ОХУ-ын Өвөр байгалийн хязгаарын Буриад-Монголын нутаг Ага тойрогт болсон Дэлхийн бүх Буриад Монгол овогтны соёл, урлаг, спортын Олон улсын “Алтаргана” наадам 14 дэх удаагаа амжилттай болж өндөрлөлөө. Тус наадамд ОХУ, Монгол, БНХАУ, Киргиз, Казакстан улсуудад тархан суурьшсан Буриад зон олон хуран цуглан олон төрөлд авхаалж самбаа сорин өрсөлдөж буйн нэг нь гоо бүсгүй шалгаруулах “Дангина” тэмцээн юм. Тус тэмцээний Гран Приг Монгол Улсаас оролцсон Ц.Батдулам хүртсэн билээ. Дорнод аймгийн Баяндун сумын уугуул багш бүсгүй Ц.Батдуламтай ярилцсан юм.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулна уу?
-Би СУИС-ийг бүжгийн багш мэргэжлээр суралцаж энэ жил төгссөн. Баяндун сумандаа бүжгийн багшаар ажиллаж байна.
-Уугуул нутгийнхаа буриад зон олны юугаар нь бахархдаг вэ?
-Дорнод аймаг маань олон ястан, үндэстний өлгий нутаг. Хязгаар нутгийн маань хоймор болох Дашбалбар, Цагаан-Овоо, Баян-Уул, Баяндун гэсэн сумдаар буриад зон олон маань амьдран суурьшдаг. Баяндун сумандаа би төрж өссөн. Буриад аялгуу тансаг, зөөлөн, уянгалан урссан хэллэгтэй, аргадсан эгшигтэй бол халх аялга хатуу дуудлагатай санагддаг. Манай буриадууд ажилсаг хөдөлмөрч, чин шударга, дайчин зан чанартай, эв эетэй найрсуу бүлсэг хүмүүс дээ. Энэ сайхан чанаруудыг нь өөртөө шингээж явахыг эрмэлздэг.
-Та унаган буриадаар ярьдаг уу?
-Миний аавыг Цэрэнтогтох, ээжийг Дэлгэрмаа гэдэг. Аав, ээж хоёр маань унаган буриад хүмүүс. Буриад аялгуугаараа бага балчраасаа ярьж өссөн болохоор энэ хэлээ цааш нь үр хүүхдэдээ өвлүүлэн залгамжлах болно. Буриад хэлэнд утга төгөлдөр үг маш их байдаг учраас суралцах зүйл их бий.
-Олон улсын чанартай томоохон наадам болох “Алтаргана” наадамд чухам яагаад орох болсон бэ. Наадамд түрүүлсэн сэтгэгдлээ хуваалцана уу?
-Үеэс үед уламжилж ирсэн энэ сайхан наадамдаа гоо охид шалгаруулдаг “Дангина” наадамд анх удаа оролцсон. Энэ наадам маань 16-22 насныхан оролцдог учраас би хамгийн хөгшин “Дангина” байсан. Урьд өмнө нь оролцох боломж гарч байгаагүй учраас энэ жил надад дахиж боломж олдохгүй шүү дээ гэдэг утгаараа маш их хичээсэн. ОХУ, БНХАУ гээд гурван улсыг төлөөлсөн буриадууд ирж оролцсон. Монгол Улсаас анх удаа монгол бүсгүй түрүүлж “Дангина” Гран Приг авсандаа маш их баяртай байна. Сэтгэл хөдөлгөсөн, хэзээ ч мартагдашгүй үйл явдал байлаа.
-“Дангина” тэмцээн ямар шалгууртай байсан бэ. Таны өмссөн хувцас маш сүрлэг, гоо үзэсгэлэнтэй харагдуулж байсан. Дээл хувцасныхаа талаар сонирхуулаач, хэн гэдэг дизайнер урласан бэ?
-“Дангина” тэмцээн таван шалгууртай. Юуны өмнө өөрийгөө болон нутаг орноо танилцуулах, сурталчлах, үндэстнийхээ онцлогийг товойлгон гаргах үүрэгтэй. Хоёрдугаарт бүжгийн төрөл, гуравт дууны төрөл, дөрөвт оюун ухааны асуулт хариулт явагддаг. Энэ асуултанд уламжлалт хоол хүнс, дээл хувцас, ёс заншилтай холбоотой асуултууд ирдэг. Эцэст нь загварын дээл хувцас өмсөж үзүүлдэг. Миний өмссөн дээл хувцсыг Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат дизайнер О.Сугармаа “Ургы” брендийг урлаж өгсөн. Буриадын 11 омгийн “Галзуу” домгийг бэлгэдэж улаан өнгийг асааж сүр жавхланг үзүүлсэн. Энэ дээл хувцас маань үнэхээр урлалын гайхамшиг, оюуны гайхамшигтай хосолж гоо үзэсгэлэнг маань төгс цогцлоож өгсөн. Дизайнер О.Сугармаа эгчдээ талархсанаа илэрхийлье.
-“Алтаргана” наадамд манай улсаас хэр амжилттай оролцсон бэ?
-“Алтаргана” наадам маань 14 дэх жилдээ зохион байгуулагдлаа. “Буриадын нэг өдөр” жүжгийн тэмцээнд Дорнодоос алтан медалийг нь авсан. Эстрад дуу, уламжлалт дуу, загвар, гар урлал төрлүүдэд амжилттай оролцож нэг Гран При, дөрвөн алт, гурван мөнгө, гурван хүрэл медальтай маш сайхан оролцож ирлээ. Энэ бол буриад зон олны маань эртнээс бэлдэж, сэтгэл зүтгэлээ зориулсан нөр их хөдөлмөр, авьяас чадвар, дайчин чанарын үр дүн гэж бодож байна.
-Таны багын мөрөөдөл юу байсан бэ. Мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог уу?
-“Дангина” тэмцээн бол буриад охидын хүсэл мөрөөдөл нь болсон тэмцээн байдаг. Балчир багаасаа энэ тэмцээнд түрүүлж хатан Дангина болно доо гэж боддог байсан мөрөөдөлдөө хүрсэндээ сэтгэл өөдрөг байна. “Алтаргана” наадам маань буриад зон олны өв соёл, хэл соёл, ёс заншлыг мартуулахгүйн төлөө, уламжлан авч явахын төлөө хийдэг маш том өргөн далайцтай наадам. Хойч хойчдоо энэ наадамд дүү нараа төрөл бүр дээр нь бэлдэж оролцуулах болно. Багш мэргэжилтэй учраас шавь нартаа хэл соёл, урлаг соёл, зан заншлаа шавь нар, дүү нартаа зааж сургаж явахыг хичээх болно. Буриад гэсэн тодотголтой бүхий л зүйлсийг эрхэмлэн дээдэлж, өөд өөд нь авч явж дэлгэрүүлэх болно гэдгээ буриад зон олныхоо өмнө хэлье. Энэхүү тэмцээнд ороход тусалсан аав, ээждээ, гэр бүл, найз нөхөд, багш, ах дүү, төрөл төрөгсөддөө маш их баярлалаа.
-Наадмын үеэр анзаарагдсан зүйлс юу байв?
-ОХУ, БНХАУ-аас маш олон буриадууд ирсэн. Тэднийг анзаараад байхад хэл соёл нь уусан эрлийзжиж, бараг мартаж эхэлсэн байсанд нь эмзэглэсэн. Тэмцээний гол шалгуур нь хэл аялгуугаараа зөв цэвэрхэн ярьж байгааг онцлон дүгнэхийн зэрэгцээ загварын дээл хувцасны бэлгэдэл утга учрыг чухалчилж байсан. Тэнд ирсэн наадамчин олон миний өмссөн дээл хувцсыг маш их сонирхож байсан. Буриад зон олноо үргэлж өөдөө дээшилж дэвшиж явахыг бэлгэдэж улаан өнгөөр урласан дээл хувцас маань онцгой ялгарч, гэрэлтэж харагдсан болов уу. Ер нь л манай улсаас оролцсон оролцогчдын дээл хувцас маш өвөрмөц, чамин, тансаг байсан учраас хүн бүхэн сайхнаар хүлээж авсан.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Буриад хэл гэж байхгүй, монол хэлний нэг аялга юм даа. Оросын буриадууд өөрсдийгөө монгол биш гэж тархиа угаалгасаар яваад байхгүй боллоо. Одоо мангадуудын өмнөөс байлдаж амь насаараа хохирч байна. Тэр нэг хөлгүй залууг ашиглаж үзэл суртал их л хийлээ. Алтаргана наадам улс төрөөс л хол байх хэрэгтэй.
Тусдаа Буриад хэл гэж байхгүй. Монгол хэлний Буриад аялга. Буриад аялгаар ярьдаг Монголчууд шүү.
Баяр хүргэе. Би Агийн буриад эмэгтэй. Манай буриад хэл мартагдаж байгаа нь үнэн. Буриад хэл аялгуугаар зөв, цэвэрхэн ярих нь гайхамшигтай байна БИ энэ охиныг дэмжиж, талархаж байна. АМЖИЛТ
Буриад хэл гж бхгү багшаа аялга л гж бг.монгол хэл гж бг шүү харин