Чингис хаан музейн нээлт болж Төрийн тэргүүн, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, урлаг, соёл, спортын алдар хүндтэй эрхмүүд болон гадаад улсуудаас манай улсад суугаа Элчин сайдууд хүрэлцэн ирж оролцлоо. Мөн Төрийн есөн хөлт цагаан тугийг залсан нь бас нэгэн онцгой үйл явдал болсон. Чингис хаан музей нь нийтдээ үзмэрийн найман танхим, 12 мянга гаруй үзмэртэйгээс 70 гаруй хувь нь археологийн олдвор, эд өлгийн зүйлс ажээ. Тиймээс тус музейн нээлтийн үеэр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Г.Эрэгзэнтэй ярилцлаа.
-Чингис хаан музей өндөр үүдээ дэлгэж, өргөн түмэндээ үзмэрүүдээ толилуулахаар боллоо. Та бүхэнд баярын мэнд хүргэе?
-Монгол Улсын хувьд сүүлийн 30 жилийн хугацаанд соёлын салбарт хийгдээгүй хамгийн том бүтээн байгуулалт, цогцолборын нээлт боллоо. Энэ музейн нээлтийн үйл ажиллагаа их сайхан болж, хүмүүс ам сайтай байгаад баяртай байна.
-Төрийн гурван өндөрлөг хүрэлцэн ирж, Төрийн есөн хөлт цагаан тугаа залсан учраас энэхүү музейн бүтээн байгуулалтад төр засгаас өндөр ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж харж байна?
-Тэгэлгүй яахав, энэ төсөл маань Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар анх эхэлсэн юм. Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэг их байсан. Мөн нэмээд УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Их хурлын гишүүд, бүх түвшний төрийн байгууллагууд чадахынхаа хэрээр дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласны үр дүнд энэхүү музейг маш богино хугацаанд ашиглалтад оруулж чадлаа гэж бодож байгаа.
-Та түрүүн яриандаа “Чингис хааны музей гэсэн ойлголтын зөрүү үүсчихээд байна” гэж хэлсэн. Үүнийгээ тодорхой тайлбарлаж өгнө үү?
-Чингис хааны музей гэсэн буруу ойлголт нийгэмд яваад байх шиг байна. Энэ музейн үндсэн агууллага нь Чингис хааны нэрэмжит Монголын үндсний музей гэсэн утга юм. Үүн дотроо Монголын төрийн түүх, хаад, язгууртны түүхийг 2000 гаруй жилийн өмнөхөөс эхлээд өнөөг хүртэлх хугацааны түүхийг бүхэлд харуулах юм. Мэдээж түүн дотроо Монголын эзэнт гүрэн, Чингис хааны үйл ажиллагаа гол байр суурийг эзэлнэ. Гэвч “Тэнгэрээс унаж, газраас ургаад ирээгүй” гэдэгтэй адилхан Чингис хааны өвөг дээдэс гэж байсан. Тэдгээр өвөг дээдсийнхээ бий болгосон том суурин дээр Чингис хаан маань Монголын эзэнт гүрнийг бий болгосон.
Харин Чингис хаанаас хойш дахиад VII-VIII зууны туршид монголчууд өөрсдийнхөө түүхийг яаж, хэрхэн хадгалж ирээд өнөө үетэй залгасан бэ гэдэг маш том түүхийг энэхүү музейн үзмэрүүдээс харж болно. Ингэснээрээ монголчуудынхаа бахархалыг бий болгоё, өөрсдийнхөө өв соёл, түүхийг гаднынханд таниулъя гэж зорьсон. Бид чинь бахархах бахархал маш ихтэй улс. Харин тэр бахархалыг нь сэргээх, соён гэгээрүүлэхэд энэ музей маш чухал үүрэгтэй. Харамсалтай нь даанч зөвхөн Чингис хааны, эсхүл Монголын эзэнт гүрний түүхийг үзүүлэх музей гэж ойлгоод дотор нь тавих тийм их юм байхгүй, Чингис хаантай холбоотой ямар ч зүйл Монголд байхгүй гэх зэргээр нийгэмд ярьж, маш том бүтээн байгуулалт хийлээ гэсэн шүүмжлэл яваад байгаа. Нэршлийн буруу ойлголтыг нийгэмд тарааснаас болоод л ингээд байгаа юм. Энэ бол маш буруу зүйл юм шүү гэдгийг хэлмээр байна.
-Зорьж ирсэн хүмүүст тус музей маань нийтдээ хэчнээн үзмэрийг үзүүлэхээр дэглэсэн бэ?
-Музейн ажилтнуудын хэлж буйгаар 12 мянга орчим нэгж үзмэрийг дэлгэж үзүүлж байгаа гэж хэлж байсан. Тэгэхээр ийм олон үзмэрийг нэг дор дэлгэн үзүүлсэн тохиолдол өмнө нь манай улсын хувьд байхгүй. Одоо энэ музейн багтаамжийг Монголын үндэсний музейн багтаамжтай харьцуулахад Үндэсний музейн үзүүлгийн талбай нь 1400 метр байдаг. Харин Чингис хаан музейн нэг давхарын талбай нь л гэхэд 1000 метр. Дээрээс нь энэ музей маань III-VIII давхар хүртлээ үзэсгэлэнгийн заалтай гэхээр бараг найм дахин том талбайд үзүүлэнгийн танхим бий болгосон. Мөн хамгийн орчин үеийн техник технологийг бий болгосон, дэлхийн музейн стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр тоноглогдсон гэдгээрээ маш чухал.
-Дэлхийн стандартыг хангасан манай улсын анхны музей болж байна уу?
-Сүүлийн үед дэлхийн музейнүүдэд хэрэглэгдэж байгаа ямар л техник технологийн дэвшил байна. Олдвор, эд өлгийн зүйлсэд гадна нөлөө үзүүлэхгүйгээр хадгалах орчин нь ямар байна гэдгийг хичээж хийсэн. Тэгэхээр Монголд байгаа хамгийн орчин үеийн музей гэж ойлгож болно.
-Нийт үзмэрийн 70 гаруй хувь нь археологийн үзмэрүүд байгаа гэсэн. Та өөрөө ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирлын хувьд эдгээр үзмэр, олдворуудын талаар тайлбарлаж өгөөч?
-Монгол Улсын түүхийг бичгийн сурвалжаас гадна археологийн биет олдворуудаар судалж байгаа. Биет хэрэглэгдэхүүнээ судлахын тулд архелогийн судалгаа хийж, дурсгалаас биет олдворуудыг илрүүлж олдог. Энэ ажлыг археологичид маань хийдэг. Эдгээр хүмүүсийн 100 жилийн хугацаанд илрүүлж олсон маш их хэмжээний олдворууд манай хүрээлэн, Үндэсний музей болон Их сургуулиуд дээр хадгалагдаж байсан. Эдгээр олдвор, эд өлгийн зүйлсээс энэ музейн сэдэвт нь тааруулан татаж аваад дэглэсэн. Нийт 12 мянга орчим үзмэрийн 70 орчим хувь нь архелогийн олдвор бий. Энэ дотор Монголын нийт археологийн салбарын бүх судлаачийн хийсэн судалгаа шинжилгээний үр дүн орж байгаа юм. Түүнээс биш манай хүрээлэн дангаараа 70 хувийг нь бүрдүүлээгүй гэдгийг хэлье.
Ер нь энэ музей байгуулагдсанаараа Монголын археологийн салбарын сүүлийн 100 жилд гарсан хамгийн ололттой, хамгийн сайн үр дүн гарсан олдвор эд өлгийн зүйлс дээжлэгдэн тавигдаж байгаа. Зөвхөн хаад, язгууртантай холбоотой олдворууд тавигдаж байгаа учраас дээжлэгдэн гэж хэлээд байгаа юм. Дээрээс нь археологчдын үр дүн зөвхөн ном, хэвлэмэл хэлбэрээр хүмүүст хүрдэг байсан бол одоо бодит байдлаар хүрч хүмүүсийн мэлмий, оюуныг баясгахаар боллоо.
-Бүхий л олдворууд чухалд тооцогддог байх. Гэвч Хүннүгийн болоод Монголын эзэнт гүрний үеийн олдворуудаас ямар, ямар чухал үзмэрүүд байгаа вэ?
-Бүх танхимд нь археологийн олдворуудаас тавигдсан учраас танхим бүрд л эрдэм шинжилгээний хувьд чухал, үнэ цэнтэй олдворууд байгаа. Манай улсад Хүннүгийн язгууртны булшны малтлага судалгааг Гол мод, Гол мод-2, Ноён уул, Дуурлиг нарс гээд олон дурсгалт газарт хийсэн. Эдгээр газраас олдсон Хүннүгийн хаад, язгууртны морины тоноглол болох ганц эвэртэй араатан амьтан, билэгт гөрөөс зэрэг бумбын амьтны дүрстэй алт, мөнгөн чимэглэлүүд, авсны алтан чимэг зэрэг урд өмнө дэглэгдэж байгаагүй зүйлс Хүннүгийн танхимд бий. Мөн IV танхимд Түрэг, Уйгар, Киданы үеийн дурсгалууд байгаа. Тэр дотроо Билгээ хааны алтан титэм, VII-VIII зууны булшинд хийсэн модон хүүхэлдэйнүүд /онго/ байгаа бол Монголын Эзэнт гүрний танхимд хадны оршуулгаас олдсон адууны шүдээр хийсэн эмээл гээд маш сонирхолтой олдворууд дэглэгдсэн. Хүннүгийн үеийн хивс, нэхмэл, Ромын шилэн аяга зэрэг олдворууд VIII танхимд тавигдсан байх жишээтэй. Энэ зэргээр Монголын эртний соёлыг нэг дор, цогцоор нь дэглэж үзүүлж байгаа анхны үзмэр гэдгээрээ маш чухал.
-Энэ их олон үзмэр, танхимд тайлбар хийх хүмүүс хэрэг болох нь дамжиггүй. Тэгэхээр эдгээр хүмүүсээ сургалтад хамруулж, мэргэжил дээшлүүлсэн үү. Яаж хүмүүсээ бэлдсэн бэ?
-Тус музейн ажилтан нь биш учраас нарийн зүйлсийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ажиллаж байгаа хүмүүст нь мэргэжил, арга зүйн зөвлөгөө, тусламжийг эрдэм шинжилгээний хүрээлэнгүүд, музейнүүдийн зүгээс байнга өгч ирсэн. Тийм болохоор эдгээр хүмүүс маань харьцангуй сайн мэдлэг, мэдээлэлтэй байгаа гэж бодож байна. Ер нь Чингис хаан музейд өмнө нь байгаагүй маш том боловсон хүчин бий болж байна. Музей гэдэг ганцхан үзүүлэнгийн газар биш. Энэ бол үзүүлэх үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, боловсрол, соёлын бүтээлч үйлдвэрлэл бий болгосон маш том цогцолбор юм.
-Жамухын алтан бүс олдсон, шарил нь чингэлэгт хадгалагдаж байна гэж нэг хэсэг их ярьсан. Тэгэхээр энэ оршуулганаас олдсон олдворууд энэ музейд бий болов уу?
-Манай ахмад археологич Д.Наваан гуай Сонгинохайрханы Дадарт уулнаас Монголын Эзэнт гүрний үеийн, магадгүй түүнээс арай өмнөх үед хамраах оршуулгыг малтан судалсан. Түүнээс гарсан алтан бүсийг “Жамухын алтан бүс” гэж ойлгуулснаас болоод буруу ойлголт бий болсон байсан. Гэхдээ малтлагаа хийснийхээ дараа археологич маань тэр бүсээ Эрдэнэсийн санд хүлээлгэж өгөөд тэнд хадгалагдаж байсан олдворууд энэ музейд тавигдсан. Ер нь Монголын археологийн олдворуудын ихэнх нь чингэлэг, подвальд хадгалагдаж байсан нь үнэн шүү дээ. Одоо ч гэсэн зарим хэсэг нь ийм л байгаа. Манай хүрээлэнгээс энэ байдлыг арилгах гэж сүүлийн хэдэн жил хичээж ажиллаж байна. Тийм ч учраас Соёлын үндэсний төв дээр орчин үеийн шаардлага хангасан дөрвөн сан хөмрөгийг түр ашиглаж олдворуудаа хадгалж байна. Гэвч их сургуулиуд, зарим газруудын нөхцөл байдал хэвээрээ байгаа. Харин энэ музей байгуулагдсанаар хаад, язгууртнуудад холбогдох, харьцангуй үнэ цэнтэй байх олдворуудыг татаж авсан. Татаж аваагүй нь маш их байгаа шүү дээ.
-Чингис хаан музейг зорьж ирэх хүүхэд залуус, хүмүүс энэ музейг үзээд юуг санаж сэрээд, ойлгож ухаараад гараасай гэж хүсэж байна вэ?
-Энэ музейг үзсэн хүмүүсийн сэтгэгдэл надтай адилхан байх болов уу гэж бодож байна. Яагаад гэвэл монгол хүн үзэхэд шинэ мэдрэмж авахаар, гадаадын ямар нэгэн хүнийг дагуулаад ирэхэд нүүр улайлгахааргүй музей болсон гэдэгт найдаж байгаа. Мэдээж энэ музей 100 хувь төгс болсон гэж хэлэхгүй. Цаашдаа улам өсөж, дэвжиж, дараагийн шатны ажлууд хийгдэх байх. Эхлээд ямар ч байсан бүтээн байгуулалтаа дуусгаж, эхний шатаа амжилттай давлаа. Тиймээс Монголын ард түмэн маань үр хүүхдээ дагуулан ирж үзээд сэтгэл, оюуны таашаал авч, эх орныхоо түүхээр бахархах боломжтой орчин бүрдсэн. Хүүхэд залуус маань мэдлэг боловсролоо нэмэхээс гадна чөлөөт цагаа өнгөрөөх таатай нөхцөл бий болсон. Монголчууд “Мянга сонсохоор нэг үз” гэдэг. Тиймээс монголчууд маань энэхүү музейн үзмэрүүдийг ирж үзээсэй л гэж хүсэж байна.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 1 )
humuus enogoo rket regzen ged mon shuu. shorongin yaklatn yuam. mongold shorongin regzen gejuu.