Орлогыг ₮3.3 их наядаар ӨСГӨЖ тооцсон төсвийг хэдэн ТОДОТГОЛ хүлээж байна вэ?

2022 оны 11 сарын 01

Засгийн газар 2023 оны төсвийн орлогыг энэ оны батлагдсан дүнгээс 3.3 их наяд төгрөг буюу 20.4 хувиар нэмэгдүүлэн, 19.6 их наяд төгрөг байхаар тооцож тусгаад буй. Орлогыг ийнхүү өөдрөгөөр төсөөлөх болсон үндэслэлээ боомтын сэргэлтийг эрчимжүүлэн, эрдэс бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлж, татварын бүртгэл, хамрагдалтыг сайжруулах учраас хэмээн  тодотгож байгаа юм. Эдийн засгийн дотоод, гадаад нөхцөл байдал аль аль нь амаргүй, сорилттой байгаа ийм цаг үед буюу ганцхан жилийн дотор төсвийн орлогыг 3 их наяд төгрөг давсан дүнгээр нэмэгдүүлж, зарлагыг 20 их наяд давуулсан нь шүүмж дагуулахаас аргагүй юм.

Монгол Улс уул уурхайн цөөн нэр төрлийн түүхий эдийн экспортын хэмжээ болон дэлхийн зах зээл дээрх үнийн хэлбэлзлээс хамаарсан, бүтцийн доголдол бүхий эдийн засагтай. Газрын баялаг манай давуу тал боловч үүнээс л шалтгаалсан хэт хамаарал нь эсрэгээрээ сул тал болсоор өнөөдрийг хүрч байна. Тэгвэл эрх баригчид ирэх оны төсвийн төсөлд экспорт 11.4 тэрбум ам.долларт хүрнэ гэсэн түүхэн өндөр тооцооллыг мөн тусгаад байна. Импорт 9 тэрбум ам.долларт хүрснээр, Монгол Улсын гадаад худалдаа 2.4 тэрбум ам.долларын ашигтай гарна гэж тодотгож байгаа юм.

Үүний тулд  голлох боомтын дэд бүтцийн ажлыг дуусгаж, автомат удирдлагат чингэлэг тээврийн терминалыг бүрэн ашиглалтад оруулна, Гашуунсухайт-Ганцмод боомтын холболтын ажлыг хийж гүйцэтгэснээр нүүрсний экспортын хэмжээ нэмэгдэж, 36.5 сая тоннд хүрнэ,  зэсийн баяжмалын экспортын хэмжээ 1.4 сая тоннд хүрнэ. Уул уурхайн салбарын орлого 4 их наяд 909 тэрбум 500 сая төгрөгт хүрнэ гэхчлэн тооцжээ.  Ингэхдээ зэсийн үнэ  тонн тутамд 8400 ам.доллар, нүүрсний үнэ дунджаар тонн тутамд 144 ам.доллар, алтны үнэ унц тутамд 1830 ам.доллар байхаар төсөөлжээ.

Тэгвэл Дэлхийн банк группээс жилд хоёр удаа гаргадаг “Түүхий эдийн зах зээлийн төлөв” тайлангийн аравдугаар сарын шинэ дугаарт дэлхийн олон улс орны Төв банкууд бодлогын хүүгээ нэмэгдүүлж, мөнгөний бодлогыг чангатгаж буй нь  глобал эдийн засгийн өсөлт саарахад нөлөөлж байгаа талаар, түүнчлэн түүхий эдийн зах зээлд нөлөөлж, эрчим хүчнээс бум түүхий эдүүдийн дэлхийн зах зээл дээрх үнэ буурах трендтэй байгааг өгүүлжээ. Гол нь түүхий эдийн үнийн бууралтын хандлага 2023 онд үргэлжлэхээр байгааг тодотгожээ. Тухайлбал, манай төсвийн орлого бүрдэлтэд шууд нөлөөтэй нүүрсний үнэ 25%-иар буурах төлөвтэй байгаа бол зэс, төмрийн хүдрийн үнэ 16%-иар буурна гэсэн төсөөлөл хийжээ. Мөн нөгөө талд манай импортын гол бүтээгдэхүүн болох газрын тосны үнэ 8%-иар буурах бол хүнсний бүлгийн барааны үнийн бууралт 6%-иар хэмжигдэнэ гэсэн тооцооллыг хийжээ.

Эдийн засагч Д.Ган-Очир энэхүү тайланд тусгасан төсөөлөл дээр тулгуурлан байр сууриа илэрхийлэхдээ “...Импортын үнийн өсөлттэй холбоотой инфляц дээрх шууд дарамт буурах ч, төлбөрийн тэнцэл (ханш), эдийн засгийн өсөлт, төсвийн орлого дээрх дарамт өснө гэсэн үг.

Ийнхүү экспортын үнэ нь импортын үнээс илүү хурдан буурч байгаа нь манай орны худалдааны нөхцөл (terms of trade) 2023 онд үргэлжлэн хурдтай буурахыг илтгэж байна. Энэ нь эрдэс бүтээгдэхүүний зах зээлийн үнийн төлөвийн хувьд манай дээр “хар үүл” тусна гэсэн үг. Дээрээс нь глобал эдийн засгийн уналт яригдаж эхэлсэн, Хятадын өсөлт саарч, тэг-КОВИД бодлого үргэлжлэхээр байгаа зэрэг нь экспортын эрэлт талдаа сэргэлт хүнд болохыг ч давхар илтгэнэ. Тус тайланд хөгжиж буй орнуудад валютын ханшийн сулралт нь хүнсний аюулгүй байдалд ч аюул занал учруулж болзошгүйг онцолж, түүхий эдийн зах зээл дээр үнийн хэлбэлзэл өндөр байхаар орчинд төсөв, мөнгөний зохистой бодлого чухал үүрэг гүйцэтгэхийг сануулахаа мартаагүй байна. Иймд гадаад орчны төлөв хүлээгдэж буй орчинд асуудалд хэт өөдрөг бус, хянуур болгоомжтойгоор бодлого, үйл ажиллагаанд хандах нь чухал болох нь зүйн хэрэг юм…” гэв.

Уг нь Засгийн газраас боловсруулсан 2023 оны төсвийн төсөлд Макро эдийн засгийн төсөөлөлд учирч болзошгүй эрсдэлүүдийг тоймлон жагсаахдаа, “Дэлхийн санхүүгийн зах зээлээс эх үүсвэр босгох нөхцөл чангарч, дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах – Түүхий эдийн үнэ буурах, өрийн үйлчилгээний зардал нэмэгдэх” хэмээн тодотгосон байсан.

Гэвч төсвийн төсөлд тооцооллуудыг зураглан буулгахдаа “эрсдэлийн жагсаалт”-аа үл хэрэгсэн, хэт өөдрөгөөр хандчихжээ.

Дашрамд сануулахад, 2012-2022  он хүртэлх  10 жилийн найман жилд нь Монгол Улсын тухайн жилийн төсвийн тухай хуулийг тодотгож өөрчилсөн. Зарим жилд хоёр удаа өөрчлөлт оруулж байсан. Тухайлбал, энэ оны төсвийг хоёр ч удаа тодотггоод буй.

Ихэвчлэн хэт өөдрөг төсвийн орлогын зорилттой төсвийн төсөл өргөн барьснаас төсвийг тодотгох шаардлага үүсдэг. Тодотголоор төсөвлөсөн зардлаа танах, эсвэл төлөвлөөгүй зардлуудыг нэмэлтээр тусгадаг. Өөрөөр хэлбэл, төсвийн орлогын төсөөлөл, төлөвлөлт хангалтгүйгээс Засгийн газар зорилгодоо хүрэх нөөц боломжоо бүрэн ашиглаж чадахгүйд хүрдэг гэдгийг Нээлттэй нийгэм форумын дэргэдэх Төсвийн зөвлөлийн судлаачид тодотгож байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top