БНСУ-ын Итэвон дүүрэгт болсон эмгэнэлт үйл явдлын үеэр гадаадын 26 хүн амиа алдсан билээ. Тэдний олонх нь оюутан солилцооны хөтөлбөрт хамрагдан залуус байв. Үүнтэй холбоотойгоор тус оюутнуудыг зуучлан авчирж, суралцуулж байсан зарим их сургуулиуд гадаад суралцагчдаа сэтгэлзүйн эмчилгээнд хамруулж эхэлжээ.
Тодруулбал, БНСУ-ын сургуулиуд дундаа нэр хүндтэй, тэргүүний гэгддэг Ханьян их сургуульд оюутан солилцоогоор ирсэн АНУ-ын хоёр эмэгтэй оюутан Итэвоны гамшгийн үеэр нас барсан юм. Үйл явдалтай холбоотойгоор Ханьян их сургуульд талийгаачдыг хүндэтгэх ёслол болж байгаа бөгөөд энэ үеэр олон улсаас ирж суралцаж буй оюутнуудын сэтгэл хөдлөл, айдас түгшүүр, өөрсдийгөө буруутгах хандлага давамгай байгааг ажигласан аж. Тиймээс сургуулийн зүгээс онцгой анхаарал хандуулж, даваа гарагаас гадаадын оюутнуудаа сэтгэлзүйн зөвлөгөө өгч, сэтгэлзүйн эмчилгээнд хамруулж эхэлсэн байна.
Үүнтэй ижил шалтгаанаар Сөүлийн үндэсний их сургууль, Ионсей их сургууль, “Эвха” эмэгтэйчүүдийн их сургууль сэтгэлзүйн зөвлөгөө өгөх хөтөлбөр хэрэгжүүлж эхэлжээ.
Сэтгэгдэл ( 0 )