Д.Занданбат: Төсвийн сахилга, хариуцлага шат шатандаа алдагдаж байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

Монгол Улсын 2023 оны төсвийн төсөлд хийсэн аудитын дүгнэлтийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Занданбат танилцууллаа.

Дүгнэлтэд Монгол Улсын 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөлөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 18,921.9 тэрбум төгрөг буюу Дотоодын нийт бүтээгдэхүүний 34.7 хувь, нийт зарлага 20,475.3 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 37.6 хувь, тэнцвэржүүлсэн тэнцэл 1,553.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий -2.8 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тусгай шаардлагыг хангаж байна. Төсвийн төсөлд “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгасан, тодорхой зорилт, үйл ажиллагаанд санхүүжилт тусгасан хэдий ч төсвийн ерөнхийлөн захирагч нарын хэрэгжүүлэх хөтөлбөр, хөтөлбөрийн хүрэх үр дүнгийн үзүүлэлтийг хөгжлийн бодлогын баримт бичигт нийцүүлээгүй, үндэсний аюулгүй байдлын бодлогод нийцсэн эсэхийг үнэлэх боломж хязгаарлагдмал байна гэж дурджээ.

Түүнчлэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өмнөх оноос шилжин хэрэгжиж буй төсөл, арга хэмжээг дуусгах чиглэлийг баримталсан нь хөрөнгийн ашиглалтыг сайжруулах, эдийн засгийн өсөлтийг дэмжих эхлэлийг тавьсан арга хэмжээ болсон. Гэвч улс, орон нутгийн төсвийн хөрөнгөөр баригдаж эхлээд дуусаагүй, орхигдсон үнийн өсөлт тооцуулж, 2023 оны төсвийн төсөлд тусгаагүй, 2022 онд хэрэгжиж дуусах хугацаатай ч ажлын гүйцэтгэл нь бүрэн хангагдаагүй арга хэмжээ дараа жилүүдэд үргэлжлэхээр байна.

Төсвийн төсөлд тусгасан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний төлөвлөлтийг Төсвийн тухай хууль, Сангийн сайдын 2018 оны 295 дугаар тушаалаар баталсан улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг үнэлэх, сонгох, эрэмбэлэх үйл ажиллагааны журам болон аргачлалуудын дагуу 16 шалгуур үзүүлэлтээр цахим системд төлөвлөн, эдийн засгийн болон нийгмийн ач холбогдлоор нь эрэмбэлж төлөвлөснийг дүгнэлтэд дурджээ.

Мөн Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын 2021-2025 оны хөрөнгө оруулалтын хөтөлбөрт 2023 оны улсын төсвийн хэрэгжүүлэх нийт 20 төсөл, хөтөлбөрт 754.5 тэрбум төгрөг төсөвлөхөөс 12 төсөл, хөтөлбөрийн 356.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эх үүсвэрийг төсвийн төсөлд тусгаагүй байгааг дурдахын зэрэгцээ эдийн засгийн хүндрэлтэй нөхцөлд төсөл, хөтөлбөрийн хэрэгцээ шаардлагатай уялдуулан дээрх хөтөлбөрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэв.

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангаагүй, судалгаа, туршилт, тохируулга хийгээгүй цахилгаан, автобусны хэрэглээ, цэнэглэлт, цэнэглэх цэгүүдийн байршлыг оновчтой тодорхойлох, газар чөлөөлөх зэрэг нь тодорхойгүй байгаагаас хэрэгжилт, эрсдэл өндөр үүсэхээр байна.

Улсын төсвийн санхүүжилтээр бэлтгэсэн зураг төсөл, техник эдийн засгийн үндэслэлийн мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлээгүйгээс хөрөнгийн зарцуулалт үр дүнд хяналт хэрэгжүүлэх боломжгүй байгаа тул нэгдсэн хяналтыг бий болгох шаардлагатай байна. Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн төсөлд дүгнэлт гаргах, аудитаар өгсөн зөвлөмжийн хэрэгжилт хангалтгүй, зөрчил дутагдал давтагдсан хэвээр,  нааштай үр дүн гараагүй байгаа нь өмнөх дүгнэлтийн ач холбогдол, үр нөлөөг бууруулж, төсвийн сахилга, хариуцлага шат шатандаа алдагдаж байгааг харуулж байна гэж дүгнэлтэд дурдсаныг Монгол Улсын Ерөнхий аудитор онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top