СХД: Энэ жил 10 цэцэрлэг, 4 сургууль шинээр ашиглалтад орно

Автор | Zindaa.mn
2022 оны 06 сарын 27

Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар сүүлийн уулзалтаа баянхошуу бүсийн иргэдтэй хийлээ. Өнөөдрийн уулзалтыг 7, 8, 40, 9, 25, 42, 10, 11, 28 дугаар хорооны иргэдтэй хийж, Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэх, дүүрэгт хийгдэж байгаа бүтээн байгуулалт, хийгдэхээр төлөвлөгдсөн ажлуудыг танилцууллаа. Мөн уулзалтын үеэр иргэд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эсэх талаарх санал, бодлоо хуваалцахын зэрэгцээ нийтлэг тулгамдаж байгаа асуудлууд болох хүнсний аюулгүй байдал, үерийн хамгаалалтын далан, сургууль, цэцэрлэг, зам, гэрэлтүүлэг гэх мэт асуудлуудыг хөндөж, удирдлагуудад асуулт тавьж байв.

Дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай “Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 2020 оны 10 дугаар сарын байдлаар эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх ор 300 гаруй байсан. Харин дэлхийн стандартад нийцсэн “ЖИШИГ НЭГДСЭН ЭМНЭЛЭГ”, “БАЯНХОШУУ АМБУЛАТОРИ”-ууд 2021 онд ашиглалтад орсноор өнөөдрийн байдлаар 850-иад хэвтэн эмчлүүлэх ортой болж иргэд эмнэлгийн тусламжаа цаг алдалгүй харьяаллын эмнэлгээсээ авдаг болсон. Тун удахгүй “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”-ийн өргөтгөлийг Улсын комисс хүлээн авснаар манай дүүргийн эмнэлэг хэвтэн эмчлүүлэх 150 ороор нэмэгдэх гэж байгаа баяртай мэдээг дуулгахад таатай байна.

Түүнчлэн сургууль цэцэрлэгийн бүтээн байгуулалтыг 2016 оноос эрчимжүүлснээр дүүрэгт маань гурван ээлжээр хичээллэдэг сургууль, сугалаагаар цэцэрлэгт ордог байдлыг бүрэн халж чадсан. Өнөөдрийн байдлаар дүүргийн хэмжээнд 61 цэцэрлэг, 28 сургууль үйл ажиллагаа явуулж байна. Харин ирэх хичээлийн жилд 10 цэцэрлэг, 4 сургууль шинээр ашиглалтад оруулахаар бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байна. Ингэснээр Улаанбаатар хотын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бүрэн шийдэж чадсан анхны дүүрэг болох юм.

Сонгинохайрхан дүүргийн хувьд 43 хорооноос 33 нь гэр хороолол байдаг онцлогтой дүүрэг юм. Миний хувьд 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр ажлаа хүлээн авахад дүүргийн хэмжээнд 13500 гэрэлтүүлэгтэй байсан. Өнөөдөр 21500 гэрэлтүүлэгтэй болж хоёр жилийн хугацаанд 8000 гэрэлтүүлгийг нэмж ашиглалтад оруулсан байна.

Ингэснээр манай гэр хорооллын 90 гаруй хувь нь бүрэн гэрэлтүүлэгтэй болж чадсан юм. Түүнчлэн 27 жилд хийгдсэн хатуу хучилттай замыг сүүлийн 3 жилд нэг дахин нэмэгдүүлсэн. Цаашид ч гэр хороолол дундуур хатуу хучилттай зам тавихаар төлөвлөсөн.

Сайны хажуугаар саар зүйл бас их байна. Сүүлийн гурван жилийн хугацаанд дүүргийн хэмжээнд 182 автобусны шинэ буудал барьж, ашиглалтад оруулсан. Үүнээс Баянхошуу бүсэд 50 орчим автобусны шилэн буудлыг шинээр хийсэн. Гэвч үүний 80 гаруй хувийг иргэд эвдэлсэн байна. Нэг хэсэг нь бүтээн байгуулалтыг шинээр хийж иргэд дээ ая тухай амьдрах орчныг бүрдүүлэх гэж байхад нөгөө хэсэг нь эвдэж сүйтгэж байгаад харамсалтай байна.

Дүүрэгт хийгдсэн энэ их бүтээн байгуулалтыг та бүхний сонгосон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргээс сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн удирдлагууд гар нийлэн ажилласны илэрхийлэл” гэдгийг тодотгон хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top