Зүрх зүсэм мэдээ буюу ЗӨВТГӨХ АРГАГҮЙ АЛДАА

2022 оны 08 сарын 22

Томчуудын хариуцлагагүй байдлаас үүдэлтэй харамсмаар хэргүүд гарсаар байна. Зүрх зүсэм энэ мэдээллийн талаар одоо хүргэе. Гуравхан настай хүү түлхүүр нь зоолттой, араандаа хийсэн автомашины жолооны ард сууж байгаад төрсөн дүүгээ дайрсан харуусалтай хэрэг гарчээ. Хамгийн харамсалтай нь дайруулсан нэг настай охин амиа алдсан байна. Хүний хорвоог таньж амжаагүй  яваа гуравхан настай хүү төрсөн дүүгээ дайрсан учраа ч ойлгохгүй яваа. Яг энэ үйл явдлаас дүгнээд харвал томчуудын хайнга, хариуцлагагүй байдал ямар том хор хөнөөлийг авчирч болохыг харуулж байгаа юм. Техник хэрэгсэлтэй болгоомжтой хандах, учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолох зэрэг наад захын хариуцлагын асуудал монголчуудад дутагдаад байх шиг. Ялангуяа орон нутагт энэ байдал хавтгайрсан гэж дүгнэж болохоор байгаа юм. Насанд хүрээгүй хүүхдээр автомашин бариулах, архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ мотоцикль барьж, машин жолооддог тохиолдол олонтаа гардаг. Үүнийг гэрчлэх нэг хэрэг саяхан гарсан.

Булган аймгийн Аялал жуулчлалын брэнд арга хэмжээ “Айраг наадам" энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Сайхан, Орхон сумдын заагт орших Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдсан байна.

Уг наадмын үеэр согтуу жолооч дөрвөн хүүхдийг дайрч гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад "Наймдугаар сарын 13-ны өдөр Булган аймагт болсон наадмын үеэр 33 настай, эрэгтэй, "приус" маркийн автомашины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын захад хэвтэж байсан 14-15 насны дөрвөн хүүхдийг дайрч, гэмтэл учруулсан хэрэг гарсан. Хүүхдүүдийг тус аймгийн эмнэл­гийн байгууллагад шилжүүлсэн" гэв. Ийм л хайнга, хариуцлагагүй байдал хөдөөд хавтгайрсан. “Цагдаа ямар байх биш” гэх хандлагаар хүссэн үедээ жолоо барьдаг, хурд хэтрүүлдэг байдал газар авсан. Бас нэгэн жишээг дурдъя.

Өнгөрсөн жилийн өдийд болсон хэрэг. Мөн л согтуу жолооч бага насны хүүхдийг мөргөж амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Энэ талаар ТЦА-ны урьдчилан сэргийлэх хэлтэсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Дорноговь аймгийн Замын-Үүд суманд нэг нас есөн сартай хүүхдийг мөргөж амь насыг  нь хохироосон хэрэг гарсан. Урьдчилсан байдлаар тухайн хүүхэд есөн настай ахын цуг явж байсан гэх мэдээлэл байна. Тус хэрэг мөрдөн байцаалтын шатанд шалгаж байгаа тул нарийн мэдээллийг өгөх боломжгүй. Жолооч 0.68 ху­вийн согтолтын зэрэгтэй гар­­сан нь тогтоогдсон” хэмээж байв.

Анзаараад байхад аав ээжүүд анхаарал сэрэмжгүйгээс өөрсдөө хүүхдээ хохироосон тохиолдол цөөнгүй гарах болжээ. Ийм харамсалтай хэрэг он гарсаар 20 бүртгэгджээ. Энэ нь иргэн та тээврийн хэрэгслээ асаахаас өмнө эргэн тойрноо болон машин доогуураа сайн шалгаж үзэх, замын хөдөлгөөнд оролцохдоо заавал дагаж мөрдөх дэг журмуудыг баримтлах хэрэгтэй гэсэн үг юм.

Учир нь сүүлийн гурван жилд улсын хэмжээнд зам тээврийн 1753 осол бүртгэгдсэний 1273 хүүхэд хохирсон буюу 170 хүүхэд амиа алдаж, 1103 хүүхэд гэмтжээ. Мөн зам тээврийн ослоор нас барсан хүүхдүүдийн ихэнх нь орон нутагт байна. Энэ нь хөдөөд тээврийн хэрэгсэлтэй хайнга ханддагийн илрэл юм. Түүнчлэн хүүхдэд зориулалтын суудал хэрэглээгүй буюу хүүхдийг буруу тээвэрлэсэнтэй холбоотой. Хамгийн аймшигтай нь  эцэг эхчүүд согтууруулах ундаа хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсоноос хүүхэд хохирдог. Энэ тухай Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтэсийн зохицуулагч, цагдаагийн ахлагч Х.Мөнх-Эрдэнэ “Өнгөрсөн онд 14 хүүхэд хашаандаа тоглож байгаад машинд мөргүүлсэн нь эцэг эхийн хараа хяналт сул, харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсантай холбоотой” гэжээ.

Мөн зам тээврийн осолд өртөж байгаа хүүхдүүдийн 50 орчим хувь нь эцэг эх, асран хамгаалагчтайгаа явж байхдаа осолд орж бай­гаа учир автомашиндаа аюулгүй тээвэрлэх, замын хөдөлгөөнд оролцохдоо зөв үлгэр дууриал үзүүлээч ээ гэж уриалах хэрэгтэй гэж Тээврийн цагдаагийн албаныхан анхааруулж байна.

Арван сар тээж, хүн болгосон үрээ нүдэн дээрээ алдсан эцэг эхчүүдийг бодохоор өр өвтгөм. Цаг бусаар амиа алдсан хүүхдүүдийн хувь тавилан дэндүү харамсалтай. Алдрай бяцхан үрсээ автомашины ослоор алдсаар байх уу.  Гуравхан сая хүн амтай монголчууд бид зам тээврийн осол гэх чимээгүй аюулдаа автсаар байх уу.

Жилдээ хэдэн зуугаар тоологдох хүмүүс хорвоог орхисоор байна. Энэ байдлаар таван жил, арван жил, 20 жил үргэлжилбэл хэчнээн олон мянган монгол хүн автын ослоор амьдралаа орхих вэ. Бодоод үзэхээр аймшигтай тоо гарна. Тэр дундаа эцэг эхийн хайхрамжгүй байдал, хайнга жолооч нараас болж бага насны хүүхдүүд эрүүл мэнд, амь насаараа хохирсоор байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албаныхан бага насны хүүхдээ асран хамгаалагчгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байхыг сэрэмжлүүлдэг. Гэвч зам тээврийн осол буурахгүй байгаа нь харамсалтай. Гэмтэл согог судлалын үндэсний төв өндөр ачаалалтай ажиллаж байна. Мэдээж ихэнх нь осол аваарьт орсон иргэдийн ачаалал байгаа нь тодорхой. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, гэрлээ шилжүүлэхгүй байх, хурд хэтрүүлэх, хамгаа­лалтын бүсээ зүүгээгүй зэрэг зөрчлүүдээс болж хүний амь нас хохирсон ноцтой хэрэг гарсаар байна.

Ер нь зам тээврийн ослыг бүрэн бууруулах боломж­той. Учир нь жолоочийн хариуц­лагатай 100 хувь холбоотой асуудал юм. Хайртай хүмүүсээ хамгаалахын тулд хурд хэтрүүлдэггүй, дүрмээ барим­талдаг, согтуугаар тээврийн хэрэгсэл барихыг татгалзах хэрэгтэй байна. Иймээс л жолооч таны амь нас, хайртай дотны хүмүүсийн чинь эрүүл мэнд, энх эсэн байх нь өөрөөс тань шалтгаалахаар байгаа юм.

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top