Алслагдсан 13 баг “Юнител”-ийн өндөр хурдны сүлжээнд холбогдлоо

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

УИХ-ын гишүүн Н.Ганибал, Ж.Батсуурь нар Сүхбаатар аймгийн Мөнххаан, Уулбаян, Сүхбаатар, Асгат, Онгон, Баяндэлгэр, Халзан суманд энэ сарын 5-13-ны өдрүүдэд ажиллаж байна. Гишүүд, хөдөөгийн 20 багийн 2000 орчим иргэнтэй уулзан, УИХ-аас баталсан зарим хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, цаг үеийн асуудлуудаар санал солилцжээ.

Энэ үеэр улсын төсөв болон “Юнител” группийн хамтарсан хөрөнгө оруулалтаар алслагдсан 13 багт үүрэн холбооны өндөр хурдны сүлжээ нэвтрүүлж байгааг ашиглалтад хүлээн авав. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Н.Ганибал нарын мөрийн хөтөлбөрт  Сүхбаатар аймгийн нийт нутаг дэвсгэрт, тэр дундаа хөдөөгийн алслагдсан багуудад харилцаа холбооны сүлжээ оруулахаар тусгасан. Мөн сүлжээг өргөтгөх, найдвартай ажиллагааг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорин, шаардлагатай хөрөнгийг улсын төсөвт тусгуулах, Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангаас хөрөнгө оруулалт татах талаар санал санаачилга гарган ажиллалаа. Үүний үр дүнд өнөөдрийн байдлаар нийт 15 багийг шинээр холбоожуулаад байна. Есдүгээр сарын сүүлээр Эрдэнэцагаан сумын хөдөөгийн багуудад Юнителийн 4G сүлжээ нэвтрэх бөгөөд үлдсэн багуудыг ирэх онд багтаан, өндөр хурдны сүлжээнд холбоно гэдгээ гишүүд хэлж байна.

Малчны хотноосоо утсаар ярьж, интернэтэд холбогдон,  аливаа мэдээллийг цаг алдалгүй авч, төрийн болон бусад олон төрлийн үйлчилгээг гэрээсээ шуурхай авах боломж бүрдэж байгаад баяртай байгаагаа иргэд илэрхийлж байв.

Мөн мал махны үнэ цэнийг өсгөх, хэдийнэ үнэгүйдсэн малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрүүд хөдөө орон нутагт байгуулах  төрийн бодлого дутагдаж байгаад шүүмжлэлтэй хандаж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top