ИТЭВОН | Цагдаад ирсэн НОЦТОЙ дуудлагуудыг дэлгэлээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 02

 

Аравдугаар сарын 29-нд Сөүл дэх Итэвон дүүрэгт болсон Хэллоуины баярын үеэр цагдаа нар муу ажилласан гэх шүүмлэлд өртөөд буй.

"SBS" телевизийн мэдээлснээр тус газарт хэрэг болохоос өмнөх дөрвөн цагийн дотор цагдаагийн 112 дугаарын утсанд нийт 79 дуудлага, мэдээлэл иржээ. Нийт мэдээллийн 11 нь 18-22 цагийн хооронд ирсэн болох нь тогтоогдоод байна

Цагдаагийн байгууллагаас эдгээр 11 дуудлагын бичлэгийг дэлгэлээ. Эдгээр дуудлагын ихэнх нь хэргийн газарт яаралтай очиж, зохицуулах шаардлагатай байгаа тухай хэлж, ноцтой зүйлс болж магадгүй тухай сэрэмжлүүлсэн байна. 

Осол болсон өдөр хоёр томоохон үйлдвэрчний эвлэл, намын бүлгүүдийн жагсаал цуглаан болох төлөвтэй байсан учир нийт 81 хорооны 4800 орчим цагдааг уг жагсаалыг зохицуулах ажилд дайчилсан байжээ. 

Мөн ослын газраас ердөө 1.5 км зайд 1100 орчим цагдаагийн алба хаагч дээрх жагсаал, цуглаан руу очихоор бэлдэж байжээ. Ингээд осол болохоос нэг цагийн өмнө буюу 21:00 цагийн орчимд жагсаал дуусч, цагдаа нар ажлаасаа буужээ. 

Энэ үед Итэвоноос дуудлага, мэдээлэл тасрахгүй ирсээр л байв. Хэрэв жагсаалаын бэлэн байдлаар буусан цагдаа нарыг Итэвон руу илгээсэн бол осол гарахаас урьдчилан сэргийлэх боломжтой байсан гэдгийг "SBS телевиз" онцлон тэмдэглэлээ.

Итэвон дахь цагдаа нар зөвхөн замын хөдөлгөөнийг зохицуулж байсан учир иргэдийн дунд замбараагүй байдал үүсч, ийнхүү осол гарах нөхцлийг бүрдүүлсэн гэх шүүмжлэл өнөөдөр Өмнөд Солонгост гол шүүмжлэл дагуулж байна. 

Ноцтой хэмээн нэрлэгдээд байгаа 11 дуудлага, мэдээллийн эхний болон төгсгөлийн дуудлагыг юу байсныг харъя.

112 дугаарт хүлээн авсан тайлангийн хуулбар - №1

Огноо, хэргийн дугаар: 22.10.29 18:34/ No8938

Цагдаа: Яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдлоо.

Дуудлага өгсөн иргэн: Би Итэвоны төв гудамжны үүдэнд байна.

Цагдаа: Итэвоны төв гудамж аа? За.

Дуудлага өгсөн иргэн: Сайн байна уу, та клубууд руу явах замын дэргэдэх "Хамилтон" зочид буудлыг мэдэх үү? Emart-24 дэлгүүртэй гудамж?

Цагдаа: Тийм ээ, "Хэмилтон" зочид буудлын хажууд байрлах Emart-24 дэлгүүр.

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ, зарим хүмүүс гудамжаар өгсөж уруудаж байна, би бага зэрэг санаа зовж байна. Хүмүүс доошоо бууж чадахгүй, зарим нь дээшээ гарч чадахгүй түлхэгдэж байгаа учраас бөөнөөрөө дарагдах вий гэж санаа зовж байна.

Цагдаа: Тэгэхээр та хүмүүс явахад хэцүү учраас бөөн бөөнөөрөө дарагдаж, осол гарч болзошгүй гэж санаа зовж байгаа хэрэг үү?
 

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ, би тэгж айж байна. Гудамж маш нарийхан. Итэвоноос гарч буй хүн бүр энэ замаар гарч ирнэ. Тэд нөгөө гудамжнаас гарах гэж байгаа хүмүүстэй холилдоно. Тэд нийлээд клубүүдийн урсгалтай нэгдэж, ирж байгаа болон бууж байгаа хүмүүсийн замыг хааж байна.

Цагдаа: Клубын дараалалд орсон хүмүүс үү? Гудамжинд байгаа, эсвэл дараалалд байгаа хүмүүсийг хэлж байна уу? 

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ, төв гудамжнаас гарч байгаа бүх хүмүүс, Итэвон өртөөний нэг гарцаас гарч буй бүх хүмүүс тэр гудамж руу ордог учраас бөөгнөрөл үүсэж байна. 

Цагдаа: Аан за, Итэвоноос гараад гудмаар гарч байгаа хүмүүс бөөгнөрөл үүсгэж, тийм үү?

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ, үүнийг зохицуулах хүн алга. Цагдаа нар ирж, энэ гудамж руу хүмүүсийг оруулахаас өмнө нөгөө талын хүмүүсийг гаргахад туслах хэрэгтэй. Тэд гарч чадахгүй байгаа атал хүмүүс нэмж орж ирээд байна.

Цагдаа: За, бид нөхцөл байдлыг анхаарах цагдаа явуулна аа.

Дуудлага өгсөн иргэн: Хүүхдүүд одоохондоо зүгээр байна.

Цагдаа: За ойлголоо.

 

112 дугаарт хүлээн авсан тайлангийн хуулбар - №2


Огноо, хэргийн дугаар: 22.10.29 20:09/ No9986

Цагдаа: Яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдлоо.

Дуудлага өгсөн иргэн: Энэ цагдаагийн утас мөн үү?

Цагдаа: Тийм ээ.

Дуудлага өгсөн иргэн: Аан, Би Итэвонд байна аа.

Цагдаа: За.

Дуудлага өгсөн иргэн: Маш олон хүн шахалдаж, түлхэж, бусдыгаа гэмтээж байгаа болохоор бид хөдөлж чадахгүй байна.

Цагдаа: За...

Дуудлага өгсөн иргэн: Тийм болохоор цагдаа нар ирж, ямар нэгэн зүйл хэрэгтэй байх гэж бодож байна.

Цагдаа: Хүмүүсийн унаж бэртсэн газар яг хаана вэ?

Дуудлага өгсөн иргэн: Итэвоны эсрэг талд, 3-р гарц

Цагдаа: Итэвоны эсрэг талын 3 гарц уу?

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ.

Цагдаа: Гудамжны цаана уу?

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ, гудамжны эсрэг талд.

Цагдаа: За, бид очоод харъя.

Дуудлага өгсөн иргэн: За, баярлалаа.

Цагдаа: За.

 

112 дугаарт хүлээн авсан тайлангийн хуулбар-11


Огноо, хэргийн дугаар: 22.10.29 22:11/ No11532

Цагдаа: Яаралтай тусламжийн 112 дугаарт холбогдлоо.

Дуудлага өгсөн иргэн: Бид гарах гарцгүй боллоо. Бүгд галзуурч байна.

Цагдаа: Таны байршил хаана вэ?

Дуудлага өгсөн иргэн: Байна уу???

Цагдаа: Тийм ээ, та холбогдсон байна.

Дуудлага өгсөн иргэн: (Утас шажигнана) Косины урд байна.

Цагдаа: Уучлаарай? Юу гэнээ?

Дуудлага өгсөн иргэн: Косины урд. Энэ 112 мөн биз дээ?

Цагдаа: Тийм ээ. Та сая юу гэж хэлсэн бэ? Косин гэж байршил уу?

Дуудлага өгсөн иргэн: Тийм ээ. Бид бүгдээрээ энд гацсан байна.

Цагдаа: Байршлыг тань хянахыг зөвшөөрнө үү. Тэгэхээр та Ёнсан өртөө, Итэвоны ойролцоо байна уу?

Дуудлага өгсөн иргэн: Аа~ (хашгирах) Аа~ (орилох) Итэвоны арын гудамж. Итэвоны арын гудамж...

Цагдаа: За, одоо цагдаа очиж байна.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.17.233) 2022 оны 11 сарын 04

Солонгос цагдаа нар чинь дуудлага өгч байгаа хүний хэлсэнийг давтсаар байгаад хамаг цаг бараад тоож очоо ч үгүй юм шив дээ! Ёстой тэнэг юмаа,өөр хэлэх үг алга даа.

1  |  0
77777(66.181.181.172) 2022 оны 11 сарын 04

Ямар эргүү цагдаа нар вэ. Болохоо байлаа гэж хүмүүс зөндөө л дуудлага өгсөн бна ш дээ... ангайгаад хурдан шуурхай арга хэмжээ аваагүй л юм бна. Дүүрсэн хэнэггүй цагдаатай орон бна\n

8  |  0
ЗА с манайд ч (103.111.68.3) 2022 оны 11 сарын 06

АДИЛХАН доо.. 2 ийг дар 3 ийг дар гээсээр байгаад уб паластд эмээ өвөө нар 3 хүнийг гишгэлж алж байхад нэг ч цагдаа ирээгүй шүүү. !!!

18  |  1
Top