Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн Ургамлын аймаг, ангилал зүйн лабораторийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Бүрэнбаатартай мөөг экосистемийн тэнцвэрт байдлыг хэрхэн хангадаг талаар ярилцлаа.
-Таны хувьд судалгааны ажлаа мөөгөөр хийж байгаа юм билээ. Энэ талаараа ярилцлагаа эхлүүлье?
-Миний хувьд мөөгний ангилал зүй буюу хүмүүсийн мэддэг дүлий мөөгний молекул генетикийн тухай судалгааны ажлаа эхлүүлээд явж байна. Энэ чиглэлээрээ ХААИС дээр дагнан эрдмийн ажлаа эрхэлж байна.
-Дүлий мөөг гэж юу вэ?
-Дүлий мөөг нь 2013 онд Улаан номонд орсон. Эмийн зориулалттай. Байгальдаа ховордож байгаа зөөлөн дүлий гэж нэрлэдэг. Мөөг нь хүнсний, хортой, эмийнх гэж байдаг. Тэгвэл дүлий мөөг нь хөгжлийнхөө бүхий л явцад аль алинд нь ордог. Нэг метрийн өргөнтэй ч ургадаг. Бяслаг шиг үед нь хүнсэнд хэрэглэдэг. Нунтаг болоод захаараа унасан үед спорон болон боловсордог. Энэ үед эмийн зориулалттай хэрэглэдэг. Жишээ нь ил шарх авсан үед цус төлжүүлдэг учраас шарханд түрхэж хэрэглэдэг байсан. Мөн морины нуруунд түрхдэг байсан. Уламжлалт эм зүйн корпораци хоромхон шиг тосон түрхлэг гаргаж авсан.
-Манай орны хувьд ямар мөөг давамгай байдаг вэ. Бусад улс орноос юугаараа ялгаатай вэ?
-Монголын мөөгний төлөөлөл бол талын цагаан юм. Цаг уурын эрс тэс байдлаас хамааран газрын гадрагнаас дээш гарч ирж байгаа хэсэг нь чийг дулааны зохимжтой үеээс хамааран үрээ цацдаг бол тохиромжгүй үед хөрсний дор тайван хэлбэртэй хадгалагдаж байдаг. Мөөгний төрөл зүйлийн хувьд манай орон ядмагтаа ордог. Жишээ нь, Финланд, Норвеги гэх мэт чийглэг дулаан уур амьсгалтай газруудад олон төрлийн мөөг бүртгэгдсэн байдаг.
-Мөөг экосистемд чухал үүрэгтэй гэдэг. Энэ талаар?
-Экосистемд мөөгийг орлуулах ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл, мөөг нь хөрсний сапродит буюу хөрс үүсэх процесст өөрөө оролцож азотоор баяжуулж байдаг. Ойд ургадаг чаг мөөг нь 30-40 настай торойсон хусан дээр ургана. Мөн хортон шавж юмуу түймэрт өртсөний дараа ойд цэвэрлэгээ хийх зориулалтаар ургадаг. Унасан модон дээр мөөг ургаж, задалж байгальд нь шингээхгүй бол унасан модоор ой дүүрч, залуу нялх мод ургах боломж хомсдоно гэсэн үг.
-Мөөгийг хүмүүс эмчилгээнд хэрэглэхээр дураараа түүж байгаа харагддаг. Энэ хэр зохистой зүйл вэ?
-Зөв хэрэглэх хэрэгтэй. Мөөгийг биологийн, үйлдвэрлэлийн гэх аргаар нөөцөлж болно. Биологийн нөөцийг үйлдвэрлэлд ашиглаж болохгүй. Тодорхой хэмжээгээр тэнцвэртэй байдлаа хангах нөхцөлийг нь үлдээх хэрэгтэй.
-Мөөг, ургамал хоёр юугаараа ялгаатай вэ?
-Эрдэмтэд мөөгийг ангилахдаа спорт ургамлууд дотор оруулсан. Жишээ нь мөөг хаг, хөвд, замаг гэх мэт ургамлуудын адил нууц байдлаар үрждэг хэмээн үзсэн. Мөөгийг ургамал гэж үзэж болохгүй. Мөөгний аймаг гэж тусдаа ангилал байгаа. Гарал үүслийн хувьд 542 сая жилийн өмнө усанд үүсээд, 60-70 сая гаруй жилийн дараа хуурай газарт үүссэн. Үүний дараа амьтан үүссэн гэж үздэг. Тэгэхээр ургамал, амьтан, мөөг гэсэн гурван том аймгийн дунд талын гүүр байдлаар аль алинтай ойрхон байдаг.
-Хоёр аймагтайгаа ойрхон байдаг шинж нь яаж илэрдэг вэ?
-Зөвхөн амьтны эсэд байдаг Хетин гэх бодис мөөгөнд байдаг. Энэ нь уурагт чанарын агууламжийг өндөр болгодог нь амьтантай илүү төстэй. Бид энгийнээр харахад ургамал шиг оршдог. Гэтэл ургамал шиг нарны гэрэл ус, фотосинтез явуулахгүйгээр амьтан шиг бэлэн органик хүнс тэжээл хэрэглэдгээрээ эрс ялгаатай
-Хүнсэнд ашиглахдаа ямар зүйлийг анхаарах хэрэгтэй вэ?
-Хүнсэнд хамгийн их ашиглагддаг хясаа мөөгний эмт чанар дээр маш олон судалгаа хийсэн. Дэлхийн хоёрдугаар дайны дараа Германчууд идэвхтэй тарьмалжуулж, хүнсэндээ хэрэглэж, уургийн агууламжаа хангадаг байсан. Хүний биед хуримтлагдсан хэрэггүй хорыг мөөг задалж биенээс гаргах процессыг дэмждэг.
-Мөөгийг Монголын нөхцөлд тарьж ургуулах боломж хэр байдаг вэ?
-Бүрэн боломж байгаа.
-Мөөг экосистемд онцгой чухал гэдгийг ойлгож авлаа. Олон нийтэд хандаж, хайрлаж хамгаалах чиглэлд та юу хэлэх вэ?
-Мөөгийг гишгэж алга болгохоос илүү арилжааны зориулалттай ашиглаж байгаа нь буруу харьцахад хүргэдэг. Жишээ нь малгайт мөөгийг авахдаа хүмүүс үндсээр нь ухаж түүдэг нь буруу. Зүй нь малгайных нь доогуур огтолж авснаар бэлгийн бус үржлээр хөрсөндөө хадгалагдаж үлддэг. Энэ нь дараа жил дахин ургахад голлон нөлөөлдөг. Зөвхөн ганцхан удаа авах биш олон жил үр шимийг хүртэх чухал гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )