Түүнийг харахаар цэл залуу насаа бөхийн ертөнцөд, идэр насаа бизнесийн салбарт өнгөрүүлж, өдгөө өтөл насаа улс төрд өнгөрүүлэхээр ирсэн гэж болохоор дүр зураг анзаарагдана. Ц.Цэрэнпунцаг гарьд бөхийн ч бизнесийн ч хувьд өөрийнхөө хамгийн дээд оргилд хүрсэн учраас улс төрд хөл тавих сонголт хийсэн байж таарна.
Зарим хүмүүс аргаа барахдаа улс төрд хөл тавьсан ч гэж хошигнож байна лээ. Магадгүй, нэгэн цагт түүний нүднээ УИХ-ын гишүүн нь хийх ажилгүй, аргаа барсан хүний ажил мэт ойлгогдож байсан ч байж болно. Гэхдээ үгүй л болов уу. Яагаад гэхээр тэр УИХ-ын чуулганы болон Байнгын хорооны зарим хуралдаан дээр хэтэрхий хувийн эрх ашгаа бодсон, бизнесийн орчноо илтэд анхаарсан байр суурь илэрхийлж байхыг нь удаа дараа сонсож байв. Энэ зүгээс нь тодруулж харахаар улс төрд өөрийн гэсэн томоохон зорилготой орж ирсэн байх. Өөрөөр хэлбэл бизнесээ дэмжих зорилго байхыг үгүйсгэхгүй. Түүнээс тангараг өргөсөн болохоос бус УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй харагддагийг нуугаад яахав.
Бөхийн хувьд бол зайлшгүй сайн бөх. Улсын баяр наадамд хоёр удаа найм, гурван удаа долоо, дөрвөн удаа зургаа, нэг удаа тав давж, Төрийнхөө баяр наадамд арван удаа шөвгөрсөн гарьд цолтой бөх. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ ид хавийг гайхуулан барилдаж байсан “Зургаан залуу заан”-ы дүр төрх, тэдний нэг гэдгээр нь монголчууд андахгүй мэдэх буй заа. Аргагүй ширүүн өрсөлдөөн дундаас өөрийнхөө эрэмбийг тодорхойлж өгсөн хүн. “Зургаан залуу заан”-аас гадна цагийг эзэлсэн их аварга Б.Бат-Эрдэнэ, аварга О.Балжиням, арслан Д.Мөнх-Эрдэнэ, гарьд П.Сүхбат, заан Ц.Баярсайхан, Д.Бумбаяр начин Ш.Лхагвасүрэн гээд 1980-аад оны сүүл, 1990-ээд оны эхэнд ид барилдаж байсан бөхчүүдтэй гар зөрүүлж явсан бөх.
Тийм ч учраас бөхдөө хайртай завханчууд 2020 оны УИХ-ын сонгуульд дэмжээд сонгочихсон. Бөхдөө хайртай түмэн шүү дээ. Үнэн хэрэгтээ УИХ-ын гишүүн асан Я.Санжмятав, З.Нарантуяа нарын байр суурь парламентад Ц.Цэрэнпунцагийнхаар солигдоход учир мэдэх хүмүүс дургүйцэж л байсан. Ингэснээр Дархан аварга Б.Бат-Эрдэнээс хойш парламентад орж ирж байгаа улсын цолтой дөрөв дэх бөх юм. Эрхэм гарьд УИХ-д орж ирснээр юу хийх вэ гэх асуултын хариуг олох боломжгүй санагддаг. Гэнэт л цоорохгүй бол одоогоор олох аргагүй байна. Өнөөдрийн байдлаар бүрэн эрхийнхээ хугацааны тал замыг туулсан гэхэд өөрийнхөө эрх ашгийн төлөө байж магадгүй байр сууриа илэрхийлснээс өөр нүдэнд харагдаж, гарт баригдах ажил хийсэнгүй. Тэд зам барилга барьж, хөшөө цогцолбор босгоод байх үүрэг хүлээсэн хүмүүс бол биш. Гагцхүү ард түмний язгуур үзэл, улс орны эрх ашигт нийцсэн сайн хууль санаачлан батлуулж, түүнийг хэрэгжүүлж, хангуулах үүрэг хүлээдэг. Тэгэхээр Ц.Цэрэнпунцаг гишүүн энэ үүргээ лав биелүүлэлгүй бүрэн эрхийнхээ хугацааг нэгэнт дундалжээ.
Өнөөх л парламентад байх, үүгээр дамжсан хэдэн бөхчүүдийнхээ ижил нэг буддист нөхөр ханцуйдаа залбирч суухаас үл хэтэрдэг бололтой. Ямар сайндаа цар тахал, хөл хорионы үеэр Богд Зонхова бурхны хөшөө босгох 32 тэрбум төгрөг төсөвлөчихсөн, “Богд Зонхова цогцолборын барилгын ажлыг нь үргэлжлүүлэх ёстой, буруу юм байхгүй, Гандан бол эмнэлэг” гэх байр суурь илэрхийлж суусан хүн. Хувь хүний чухам ямар шашин шүтэж, ямар бурхан тахих нь бидэнд хамаагүй. Энэ бол эрхэм гишүүний хувийн асуудал. Хамгийн гол нь цар тахлын халдвар ихэсч, нас баралт нэмэгдсэн төдийгүй эмнэлгүүд ачааллаа дийлэхгүй, төсөв мөнгөний хомсдолд орчихсон цагт ийм зүйл яриад суух УИХ-ын гишүүн байсанд л олон түмэн эгдүүцсэн хэрэг шүү дээ.
Энэ үеэр Ц.Цэрэнпунцаг гишүүн “Цар тахлын хажуугаар жуулчид ирээд юу үзэж, харах уу. Соёлын өв соёлоо сэргээж, үзэж харах зүйлээ бүтээх ёстой биз дээ. Энэ том төсөл явах ёстой гэж харж байгаа. Настай намбатай, өвчтэй зовлонтой хүмүүс нь, хурам найраа хийж байгаа залуус нь бүгд л гандан ордог. Бид бүгд л өвдөж зовохоороо очдог. Жуулчин ирсэн ч хамгийн түрүүнд гандан дээр очдог Гэтэл Төв гандан нь хүйтэн нэг том байшин, ганц бурхан л байгаа шүү дээ. Тэгэхээр гандан орчмыг шинэчилж, хүн очиход нүүр улайхааргүй болгох ёстой. Ард түмэн очиж өвчин зовлонгоо мартдаг, гунигаа тайтгаруулдаг газар бол Гандан гэж харж байгаа. Тийм биз дээ. Харин ч "Богд Зонхова" цогцолбор барих гэж байгаад баяртай байна” хэмээж суусан. Шашин, соёлоо дээдлэхээс эхлээд жуулчид үзэх харах цогцолбор байх нь зүй ёсны хэрэг. Энэ нь болохгүй зүйл биш ч цаг үеэ олоогүй сүсэг бишрэл байв даа. Үүнийг нь Ц.Анандбазар, Ш.Адьшаа нарын гишүүд дэмжиж суусан гэхээр парламент дахь буддистуудын тоо өдрөөс өдөрт өссөөр байгааг харуулсан явдал юм. Мөдхөн парламент нь хууль батлах бус гандан хийд шиг ном хурдаг болох вий гэсэн айдас ч байна.
Өдгөөгөөс хориод жилийн өмнө буюу 2004 онд улсын баяр наадамд шөвгөрсөн цагаас хойш тэрбээр зодог тайлсан гэхэд болно. Тиймээс бизнесийн мөр хөөж, алсын АНУ-ыг зорьж очсон даруйдаа Төвд Ринбүчид шавь орж, гэнэн сахил хүртсэн гэх мэдээлэл хаа сайгүй давалгаалж байсан санагдана. Энэ бол тухайн хүний шүтэх, эс шүтэх эрх учраас хойш тавъя. Бурхан, цогцолбор ч дүүрч. Түүний тухай уул уурхайн салбартай холбогдсон хэд хэдэн баримт хэвлэлээр тэнүүчилж, өөрөө ч энэ тал дээр үзэл бодлоо хамгаалж байгаа нь харагддаг. Өнгөрөгч 2020 оны намар юм даг. Тангараг өргөөд удаагүй тэрбээр Байнгын хорооны хуралдаан дээр “Хайгуулын лиценз олголтыг хөнгөвчил. Байгаль орчноо хамгаална, эх дэлхийгээ хайрлана гэж ярьдаг хүмүүсээс болж найман жилийн дараа Монголд уул уурхай гэж байхгүй болно. Лиценз авсан хүмүүс хайгуул хийгээд ашиглана гэхээр Засгийн газар шалтаг тоочоод ажиллуулдаггүй. Уул уурхайн яам, Засгийн газар нь хаана байгаа нь мэдэгддэггүй” гэх зэргээр байр сууриа илэрхийлдгийн цаана лицензны асуудал байсан бололтой.
Баримт сөхвөл, Ц.Цэрэнпунцагийн 51 хувийг нь эзэмшдэг “Аспайр майнинг лимитед” компани Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд байрлах Могойн голын нүүрсний ордыг ухахаар 2018 оноос хойш янз бүрийн арга хэрэглэж байгаа ч нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч, нутгийн иргэд Ерөнхий сайдаар ажиллаж байсан У.Хүрэлсүхэд хүртэл албан бичиг илгээж байсан удаатай. Үүнийг өдгөө хүн бүхэн мэдэх болсон буй заа. Бизнесийн орчныг дэмжих эрх зүйн бодлого байх ёстой. Үүнд анхаарах ч ёстой. Хариуцлагатай уул уурхай ч эрхэлж, эдийн засгаа тэтгэж дээшлүүлэх зүй ёсны хэрэг бий. Гагцхүү энэ мэт хувийн бизнестэй гишүүд шуудхан л өөрсдийнхөө эрх ашгийг хамгаалсан байр сууриа илэрхийлж, хэтдээ парламентад уул уурхайн бизнестэй нөхдийн эрх мэдэл тогтвол яах вэ гэх асуудал зүй ёсоор тулгарна. Өмнөх буруу замаар гарсан асуудалтайгаа 10 гаруй жил ноцолдоод тодорхой шийдэлд хүрээгүй байгааг ч анхаарахад илүүдэх юун.
Түүний байр сууриас шууд ийм дүр зураг цухалзаж байдагт л түмэн олон эгдүүцдэг байж таарна. Монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнээ өөрийнхөө дүрийг тодруулж, бизнесийн ертөнцөд тодорхой мөрөө үлдээсэн Ц.Цэрэнпунцаг гэгч УИХ-ын гишүүн өнөөдөр улс төрд өөрийгөө бүтээхээр явна. Чухам бөхийн дэвжээ, бизнесийн ертөнцөд өөрийгөө бүтээсэн шиг улс төрд өөрийгөө тодруулж чадах уу, үгүй юу гэдэг нь одоогийн байдлаар эргэлзээтэй.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
завхан гэж аймаг минь хамгийн хөгжил муутай аймгаар тодроод байна олигтой мөнгөтэй хүмүүс ч байхгүй аймаг даа харин цэрэнпунцаг зааныг гарсанд их бэлэгшээж байгаа шүү төрийн болон өөрийн мөнгөтэйгээ хослуулж байгаад ядахдаа оронсууц байгууллагуудыг дулаанаар хангаад өгөөрэй гэж л хүсэж байна даа худлаа намчихрах өвчтэй хүмүүс шүү дээ