Г.Ууганцэцэг: Зохиогчийн эрх зөрчигдсөний 40 хувийг кино, ном зөвшөөрөлгүй хуулбарласан хэрэг эзэлж байна

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 28

Сүүлийн үед бусдын оюуны бүтээлийг зөвшөөрөлгүй хуулбарлах, олон сар жилийн хөдөлмөр гаргаж хийсэн киног хулгайлах явдал гарсаар байгааг нэр бүхий уран бүтээлчид мэдэгдсээр байгаа. Шинээр Оюуны өмчийн тухай хууль батлагдсанаар энэ төрлийн харилцааг нарийн зохицуулж иргэд ч энэ талаар тодорхой ойлголттой болж буй. Энэ асуудлын талаар Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ууганцэцэгтэй ярилцлаа. 


-Оюуны өмч, зохиогчийн эрх гэж юу юм бэ. Энэ хоёр ойлголт юугаараа хоорондоо ялгаатай юм бол?      

-Оюуны өмчийг дотор нь зохиогчийн эрх, аж үйлдвэрийн гэсэн хоёр хэсэгт хуваадаг. Аж үйлдвэрийн өмчид техник, технологи шинэ бүтээлтэй холбоотой зүйлийг хамааруулна. Харин зохиогчийн эрхээр кино, дуу, хөгжим, хэвлэмэл, бичмэл бүтээлүүдтэй холбоотой харилцааг зохицуулна. Зохиогчийн эрхийг ерөнхийд нь 13 төрлөөр авч үздэг. Үүнд, шинжлэх ухааны бүтээл, дуу авиа дүрс бүхий бүтээлүүд, кино, клип, контент, жүжиг, бүжиг зэрэг олон зүйл багтана. Мөн үүсмэл бүтээл ч үүнд багтдаг. Үүсмэл бүтээл гэдэг нь өмнө нь байсан бүтээлд тулгуурлан өөр төрлийн бүтээл туурвисныг хэлдэг. Бүтээл гаргасан хүн бүр заавал түүнийгээ бүртгүүлэх албагүй. Сайн дурын үндсэн дээр материалаа бүрдүүлээд манай байгууллагад авчирч бүртгүүлж болно.

Гэхдээ таны бүтээл оюуны өмчид хамаарах л бол бүртгүүлсэн бүртгүүлээгүй ялгаагүйгээр зохиогчийн эрхийг хамгаалах хууль тогтоомжоор хамгаалагдана. Мөн бусдын оюуны бүтээлийг ашиг олох зорилгоор ашиглах гэж буй бол заавал зохиогчоос нь зөвшөөрөл авах ёстой. Зөвшөөрөл авалгүй ашиглаад 100 төгрөг ч олсон бай тэр бол зохиогчийн эрхийн зөрчил болдог. Манайд сайн дурын үндсэн дээр бүтээлээ баталгаажуулах гэж материалаа авчирж гэрчилгээ авч болно. Гэхдээ гэрчилгээ авснаараа өөрийн бүтээлийг оюуны өмч мөн шүү хэмээн нотолж байгаа л хэрэг юм. Түүнээс биш манайд бүртгүүлээгүй бусад бүтээлээс давуу эрхтэй болно гэсэн үг биш. Зохиогчийн эрх тухайн бүтээл нийтийн хүртээл болж эхэлсэн өдрөөс тоолж зохиогч амьд байх хугацаа болон  нас барсанаас хойш 50 жилийн хугацааг тооцон оюуны бүтээлийг нь хуулиар хамгаалдаг. Мөн энэ хугацаа дууссан ч аливаа бүтээлд ашиглахдаа зохиогчийн нэрийг заавал дурдаж байх ёстой.

-Танай байгууллагад ирдэг хамгийн түгээмэл хэлбэрийн зохиогчийн эрхийн зөрчил юу вэ?

-Кино, ном, бичмэл бүтээлээ хулгайд алдсан гэх гомдол хамгийн их ирдэг. Гомдлыг шалгаж оюуны өмчийг хулгайлсан гэж үзвэл иргэний, эрүүгийн, зөрчлийн тухай хуулиудын аль холбогдох хуульд нь үндэслэн шийтгэлийг оногдуулна. Энэ төрлийн хэргүүд одоо ч цагдаагийн байгууллагад шалгагдаж л байгаа. Цагдаагийн байгууллага ч биднээс тухайн хэргийн талаар тодруулга авдаг.

-Та бид хоёрын өрнүүлсэн энэ ярилцлага бичмэл бүтээл учраас хэвлэгдсэн өдрөөсөө эхлэн оюуны өмчийн тухай хуулиар хамгаалагдах уу?

-Сэтгүүлчийн бичсэн мэдээ мэдээлэх үүргээр хэвлэгдсэн учир оюуны өмч болохгүй. Зохиогчийн эрхийн тухай хуульд юуг зохиогчийн эрхэд хамааруулахгүй вэ гэсэн хэсэгт мэдээ мэдээлэл, сонордуулгын шинж чанартай бичвэр орно гэдгийг тодорхой зааж өгсөн байдаг. Одоогийн байдлаар ийм байгаа ч мэдээж цаашдаа сэтгүүл зүйн бүтээлийг оюуны өмчид тооцдог болох байх. Мөн бүтээл гэдэг утгаар хамгаалагдахгүй ч тухайн хэвлэл мэдээллийн байгууллага сэтгүүлчдийнхээ бичсэн мэдээ, мэдээлэл, нийтлэлийг байгууллагын өмч хэмээн зарлаж бусдад хуулбарлахыг хориглож болно. Түүнчлэн өгүүлэл, уран сайхны агуулгатай нийтлэл, өгүүллэг зэргийг нийтэлсэн бол түүнийг нь оюуны өмч хэмээн тооцож болно.

-Оюуны өмчийн зөрчил, хулгай хоёр хоорондоо ялгаатай юу?

-Олон нийт үүссэн зөрчлийг л хулгай гэж нэрлээд байгаа юм. Цахим орчинд бусдын киног зөвшөөрөлгүйгээр хуулбарлаж тавилаа гэхэд үүнийг хулгай гэж үзнэ. Гэхдээ хэргийг шийдвэрлэхдээ хууль тогтоомжид үндэслэн зөрчил хэмээн нэрлэж байгаа юм.

-Нээлтээ хийгээд удаагүй байгаа кино, бүтээлээ хулгайд алдлаа гэх уран бүтээлчид их болжээ. Энэ талаар хэр их гомдол ирж байна. Бас үүнийг яаж шийдвэрлэдэг юм бэ?

-Цахим орчинд тухайн бүтээлийг нь хуулбарлаж зөвшөөрөлгүй тараасан бол зохиогч өөрөө гомдол гарган анх нийтэлсэн этгээдийг олж авч хариуцлага тооцуулж болно. Харин тухайн киног үзсэн, өөрийн цахим хаягтаа хуваалцаж цааш түгээсэн этгээдүүдэд хариуцлага тооцох боломжгүй. Мөн фэйсбүүк компани Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран ажилладаг тул тус хорооноос тараасан киноны бичлэгийг тухай бүрд нь устгуулдаг. Гэхдээ зөвхөн зохиогчийн эрх эзэмшигч өөрөө гомдол гаргасан тохиолдолд үүнийг устгадаг. Мөн сайтад нийтэлсэн байвал тухайн сайтыг хаах арга хэмжээ авдаг. Тухайлбал, wowkino, kinood гэх мэт домайн хаягтай сайтууд байсныг хаасан. Гэвч дахиад л нэрээ солиод гарч ирж байна.

-Сүүлийн үед иргэдийн цахим хуудастаа бичсэн зүйлийг зөвшөөрөлгүй хуулж сайтдаа нийтэлдэг болсныг шүүмжлэх болсон. Үүнийг ч бас оюуны өмчөөр хамгаалуулна гэж ч ярьж байгаа. Тэгэхээр манай орон хувь хүний цахим хуудастаа бичсэн зүйлийг оюуны өмч гэж тооцох боломжтой юу?

-Цахим орчин дахь мэдээллийг ангилах, шүүх амаргүй учир одоогоор энэ боломжгүй. Гэхдээ тухайн иргэнийг постыг зөвшөөрөлгүй хуулж тавьж олон газар тарааснаас үүдэж алдар нэр хүндэд халдсан, гутаан доромжилсон бол постны эзэн цагдаагийн байгууллагад хандаж болно. Эрүүгийн тухай хуульд хүний нэр хүндэд халдах, гутаан доромжлохийн эсрэг заалт бий. Тэгэхээр үүнийг үндэслэн гомдол гаргана.

-Кино бүтээгчид өөрсдийн бүтээлээ хулгайд алдаж байгаагаас гадна өөрсдөө ч бусдын бичсэн зүйлийг зөвшөөрөлгүй хуулбарлаж киногоо хийсэн байх тохиолдол бий. Өөрсдийн бүтээлээ хамгаалуулах гэж ирээд өөрсдөө бас хулгайгаа илчлэх тохиолдол байдаг уу?

-Үүн дээр бас л нийтлэл бичсэн иргэн өөрөө гомдол гаргаж байж л тухайн бүтээлийг нь кино хийхэд зөвшөөрөлгүй ашигласан гэдгийг нотлох боломжтой. Мөн киног нь зөвшөөрөлгүй авч телевизээр гаргасан байвал тухайн телевизийг Зөрчлийн тухай хуулийн 8.3 дахь заалтад үндэслэн шийтгэдэг. Ингэхдээ иргэнийг 500 мянга, байгууллагыг таван сая төгрөгөөр торгож байгаа. Зохиогчийн эрхийн зөрчилтэй холбоотой гомдол мэдээллийг хүлээн авч, хэрэг бүртгэл нээснээс хойш 58 хоногт шийдвэрлэдэг. Байцаагч 14 хоног шалгана, шаардлагатай гэвэл 20-30 хоног ч шалгах нь бий. Манай байгууллагад ирж байгаа нийт гомдлын 60 хувь нь зохиогчийн эрхтэй холбоотой байдаг. Харин зохиогчийн эрхтэй холбоотой гомдлын 40 хувийг нь кино, ном зэргийг зөвшөөрөлгүй олшруулсан хэрэг эзэлж байгаа.

-Гэрэл зураг хулгайлсан гомдол хэр их ирэх үү? Зөрчил гэж үзвэл яаж шийддэг вэ?

-Гэрэл зураг зөвшөөрөлгүй хуулбарласан, ашигласан гэх гомдол мэдээллийн сайтуудаас  ирдэг. Гэхдээ кино, номын хулгайнаас хамаагүй бага ирж байгаа. Энэ төрлийн хэргийг мөн л Зөрчлийн тухай хуулийн 8.3 дахь заалтаар шийдвэрлэнэ. Мөн гомдол гаргагч этгээд хохирсон гэдгээ нотолж нөхөн олговор авахыг хүсвэл бодит хохирлоо иргэний хэргийн журмаар шийдвэрлүүлдэг. Өөрийн нэр, байгууллагын логог тамгалж үлдээсэн байна гэдэг оюуны өмчөөр баталгаажсан, хамгаалуулах эрхтэй гэдгийг илэрхийлж буй хэрэг. Тэгэхээр үүнийг нь арилгаад зөвшөөрөлгүй ашиглаж болохгүй. Үүнийг зөрчил гэж тооцож болох ч тамгыг нь арилгасан эсэхийг нь нотлох бас хэцүү байдаг.

-Оюуны өмчөөр хамгаалагдах бүтээл туурвиж буй хувь хүн, албан байгууллага бүтээлээ хамгаалахын тулд хамгийн түрүүнд юу хийж, юуг мэдэж байх ёстой вэ?

-Хамгийн түрүүнд бүтээл туурвигч эзэн тухайн бүтээлээ нийтийн хүртээл болгохдоо өөрийн хийсэн зүйл болон өөрийгөө таниулах нь чухал. Мөн бүтээлийг маань ашиглах гэж байгаа бол ингэх ёстой гэдгийг тайлбарлах ёстой. Жишээлбэл, ном хэвлүүллээ гэхэд өөрийн утас, имэйл хаяг, жинхэнэ нэрээ тодорхой бичиж үлдээх хэрэгтэй. Ингэснээр хамгийн наад зах нь буух эзэн, буцах хаягтай болж буй юм. Таны бичсэн номноос хэн нэгэн хүн эш татаж судалгааны ажил, бүтээлдээ ашиглах гэж байгаа бол холбогдох хаяг, утсаа үлдээж байх нь хэрэг болдог. Хэн нэгэнд таны бичсэн ном таалагдсан бол эш татахаар холбогдохдоо эхлээд манай байгууллагад хандаж оюуны өмчөөр баталгаажуулсан эсэхийг лавлаж болно.

Харин бид шалгаж үзээд тухайн нэр дээр оюуны өмчийн бүтээл бүртгүүлээгүй байвал бидэнд таны утас байхгүй учир холбогдсон иргэнд таны утасны дугаарыг өгч чадахгүй. Зарим тохиолдол хэвлэмэл бүтээлд зохиогч, эмхэтгэгч нь тодорхойгүй байх нь бий. Мөн зохиомол нэрээр бүтээл туурвисан бол хойд талд нь жинхэнэ нэрээ тавьж өгөх шаардлагатай байна. Ингэхгүй бол таны оюуны өмчийг хамгаалахад асуудал үүсдэг. Хүний оюуны бүтээлийг авч хэрэглэж, хэсэглэж байгаа бол заавал эх сурвалжаа дурдах хэрэгтэй. Эх сурвалжаа тавиагүй тохиолдолд зохиогч гомдол гаргавал үүнийг зөрчилд тооцож байгаа. Мөн эх сурвалжаа дурдсан ч тухайн бүтээлийг бүхэлд нь хуулбарлан тавьсан бол зохиогчийн эрхийн зөрчил болно.  Жишээлбэл, кино хийхдээ нэг хүний ая, дууг олныг хамарсан жижиг хэсэгт ашигласан ч төгсгөлд нь бүтээлчдийнхээ нэрэнд оруулах хэрэгтэй. Оюуны өмчийг дээдэлхийн тулд, өөрийн бүтээлээ хамгаалахын тулд заавал манай байгууллагыг зорьж ирэх шаардлагагүй. Анхан шатны хууль зүйн мэдлэгтэй, оюуны өмчийн талаар ойлголттой байхад л өөрөө бие дааж уншиж судлаад энэ төрлийн харилцааг зохицуулах чадвартай болж болно.

-Манай зарим орчуулагчид гаднын зохиолчдын номыг орчуулахдаа бүтээлийн эзэн, хэвлэлийн газраас зөвшөөрөл авалгүй дур мэдэн орчуулсан тохиолдол байдаг. Үүнийг манай хуулиар бас л зохиогчийн эрхийн зөрчил гэж тооцох уу?

-Энэ бол үүсмэл бүтээл хэмээн тооцогдоно. Англи, герман, солонгос хэлнээс ном орчуулаад манайд ирж орчуулгын бүтээлээ оюуны өмчөөр хамгаалуулахаар хүмүүс ирдэг. Харин бид тухайн иргэнээс бүтээлийн жинхэнэ эзэн, хэвлэлийн компаниас зөвшөөрөл авсан эсэхийг нь лавладаг. Бүтээлийн жинхэнэ эзэн ч оюуны өмчөө хамгаалуулах эрхтэй шүү дээ.

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(129.205.124.224) 2022 оны 12 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(129.205.124.224) 2022 оны 12 сарын 07

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
Top