Нийслэлийн Засаг даргын 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах зарим арга хэмжээний тухай” А/1025 дугаар захирамж, Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнийн баталсан удирдамжийн дагуу өрнүүлсэн "Яндангаа хөөлье-Өнтэй өвөлжье" аяны хүрээнд 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, мэдээлэл, заавар зөвлөгөө өгөх сургалт өнөөдөр (2022.09.16) зохион байгуулагдаж байна.
Уг сургалтын зорилго нь Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдийн иргэдэд стандартын шаардлага хангасан зуух хэрэглэх, угаарын хийн мэдрэгч төхөөрөмжийн ашиглалтын заавар, сайжруулсан түлшний зөв галлагааны талаарх зөвлөмж, угаарын хийн эрсдэлд өртсөн тохиолдолд үзүүлэх анхан шатны тусламж, мэдээ мэдээллийг иргэд олон нийттэй ойрхон ажиллаж байгаа хороодын засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нараар дамжуулан сургалтаас өгсөн заавар, зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах юм.
Орчны бохирдлыг бохирдлыг бууруулах Үндэсний хорооны Ажлын албаны дарга
Б. Алтанзул сургалтыг нээж хэлсэн үгэндээ 2022-2023 оны өвөлжилтийн бэлтгэлийг эрчимжүүлэх, эрсдлүүдийг бууруулах чиглэлээр энэ сарын 02-ны өдрөөс ирэх сарын 02-ны өдөр хүртэл нэг сарын аян өрнүүлсэн талаар дурдаж, өнгөрсөн жилийн алдаа дутагдлыг давтахгүйгээр сургалтаар өгсөн зөвлөмж, мэдээллийг хэрэгжүүлж, эрсдэлгүйгээр өнтэй сайхан өвөлжихийг уриалсан юм. Агаарын бохирдол буурахад иргэн бүрийн оролцоо дүүрэг хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын нэгдэж ажилласан хүчин чармайлт ихээхэн нөлөөлсөн гэдгийг ч мөн тодотгон хэллээ.
Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын дарга Ц.Ганболд: Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын нэн тэргүүний тулгамдсан асуудал бол агаар, орчны бохирдол бөгөөд их хотоо эрүүл, эко, таатай амьдрах орчинтой хот болгохын төлөө Нийслэлийн удирдлагын баг Засгийн газар, холбогдох яамд, олон улсын байгууллага, хувийн хэвшилтэй нягт хамтран ажиллаж байгаа тухай дурьдаж, Агаар, орчны бохирдлыг бууруулахад хийж хэрэгжүүлж буй ажлын талаар танилцууллаа.
Тус сургалтаар Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын АЧХЗБХ-ийн дарга Г.Даваажаргал “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зөв галлагааны зааварчилгаа”, Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын БХХ-ийн ахлах мэргэжилтэн Э.Батцэцэг “Өвөлжилтийн бэлтгэл ажил хангах тухай”, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Агаарын чанарын хяналтын хэлтсийн ахлах мэргэжилтэн Б.Угтахбаяр “Угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, зуухны стандартыг хангуулах “, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Сургалт, гадаад харилцааны албаны дарга Б.Тэгшжаргал “Угаартахад үзүүлэх анхны тусламж”, “Таван Толгой Түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны дарга Ч. Буянжаргал “Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн үйл ажиллагаа” зэрэг сэдвийн хүрээнд заавар, зөвлөгөө, мэдээ мэдээллийг хүргэлээ.
Сургалтад Нийслэлийн 7 дүүргийн хороодын Засаг дарга, зохион байгуулагч, хэсгийн ахлагч нарын 250 гаруй албан хаагч нар хамрагдаж байна.
Сэтгэгдэл ( 0 )