АЖИА ГЭГЭЭН: “Ахмадын хөгжлийн төв”-ийг тохижуулахад санхүүгийн асуудал тулгарсан

2022 оны 08 сарын 25

АНУ-ын Индиана муж дахь Монгол, Төвөдийн буддист соёлын төв хийдийн хамба лам, “Энэрэл нигүүсэл, оюун билгийн төв” төрийн бус байгууллагын тэргүүн  Ажиа гэгээн Лувсантүвдантай ярилцлаа. Тэрбээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг 2014 онд ашиглалтад оруулж өгч байсан юм. Ажиа гэгээнтэн “Ахмадын хөгжлийн төв”-өө нээхээр Монголд иржээ.


-“Зөв тэтгэлэг” санд 2022-2026 оны хичээлийн жилд 10 хүүхэд шалгарах ёстой байсан ч 21 хүүхэд шалгарсан байна. Энэхүү тоог хэрхэн нэмэгдүүлж чадсанаа бид бүхэнд хуваалцана уу?

-2022-2026 оны хичээлийн жилийн сургалтын төлбөр, байр, хоол багтсан тэтгэлэгт нийт 155 хүүхдийн материал хүлээн авсан. Найман төрлийн шалгуураар гурван үе шаттай чанарын судалгаа хийсэн. “Зөв тэтгэлэг”-ийн сангийн олны хандиваар бүрдсэн мөнгөөр 10 хүүхдийн сургалтын төлбөр төлөгдөж, 11 хүүхдийн төлбөрийг сайн үйлсийг даган баясдаг, сайхан сэтгэлт хүмүүс ганцхан өдрийн дотор бүрдүүлсэн. Нийт 15 шүүгч ажиллаж, сургалтын төлбөр хэрэгцээтэй байгаа, сурах хүсэл тэмүүлэлтэй, авьяаслаг хүүхдүүдэд очиж чадсан.

-Таны санаачлан бүтээж буй “Ахмадын хөгжлийн төв” бүрэн баригдаж дууссан уу?

-Одоогийн “Ахмадын хөгжлийн төв” баригдаж буй газар дээр Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд баригдсан “Хүүхдийн цусны эмгэг, хавдрын эмнэлэг”-ийг барихаар төлөвлөж байсан юм. Ингээд ЭХЭМҮТ-ийн дэргэд барихаар болж, тэр газарт сургууль барья гэж бодож байсан боловч бидэнд тийм туршлага байхгүй, сургуулийн ажил хэцүү учир больсон.

Хоёр, гурван жилийн өмнөөс эхэлсэн “Ахмадын хөгжлийн төв”-ийн барилга одоо сайхан баригдаад, дуусаж байна. Доторх тохижилтын тавилга, цаашилбал үйл ажиллагааны санхүүгийн асуудал одоогоор шийдэгдээгүй байгаа. Ямар ч гэсэн нэгдүгээр давхрын тохижилтын ажлыг нээлтийн үйл ажиллагаанаас өмнө дуусгахаар төлөвлөсөн. Наймдугаар сарын 27-ны өдөр буюу бямба гарагт 17 цагаас Эх нялхсын хашаанд байрлах Энэрэл нигүүлсэл оюун билгийн төв дээр “Ахмадын хөгжлийн төв”-д зориулсан хандивын зоог барина. Нэг хүний хандив 300 мянган төгрөг. Та бүгд маань өөрсдөө амжихгүй гэхэд хандиваа өргөөд аав, ээж, ах, дүү нараа урьж болно. Мэдээж сэтгэлийн хандив бүхнийг талархан хүлээж авах болно. Монгол хүн бүхнийг урьж байна.

-Тус төвийн үйл ажиллагааны зорилго юу вэ?

-Тус төвийн үйл ажиллагааны гол зорилго бол тэтгэвэртээ гарсан ахмадууд маань цугларч мэргэжил мэргэжлээр нь багт хуваагдаад, туршлага солилцож бид бүхний хийх боломжтой зүйл юу байна гэдгийг ярилцах явдал юм. Тухайлбал, багш байсан бол бусад багш мэргэжилтэй хүмүүстэйгээ нэг баг болоод шинэ санаа, төсөл, үйл ажиллагаа зохион явуулж, эрдэм мэдлэгээсээ өвлүүлнэ гэсэн үг. Барууны оронд иймэрхүү жишээ олон бий. Монгол оронд цөөхөн байдаг учраас туршлага судлаад, анхнаасаа найдвартай эхлэхгүй бол хүмүүс буруугаар ойлгох вий гэж санаа зовж байгаа даа. “Ахмадын хөгжлийн төв”-ийг асрамж, сувиллын газар гэж бүү эндүүрээрэй.

-Сайн үйлсийн аян, хандив, тусламж барууны орон төдийгүй Монгол Улсад ч мөн хүмүүс их явуулдаг гэлээ. Таны хийж буй ажлууд ямар онцлогтой вэ?

-Хүн бага балчир байх үеэсээ л зөв замаар явах хэрэгтэй. Тийм болохоор сургуульд байх үед нь л бусдад хэрхэн туслах талаар, Монгол орондоо хэрхэн тус хүргэх талаар боддог, зөв хүн байх ухааныг сургахыг зорьж байгаа. Дараагийнх нь бол ахмад настай хүмүүс хэрхэн туслах тухай байдаг. Гадаадын улс орнуудад ахмад настай хүмүүсийг дэмжих төв байдаг бол Монгол Улсад ийм төв байдаггүй болохоор Батсүмбэр сумын асрамжийн газарт хүргэж өгдөг. Бид энэ төвийнхөө нэрийг бодож олоогүй л байгаа. Нэр буруу өгчихвөл энэхүү төвийг хүмүүс зүгээр нэг хандив, тусламжийн газар хэмээн харах болно. Үүнийг бариад нөгөө эмнэлэгтэй адил тушаачихна гэж байхгүй. Үйл ажиллагаагаа үргэлжлүүлж авч явах туршлагатай хүн хэрэгтэй байгаа. Нээлт хийсний дараагаар нэрээ өгье гэсэн төлөвлөгөөтэй байна.

-Сайн үйлсийн аян, хандив, тусламжийг ямар сэтгэлээр үйлдэхэд буян хураадаг вэ?

-Монголд сайн үйлсийн аян, хандив, тусламж хийж байсан олон хүн бий. Буян үйлдэхэд сайхан, нинжин сэтгэл, хайр байх ёстой. Зөвхөн хувиа бодох биш, бусдыг бодох сэтгэлтэй байх хэрэгтэй. Би өөрөө бурхан, шашин шүтдэг хүн. Үүгээрээ би буян хийж байгаа гэж боддог. Сэтгэлээсээ хийхэд түүний их, бага тус байх нь хамаагүй юм.

-Таны хийсэн буян бүхэн бодитоор харагддаг. Тиймээс таны ямар нэгэн сайн үйлс хийх бүрд сүсэгтнүүд даган баясдаг. Ийнхүү даган баясах нь ямар ач холбогдолтой байдаг вэ?

-Суварга, сургууль барих хоёрын буян адилхан байдаг. Бурхан, шашны сүсэгтэй хүн бол суварга босгуулахад их хэмжээний буян хурдаг. Миний хувьд алийг нь барих вэ гэвэл сургуулийг сонгоно. Сургууль барих нь шууд буян болохоос гадна хойд насанд их буян хурах юм. Суварга барилаа гэхэд түүнийгээ эргэж тойрч, арчлахгүй бол хэдэн жилийн дараа гэхэд нураад л унана шүү дээ. Хэдэн жилийн өмнө босгосон эмнэлэгтээ ирээд үзэхэд үнэхээр сайхан байна. Нэг жилд 1000 хүүхэд ирж, эмчилгээ авдагт нь маш их баяртай байгаа. Бурхан, шашин бол олон түмнээс мөнгө цуглуулаад, өөрсдөө хэрэглээд байдаг юм биш. Тэр бүх хандив, тусламжийн мөнгөөр бусдад буян үйлддэг юм.

-Та олон орноор яваад туршлага судалсан хүн. Таны эдгээр буян үйлсийг хийхэд тохиромжтой нийгмийн тогтоолцоотой орон хаана байна?

-Нийгмийн энэхүү ажлуудыг хийхэд АНУ, Хятад Улс, Япон шиг хөгжсөн улс орон сайн үйлсийн аяныг явуулахад нийгмийн тогтолцоо нь сайн байдаг. Жишээ нь, АНУ-д орон гэргүй, хоолгүй байгаа хүмүүст туслах холбоо байдаг. Тэр холбоогоор дамжуулж тэр дүүрэгт тусламж хэрэгтэй хэдэн хүн байгааг мэдэх юм. Ингэхээр буян үйлдэх гэж буй хүмүүс гадуур явж тусламж хэрэгтэй байгаа хүмүүсийг хайгаад яваад байх шаардлагагүй гэсэн үг.

Монголд бид нар олон хүмүүсийг цуглуулаад хоол өгье гэсэн ч тийм холбоо байдаггүй юм байна. Тэгэхээр нь гудамжинд сууж буй хүмүүсийг сүм хийдэд цуглуулаад хооллосон. Гэтэл тэнд хонож, өнжөөд байгаад байсан. Би 2006 онд анх удаа Монголд ирээд, онгоцны буудал дээр буухад юу нь сайхан байсан гэхээр бүх зүйл монгол хэлээр байсан явдал юм. Төвөд нутагт байгаа хүн тэнд өөрийн хэлээр ярих эрх байхгүй. Банк, дэлгүүр, хоолны газарт ч явсан үргэлж хятадаар ярьдаг. Монголд бас нэгэн сэтгэл татсан зүйл бол “миний дүү, эгч ээ” гэх мэтээр өөриймсөг ханддаг явдал юм. 

-Бие, хэл, сэтгэл гурваар их, бага ч гэсэн буян үйлдэгдэж байдаг. Монголчууддаа зориулаад энгийн сайхан зөвлөгөө өгнө үү?

-Биеэр бид бүхэн сайн дурын ажил хийж болно. Хэлээр ном, шүлэг унших, хичээл заадаг. Бие, хэл хоёрын дунд сэтгэл оршино. Бие, хэл, сэтгэл гурваар зөв, сайхан сэтгэлээр юу ч хийсэн буян болно. Хүнд сайхан үг хэлэх, зөвлөгөө өгөх нь хүртэл буян болж байдаг. Бусдын хийж буй буяныг сүсэглээд, даган баясаад суух нь ч бас буян болно. Зам гарч чадахгүй байгаа хүнд туслахад ч буян байдаг. Буян хураах завшаан их бий. Бурхны шашин бол сайн хүн бол л гэсэн номлолтой. Буян буюу сайн үйл гэдэг нь хийж байгаа зүйлээ чин сэтгэлээсээ ухааран, бусдад сайныг хүсэж л хийх ёстой. Тэгвэл хэмжээ, хаана, хэзээ гэдэг нь огт хамаагүй.

-Ажиа гэгээн гэж чухам хэн бэ гэдгийг мэдэхгүй хүн бий. Таныг хэцүү бэрх амьдрал туулсан хүн гэж сонсож байсан?

-Би эхээс 11-үүлээ. 1950 онд төрсөн. Хоёр настай байхад минь Гүмбүм хийдийн лам нар Ажиа гэгээний наймдугаар хойд дүрээр залсан. Ажиа гэдэг нэрийн тухайд манай баруун монголчууд аавыгаа ажиа гэдэг шүү дээ. Аав гэсэн утгатай нэр. Зонхов богдын аавын хойд дүр гэсэн үг. Гэгээнээр тодруулсны дараа Гүмбүм хийдэд шавилж суусан. Аав ээж, ах дүү нар маань ч хамт явсан. Хоёр ч ах минь хийдэд сууж байлаа. Тэгээд 1958 он хүртэл ном бичиг сурсан.

1958 онд Монголд 1937 оны хэлмэгдүүлэлт болсонтой адил үйл явдал тэнд болоод сүм хийдийг хааж, лам хуврагуудыг барьж шоронд хийсэн. Миний багшийг, аавыг минь хүртэл шоронд хорьсон. Аав маань шоронд өөд болсон. Би хийдэд шавилж, лам хувцас өмсөх эрхгүй болж, Хятадын дунд сургуульд орж, улаан бүч зүүгээд, орос хэв маягаар хувцаслаж, орос хэл заалгаж байлаа. 1966 онд Соёлын хувьсгал эхэлж, асуудал бүр хурцадсан. Сүм хийдийг нурааж, бурхны номыг шатаасан. Лам нар алга болж, би 10 гаруй жил тариа тарьж амьдарсан. Багш нар маань тэр үед надад бурхны ном нууцаар зааж байлаа. Ном үзэж байна гэж мэдвэл шоронд хийнэ шүү дээ.

Тэгж байгаад 1980 оноос Хятадад улс төрийн нөхцөл байдал бага зэрэг зөөлөрч, бурхан шашин сүм хийдийг дахин сэргээж эхэлсэн. Тэр үед бурхны шашны нэг холбоонд намайг даргаар томилдог юм. Засгийн газраас нь тавьдаг байлаа. Хэдэн жил тэнд суугаад, 1990 оноос Гүмбүм хийдийг дахиад сэргээж, долоон жил тэнд хамба лам байсан. Төвөд, Монголд тэргүүн лам гурав л байдаг шүү дээ. Монголд өндөр гэгээн, Төвөдөд Далай богд, Банчин богд бий. Нэг нь таалал болчихвол нөгөөх нь хариуцан хойд дүрийг нь тодруулдаг ёстой.

Тэгтэл Банчин богд 1989 онд гэнэт таалал болж, Далай богд хойд дүрийг залах гэж байтал Тяньминд оюутны өнөөх айхтар бослого жагсаал болсон. Тэгээд Хятадад байдал хурцдаж, олон дарга нарыг хальж сольж, шоронд заримыг нь хорьсон. Банчин богдын хойд дүр тодруулах асуудлыг Далай богдтой холбоотой байж болохгүй гээд бүр хорьчихлоо. Тэр үед Банчин богдын хойд дүр хоёр болсон. Нэгийг нь Хятадын засгийн газраас, нөгөөг нь Далай богдоос тэмдэглэсэн. Далай богдын тодруулсан хүнийг мэдээж олон нийт шүтнэ шүү дээ. Хятадын Засгийн газраас Далай богдын тэмдэглэсэн хүнийг ээж, аавтай нь сураггүй алга болгосон доо. Тэгээд намайг Банчин богдоор тодруулсан тэр хүүхдийн багш бол гэж тулгасан. Би багш болохгүй гээд нутгаасаа зугтаж, Америкт ирсэн учир ийм.

Л.ХОНГОРЗУЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top