М.Есөнмөнх: Аялал жуулчлалыг хөгжүүлье гэвэл түрүүлж харж, мэдээлж байх хэрэгтэй

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 17

“Нүүдэлчин Монгол-2022” соёлын биет бус өвийн их наадмыг Соёлын яам, Засгийн газ­рын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар хамтран соёлын биет бус өвийн долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд энэ сарын 12-14-ний өдрүүдэд “Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар”-т зохион байгуулсан билээ. Тус наадмын Ерөнхий зохион байгуулагчаар ажилласан М.Есөнмөнхтэй ярилцлаа.


-“Нүүдэлчин Монгол” фес­ти­валь боллоо. Энэ удаагийн наад­­­­мын гол онцлог юу байсан бэ?

-Энэ арга хэмжээ маань Соёлын тухай хуульд тусгайлан заасан гурван жилд нэг удаа болдог томоохон эвент юм. Анх 2018 онд Хүй долоон худагт амжилттай зохион байгуулсан. Ингэхдээ соёлын биет бус өвийн таван ай савын хүрээнд 2697 өвлөн уламжлагчийг хамруулж байсан юм билээ. Дараагийнх нь өнгөрсөн жил болох байсан цар тахлаас шалтгаалан энэ жил боллоо.

Харин энэ жилийн хувьд долоон ай савын 362 өвийн төрөл зүйлийн хүрээнд зохион байгууллаа. Мөн бие даасан Соёлын яамтай болсон, аймгуудад Соёлын газруудтай болсон учраас нэлээд өндөр түвшинд авч үзсэн. Аймгуудыг 61 төлөөлөгчтэй орол­­цохоор төлөвлөж 1250 хүн оролцсон. Харин нэг аймаг төсөв мөнгөний шалтгаанаас болоод оролцож чадсангүй. Өдөр тутмын зохион байгуулалтад мөн 700 гаруй хүн оролцсон гээд нэлээд өргөн хэмжээнд боллоо. Олон нийтэд нээлттэй зохион байгуулсан учраас дотоодын 20 мянга, гадаадын хоёр мянга орчим хүн үзэж сонирхсон. Отоглоход зориулсан газар учраас энд нэмж ямар нэгэн барилга, байгууламж бариад байх шаардлагагүй. Харин бие засах газрын асуудлыг сайтар шийдээд өгчихвөл үзэх гэж очсон хүмүүс ч гэсэн гэр бүлээрээ майхнаа бариад хоноод дараа нь хогоо түүгээд л явчихна. Бууриа цэвэрлээд нүүдэг нүүдэлчдийн соёлыг ч гэсэн энэ жилийн наад­мын дараа харуулж чадсан гэж бодож байна.

-“Нүүдэлчин Монгол” наадмыг цаашдаа энэ газартаа л зохион байгуулах уу. Эсвэл эх орныхоо үзэсгэлэнт газруудаар дамжаад явах уу?

-Миний бодлоор Улаанбаатар хотынхоо ойр орчимд, энэ газартаа л хийж байсан нь дээр гэж харж байгаа. Яагаад гэхээр хөдөө орон нутагт нүүдэлчдийн өв, соёлыг хадгалж байгаа нь илүү байдаг. Гэтэл нийслэлд амьдарч байгаа залуучууд, хүүхдүүд маань нүүдэлчин өв соёлоо бараг мартаж эхэлж байна. Тэдэнд мэдрүүлэх, ойлгуулахын тулд зориудаар ойр хийх нь хэрэгтэй байх. Энэ жилийн хувьд маш их хүмүүс гэр бүлээрээ ирсэн. Ээж, аавууд хүүхдүүддээ эдгээр өв соёлоо ирж үзүүлж байгаа нь үнэхээр сайхан санагдсан.   

-Уг наадмыг гадаад, дотоо­дын аялал жуулчлалыг хөгжүү­лэхэд нэлээд чухал үүрэгтэй гэж байсан. Энэ үүргээ хэр бие­лүүлсэн гэж та бодож байна вэ?

-Миний хувьд зочлох үйлчил­гээ, аялал жуулчлалын чиглэлээр 20, 30 жил зүтгэж байгаа хүний хувьд энэ арга хэмжээг аялал жуулчлалын талдаа үнэхээр хэрэгтэй зүйл юм байна гэж харсан. Манай өв соёл маань дотроо маш их салбарласан байдаг. Хоол идээ, язгуур урлаг, гар урлал, зан заншил гээд Монголын, нүүдэлчин ард түмний соёл, өв уламжлалыг нэг талбар дээрээс олж харж байгаагаараа илүү онцлог. Гаднын жуулчдын заримтай нь ярилцаж байхад эдгээр зүйлийг үзэх гэж олон газраар явдаг байсан бол нэг дороос үзэж болох ийм хувилбар бий болгож байгаад баяртай байна гэдгээ хэлж байсан.

Мөн энэ жил яагаад Горхи-Тэрэлжийн цогцолбор газарт зохион байгуулсан бэ гэхээр тэнд аялал жуулчлалын нийтдээ 80 гаруй буудал, гэр кэмп байрладаг. Тэдгээрийн хажууд хийснээрээ амарч, зугаалж яваа хүмүүсийг тийшээ татах зорилготой. Энэ ч утгаараа энэ наадмыг үзэж сонирхсон 2000-2500 хүн тэдгээр газруудад дор хаяж нэг хоносон гэсэн судалгаа гарсан. Тийм ч учраас эдгээр өдрүүдэд энэ бүс газарт 800-900 орчим сая төгрөгийн орлого орсон байна.

Дараа жилээс бид үүнийгээ олон улсын том арга хэмжээ болгохоор зорьж байгаа. Ер нь сүүлийн үед улс орон бүр яаж өөрийнхөө улсад гаднын хүмүүсийг татахуйц хэмжээний арга хэмжээ зохион байгуулж, жуулчны урсгалыг нэмэгдүүлэх вэ гэдэг дээр ухаанаа уралдуулдаг болсон. Тэр дундаас нүүдэлчин гэдэг утгаараа Турк, Киргиз зэрэг улсууд “Нүүдэлчин спортын наадам” ч гэдэг юмуу, иймэрхүү зүйлийг хийж байна. Тэдгээрийгээ тогтмол зохион байгуулснаар брэнд болж, маш их жуулчин ирдэг арга хэмжээ болон өргөжсөн. Монгол бол нүүдэлчин ард түмний гол цөм улс мөртлөө энэ зүйл рүү жаахан оройтож орж байна.

Гэхдээ маш хурдан үүнийгээ нөхөж, орон зайгаа олоод авчихвал гаднын жуулчид, оролцогчдыг татсан өөрсдийн гэсэн брэндтэй болно. Тиймээс энэ наадам нь соёлын бүтээгдэхүүн мөртлөө гаднын аялал жуулчлалыг татахад маш чухал үүрэгтэй зүйл юм.

-Зөвхөн нэг наадам эндээ хийгээд жуулчдыг татна гэдэг өрөөсгөл байх л даа. Тэдэнд мэдээ, мэдээлэл хүргэх нь бас чухал байх?

-Хамгийн гол зүйл нь ийм эвент, ийм наадам, жуулчид ирж үзэх ийм арга хэмжээ хийж байна гэдгээ жилийн өмнө тогтмол зарлаж байх шаардлагатай байдаг. Түүнээс биш цагийг нь тулгаад зарлачихаар яагаад ч амжилтад хүрэхгүй. Тиймээс энэ мэт соёлын бүтээгдэхүүнүүд маань яг тогтсон цаг хугацаатай байх ёстой.

Хаана, хэзээ болох, хэд хоног үргэлжлэх нь тодорхой байгаад түүнийхээ талаарх мэдээллийг хүргэж байх нь чухал. Аялал жуулчлалыг хөгжүүлье л гэж бодож байгаа бол юмыг түрүүлж харж, мэдээлж байх хэрэгтэй байгаа юм.

Харин энэ алдаагаа Соёлын яам, аялал жуулчлалын байгууллагууд маань олж хараад засаж залруулах тал руугаа явж байгаад баяртай байна. Монголчууд маань ч урьдчилж төлөвлөдөг болж бай­гаа. Жишээлбэл, энэ өвөл олон улсын нислэгүүд тэр улс руу хэзээ нисэх нь тодорхой, урьд­чилж захиал­бал хямдралтай байдаг бол­­чихвол ажил төрлөө зохи­цуулж, төлөвлөгөөгөө гаргана шүү дээ.

-“Нүүдэлчин Монгол” наадам гурван жил тутамд болох учир­тай. Та түрүүн яриандаа ирэх жил дэлхийн хэмжээний наадам хийнэ гэсэн. Энэ талаараа дэлгэрүүлж ярихгүй юу?

-Би түрүүн ч хэлсэн. Энэ талын соёлын наадмуудыг дэлхийн улс орнууд хийгээд аль хэдийнэ эхэлсэн. Бид жаахан хоцорч орж байгаа. Дээрх улсуудын наадамд эхлээд хэдхэн улс ордог байснаа одоо тогтмол болоод байх тусам 80, 90 орон ордог, үздэг, оролцдог хүмүүс нь ч бий болчихсон байна. Тиймээс л бид ийм зүйлээс хоцорч болохгүй. Тиймээс бид урлаг соёлын байгууллагууд, төрийн бус байгууллагууд, Засгийн газрын харьяа байгууллагуудтайгаа хамтран ярилцаж байгаад ирэх жил дэлхийн хэмжээний том наадам хийнэ гэдгээ есдүгээр сарын 15-наас өмнө гаргах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж бидэнд гадагшаа сурталчилах, таниулах, жуулчдыг татах цаг хугацаа гарна. Ингэж чадвал дараа жил наад зах нь 20-30 оронтойгоор эхэлж чадах байх гэж харж байгаа.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.92.129) 2022 оны 08 сарын 17

сайн байна монголоо таниулах ажил хийж байгаа залуудаа амжилт хүсье

1  |  0
Top