Юн Сок Хён: Монголын хувьд энэ жил хүндхэн байх ч Засгийн газрын хүчин чармайлтын үр дүнд байдал сайжирна гэж харж байна

2022 оны 08 сарын 09

ОУВС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Юн Сок Хёнтой ярилцлаа.


-Олон Улсын Валютын Сангаас Монгол Улсыг гадаад өрийн өндөр дарамттай орнуудын нэгээр нэрлэсэн байна. Өрийн дарамт өндөр байх болон өрийн дефолт болохын ялгааг хэлж өгөөч?

-Өрийн дарамт гэдэг нь тухайн улсын өрийг ДНБ-д харьцуулсан үзүүлэлт  юм. Дефолт, дарамт гэж хоёр ялгаатай ойлголт. Дефолт гэдэг нь тогтвортой байдал алдагдсан гэсэн агуулгатай бөгөөд өрийн дефолт болно гэдэг нь өрөө төлөх чадваргүй болохыг хэлдэг. Өрийн өндөр дарамттай улс бүхэн дефолт болохгүй. Зээлийн үндсэн төлбөр, хүүг тогтмол төлж чадаж байвал дефолт болохгүй. Саяхны жишээг дурьдвал Шри-Ланк Улс их хэмжээний өртэй байсан бөгөөд гадаад зээлийн төлбөрөө хугацаанд нь барагдуулж чадаагүй учраас дефолт болсон. Монгол Улсын хувьд мэдээжийн хэрэг ийм асуудал байхгүй.

-Өрийн одоогийн нөхцөл байдалд бодлогын ямар хувилбарууд байж болох вэ. ОУВС-гаас ямар зөвлөмж өгч байгаа вэ?

-Нэгдүгээрт, шийдвэрлэх хүчин зүйл нь өрийн ухаалаг удирдлага. Өрийг бууруулахын тулд төсөв алдагдалгүй, ядаж орлого, зарлага тэнцсэн байх хэрэгтэй. Төсөв алдагдалтай байвал өрийн хэмжээ өссөөр байх болно. Тиймээс бид хамгийн түрүүнд Засгийн газрыг зардлаа хянахын зэрэгцээ нэмж орлого төвлөрүүлэхийг зөвлөж байгаа. Хоёрдугаарт, Монгол Улсын өрийн дийлэнх нь гадаад валютаар байгаа учраас гадаад валютын нөөцөө зохистой хэмжээнд байлгах хэрэгтэй.

Монголбанк боломж гарах бүрт гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх нь зүйтэй. Засгийн газар он гарснаас хойш энэ оны төсвийг хоёр удаа тодотгохдоо төсвийн алдагдлыг өсгөөгүй. Хэдийгээр инфляц нэмэгдэж, төсвийн зардлыг нэмэх шаардлага гарсан ч тэвчиж болох зардлуудаа танаж, төсвийн алдагдлыг нэмэлгүйгээр төсвөө тодотгож чадсан. Энэ оны эхний хагас жилийн төсвийн гүйцэтгэлийг харвал алдагдал хүлээж байснаас бага гарсан учир энэ тал дээр Засгийн газар сайн ажиллаж байна гэж харж байна. Түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх тал дээр Монголбанк валютын ханшийг илүү уян хатан байлгах нөхцөлийг хангаж эхэллээ. Засгийн газраас дунд хугацаанд өрийн хэмжээг бууруулахын тулд төсвийн чиглэлээр бүтцийн өөрчлөлтийн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна.

Тухайлбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай болон төрийн өмчийн аж ахуйн нэгжийг шинэчлэх тухай хуулийн төслүүдийг УИХ-д өргөн бариад буй. Хуулийн эдгээр төслүүд энэ ондоо багтаж батлагдах болов уу гэж найдаж байна. Хуулиуд батлагдсанаар Засгийн газрын зардлын удирдлага илүү сайжирч, улмаар өрийн нөхцөл байдал хөнгөрнө гэж харж байна. Түүнчлэн Хөгжлийн банкны чанаргүй зээлийн эргэн төлөлт эрчимтэй хийгдэж урагштай байгаа. Ерөнхийдөө Засгийн газраас өрийг бууруулахад ихээхэн хүчин чармайлт гарган ажиллаж байна гэж дүгнэж байна.

-Та одоогийн нөхцөл байдалд буюу өрийн дарамтаа бууруулахын тулд авч хэрэгжүүлэх ёстой арга хэмжээний нэгээр гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийг нэрлэлээ. Гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн тулд экспортоо өсгөх хэрэгтэй. Гэтэл манай улс экспортын голлох бүтээгдэхүүн болох нүүрснийхээ гаргахаар зорьж буй хэмжээнийхээ тал хувийг ч экспортлож чадаагүй байна. Бидэнд гадаад валютын нөөцөө бүрдүүлэх өөр ямар боломж байна вэ?

-Өнгөрсөн зургаадугаар сараас хойш хилээр гарч буй нүүрс тээврийн автомашины тоо нэмэгдсээр байгаа. Иймд нүүрсний экспортын орлого өсөж байна. Түүнчлэн Монголбанк гадаад валютын зах дээр интервенц хийхдээ зөвхөн ханшийн огцом савалгааг зохицуулахаар хязгаарлаж, ханш илүү уян хатан байх нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй. Гадаад валютын ханш зах зээлийн эрэлт нийлүүлтээр тогтох ёстой.

-“Econimist Intelligence”, “Bloomberg Intelligence” зэрэг олон улсын судалгааны байгууллагаас Монголыг дефолт болох эрсдэлтэй орнуудын тоонд оруулсан байна. Харин ОУВС өрийн өндөр дарамттай орнуудын тоонд оруулжээ?

-“Standard & Poor's”, “Fitch” зэрэг зээлийн зэрэглэл тогтоогч байгууллагаас саяхан гаргасан үнэлгээндээ Монгол Улсын зээлжих зэрэглэлийг тогтвортой гэсэн ангилалд хэвээр үлдээсэн. Харин “Bloomberg Intelligence” зэрэг байгууллага нь өөрийн арга зүйгээр судалгаа хийж, дүгнэлт гаргадаг. ОУВС-гийн үзэж байгаагаар өрийн түвшин нь өндөр хэд хэдэн улс байгаа бөгөөд тэдний нөхцөл байдлыг сайтар ажиглах шаардлагатай байна. Монгол Улс эдгээр улсуудын нэг нь юм. ОУВС дефолт болох эрсдэлийн талаар дурьдаагүй.

-ОУВС-гийн тэргүүн  Кристалина Георгиева энэ онд эдийн засгийн нөхцөл байдал хүндхэн, ирэх онд бүр дордоно гэдгийг анхааруулсан байсан.  Манай орны ирэх оны эдийн засгийн төлөв байдал ямар байхаар байна вэ?

-Энэ он Монголын хувьд нэлээн сорилттой жил болж байна. Учир нь томоохон эдийн засаг бүхий хоёр хөршийн нэг БНХАУ тэг-Ковид хатуу бодлого хэрэгжүүлж, нөгөө нь болох ОХУ Украинд дайн хийж байгаагаас Монголын эдийн засагт олон сөрөг үр дагавар үүсэж байна. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд Засгийн газар олон арга хэмжээ авлаа. Энэ оны төсвийг хоёр ч удаа тодотгосон хэдий ч төсвийн зарлага санхүүжилтийг арвич хямгач байдлаар хийж, төсвийн алдагдлыг анхны төлөвлөсөн түвшинд барих тууштай бодлого баримталж байна.

Мөн түүнчлэн хоёр давхар гадаад шокны нөлөөлөл хамгийн ихээр тусаж байгаа эмзэг бүлгийг дэмжихэд түлхүү анхаарсан. Мөнгөний бодлого тал дээр бодлогын хүүг өсгөх замаар бодлогын байр суурийг хатууруулах, валютын ханшийг уян хатан болгох зэрэг дорвитой арга хэмжээнүүд авч хэрэгжүүлсэн нь өрийн асуудлыг шийдвэрлэхэд тус дөхөм болох учиртай. Түүнчлэн Ерөнхий сайдын зүгээс авлигын асуудалд ихээхэн ач холбогдол өгч, үлэмж хүчин чармайлт гаргаж байна. Авлигын асуудлыг шийдэх нь гадаадын хөрөнгө оруулалтыг татахад чухал ач холбогдолтой юм. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдсэнээр өрийн асуудлыг зохицуулах нэг гарц бий болно.

-Олон улсын томоохон санхүүгийн байгууллагууд дэлхийн болон улс орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг бууруулж байна. ОУВС Монголын эдийн засгийн өсөлтийн төлөвийг энэ болон ирэх онд ямар байна гэж таамаглаж байгаа вэ?

-Өнгөрсөн дөрөвдүгээр сард ОУВС-гаас дэлхийн эдийн засгийн өсөлтийн төлвийг танилцуулсан. Тэр үед Монголын эдийн засаг 2022 онд нэг орчим хувиар өсөх тооцоо гарч байсан. Энэ жил дайны нөлөөгөөр Монголын хувьд үнэхээр хүндхэн жил болно. Харин ирэх жилийн хувьд нөхцөл байдал сайжирч, тав орчим хувиар өснө гэж таамаглаж байна. Оюу толгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт дуусаж, олборлолт хийгдэж эхэлснээр эдийн засгийг дэмжиж эхэлнэ гэж тооцоолж байна.

Ц.ДАВААСҮРЭН

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(192.82.72.57) 2022 оны 08 сарын 11

ЗГ ОУВС ба ДБ зэрэг байгууллагуудаас авсан зээлээ төлж Монгол Улсаас гаргах хэрэгтэй.

0  |  0
зочин(66.181.176.88) 2022 оны 08 сарын 11

Олон улсын санхүүгийн байгууллагаас 30 гаруй зээл авсан Монгол улсад сайжирсан зүйл алга, ядуурал, зээлийн дарамт, авилга цэцэглэсэн.

0  |  0
Зангараа(66.181.176.42) 2022 оны 08 сарын 09

Аьилгалын талаар нэг ч үг дурдсангүй, орлого буурсан, зарлага нэмэгдсэн нь авилгалтай бас буруу засаглалтай холбоотой. Монголын гадаад өрөөс ч их хэмжээний мөнгө авилгалаар гадагшаа алдагдаж оффшорт хэвтэж байгаа. Тэгэхээр гадаад өр авилгалд зарцуулагдсан.Олон улсын байгууллага энэ хэргээс тойрч зугтах ёсгүй, авилгачдыг, эрх мэдэлтнүүдийг шүүх цаг болсон.

0  |  0
Top