Энэ удаад Ж.Золбаяр буюу монгол бадарчин Амайтай ярилцлаа.
-Та дэлхийн олон орноор аялсан. Тэгэхээр тухайн орнуудын хөгжил цэцэглэлтийг үзэж, судалсан л байж таараа. Ер нь улс орны хөгжлийн талаар юу гэж бодож явдаг вэ?
-Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын хөгжиж байгаагийн гол түлхүүр нь юундаа байна вэ гэдгийг маш их судалсан. Судалгааны дүнд нийгэм нь ангилагдсан, өөр өөрийн бүлгүүдтэй, тэр бүлгүүд өөрсдийн ажлаа маш сайн хийдэг систем бүрдсэн тохиолдолд улс хөгждөг юм байна гэдгийг ойлгосон. Манайд холион бантан болчихсон болохоор хөгжихгүй байна. Гэтэл Америкт шинжлэх ухааны ажилтан нь л өөрсдийн чиглэлийн судалгаа, ажлаа хийдэг. Тариачин нь тариагаа тарьж, малчин нь малаа маллаад, бизнесмен нь бизнесээ хийх жишээтэй. Тухайн мэргэжлээр сурсан, мэргэшсэн хүмүүс байдаг болохоор ажлаа маш сайн хийдэг. Гэтэл манайд эсрэгээрээ. Бизнесмен нь УИХ-д орох гээд зүтгэдэг. Тэр битгий хэл, малчид хүртэл тийшээ зүтгэж байна. Тэд нэг зүйлийг ойлгохгүй байна. УИХ-ын гишүүнийг сэхээтэн, ном уншдаг, боловсролтой, бодлого боловсруулах чадвартай хүмүүс хийх ёстой байхгүй юу. Тэд бидний өмнөөс хууль боловсруулж, нийгмийг зохицуулж байх ёстой. Тийм болохоос биш, хэн нэгэн алдартай хүн суудаг шоуны газар биш юм. Үүнийг л монголчууд анзаарч, төрийн ажил гэдгийг хэн хийх ёстойг ухаармаар байна. Нэг үгээр хэлбэл, би эмч болно гээд л болчихдоггүйтэй адил. Заавал сургуулийг нь төгсч, тодорхой хэмжээнд дадлага хийж, ажиллаж байж эмч болдог биз дээ. Гэтэл төрийн тэр том ажилд дэс дараалал гэж байхгүй, дуртай
нэг нь гарч болоод байгааг юу гэж ойлгох вэ. Үндсэндээ өнөөдөр бизнесийн бүлэг л тийшээ зүтгэж байна. Энэ буруу. Одоо сэхээтний бүлгийг тийш нь буцааж оруулах хэрэгтэй. УИХ-ын гишүүн гэдэг бол сэхээтний бүлгийн хийх ёстой л ажил. Тэгж байж улс орон зөв хөгжинө.
-Улс орныг хөгжүүлнэ гэхээр энд тэнд байшин барихыг хэлэхгүй байх. Магадгүй таны аяллын зорилго үүнийг ойлгуулахад оршдог байх, тийм үү?
-Орчуулгын маш олон алдаа Монголд байна. Жишээ нь, "development” гэдэг үг байна. Уг нь дэвшил гэсэн үг. Гэтэл манайхан хөгжил гээд л буруу орчуулчихсан байдаг. Яг үнэндээ хөгжилтэй улс гэдгийг ард түмэн нь баяр баясгалантай орныг л хэлдэг юм билээ. Харин манайхан барилга байшинтай холбож тайлбарлах гээд байдаг. Уг нь ямар өндөр байшин барих вэ гэдэгтээ биш. Ард иргэд нь яавал амар тайван, сайхан амьдрах вэ гэдэг дээр л хөгжлийн бодлого байх ёстой. Түүн дээрээ чиглэсэн бусад асуудлуудаа шийдэхгүй зөвхөн барилга байшин, техник дээр суурилсан хөгжил өөрөө нийгмийг шуналд хүргэдэг. Шунал нь өөрөө бухимдлыг бий болгодог. Түүнээс гадна хүн энгийн зүйлээс таашаал авч чадахаа болиод байнга нэг тэмүүлэлтэй болдог. Үүнийг л иргэдэд онолын хувьд зөв тайлбарлаж ойлгуулах хэрэгтэй байна. Миний аялал, ном бичиж байгаагийн зорилго энэ чиг рүү л явж байгаа. Анхны “Гайхамшигт дэлхий", удахгүй гарах гэж байгаа "Амьдрал сайхан шүү" зэрэг номдоо энэ талаар нэлээд өгүүлсэн.
-Та номоороо энгийн амьдрал гэдэг нь нэг талаараа хөгжил юм шүү гэдгийг тайлбарлаж өгч байгаа хэрэг үү?
-Номуудаараа дэлхийн улс орны хүмүүсийн амьдралыг л үзүүлж байгаа юм. Энэ улсын хүмүүс ингэж амьдарч байна. Ингэж алдаж байгаа гэнэ. Бид үүн дээр нь анхаарах хэрэгтэй юм байна шүү гэдгийг бичиж, анхааруулах зүйлийг багагүй оруулж байгаа. Жишээ нь, Испанид болсон оюутны жагсаал байна. Манай долдугаар сарын 1-ний жагсаалтай төстэй. Гэхдээ манайхаас ялгаатай нь Цагдаагийн газар нь төрийн нударгыг үзүүлдэг биш, иргэдийн аюулгүй байдлыг хангадаг байх жишээтэй. Тэнд жагсч байгаа иргэд осолдох вий, гэмтэх нь үү гэж байнга анхаардаг. Тийм болохоор жагсагчид нь хүртэл цагдаагаа ирэхээр тайвширдаг юм билээ. Гэтэл манайд бол цагдаа нь эрх мэдэлтнийг л хамгаалж байгаа шүү дээ. Энэ мэтийн зүйлийг манайхан дагаасай гэсэндээ номондоо оруулж байгаа. Энэ чинь тухайн хөгжилтэй орноос авах л чанар. Зүгээр л энгийн зүйл байгаа биз дээ.
-Аяллын чиглэлийн ном гаргаад байх шиг байгаа юм. Тэр дотроо улс орныг жолоодож байгаа, хөгжүүлэх бодлого барьж байгаа хүмүүст зориулсан зүйлийг багтааж чадаж байна уу?
-Би номоо УИХ-ын гишүүдэд явуулсан. “Гайхамшигт амьдрал" ном маань бүх гишүүдэд очсон байх. Мөн бүх сайд нарт ч очсон. Тэндээ би "Манайд ийм алдаа байна шүү. Та нар ийм зүйлд анхаармаар байна. Тэр улсад тэгж шийдэж байгаа" гэдэг санаагаа хамт дайсан. Гэхдээ зааж байгаа юм биш. Би өөрөө судлаач учраас үгээ хэлэх эрхтэй гэж бодож хүргүүлсэн юм. Нэг талаараа нийгэмд хандаж байгаа миний хандлага энэ.
-Улс орны хамгийн чухал салбарын нэг нь хил гааль байдаг. Бусад орнуудаар явж байхад хил гааль нь ямар байх юм. Эх орныхтойгоо харьцуулбал шүү дээ. Нэг талаараа хил гэдэг тухайн улсын үүд. Тэндээс л хөгжил нь ямар байгааг мэдэж болдог ч юм билүү?
-Дэлхийн улс орнуудаар явж байхад манай хил, гаалийн шалгалт хатуудаа ордог юм билээ. Яагаад гэхээр манай хилийн шалгалт чинь хүйтэн дайны уед бий болсон процедур болохоор тэр. Монгол Улс, Дундад улсын хилийн зааг маш том хэмжээтэй. Орос, Монголын хил ч ялгаагүй. Гэтэл барууны ихэнх улсуудын хилийн зааг нь арилчихсан байх жишээтэй. Зарим улсууд нь зүгээр нэг амбаар тавьчихсан. Түүнийг нь даваад л нөгөө улсын нутагт нэвтрэх жишээтэй. Гэтэл манайх бол өөр шүү дээ. Яах вэ, нөхцөл байдал нь тийм байхаас өөр аргагүйд хүргэдэг учраас хатуу байх нь зөв гэж боддог.
-Та санааг боломжийнхоо хэрээр өгч чадаж байна. Гэхдээ залуу хүн гэдэг утгаараа улс орны хөгжил, цэцэглэлтэд бодит хувь нэмрээ яаж оруулах вэ?
-Би өөрөө нийгмийн ажилтан хүн учраас нийгмийг яаж өөрчлөх вэ, хаана ямар байна гэдэг мэдээлэл, арга зүйг л хүргэж чадна. Намайг бадарчилж яваад ирсний дараа олон залуус цахим захидал илгээж байгаа. Гадагшаа явахад яах ёстой юм гэдгийг асуудаг. Мөн миний аяллаас үүдээд олон залуус гадагшаа явах сонирхолтой болж. Би тэр замыг нь нээж өгч чадсан байна гэсэн үг. Энэ зам яваандаа тэлээд, нэгэн цагт залуус Африк руу чөлөөтэй явдаг болно. Тэр замыг л нээж байгаа юм.Тэгэхээр нийгмийн ертөнцийг үзэх үзлийг өөрчлөх биш, өөрийнхөө үзсэнийг үнэн мөнөөр нь харуулбал сонирхолтой биз дээ. Хүн өөрийнхөөрөө ертөнцийг үздэг байлаа гэхэд бас минийхээр ертөнцийг үзэж болно. Бас нэг өөр цонх нээж өгч байна л гэсэн үг. Энэ чинь л миний улс орны, залуусын хөгжил цэцэглэлтэд оруулж байгаа хувь нэмэр.
-Манай улсыг хөгжиж байгаа л гэдэг. Гэтэл Улаанбаатарт л хөгжил байна. Аймаг, сумын төвд хөгжил гэж алга. Бусад орнуудын тосгон нь хүртэл хөгжсөн байдаг гэсэн. Тэр тал дээр таны бодлыг сонсмоор байна. Улс нийтээрээ хөгжиж байж л хөгжлийн талаар ярина биз дээ?
-Энэ бол эдийн засагтай л холбоотой. Эдийн засгийн боломж гайгүй бол ямар ч улс жижиг суурингаа ч гэсэн хөгжүүлж чадна. Харин эдийн засгийн боломж, нэгдсэн төрийн бодлого байхгүй цагт бүтэхгүй. Жишээ нь, Улаанбаатар хотын зам нь муу байгаа хэрнээ өдөрт хоёр гуравхан машин явдаг хөдөөний зам нь сайн байна шүү дээ. Өдөрт хэдэн мянган машин явдаг зам нь эвдрэлтэй байхад хөдөө хээр зам засаад байгаа нь өөрөө буруу л бодлого. Харин сүүлийн үед хотынхоо замыг эрчимтэй засч байна. Үүнд би олзуурхаад байгаа юм.
-Таны бодлоор манай улс хөгжиж байна уу?
-Хөгжиж байгаа сайн талууд байгаа. Техник технологийн тал дээр хурдацтай хөгжиж байна. Мөн ардчилал сайн хөгжиж байгаа. Гэхдээ нийгмийн боловсрол, хариуцлага, ухамсар тал дээр жил болгон доошоо бууж байгаа. Зүгээр л сонин хараад сууж байхад урд нь гарч байгаагүй гэмт хэргүүд гарсныг мэдээлж байна. Жолооч нарын зан харилцаа, гэр бүлийн харилцаанаас харахад нийгмийн ухамсар дэндүү дордсон нь анзаарагддаг. Энэ нь яваандаа сөрөг үр дагавар гаргана. Тийм болохоор хөгжлийн ойлголт дээр бүхий л зүйл тэгш байх ёстой. Тэгэхгүй эдийн засаг нь хөгжөөд нийгэм нь орхигдвол сөрөг зүйл их гарна шүү дээ. Тэгэхээр нийгмийн бодлогыг эргүүлэн сэргээж, нийгэмд зөв мэдээлэл өгдөг системийг эргэж гаргах хэрэгтэй л байна.
-Улс орны хөгжлөөс гадна хувь хүний хөгжлийг ярих хэрэгтэй байх. Таны бодлоор залуучуудын хөгжил ямар байна вэ?
-Ерөнхийдөө өндөр хөгжилтэй орны залуустай харьцуулахад манай залуусынх тааруухан шүү дээ. Монголын залуусын ихэнх нь интертайнмент буюу зугаа цэнгэлийн зүйлээс мэдээллээ олж авдаг. Ихэнх нь ийм байгаа. Зурагт төдийхөн л зүйлээс амьдралынхаа ухааныг олж аваад байна. Гэтэл өндөр хөгжилтэй орнуудын залуусын боловсролын байдал маш өндөр. Чанартай боловсрол олж авдаг. Мэдээллийн бааз өндөртэй. Түүнээс гадна өөрсдийгөө таньж мэдэх тал дээр маш их анхаардаг. Өөрийгөө танихын тулд ном уншина, спортоор хичээллэнэ. Хамгийн сайн хийж чадах, мэдэх зүйлээс нээтлээ оролддог, хайдаг. Гэтэл манай залуус болохоор орчиндоо дасан зохицоод л байж байдаг. Өөрийгөө дайчлахаа мартчихсан. Эсвэл тэгэх дургүй. Тэр тал дээрээ л анхаармаар санагддаг юм.
-Залуусын хөгжилтэй холбоод асуухад тамирчдыг эс тооцвол дэлхий дахинд танигдсан хүн алга. Гэтэл өндөр хөгжилтэй орнууд төрийн боддогоор дэмжиж хүнээ дэлхий нийтэд таниулж байна шүү дээ?
-Энэ чинь нөгөө л төрийн алдаатай бодлоготой л холбоотой. Бодлогын талаас нь ярих юм бол олон асуудал байгаа. Тэр нь манай төрийн тогтворгүй байдалтай холбоотой. Дөрвөн жилээр сонгууль болж байгаа болохоор урт хугацааны төлөвлөгөө ч гаргаж чадахгүй байна шүү дээ. Яагаад гэвэл таван жилийн дараа өнөөх гишүүн, сайд нь байхгүй байх юм чинь.
-Та бас үндэсний үзэлтэй, хэв маягтай байя гэсэн санаа гаргаж байгаа. Гадаад хүн Монголд ирээд бидний соёлд тааруулдаг байх талаар. Энэ их сайхан санаа шиг санагдсан?
-Энэ бас л бодлогын төвшинд явуулах ажил. Би Улаанбаатарт ирээд жил болсон байна. Энэ хугацаанд гадаад Монгол гэж дуудаж байгаа. Тэмдэглэл дээрээ ч гэсэн тэгж бичсэн. Яагаад гэвэл, цагдаа гэдэг монгол үг байсаар байтал машин дээрээ "police" гээд л биччихсэн байгаа юм. Тэрийг нь ойлгодог хүн ховор байдаг. Би олон хүнээс "Энэ машин дээр байгаа бичиг нь юу гэсэн үг юм бол" гэж асууж байсан. Ихэнх нь "Мэдэхгүй, гэхдээ л цагдаа байх" гэж хариулж байгаа юм чинь. Иймэрхүү жишээ зөндөө байгаа. Төрийн албан газрууд, телевизээр гарч байгаа зар хүртэл дээрх жишгээр гадаадаар бичсэн байдаг. Бүр шугаманд явж байгаа автобус дээр "bus" гээд л биччихсэн байдаг. Бид эх орондоо таамаглаж, харийн үг уншиж амьдрах ёстой юмуу. Энэ тэмдэг, тэмдэглэгээг чинь бидэнд зориулж байгаа юмуу, үгүй юмуу. Ямар ч гадаадын жуулчин манай улсад ирээд биднийг хэнийг дууриасан сармагчин бэ гэдгийг төвөггүй ойлгож байгаа. Хуучин Оросыг дууриадаг байсан. Одоо ч гэсэн хэвээрээ л байгаа. Гэхдээ дийлэнх нь Англи соёлын нөлөөнд автаж байна. Энэ төөрөгдлөө болиод монгол бичгээрээ бичиж эхэлбэл зүгээр юм болов уу гэж боддог. Монгол нутаг дээр амьдарч байж үндэсний гэх зүйлгүй байгаа нь л ичгэвтэр байгаа юм. Хэт үндсэрхэг үзэлтэй бай гэсэн үг биш. Бид гадны улсуудын соёлыг хүндэтгэх ёстой. Давуу талыг нь авах хэрэгтэй. Гэхдээ эх орондоо үндэснийхээ хууль тогтоомж, ёс жаягаар амьдрах нөхцөл байдлыг нь бүрдүүлэх ёстой юм. Тэгээд гадныхан ч гэсэн манай ёс жаягт нийцүүлнэ биз дээ.
-Гэнэт л дээл өмсч ажилдаа яваад, монгол бичгээр бичнэ гэхээр хэцүү биш үү?
-Бид угаасаа ийм байгаагүй биз дээ. Төрөөс л бичиг үсгээ латин, кирилл болгосон. Түүнээс биш дээлээ өмсдөг, монгол бичгээрээ бичдэг л байсан. Бичиг үсэг кирилл болсноор сөрөг тал их гарч байгаа. Жишээлбэл, зөв бичих тал дээр их алдаа гардаг. Бүр яаж бичих вэ гэдэг дээр хүртэл маргалдаж байна. Энэ чинь бид бие биетэйгээ энгийн харилцаж, санал бодлоо илэрхийлж чадахаа байж байна л гэсэн үг. Олон шинэ үг монгол хэлэнд орж ирсэн. Түүнийг яаж бичихийг одоо болтол шийдээгүй, тогтоол шийдвэр гараагүй л байна. Наад зах нь жийп машиныг жип, жийп гээд л олон янзаар бичиж байна. Уг нь нэгдсэн бодлогоор ингэж бичнэ гээд тогтоогоод өгчих ёстой юм. Үүнээс харсан ч кирилл бичиг биднийг багагүй төөрөгдүүлж байгаа. Тийм болохоор бага багаар монгол бичиг рүүгээ орох нь зүгээр санагдаад байгаа юм.
-Гадны олон орноор аялсан. Тэр хугацаанд улс орноо хэрхэн сурталчилж байв?
-Сургуулиуд дээр очиж лекц унших, ярилцлагад орох ажлыг байнга зохион байгуулж, хийж байсан. Ихэнх оронд Монголоос ирсэн гэхээр гайхдаг. Тэдний хувьд Монгол гэдэг ертөнцийн хязгаарт байдаг мэтээр ойлгодог. Мөн үлгэр домогт гардаг улсын хүн ирчихлээ гэж гайхдаг. Тухайн улсуудад Монголыг домогт гардаг эртний улс, мөхсөн мэтээр ойлгодог юм билээ. Тэр бүгдэд Монгол гэж байдаг юм шүү гэж хэлэхэд сайхан байсан. Хүмүүс тэгж ойлгож байна гэдэг нь өөрөө гоё шүү.
Эх сурвалж: Монголын мэдээ сонин
Сэтгэгдэл ( 0 )