Өнгөрөгч аравдугаар сарын 29-ний өдөр БНСУ-ын Сөүл хотын Итэвон дүүрэгт 156 хүн нас барсан эмгэнэлт явдал болсон. Уг ослын үеэр хүмүүс дунд дарагдсан ч аврах ажилтнуудын тусламжтайгаар амьд үлдсэн бүсгүй PD Notes-т ярилцлага өгчээ.
Тэрээр эргэн тойрныхоо хүмүүст туслах чадамжтай байсан цөөхөн хохирогчдын нэг. Бүсгүй эмнэлэгийн ажилтнуудад ямар тусламж хэрэгтэй байгааг асуухад түүнийг цогцоснуудын байршлыг өөрчлөх ажилд томилжээ.
Нас бараад удаагүй байгаа хүмүүсийн биеийн байрлалыг зөв болгох нь чухал. Учир нь нас барсан хүмүүсийн бие удалгүй хөшиж эхэлдэг байна. Түүний эргэн тойронд байсан цогцоснуудын дийлэнх нь хөл, гараа хажуу тийш дэлгэсэн байдалтай нас барсан байжээ. Бүсгүй цогцоснуудын гарыг цээжин дээр нь тавьж, хөлийг нь шулуун байрлалд оруулж байв.
Тэрээр "Эмч надад цогцоснуудыг биеийн байрлалыг зөв болгохыг хүссэн. Талийгаачдыг авсанд оруулах үед дэлгэсэн байрлалтай гар, хөлтэй байх нь хүндрэл учруулдаг тухай хэлсэн. Хэдийгээр тэд нас барсан ч гэлээ тэднийг дахин зовоохыг хүсээгүй учир тэр хавиар явж хүмүүсийн биеийн байрлалыг өөрчилсөн" хэмээн нулимс дуслуулан ярьсан байна.
Түүний ярилцлага цацагдсаны дараа олон нийт түүний хийсэн үйлдэлд талархан, сэтгэцийн эрүүл мэндийн байдалд нь санаа зовж буйгаа илэрхийлжээ. Учир нь аймшигт ослоос амьд гарсан ч энэ нь түүний сэтгэл зүйд хүндээр нөлөөлж, хэзээ ч мартагдахгүй хүнд шарх болж үлдэх магадлалтай гэжээ.
Сэтгэгдэл ( 0 )