Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, найруулагч Батнасангийн Сүхээтэй ярилцлаа. Тэрээр Монголд музыкл театр байгуулж, дэлхийд гаргах томоохон төслийг санаачлаад байгаа эрхэм юм.
-Монголын музыкл театрын төслийн тань талаар ярилцахаас өмнө уран бүтээлийн товч яриа өрнүүлье. Найруулагч Батнасангийн Сүхээ гэвэл уншигчид сайн мэднэ. Харин ЗХУ-д Театр урлагийн их сургуулийн жүжигчний ангид суралцаж байсан түүх тань анхаарал татлаа?
-Бололгүй яахав, 1982 онд Улсын Драмын Эрдмийн Театрын ахмад уран бүтээлчид Монгол даяар авьяасын эрэлд гарсан байдаг. Учир нь Цэдэнбал Филатова гуай ЗХУ-ын Театр урлагийн дээд сургуульд Монголын анхны хамтлаг жүжигчдийг бэлтгэх анги явуулахаар болсон байж л дээ. Дөрөвдүгээр сарын сүүлчээр юм, би гэж нийслэлийн V сургуулийн төгсөх жил “цэрэгт явна” гэсэн нөхөр сургуулийн хойд талбайд хөл бөмбөг тоглоод шороон царайлаад гүйж явав. Манай захирал Баатар багш намайг өрөөндөө дуудуулж байна. Яваад ортол “Би чамд хайртай” уран сайхны киноны Баяраагийн аавд тоглодог Монгол Улсын гавьяат жүжигчин Заяатын Жарантав багш сууж байна. Амьдралд минь буян хийсэн хүн бол захирал багш Баатар. Намайг З.Жарантав гуайд “Манай сургуулийн урлаг, уран сайхныг нуруундаа үүрч ирсэн хүүхэд” гээд танилцуулж билээ. Захирлын хэлдэг ч бас учиртай.
Би дөрөвдүгээр ангиасаа эхлэн сургууль төгстлөө сургуулийнхаа шинэ жил бүрээр алиалагч болдог, уран сайхны бүх юманд оролцдог байсан хүүхэд л дээ. Тийм учраас намайг онцолсон болов уу гэж баярладаг. Тэгсэн З.Жарантав гуай намайг тавдугаар сарын 5-ны өдөр театрт оч гэлээ. Заасан хугацаанд нь яваад л очсон. Олон хүүхэд бүртгүүлсэн томоохон өрсөлдөөн болж их л олон хүүхдээс 17-г нь сонгож авсан юм. Тэдний дунд Монгол Улсын Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Урнаа, Улаанбаатар хөгжмийн театрын дарга Р.Мөнхсайхан гээд олон мундагууд байлаа.
Хамгийн сонин хувь заяа нь энэ 17 хүүхэд 1982 онд Эрхүүгийн хэлний бэлтгэлд очиж бэлтгэгдээд 1983 онд Москвад Театр урлагийн их сургуульд очиход “Малый” театрын уран сайхны удирдагчийн урилгаар бидний сайн танил, ЗХУ-ын агуу жүжигчин Анатолий, манай ангийг Дмитриевич Папанов удирдан авч, уран сайхны удирдагчаар ажиллаж төгсгөсөн. Бид 15-уулаа төгсөж ирсэнээс одоо бол урлагт дөрөв нь байна. Бусад маань ажил, амьдралын өөр зам хөөсөн дөө.
-Ховор тохиол байж. Папанов гэх тэр том жүжигчний, багшийнхаа талаар дурсахгүй юу. Багшаасаа та юуг авсан бэ?
-Бид "аав аа, папаш" гэж дууддаг байлаа. Ерөөсөө л бидний аав болсон. Театр урлагийн их сургуульд чинь зөвхөн жүжигчний уран чадвар хичээлийг дөрвөн багш заадаг. Хүүхдийг хэвшмэл, тодорхой ганц загварт оруулахгүй гэж ингэж олуулаа хичээл заадаг байсан хэрэг. Папанов багшаасаа хүн байхын, хүн чанарын, мэргэжилдээ эзэн байхын утга учрыг сурсан. Биднийг төгсөхөд "Миний хүүхдүүд амьдрал үнэн юман дээр оршин тогтнодог. Та нар олуулаа төгссөн ч нэг, хоёр жүжигчин л гардаг шүү" гэж байлаа. Одоо хар л даа, манай ангийн Жаргалсайхан, Урнаа хоёр л жүжигчнээр шалгарч үлдэж. Миний хувьд төгсөж ирээд гурван жил орчим жүжигчнээрээ ажиллаад, Соёл Урлагийн Их Сургууль байгуулагдахад багшилж эхэлсэн. Анхны шавь нар минь гэвэл Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан, “Маск”-ын П.Эрдэнэзаан, нэртэй дуу оруулагч, үндэсний үсэглэлийн шүүгч Ө.Наранбаатар гээд олон хүүхэд бий. Дуулаачийн ангийн шавь нар ч бий. Албан бусаар шавь нарын тоо 3000 давчихсан. Урлагт 1987 оноос хойш, оюутны жилээ тооцвол 1982 оноос явж байна. Миний амьдрал тэр чигтээ тайз, дэлгэц, дуурь юм даа.
-Музыкл театрын төсөл рүү өнгийе. Төслийн санаа танд хэзээ, хэрхэн төрөв. Ер нь ямар онцлогтой театрын төсөл юм бэ?
-2000 он гарлаа, шинэ зуун эхэлж буй учраас байх, надад нэг тийм онцгой мэдрэмж төрлөө. Музыкл театр байгуулах санаа төрсөн гэсэн үг. Музыкл бол хөгжмийн өрөө гэсэн үг. 1700-аад оноос үүслийг нь тооцдог юм. Хамгийн хүчтэй хөгжиж үсрэнгүй шатанд гарсан нь АНУ. Өнгөрсөн зууны эхээр хөгжлийнхөө шатуудад дамжиж алхаж явсаар 1940-өөд онд их гайхалтай хөгжсөн. Та бидний өнөөдрийн хамгийн сайн мэдэх "Муурнууд", "Чикаго" гэх зэрэг дэлхийд алдартай их олон музыкл бий. Өнөөдөр Баруун Европын орнууд, Азийн зарим өндөр хөгжилтэй орнууд музыклыг янз бүрийн хэлбэрээр тавьж байна. Музыкл дотроо маш олон төрөлтэй.
-Манайд өмнө нь музыкл тавигдаж байсан түүх бий юу?
-1995 онд "Харанга" хамтлагийн ахлагч Ц.Энхманлай бид хоёр музыкл хийх гэж оролдсон. Ирак ардын үлгэрээс сэдэвлэж зохиолыг нь би бичээд, Ц.Энхманлай хөгжмийг нь хийсэн. Жоомны тухай музыкл. Тэр үед их сонин ухамсартай байв. Маш их ичдэг. Түүнээс үүдээд "музыкл" гэж нэрлэж чадахгүй, “Монголын анхны рок драм” гэж гаргаж байлаа.
2022 он гарчихаад байхад Монгол Улсад мэргэжлийн тавхан театр л ажиллаж байна. Нийслэлдээ тавхан театртай улс манайхаас өөр байдаггүй байх. Хоёрдугаарт, дэлхийн алхаа гишгээтэй хөл нийлүүлье гэж бодож л байгаа бол манай улсад Музыкл театрын орон зай байх ёстой. Үүнийг 20 орчим жил бодож, төслөө ч гаргалаа. Энэ төсөл маш өндөр ач холбогдолтой. Зах зээлийн 30 жилд бид хамгийн эхлээд хүн байхын утга учраа алдчихлаа. Нийгэмд хар муу зүйл, гэмт хэрэг давамгайлах боллоо. Нөгөө талаар мэргэжлийн театруудын үзэгчид тодорхой хүрээнийх л байна. Сайн муу гэж хэлэх боломжгүй. Би Урлаг судлалын ухааны докторын хувьд шүүмж бичиж болно. Гэвч ганц театрыг юутай харьцуулж бичих билээ. Гэтэл Москвад 300 гаруй театр байна. Тэр их өрсөлдөөн дундаас дандаа шинэ, соргог бүтээл гардаг.
-Тэгвэл Музыкл театрын хэрэгцээ байна гэж үзэж байгаа байх нь ээ?
-Мэдээж тийм. Мэргэжлийн театруудыг яриад байгаа учир нь тодорхой хүрээлэлтэй гэж хэллээ шүү дээ. Нөгөө талаар, монголчууд хэдэн зууны түүхтэй дууч ард түмэн. Дууч ард түмэнд эгэл жирийн Торой бандийнхаа намтрыг, эгэл жирийн монгол ардын домог дууль харилцаа дуутай, яриатай, бүжигтэй. Энэ чинь л музыкл. Тиймээс маш олон хүнийг хамрах боломжтой төсөл юм. Төсөлд тусгагдсан нэг зүйл бол театрын үнийн бодлого. Оюутнаасаа эхлээд бүхий л давхаргынхан үзэх боломжтой тасалбарын үнэ санал болгоно. Оюутанд 3000, үйлдвэрийн ажилчдад 5000, сэхээтнүүдэд 10000, компанийн дундаж орлоготой хүмүүст 20000 төгрөгөөр тоглож болно. Мэдээж үнэтэй хэдэн гоё суудал байна.
-Ингэж ялгах нь зөв байж чадах уу?
-Угаасаа музыкл түүх тийм. Тариачдад гурван копейк оюутнуудад таван копейкоор тоглодог. Энэ бодлогын зөрөөн дээр театр оршин тогтнодог.
-Уран бүтээлчдийн хувьд ямар байх вэ?
-Энэ бол 473 хүний орон тоотой том төсөл. Монгол Улсад ийм том орон тоотой театр байхгүй. Музыкл театрт үндэсний онцлогоо хадгалсан Үндэсний их найрал, зургаан хүний бүрэлдэхүүнтэй рок-эстрад хөгжмийн хамтлаг байна. Мөн гурваас таван балетмейстер, гурваас таван дууны найруулагч ажиллана. Хэн авьяастай нь дуулна, гол дүр авна, бүжиглэнэ. Цагаан дарь эх, Ногоон дарь эх, Чойжид дагина гээд гурван бүтээл тавихад л тэсрэлт хийнэ. “Ертөнцийн гурав”-аараа л музыкл хийхэд дэлхий цочино. Яруу сайхан монгол хэлийг дэлхийд гайхуулах ёстой.
-Санхүүжилтийн эх үүсвэр хаанаас байх вэ?
-Харьяаллын хувьд улсын театр байх нь зөв. Тэгвэл боловсон хүчин, уран бүтээлчдийн бодлого арай өөр шатанд тавигдаж энэ театр оршин тогтнох болно. Үндсэндээ улсаас татаас авна гэсэн үг л дээ. Яах вэ, манайхны урлаг ойлгодог, дэмждэг бизнесмэн хүмүүс энэ театрыг байгуулбал ерөөсөө таван жилийн дараа буцаад валютаар орлогоо олдог болно.
-Та энэ төслөө төр засгийнханд, холбогдох хүмүүст уламжилсан уу?
-Гол зүйл нь л энэ байна. Соёлын яаманд, Ч.Номин сайдад хаяглаад явуулсан. Гэвч одоог хүртэл сайдад өөрт нь хүрээгүй байна билээ, гайхаад л байдаг юм. Цаашлаад төслөө Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид уламжлах хүсэл бий. Эхлээд заавал мэргэжлийн, том байр сав барих гэж яарахгүй. Манайд Соёлын төв өргөө гэж хошин шог тоглохоос бусад үед цоожтой том сав бий. МҮОНРТВ гэхэд хурал хийхдээ л хэрэглэдэг мундаг том заалтай, Хүүхдийн урлан бүтээх төв гэхэд л баруун жигүүртээ 550 хүний суудалтай, эргэдэг тайз, галерейтэй мэргэжлийн театр шиг барилгатай. Эднийг ашиглах бүрэн боломжтой.
Дараагийн хувилбар бол Улаанбаатар хоттой ойролцоо аль нэг аймгийн Хөгжимт драмын театрыг "Монгол Улсын Музыкл театр" болгож болно. Тухайлбал, Хэнтий аймагт театрын шинэ барилга баригдаж байгааг "Хан хэнтий" чуулга нь л ашиглана гэж байна. Хэдэн жил ингэж явах вэ? Уг нь аялал жуулчлал хөгжиж байгаа аймаг шүү дээ. Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар Хэнтийгээс нэр дэвшиж, гарч ирсэндээ ч биш. Их хааны өлгий нутаг учраас л хөгжүүлэх ёстой аймаг юм. Үүний хамт бусад аймгийг ч адилхан хөгжүүлэх ёстой. Өвөрхангай аймгийн Хархорин сумыг харахаар яс хавтайдаг. Сүм хийдийг нь хар, яасан муу менежменттэй юм бэ? М.Энхболдыг Ерөнхий сайд байх үед Төв аймагт таван тэрбум төгрөгийн өртгөөр баригдсан "Монгол туургатан" театр одоо 30 гаруйхан хүнтэй байх жишээтэй. Тэр том саванд дарга тогтдоггүй, ирсэн дарга нар нь бүгд дуучин. Уг нь тэдэнд буруу байхгүй л дээ. Гол нь манайхан боловсон хүчнээ бэлдэхгүй байгаагийн жишээ. Ийм учраас манайд Музыкл театр ус, агаар мэт хэрэгтэй байгаа юм.
Өөр нэг онцлог бий. Монголд өнөөдөр урлагийн хэдэн сургууль байна вэ? Төгссөн тэр олон хөгжимчин, дуучин, жүжигчин хаачих вэ? Төвийн урлагийн байгууллага цөөн, байгаа хэддээ Хөдөлмөрийн хуулиар насны хязгаар заачихдаг. Шинэ төгсөгчид, тэтгэвэрт гарсан уран бүтээлчид ажил олоход хэцүү. Харин энэ төслөөр бол Музыкл театрт тэд чинь л хэрэгтэй. Хөгжимчин гэхэд 80 хүн, цахилгаан хөгжимчин зургаа, 15-20 гоцлол дуучин хэрэгтэй.
-Манай улсын соёлын бодлого бүтээлээ гадагшаа экспортлох тухайд төвлөрч байгаа. Таны төсөл үүнтэй уялдах уу?
-Товчхон хэлэхэд, Музыкл театр байгуулагдлаа гэхэд дэлхийг цөмлөнө. Та намайг ам дагуулж байна гэж битгий бодоорой! Дэлхийд гайхагдаж байгаа “Хү” хамтлагийн идеа анхнаасаа надад байсан. Миний энэ төсөл “Хү”-гээс илүү амжилт дагуулна. Манай Морин хуурын чуулга гэхэд Японы хамгийн том концертын танхимд шуугиулж байсан шүү дээ. Тэгвэл монгол рок музыкл “ална”. Энэ театр үүсгэн байгуулагдсанаас хойш таван жилийн дотор Монгол дахь тоглолтын тасалбар нь олдохгүй болно. Дэлхийн энд тэнд явж тоглодог театр болно.
-Ер нь монголчууд бид дэлхийд юугаараа “сонин” юм бэ?
-Бид нарт хөх тэнгэр нь, шүтдэг хайрхнууд нь, нулимсаа угааж чаддаг ариун тунгалаг гол, мөрөн нь байна. Монгол угсаатан гэдэг чинь бий болсон цагаасаа хойш л "Хөхөө Намжил"-ын домгоос өгсүүлээд дуу хуурнаас салаагүй ард түмэн шүү дээ. Нэмээд бидэнд морин хуур, хөөмий, бий биелгээ гурав байна. Энэ бол дэлхийн сонгодог. Энэ сонгодгийг дэлхийд түгээхийн төлөө Музыкл театр маань явж таарна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 0 )