СЗХ-ны хожимдсон шийдвэр ХАР ТҮҮХТЭЙ ЗЭЭЛДЭГЧДИЙН тоог нэмэх үү?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 10 сарын 20

 

Санхүүгийн зохицуулах хороо энэ сарын 14-ний өдийн хуралдаанаараа  банк бус санхүүгийн байгууллагаас олгох финтек зээлийн бүтээгдэхүүнд өр, орлогын харьцаа тогтоожээ. Ингэснээр ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн ББСБ-аас олгох финтек зээлийн бүтээгдэхүүний хувьд зээлийн сарын хүүгийн болон үндсэн төлбөр нь сарын татварын дараах орлогын 70 хувиас хэтрэхгүй байх хязгаарлалт мөрдөгдөж эхлэх юм.

Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс  уг шийдвэрээ иргэдийг өрийн дарамтад оруулахаас УРЬДЧИЛАН СЭРГИЙЛСЭН бодлогын шийдвэр болж байна гэж тодотгож буй юм. Гэвч бодит нөхцөл байдлыг аваад үзвэл уг шийдвэр нь урьдчилан сэргийлсэн бус эсрэгээрээ хожимдсон шийдвэр болоод байна.

Зүй нь финтек зээл олголтод өр, орлогын харьцааг дагаж мөрдөх шийдвэрийг ядаж л 2 жилийн өмнөөс хэрэгжүүлж эхлэх шаардлагатай байв. Гэтэл банкнаас бусад санхүүгийн салбарыг бодлого зохицуулалтаар хангах үүрэгтэй Санхүүгийн зохицуулах хороо финтек зээл олголтын  “бүүм” болох үед ББСБ-ын салбар томорч байна л гэж тодотгоод байснаас бус иргэд, зээлдэгчдийн хувьд өрийн дарамтад орох эрсдэл нэмэгдээд байна гэдэг талаас асуудлыг огт авч үзэхгүй байсан юм.

Санхүүгийн зохицуулах хороо гэж байгууллага банкнаас бусад санхүүгийн салбар өдрөөс өдөрт хөгжиж, дэвшиж Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь нь нэмэгдсээр байна гэх мэдээллийг улирал тутам өгөх зуур ББСБ-уудын финтек зээл олголт хурдацтай нэмэгдэж, иргэд олон аппликейшнд бүртгүүлж, давхар зээлүүд  авсаар, олонх нь өрийн дарамтад хэдийнэ орчихоод байна.

ББСБ-ууд дунд зээлдэгчийн өр орлогын харьцаанд анхаарал хандуулдаг хэсэг бий ч, ихэнх нь зээлийн түүхийг нь харгалзан үздэг. Финтек зээл авсан зээлдэгчид зээлийн үндсэн төлбөрөө хүүгийн хамт хугацаандаа төлөхөд, зээлийн эрх нь нэмэгдэж, улмаар нэмэгдүүлсэн дүнгээр дахин авсаар зээлийн хэмжээ нь буюу өр нь тогтмол өсдөг жишиг нэгэнтээ тогтчихоод байна.

Статистик харахад  энэ оны нэгдүгээр улирлын байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан нийт 529 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд нийт хөрөнгийн хэмжээ нь  3 их наяд төгрөг хүрчээ. Банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн нийт үлдэгдэл өмнөх оны мөн үеэс 61.3 хувиар өсөж 2.3 их наяд төгрөгт хүрсэн. Зээлийн үлдэгдлийн 35.1 хувь нь хэрэглээний зээлийн үлдэгдэл. Нийт зээлийн үлдэгдлийн 88.1 хувийг иргэдийн, 11.9 хувийг хуулийн этгээдийн зээл эзэлж байгаа юм. Тэгэхээр эндээс харахад банк бус санхүүгийн байгууллагуудын зээлийн өсөлтийг бүрдүүлэгчид нь иргэд болж байна.

Санхүүгийн зохицуулах хороо энэ салбарын зохицуулагч байгууллагын хувьд энэ үзүүлэлтийг бүр нарийвчлан гаргаж ирж тодорхойлж харах ёстой. Тухайлбал, нийт зээлийн үлдэгдлийн 88,1 хувь иргэдэд ногдож буй энэ хэсгийн хэд хэчнээн хувь нь финтек зээл байна вэ. Нэг иргэн дунджаар хэдэн төгрөгийн финтекийн зээлийн бүтээгдэхүүн авсан байна вэ гэх зэрэгт  анхаарах ёстой.

Яагаад анхаарах ёстой вэ гэхээр 2023 оны 1 дүгээ сарын 1-нээс эхлээд ББСУ-ууд финтек зээлдээ өр, орлогын харьцааг мөрдөөд эхлэхээр зээлтэй иргэдийн хувьд өмнөх шигээ зээлийн төлөлтөө хийгээд буцаан авах буюу уян хатан нөхцөл бүхий үйлчилгээ авах боломж хумигдана.

Эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, удаан хугацаанд үргэлжилж буй үнийн өсөлт зэрэг нь иргэдийн орлого, амьжиргаанд сөргөөр нөлөөлж буй ийм амаргүй үед зээлтэй иргэд бүсээ чангалж байгаа нь нууц биш. Монголбанкны зээлийн мэдээллийн санд ХАР ТҮҮХТЭЙ болчихгүйн тулд финтек зээлийн төлөлтүүдээ хугацаандаа хийгээд, дахин зээлэх байдлаар өдөр хоногийг аргацааж буйгаа учирласан иргэд сошиал орчинд цөөнгүй байгаа юм.

Зээл авах, зээлтэй байх  нь зээлдэгчийн санхүүгийн боловсрол, төлөвлөлттэй холбоотой боловч салбарын зохицуулагч байгууллага нь гаргах ёстой шийдвэрээ гаргах ёстой хугацаанд нь гаргачихдаг, эдийн засгийн нөхцөл байдал, хэрэглэгчдийн сэтгэл зүй, эрэлтийг анзаарчихдаг байх ёстой юм.

Гэвч Санхүүгийн зохицуулах хороо мэдрэмжгүй, хөшүүн байсны улмаас ББСБ-ууд ч тэр, иргэд ч тэр хэр хэмжээнээсээ буюу өр, орлогын харьцаанаасаа хэтэрсэн зээл өгдөгөө өгөөд, авдагаа авчихаад байгаа.

Одоо тэгээд шинэ 2023 он гарахаар ББСБ-ууд Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэрийн дагуу иргэдэд олгосон зээлийнхээ хэд хэчнээн хувийг дахин олгохгүйгээр  эргэн татах вэ? Үүнтэй холбоотойгоор хэд хэчнээн иргэн Зээлийн мэдээллийн санд ХАР ТҮҮХТЭЙ болж хоцрох вэ? гэдэг асуудал анхаарал татаж байна.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top