Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 106 жилийн ой энэ сарын 17-нд тохиож, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй Засгийн газрын төлөөлөл, МАН-ын ажлын алба, Ю.Цэдэнбал академи, төрсөн дүү Юмжаагийн Жавзан болон бусад хүмүүс хөшөөнд нь цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Энэ үеэр Ю.Цэдэнбалын намтар судлаач, түүхч Ц.Жамбалсүрэнтэй ярилцлаа.
-Маршалын 106 жилийн ойг тэмдэглэж буй гол онцлог юу вэ?
-Эрхэм хүний төрсөн өдөр, мэндэлснийх нь 106 жилийн ойг монголчууд сайхан тэмдэглэж өнгөрүүллээ. Өнгөрсөн жил түүнийг Монголын шүүх цагаатгасан. Мөн түүний гэргий А.И.Филатова гуайг ч цагаатгасан. Энэ бол түүхийг үзэх, бид өнгөрснөө эргэж харах, судлахад том өөрчлөлтийг авчирч байна гэж би хувьдаа бодож байгаа. Тухайлбал, энэ хүмүүсийн намтар түүхтэй холбоотой. Яагаад гэвэл нэг үе их улстөржсөн, өмнөх түүхээ муучлах хандлага их байсан. Тэгвэл шүүхийн шийдвэр гарлаа. Тэд бол түүхэн цаг үеийн хүмүүс. Тэр үеийн түүхээ бид болж бүтэх хэмжээгээр авч үзэж ойлгох юм бол, тэр хүмүүс эх орныхоо төлөө, ард түмнийхээ төлөө зорьж ажиллаж байсан. Түүхэнд хараар тэмдэглэгдэж үлдэх ямар ч зүйл хийгээгүй. Харин ч эх орон, тусгаар тогтнолынхоо төлөө ихийг хийж бүтээж, улс орон, нийгмийн хөгжлийг урагшлуулах том зорилтыг дэвшүүлж, түүнийгээ хэрэгжүүлсэн, тархай бутархай нүүдлийн мал аж ахуйг хамтын, хоршооллын өмчид шилжүүлж, аж үйлдвэрийн орон болгох шилжилтийг хийсэн. Тэгэхээр энэ бүхнийг шүүмжлэх, муучлах хэцүү. Бид хамтын хөдөлмөр, хоршооллыг одоо ч гэсэн хөгжүүлж болж байна. Социализмын үед газар тариаланг шинээр хөгжүүлсэн. Үндэснийхээ хэрэгцээг гурил, будаагаар хангах хэмжээнд хүрч очсон. Тээвэр, холбоо, дэд бүтцийг чадах ядахаараа хөгжүүлсэн. Төмөр замтай болсон. Засмал замтай болох үндсийг тавьсан. Тэгэхээр нийгэм эдийн засгийн энэ иновацлалыг нүүдлийн мал аж ахуйтай, тархай бутархай байсан улс орноо энэ хэмжээнд хүргэсэн нь тэр үеийн хүмүүсийн нөр их хөдөлмөр шүү дээ. Энэ бүхнийг бид үнэлж үзэх шаардлагатай. Гадаад харилцааны хувьд ч томоохон өөрчлөлтийг хийж чадсан. Гадаад харилцааг хөгжүүлэх замаар Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг улам бэхжүүлсэн. Орчин цагт гадаад харилцааг либералчилна гэж ярих болсон. Тэгвэл үүнийг монголчууд ХХ зууны үед хэрэгжүүлчихсэн. Нийгмийн янз бүрийн байгуулал бүхий 120 орчим оронтой дипломат харилцаа тогтоосон. 60 гаруй оронтой худалдаа, эдийн засгийн харилцаатай байсан. Энэ мэтчилэн чадах чинээгээрээ гадаад бодлогоо чөлөөтэй болгох, олон оронтой харилцаа тогтоох бодлогыг явуулсны дүнд НҮБ-ын гишүүн болж байж. Хоёр том хөршийн дундах, хязгаар нутгийн жижиг буурай орноо тэр хэмжээнд аваачина гэдэг хэн ч юу ч гэж хэлж муучилж, гоочилсон тодоор үлдэх дэвшил гэж би боддог.
-Түүний төрсөн өдөр номын баяртай давхцдаг юм байна. Нийгмээ соён гэгээрүүлэхэд түүний оруулсан хувь нэмрийг судлаачийн хувьд та юу гэж дүгнэдэг вэ?
-Энэ бол санаандгүй давхцал байх. Гэхдээ маршал өөрөө ном их уншдаг хүн байсан юм шүү дээ. Дээд боловсролтой Монголын анхны сэхээтэн байсан. Энэ үүднээсээ Монголд соёл, боловсролыг хөгжүүлэх нь юу юунаас чухал гэдгийг маш сайн ойлгож, энэ чиглэлд маш том өөрчлөлтийг хийж чадсан. Бүх нийтээрээ бичиг, үсэгтэй болсон. Ном, сонин хэвлэлийг дэмжсэн бодлого явуулсан. Ном уншилтаар манай улс социалист орнууд дотор хоёрдугаар байр эзлэх хэмжээнд хүрч, тийм ихээр ном уншдаг үндэстэн болсон. Хүмүүсийн ахуй амьдралд соёлыг нэвтрүүлж, соёлын хувьсгал хийсэн. Соёлын энэ хувьсгал бол асар их ач холбогдолтой. Энэ бүхнийг Монголын ард түмэн бүх нийтээрээ хэрэгжүүлж чадсан. Нийгэм, улс орны энэ том үйл явдлуудын цаана олон түмэн байхаас гадна тэр үйлсийг оройлж, манлайлж байгаа хүмүүсийн гүйцэтгэх үүрэг маш чухал. Энэ үүднээс авч үзвэл, Ю.Цэдэнбал дарга бол нийгмийн асар том өөрчлөлтийг хэрэгжүүлэх, нийт монголчуудынхаа тэр тэмцлийг манлайлж байсан лидер гэдэг утгаар, түүнийг бид үнэлэх ёстой юм. Ингэхдээ хийж бүтээсэн ажил, хэрэгжүүлсэн бодлого, хүрсэн үр дүнгээр нь хэмжих ёстой. Тэгэхээр Ю.Цэдэнбал бол Монголын сэргэн мандал, тусгаар тогтнолыг хангаж чадсан удирдагч.
-Түүний удирдлагын он жилүүдэд Оросын колони байсан мэтээр ярьж, бичдэг хүмүүс бас бий. Та ямар тайлбар хэлэх бол?
-Сүүлийн 30 жилд зарим хүмүүсийн зүгээс тэгж их ярилаа. Ер нь бол манай улс Оросын хараат байсан уу гэвэл би “тийм” гэж хэлнэ, гэхдээ хашилтад хэлж байгаа юм шүү. Яагаад гэвэл, ганц сая хүрэхгүй хүн амтай жижиг орон, Орос мэтийн 200 сая гаруй хүнтэй асар том гүрнээс хараат бус байна гэж ер нь юу байх билээ. Тэрбум хүнтэй Хятадаас хараат бус байна гэж юу байх вэ. Тэр том гүрнүүдийн нөлөө, геополитикийн тийм нөхцөлд хамгийн гол нь Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг авч үлдэж, харин тэр улсуудтай олон улсын харилцааны жам ёсны дагуу дипломат харилцааг хөгжүүлж, улсаа хөгжүүлсэн, ард түмнийхээ аж амьдралыг дээшлүүлж чадсан. Нөгөө талаас дэлхийн хамгийн том гүрнүүдтэй тэгш эрхийн гэрээ байгуулж чадсан. Түүний үндсэнд тусламж, дэмжлэгийг нь авч хөгжиж байгаа улсыг колони гэх үү. Харин ч тусламж, дэмжлэгийг нь авч улсаа аж үйлдвэрийн орон болгосон байна шүү дээ. Тэгэхээр энэ бол тухайн хүмүүсийн түүхэнд хандах хандлагаас шалтгаалсан дүгнэлтүүд гэж би боддог. Нэг үгээр хэлбэл, манай улс тэр үед Оросын “хараат” байх нь байсан, гэхдээ колони гэх нь юу юм бэ. Энэ үгийг би хашилтад хэлж байгааг ойлгож байгаа гэж найдна. Колони гэдэг чинь Африкийн орнуудад бэлээхэн байж л байна. Өөрийн гэсэн байр суурьтай, түүнийгээ илэрхийлчихдэг, даян дэлхийн асуудалд саналаа оруулдаг, дэлхийн хэмжээний санаачилга гаргачихдаг, жижигхэн хэрнээ том дуу хоолойг илэрхийлж чаддаг орон байсан юм шүү, Монгол Улс.
-Түүний баримталсан бодлогын тухай та ямар дүгнэлт хийв?
-Ер нь бол Ю.Цэдэнбал геополтитикийн тийм хэцүү нөхцөлд маш ухаалаг бодлого баримталж ирсэн. Төрд гарсан хүн болгон ийм бодлого баримталж түүх бүтээж байна уу, үгүй юу. Том гүрний хажууд “хараат байсан” гэж ярих, бичих нь улс төр биз дээ, би тэгж л ойлгосон. Тэглээ гээд бид хөршөө сольж чадахгүй шүү дээ. ОХУ ч, Хятад улс ч гэсэн олон талаар геополитикийн нөхцөлд оршиж байгаа. Жишээ нь, урд хөрш манай улсаас их хэмжээний нүүрс авахгүй бол болохгүй учраас л авч байгаа. Ухаантай улс тэрийг авч нөөцөлдөг гэж ярьдаг. Магад тэр нь улс төрийн бодлогын ухаантай холбоотой асуудал биз. ОХУ-д эх орны дайны үед жижигхэн Монгол тусламжийн гараа сунгаж, баярлуулж байсан. Тэр бол дайн, түрэмгийллийн эсрэг явуулсан бодлого. Тэрийг хараат, колони улс болохоороо тусламж явуулсан гэх үү. Фашизмыг эсэргүүцсэн энхтайванч бодлого, их гүрнүүдийн эвсэлд нэгдсэн гэх үү, энэ бол хандлагын л асуудал. Фашизмын эсрэг тухайн үед олон орон нэгдсэн. Энэ том үйл хэрэгт Монгол Улс дуу хоолойгоо нэгтгэснээр энхтайвны үйл хэрэгт идэвхтэй оролцдог, бие даасан бодлоготой гэдгээ харуулсан. ХХ зууныхны бүтээсэн эрх чөлөө, тусгаар тогтнол, сэргэн мандал, тэмцэл, гадаад харилцааны хөгжил, соёл боловсрол ийм юм. Манай улсын туршлагыг олон орон уншиж судалж, зарим нь гайхан биширч байдаг юм шүү дээ. Тэгэхээр бид түүхээ өөрсдөө судалж, ойлгож, түүхэн хүмүүсийнхээ алдар гавьяанд хүндэтгэлтэй ханддаг байх учиртай.
-Та маршал Ю.Цэдэнбалыг хэзээнээс судалж эхлэв?
-Түүнийг судлах болсон шалтгаанаа тодруулбал, 1980-аад оноос хойш бүгд түүнийг харлуулан доромжилж, гүтгэлэг, доромжлол, хэлмэгдүүлэлт, хохироох явдал гарах болсон. Иймд 1993 оноос түүний түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, удирдагч хэдий ч бодит байдалд ямар хүн байв гэдгийг судалж эхэлсэн. Одоо ч судалж байна.
-Хэлмэгдсэн, хэлмэгдүүлсэн тухайд та юу хэлэх бол?
-Зарим хүн Н.Багабанди, П.Очирбат нарын үед зарлиг гаргаж түүнийг цагаатгасан гэдэг. Цагаатгах гэдгийг зарим нь буруу зүйл хийсэн хүн дээр ярьдаг. Тэгэхээр Ю.Цэдэнбал ямар ч буруу зүйл хийгээгүй гэлцдэг. Бас түүнийг олон хүнийг хохироосон учраас муулаад явж байя гэх нь ч байдаг. Нийгэм ийм олон янзын үзэл бодолтой явж ирсэн. Үүнээс аль нь монголчуудын хувь заяанд зөв бэ, яавал Монгол төрийн тэргүүн, жирийн иргэн хэн ч хохирч хэлмэгдэж болохгүй гэсэн хүний эрх, дэлхий нийтийн зарчмыг биелүүлэх вэ. Эсвэл чимээгүй, тоохгүй байгаад байх уу. Энэ мэт олон асуулт манай нийгэмд байсаар ирсэн. Эндээс дүгнэхэд Монголын өнөөгийн нийгэмд нэгдмэл үзэл бодол байхгүй болчихож дээ. Олон ургальч үзэл байх ёстой ч тэр нь хэтрэхээр юу болох билээ. Үнэнийг худал гэж харлуулдаг, харыг цагаан, цагааныг хар гэж ярьдаг, шударгыг шударга бус гэж ойлгуулдаг. Юм хийсэн хүнийг хийгээгүй гэж сурталчилдаг, хийгээгүйг хийсэн болгож тулгадаг сонин нийгэм болчихож. Энэ бүхний эцэст шүүхийн шийдвэр гарлаа. Тэр хүн Монголын төрийг 44 жил удирдсан. Ажлаа хийж байх явцад алдсан, оносон зүйлүүд бий байх. Гэвч орчин цагийн Монгол Улсыг 1940-1984 он хүртэл байгуулан бэхжүүлсэн гавьяатай. Түүний хажуугаар нийгэмд янз бүрийн үйл явдал болсон байх. Доод шатанд, хүмүүсийн хооронд өрнөсөн бурууг Төрийн тэргүүнд тохсон маргаантай зүйл ч олон. Нарийн судалбал, тэр үед манайд жижигхэн төрийн эргэлт, иргэний дайн маягийн зүйл болсон. Энэ бүхнийг нарийн сайн судлах учиртай. Ю.Цэдэнбал насан туршдаа улсынхаа төлөө хөдөлмөрлөсөн хоёр дайны ахмад зүтгэлтэн. Түүний хань орос эмэгтэй эр нөхрөө хайрлах сэтгэлийн үүднээс Монголын хүүхэд, залуусын төлөө ихийг хийж бүтээсэн. Том хүү нь СЕВ-ийн орнуудтай харилцдаг, тусламж дэмжлэгийг нь Монголд оруулж ирдэг, улс орныг хөгжүүлэх бүх зохицуулалтад ажилласан. Гэтэл Ю.Цэдэнбалыг Үндсэн хуулийн бус аргаар ажил албанаас нь холдуулаад зогсохгүй, эхнэрийг нь ажилгүй болгож, хүүг нь намаас хөөж ажлыг нь авсан. Бага хүүгийнх нь паспортыг хурааж хааш нь ч явуулахгүй хорьсон. Нэг ёсондоо гэр бүлээр нь хэлмэгдүүлсэн.
-Та амьд сэрүүнд нь уулзаж байв уу. Хүнийхээ хувьд тэр хэн байв?
-Би Москвад байхад нь 3-4 удаа, Монголд нэг уулзсан. Зөөлөн тогтуун, хүний аяар, бусдыг их сонсдог, найрсаг, хууч хөөрч инээж суудаг хүн байсан. Албаны ажил ярьсан ч чанга дуугардаггүй. Төрийг хатуу цагт удирдаж байсан гэхэд тийм зөөлөн байсныг би их гайхсан. Одоо ч тэр гайхширлаа тайлж чадаагүй явна. Түүний тухай 400-500-гаад хүний дурсамж, ярианы тэмдэглэл надад бий. Аливааг сайнаар ярьж, эвээр зохицуулж, ухаанаар шийддэг, хүнд сэтгэлээрээ ханддаг байсан гэж дурсдаг юм билээ, хамтран зүтгэгчид нь.
-Ерөнхийлөгч У.Хүрэлсүх маршалын хүү Ц.Зоригийг намар ирээч гэж урьсан гэсэн, ирсэн үү?
-Өнгөрсөн намар ирэхийг урьсан ч тэр үед Москвад бие нь тааруухан, эмчлүүлж байсан учир Монголд ирж чадаагүй. Хавар ирээд буцсан. Энэ сарын сүүлээр ирнэ. Хавар ирэхдээ Дархан, Эрдэнэтээр явсан. Маршал Дархан хотыг анх байгуулахад хэрхэн чармайж хөөцөлдөж байсан талаар, тэр нь ямар ач холбогдолтой байсныг монголчууд уншиж, судалсан байх. Тэр дурсгалт газруудаар явж, аавынхаа хөшөөний нээлтэд оролцсон. Би тэр үед хамт явсан юм. Эрдэнэт хот музейдээ Ю.Цэдэнбал даргын танхим байгуулсан юм билээ. Түүгээр хамтдаа орж, тэнд байдаг маршалын хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлсэн. Мөн Дарханд Ю.Цэдэнбалын нэрэмжит гудамж байдаг, мөн хөшөөнийх нь суурийн шавыг тавьсан. Увс нутгийнхны наадамд урилгаар очиж оролцсон. Төрийн баяр наадмыг үзэж сонирхсон. Ингээд буцсан даа.
-Ц.Зориг ирэхээр хандив цуглуулдаг, энд тэндээс их мөнгө авдаг гэж нэр бүхий хүмүүс сошиал ертөнцөд жиргэж, шүүмжилж байсан. Энэ үнэн юм уу?
-Ц.Зориг телевизэд өгсөн ярилцлагадаа мэдэгдсэн. Монголын төр, засгаас 100 жилийн ойгоор нь 15 сая төгрөг өгсөн юм билээ. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн музейн эд зүйл ачсан жижиг контейнор Москвагаас Монгол руу авчрахад нь санхүүгийн туслалцаа үзүүлсэн. Үүнээс өөр хандив, тусламж өгсөн хүн байхгүйг өөрөө хэлж байна лээ. Үнэндээ бол Ц.Зориг ирээд хандивын аян өрнүүлсэн юм байхгүй. Нутагтаа ирээд эцгийнхээ музейг байгуулах асуудлаар төр, засгийн удирдлагуудтай уулзсан, үүнд анхаарах байх гэж бид найдаж байгаа.
Харин Увс аймагт нэг хөдөлгөөн өрнөсөн юм байна. Тэр нь Ю.Цэдэнбалын хөшөөг барих, дурсгалыг мөнхжүүлэх сайн дурын хөдөлгөөн. Ер нь бол Ц.Зориг аавынхаа тухай түүхэн ном бичиж байгаа, бүх материал нь Монголын архивт байна. Тэр үйлсийг увсчууд дэмжих хөдөлгөөн өрнүүлээд байгаа. Ц.Зориг бол эцгийнхээ талаар судлах, ном бичих, музейг байгуулах ийм л ажлаар хоёр улсын хооронд ирж очдог. Музей байгууллаа гэхэд хаана юу байсан бүхнийг мэдэх, юу нь алга болсон, хураагдсан эд зүйлд юу байгааг мэдэх хүн ганц тэр. Тиймээс Ц.Зориг энд байх ёстой гэж ах дүүс нь үзэж байгаа. Ер нь бол маршалын өв хөрөнгийг нэхэмжлэх, улмаар музейд шилжүүлэх эрх түүний газар дээр үлдсэн төрсөн ганц хүүд бий.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
Үхсэн хүний төрсөн өдрийг тэмдэглэсэн бололтой юм Жамбалсүрэн гэгч.