ИТЭВОН | Ослоос амь гарсан залуугийн яриа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 03

 

Аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт эмгэнэлт явдал болж 156 хүн нас барж, 172 хүн гэмтсэн билээ. Уг үйл явдлын гэрч болсон хүмүүс  олон нийтийн сүлжээнд өөрсдийн түүхийг хуваалцсаар байна. 

Тус газар эмч сувилагчид, аврах албаны ажилчдаас гадна энгийн иргэд ч мөн хүч нэмэн ажилласан. Амь нас нь дээсэн дөрөөн дээр дэнжигэнэж, үхэл сэхлийн заагт тэмцэлдэж буй залуусыг аврахаар ирсэн энгийн иргэдийн баатарлаг үйлсийг юутай ч зүйрлэшгүй

Энэхүү ослоос амьд үлдсэн нэгэн залуу өөрийг нь аврахаар ирсэн хүмүүсийг олохын тулд олон нийтийн сүлжээнд ханджээ. 25 настай Сун Жэ 29-ний өдөр найзынхаа хамтаар Итэвонд очсон бөгөөд хүмүүсийн бөөгнөрөл ноцтой байгааг анзааралгүй уг урсгал руу орсон байна. Олны хөлд дарагдсан тэрээр аврах албаны хүмүүсийг ирэх үед бараг л ухаангүй болсон байжээ. Аврах албаныхан хүмүүсийг татаж гаргах үед ухаан алдсан тэрээр түргэн тусламжийн машин руу хүргэгдэх үедээ ухаан оржээ

 

 

Энгийн хүмүүст үүрүүлээд явж байсан тэрээр өөрт нь санаа тавьж байсан хүмүүс дунд гадаад хүн байгааг анзаарчээ. "Чамд баярлалаа гэж хэлэхийг маш их хүсэж байна. Би жийнсэн цамц, хар өмд, саарал футболктой байсан шүү" хэмээн цахим хуудаснаа бичжээ. 

Тэрээр найзынхаа хамтаар амьд гарч чадсан. Хавирга нь хугарч, бие нь хөхөрч, шөрмөс нь тасарсан байсан ч амьд үлдсэндээ талархаж байгаа Сун Жэ "Би Итэвонд болсон энэхүү явдлыг хэзээ ч мартахгүй. Аврах багийнхан, цагдаа нар, эмч нар, мөн тэдэнд тусалсан энгийн иргэдэд маш их баярлаж байна. Энэнхүү аймшигт ослын үеэр маш олон залуус амиа алдсан. Бүх хохирогчид болон тэдний гэр бүлийнхэнд эмгэнэл илэрхийлье" гэжээ. 

Түүнийг ийнхүү бичсэний дараа гурван эрэгтэй түүнд тусалсан тухайгаа дурдан холбоо барьжээ. Тэдгээр хүмүүстэй холбоо барьж талархаж буйгаа илэрхийлсэн Сун Жэ тун удахгүй эмнэлэгээс гарна гэжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top