NEW 76 | Улсын байцаагчаас Улсын Их Хурал хүртэл

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 21

Одоогоор УИХ-ын гишүүн Т.Энхтүвшингийн ажилд дүн тавих болоогүй байна. Яагаад гэхээр, УИХ-ын гишүүнийхээ бүрэн эрхийн хугацааг хугаслаж яваа цоо шинэ хүн. Эрх биш ордонд өрөөгөө олдог болсон байх гэж найдна. Тэрбээр өнгөрөгч 2020 оны сонгуулиар парламентад аймаг, дүүргийн Засаг дарга нар орж ирсний нэг нь. Тэгээд ч Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүний ажлыг богино хугацаанд дүгнэх боломжгүй. Тэд дунд болон урт хугацааны стратеги төлөвлөгөөг хэлэлцэж, хууль санаачлан баталдаг. Илүү бодлогын чанартай асуудлыг академик түвшинд хэлэлцдэг газар л даа. Түүнээс бус энд тэнд очиж зам бариад, барилга босгоод явдаг хүмүүс биш юм. Даанч манай сонгогчид ажлыг нь ойлгодоггүйн зэрэгцээ гишүүд маань өөрсдөө барилга барих, шав тавих машид дуртай. Дийлэнх нь академик түвшнээсээ ороолдог байж магадгүй. Т.Энхтүвшин гишүүний хувьд бусдын жишиг дагаж л явдаг нь ойлгомжтой. Үүнээс өөр арга байхгүй. Би академик хүн, миний ажил үүрэг “Энэ биш” гээд тойрогтоо очиж шав тавихгүй, тууз хайчлахгүй бол дорноговьчууд сонгохгүй. Тиймээс явж л таарна. Ерөөсөө Монгол Улс даяараа парламентын засаглал тогтсон цагаас хойш энэ жишгээр явж ирсэн. Гэхдээ Т.Энхтүвшин гишүүний хувьд бусдаас ялгарах давуу талтай.

Ядахад амьдрал дундаас, төрийн албаны анхан дунд шат дамжин гарч ирсэн Төрийн түшээ. Үүгээрээ өдгөө парламентад байгаа цагаан гартнуудаасаа ялгарах юм даа. Өнөөдрийн парламентад төрийн албанд огт ажиллаагүй, нам дагах, жагсаал цуглаан зохион байгуулах, цүнх барих замаар бойжсон нөхөд олон байгааг надаар хэлүүлэх юун. Харин Т.Энхтүвшин 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч мэргэжлээр төгсөөд “Эм импекс” компанид Нягтлан бодогчоор ажлынхаа гарааг эхлүүлсэн хүн. Энд л компанийн засаглал, бизнесийн орчин гэдгийг үзэж, 1997 онд төрж өссөн Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүүгийн хяналт шалгалтын газарт Улсын ахлах байцаагч, хэлтсийн даргаар томилогдож байв. Ямартай ч “Эм импекс” компани, энэ засаглалын орчинд дөрвөн жил ажиллаж чамгүй туршлага хуримтлуулсан хүн төрийн албанд ирнэ гэдэг тэс өөр орчин угтсан ч өнөөх л төсөв мөнгө учраас түүртэх зүйл байгаагүй байх. Тухайн цагт мөр зэрэгцэн ажиллаж байсан хүмүүс нь чамгүй ам сайтай байх юм билээ.

Тэрбээр эндээ 2001 он хүртэл ажиллаж, улмаар Дорноговь аймгийн Засаг даргын Тамгын газрын Эдийн засаг үйлдвэрлэлийн хэлтсийн дарга, Стратеги төлөвлөлт, бодлого хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн даргаар ажиллаж байгаад 2004 онд Тамгын газрын даргаар дэвшсэн нь Дорноговийн томчууд түүнд итгэл үзүүлсэн хэрэг. Итгэл гэхээсээ илүүтэй анх түүнийг хүрээнээс татсан хүн нь тухайн үеийн Засаг дарга, хожмын УИХ-ын гишүүн Ж.Батсуурь юм. Гэхдээ л шат дамжуулан дэвшүүлнэ гэдэг мань эр өөрийгөө зөв замаар л залж байсны гэрч биз ээ.

Шуудхан хэлэхэд, Ж.Батсуурийн хувьд түүнийг шат дамжуулан өөд татаж байгаад Тамгын газрын дарга хүртэл дэвшүүлэн ажиллуулсан гэсэн үг. Эндээс аймгийн хэмжээнд нэлээд чухал албанд тооцогдох Мэргэжлийн хяналтын газрын даргаар 2007 онд томилогдон ажилласан нь түүнд төрийн албаны дадлага туршлагаас гадна баг хамт олон удирдаж ажиллах дөр суулгасан. Түүнд итгэл үзүүлсэн аймгийн Засаг дарга Ж.Батсуурь ч 2008 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулж дэвшээд явсан. Тиймээс арван жилийн өмнө ус нутгаа зорьж байсан нөхөр 2011 онд нийслэлийн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргаар томилогдон Улаанбаатар хотноо ирж, 2012 онд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Санхүүгийн хяналтын хэлтсийн даргаар дэвшин очсон байдаг. Үүнд ч нутгийн ах, Ж.Батсуурь нөлөөлсөн нь дамжиггүй. Ж.Батсуурийн хувьд ч аймгаа чамгүй удирдаж байсан, мөр цагаан талдаа гэж болох хүн. Мэдээж хэрэг их мөнгөөр хэмжигдэх улс төрд зүгээр суугаагүй байх гэсэн хардлага бол хаа хаанаа бий. Гэхдээ бусад шиг төрөөс тэвэр тэврээр нь хумслаагүй хүн гэдгийг дорноговьчууд ч мэднэ. Хашиж байсан ажил алба нь ч хэлээд өгнө. Ийм хүн өөрийнхөө хэмжээний таалагдах залуусаа л өөд нь татдаг. Тэдний нэг бол өдгөөгийн УИХ-ын гишүүн, УИХ дахь Үйлдвэржилтийн Байнгын хорооны дарга Төмөртогоогийн Энхтүвшин гэдэгтэй маргах аргагүй. Тийм ч учраас 2020 оны УИХ-ын сонгуульд дорноговьчууд түүнд ямар ч эргэлзээгүйгээр итгэл үзүүлсэн. Түүнээс бус төрөөс хумслагч нэг нөхөр өөд нь татсан хүн бол хулгайч л болдог. Их улс төрд хэнийг дагана, яг л тэр замаар явдаг нь бичигдээгүй хууль.

Ийнхүү Т.Энхтүвшин нийслэлийн хэмжээнд ажиллаж байгаад 2014 онд “Сайхан Улаан Оргил” ХХК-ийг үүсгэн байгуулж, захирлаар нь ажилласан. Энэ бол залуу хүний хувиар өөрийгөө хувийн хэвшил, бизнест сорьсон хэрэг байх. Өөрөө санхүүгийн чиглэлийн хүн, төр хувийн хэвшил гээд аль аль талд нь ажиллаж үзсэн хүний хувьд өөрийгөө сориход асуудал байгаагүй ч улс төр гэж нэг зүйл мөнхийн хүсэл цээжнийх нь мухарт байсан бололтой. Гэвч шинэ тутам гараанаас улс төр эхлүүлэх нь түүнд ахадсан ажил байсан нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл, хэтэвчний хэмжээ дутаж таарна. Т.Энхтүвшинг зартай бизнесмэн, тэрбумтан гэж сонсоогүй учраас хэтэвчний хэмжээ дутаж л таарна. Нэгэнт хүсэл байсан учраас 2015 онд Дорноговь аймгийн МАН-ын хорооны даргаар очиж, их улс төрд хөл тавьж байгаагаа тунхагласан юм. Аймгийн намын хороог баргийн аавын хүү авдаггүй. Энд бас л хэтэвчний хэмжээ шаардана. Тэр тусмаа хүчирхэг байсан МАН-ын дарга болно гэдэг бэлтэй бөгөөд хөлтэй хүний хийх ажил. Харин үүнд УИХ-ын гишүүн, парламентын төдийгүй Монгол Улсын хэмжээнд бэлтэйд тооцогдох нөхдийн нэг Б.Дэлгэрсайхан тусалсан гэж хардах нь бий. Миний хувьд ч түүнээс дэмжлэг авсан болов уу гэж боддог. Энэ бол хардлага.

Нөхцөл байдал ийм зургаар явж байж л 2016 оны сонгуулиар МАН олонх болж, Дорноговь аймгийн Засаг даргаар томилогдсон хэрэг. Улмаар 2020 оны УИХ-ын сонгуульд хөтлөлцөөд нэрээ дэвшүүлж, хөтлөлцөөд парламентад орж ирсэн зэргээс харж болно. Гэхдээ аймгийн Засаг даргаар муугүй ажилласан. Түүнийг Засаг даргаар ажиллах хугацаанд Дорноговь аймаг удаа дараа Монгол Улсын “Шилдэг аймаг”-аар шалгарсан. Энэ гавьяаг зөвхөн Т.Энхтүвшинд наах аргагүй. Түүнийг аймаг засаглаж байх үед Дорноговь аймагт Газрын тос нэрэх үйлдвэрээс эхлээд Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр зам барих гэх мэт томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн нь үзүүлэлтэд нөлөөлсөн байх. Нөгөө талаа уул уурхайн чиглэлд ч олон ажил өрнөсөн. Харин тэр үүнийг овжин ашиглаж, аймаг орон нутагтаа бүтээн байгуулалт хийсэн. Нөгөө талаар шинээр УИХ-д сонгогдоод байсан Б.Дэлгэрсайхан орон сууцны болон бусад төслүүд хэрэгжүүлсэн нь нөлөөлсөн.

Түүнийг Засаг даргаар томилогдож байхад Дорноговь аймаг 561 хайгуулын болон ашиглалтын лицензтэй байсан. Тэгвэл тэр тусгай зөвшөөрлийн тоог 366 болгож бууруулсан. Үндсэндээ тусгай зөвшөөрлийн тоог 195-аар бууруулсан. Үүний зэрэгцээ хариуцлагатай уул уурхайг бий болгохын төлөө зорьсон нь талаар болоогүй. Мөн аймагтаа үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад түшиглэн, “Их Дорноговь хөгжлийн сан” байгуулж ажилласан нь ихээхэн үр дүнгээ өгсөн гэдэг. Энэ сангаар дамжуулан бүтээн байгуулалтын ажил хийсэн нь өнөөдөр ч үр өгөөжөө өгсөөр байна. Дээр дурдсанчлан “овжин ашигласан” хэрэг. Энэ утгаараа тэр азтай нөхөр юм.

Боловсролын хувьд тэр өөрийнхөө хэмжээнд олж авсан. Бусад шиг намтартаа гадны их, дээд сургуулийн нэр, хаяг наагаагүйг бодоход гадагшаа сурах нэрээр яваагүй хэрэг. Тиймээс 1992 онд Санхүү, эдийн засгийн дээд сургуулийг Эдийн засагч, 1999 онд Орхон их сургуулийг Хуульч, эрх зүйч, 2004 онд Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, 2010 онд Удирдлагын академид Төрийн удирдлагын магистр хамгаалсан гэхээр хэтдээ аймаг орон нутаг удирдана, боломж гарвал Төрийн эрх барих дээд байгууллагад орж ажиллана гэсэн төлөвлөгөөний дагуу явсан нь харагдана. Нутгийнхаа нуруутай бол нуруутай, хөрөнгөтэй бол хөрөнгөтэй ах нарыг түшиж их улс төрд хөл тавьсан тэрбээр шинэхэн гишүүн байхдаа Байнгын хорооны дарга болж байна гэдэг төр түүнд итгэл үзүүлж байна гэсэн үг. “Сайнтай муутай сав дүүрдэг” гэдэг дээ. Үүн лугаа адил ард түмэн итгэл үзүүлсэн 76 нөхөр дунд янз бүрийн ааш араншинтай нөхөд бий. Тэр бол тэдний л нэг. Чухам альхан хэсэгт нь багтаж, дорноговьчууд төдийгүй Монгол Улсад хэрэг болох уу, гай болох уу гэдгийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
bud(66.181.166.137) 2022 оны 10 сарын 22

сайхан магтаж бичсэнд нь баярлалаа. Бодит байдал дээр бол бишээ. Эцэг нь Дорноговьд бас нэг дарга байсан юм. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар ажиллаж байх үеээс хь мэдэх юмаа. Уг нь бүтэхгүй, шалихгүй л нөхөр л дөө. Пялдагын пялдаганцар. Боловсрол, чадвар тааруухандаа.

0  |  0
Зочин(66.181.189.88) 2022 оны 10 сарын 22

Жинхэнэ пялдага амьтан чинь энэ Т.Энхтүвшин юм билээ.

0  |  0
зочин(202.21.104.98) 2022 оны 10 сарын 21

хошного долоогчийн бичсэн захиалгатай юм байна

0  |  0
Top