Эрх баригчдаас өнгөрөгч арванхоёрдугаар сард болсон XXX Их хурлаар “Шинэ сэргэлтийн бодлого”-оо танилцуулсан. Энэ хүрээнд 100-120 их наяд төгрөгийн өртөг бүхий бүтээн байгуулалт, үйлдвэр үйлчилгээг бий болгохоор төлөвлөсөн юм. Засгийн газраас хэрэгжүүлэхээр зэхэж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд 100 гаруй томоохон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж, 10 гаруй их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт эхний ээлжинд шаардлагатай гэх урьдчилсан тооцоо гарчээ.
Энэ бол эхний тооцоо хэдий ч цаашид олон зүйлийг төлөвлөж байгааг дуулгасан. Гэвч найдлага тун бага байна. Учир нь, Монгол Улсын гадаад өр 34 тэрбум ам.долларт хүрч, олон улсын хэмжээнд зээлжих зэрэглэл буурсан гээд асуудал бий. Тэгэхээр бид юунд найдах вэ гэхээр юу юугүй бэлэн болж буй төмөр замаа барьж дуусгах явдал юм. Түүнээс өөр зүйлд анхаарах хэрэг алга.
Хөшигийн хөндийд дагуул хот байгуулах шийдвэр нэгэнт гарсан. Энэ үеэр холбогдох албаныхан "Чингис хаан” олон улсын нисэх буудлыг түшиглэн 34 мянган айлын орон сууцны хороолол барих ерөнхий төлөвлөгөө батлагдсан. Мөн "Шинэ Зуунмод", "Майдар хот"-ыг байгуулах ерөнхий төлөвлөгөө батлагдаад буй. Нийт 2000 орчим тээвэр ложистикийн төв, худалдаа үйлчилгээний томоохон төвүүдийг байгуулна. Нийт 150 мянга орчим хүн амтай дагуул хот болох төлөвлөгөө гаргаж, олон улсын зэрэглэлд нийцсэн, эдийн засгийн тусгай бүс байгуулах аж. Төв аймгийн Сэргэлэн сум нь хоёр хотыг хүнс хөдөө аж ахуйн чиглэлээр дэмжих болно гэдгийг дуулгасан.
Хөшигийн хөндийн орчмын нэгдсэн төлөвлөлтийг хийж буй шалтгаан нь “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал баригдсан “Шинэ Зуунмод”, түүний хажууд 12 мянга га талбайд “Майдар” хот барих төлөвлөгөө ч бий. “Шинэ Зуунмод” хотыг дайраад "Богд хаан" төмөр зам буюу Ази Европыг холбосон хурдны зам тавигдана. Ингэснээр тээвэр ложистикийн томоохон төв болно гэх зэргээр мөрөөдлийн төсөөлөл ярьж байгаагаас бус энд ажил хэрэг болох нь цаг хугацааны асуудал болжээ. Ихэс дээдэс маань биелэх эсэх нь тодорхойгүй бүтээн байгуулалт ярьж байгаагаас бодит байдалд дүгнэлт хийж, арга хэмжээ авахгүй байна.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичигт “Үндэсний онцлог бүхий аялал жуулчлал, соёлын үйлчилгээ, үйлдвэрлэлийг бий болгосон, Зүүн хойд Азийн тээвэр, ложистикийн болон олон улсын харилцааны зангилаа төв болсон дагуул хотуудыг хөгжүүлнэ” гэж тусгасан байдаг. Энэ дагуу нийслэл Улаанбаатар хотыг 15 дагуул хот, тосгодтой байхаар төлөвлөсөн бөгөөд эхний ээлжинд дэд бүтэц, суурьшил, үйлдвэржилт зэргийг харгалзан таван дагуул хотыг хөгжүүлэх төлөвлөлтийг хийжээ. Ирэх жил гэхэд зураг төсөл, газар доорхи шугамын зураг гарна гэдгийг Барилга хот байгуулалтын сайд хэлнэ лээ.
Одоогийн байдлаар Өмнөговь аймгийн Ханбогд сумыг жишиг хот болгон тохижуулахаар болж, Оюу Толгой компаниас эхний ээлжийн хөрөнгө оруулалтад зориулан, 50 сая ам.доллар өгөхөөр болов. Ихэс дээдсийг ийнхүү мөрөөдлийн төсөөлөл ярьж байхад өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өндөр авч, инфляцаа нэгэнт алдсан. Ам.долларын ханш ч өндөр авлаа. Гэтэл алба хаагчдын цалин цаваг нэмэгдсэн зүйл алга. Төр том том бүтээн байгуулалт ярьж, ард түмнийг илтэд хуурч байна. Энэ бүх өнгө будгаа орхихоос өөр аргагүй.
Монгол Хятад хоёр улс хилийн маргаан байхгүйн зэрэгцээ гадаад харилцаа, улс төрийн түвшинд зөрчил байхгүй ч өмнөд хөрш хилээ нээхгүй байгаагийн цаана монголчуудыг буулгаж авах гэсэн ажиллагаа байгааг ч дурдах болов. Хятадын боомтын зөвлөл халдварын нэг ч тохиолдлыг гаднаас нэвтрүүлэхгүй гэсэн бодлого барьж байгаа гэх тайлбарыг л өгч байна. Нөгөө талаар дэлхий дахины өнөөгийн нөхцөл байдал, өвлийн олимп, Коммунист намын хурал, бүх Хятадын ардын төлөөлөгчдийн тавдугаар хурал зэрэг томоохон үйл ажиллагаа ард үлдсэн ч хилээ нээхгүй байна.
Гэтэл Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа Хятадын хөрөнгө оруулалттай үйлдвэр үйлчилгээний газрын бизнес цэцэглээд зогсохгүй хортой мах хүртэл дотоодын зах зээлд борлуулж байгааг ил болголоо. Өөрөөр хэлбэл, бид Хятад руу нэвтрэх эрхгүй, хятадууд харин Монгол Улсын нутаг дэвсгэр дээр өөрийн дур зоргоор үйл ажиллагаа явуулж байна. Бидэнд найдвар тун бага байна.
Тэгвэл Монгол Улсын эдийн засгийг сэргээн тэтгэх томоохон хүчин зүйл бол төмөр зам бөгөөд сүүлийн жилүүдэд төмөр замын салбарт олон бүтээн байгуулалтын ажил хийгдээд байна. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох Зүүнбаян-Ханги чиглэлийн 414.6 километр төмөр замын хөдөлгөөнийг удахгүй нээнэ. Өдгөөгөөс гурван жилийн өмнө буюу 2019 оны тавдугаар сард Зам, тээвэр хөгжлийн сайдаар ахлуулсан ажлын хэсэг байгуулж, улмаар Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Засгийн газар, зэвсэгт хүчний бүрэлдэхүүн, туслан гүйцэтгэгчдийн хамт очиж төмөр замын шавийг нь тавьж байв.
Тухайн үед говь цөл газрын хэвлий дундуур олон зуун километр төмөр зам тавина, түүгээр тээвэр хийнэ. Нөгөө талаар нийгэм, эдийн засгийн байдал таагүй, төмөр замын өөрийн барих өртөг өндөр гээд олон хүчин зүйл тулгарч байсныг та бүхэн санаж байгаа байх. Хамгийн гол нь “Дотоодын хөрөнгө, хүчээр төмөр зам барина” гэдэгтээ хүрч төмөр замаар түүхий эдээ зөөнө.
Ийнхүү Зам тээврийн хөгжлийн яамны мэргэжлийн баг хамт олон цаасан дээр байсан тогтоолыг зураг төсөл болгон, ажил эхлэхэд бэлэн болгож өгч байснаар төмөр зам гараанаас гарч байсан түүхтэй. Үүнийг Эрдэнэс Тавантолгойн ашиг 800 гаруй тэрбум төгрөг бөгөөд 750 тэрбум төгрөгийг төмөр замын бондыг худалдаж авах чиглэлээр хөрөнгө оруулан эхэлж байв. Үүний дагуу Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замыг үндэсний бүтээн байгуулалт болгож хөгжүүлэх ёстой. Өмнө нь нэг километр төмөр замыг 3.2 сая ам.доллароор барих саналыг компаниуд ирүүлж байсан ч Засгийн газрын шийдвэр гарсны дараа саналаа татаж авсан. Монголчууд өөрсдөө төмөр зам барихад нэг километрыг нь 1.2 сая ам.доллароор барих боломжтой. "ЗХЖШ сүүлийн гурван жилийн хугацаанд судалгаа хийж тооцоо гаргасан. Бид өөрсдөө төмөр замаа барина. Боломж байгаа” хэмээн зүтгүүлж байсныг ч мартаагүй байх.
Гэтэл өнөөдөр ээрэм талын дундуур зурайж боссон ган зам хөдөлгөөнөө нээх болсон нь монголчууд бидэнд ямар их хүч, хөрөнгө байгааг төвөггүйхэн харуулж байна. Энэ нь гэнэт 2019 онд яриад босгочихсон зүйл биш. Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогоын хүрээнд УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолоор батлагдсан зүйл юм. Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар уул уурхайн эрдэс баялаг, бүхий л бүтээгдэхүүнийг зардал багатай тээвэрлэнэ. Үүнээс гадна уг төмөр замын 30 километрын радиуст Цагаан суварга, Хармагтай, Манлай гээд том том уурхайнууд байгаа нь хэтдээ тэднийг эдийн засгийн эргэлтэд оруулах томоохон гүүр болж байгаагаараа онцлог юм.
Мөн нэг зүйл гэвэл Гашуунсухайт-Тавантолгой чиглэлийн төмөр замыг ирэх долоодугаар сард ашиглалтад өгнө гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ чиглэлийн зам нээхээр нүүрсээ их хэмжээгээр хямд өртгөөр зөөвөрлөнө. Бидэнд буй ганц найдлага бол төмөр зам. Ихэс дээдэс маань том том бүтээн байгуулалт ярьж, болж бүтэхгүй зүйлээ сайхан мөрөөдлөөр далдлах гэсний хэрэггүй. Тэртээ тэргүй дэлхий нийт хүндхэн сорилтын өмнө нэгэнт ирсэн. Шуудхан л төмөр замын асуудалдаа анхаарал хандуулсны дараа том том мөрөөдлөө ярих шаардлагатай болж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
Цаг хугацаагаа мэдэрч ажиллах хэрэгтэй бнаа өнөөдөр орос украйны дайнтай холбоотойгоор бүх зүйл өөрчлөгдөж бна Далайд гарцгүй монгол орны хувьд агаарын тээвэр МИАТ компанид хөрөнгө оруулалт хийж зайлшгүй хөгжүүлэх шаардлага тулгарч бнаа том том мөрөөдөл дараа болоо нөхөдөө
Яг голоор нь хэллээ....