртал гаргаж асар олон зүйл нэхдэгээс нь болоод тендерт шалгарсан компаниуд гардаг, больдог. Гэтэл үүний цаана иргэд л хохирдог. Дээрээс нь цаг хугацаанд нь гүйцэтгэлээр нь санхүү, мөнгийг нь гаргаж өгдөг, яамдууд уялдаа холбоотой ажиллах хэрэгтэй байна. Бид төр, хувийн хэвшлийн түншлэл гэж яриад байгаа. Хувийн хэвшлийнхэн нэгэнт ажил хийе гэж байхад төр нь хүнд суртал гаргаад байгаа тал дээр ямар шийд гаргах хэрэгтэй вэ.

Сангийн яамны ТНБД Ж.Ганбат: Энэ онд хэрэгжих, хэрэгжиж байгаа 684 төслөөс 24 төслийн тендер шалгаруулалт эхлээгүй байна. Тендер шалгаруулалтыг хугацаанд нь зарлах, ажлыг нь эхлүүлэх талаар Засгийн газраас байнга анхаарал хандуулж ирсэн. Төрийн хэмнэлтийн тухайн хууль дээр тухайн жилийн худалдан авах ажиллагаа тавдугаар сарын 31-ний дотор зарлахгүй бол тухайн тендерүүдийг хэмнэлт гэж үзээд зогсоохоор заасан. Тэгэхээр захиалагч тал, яамдууд тендерээ хугацаанд нь зарлах тал дээр идэвхтэй ажиллах байх.

Т.ХӨВСГӨЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top