Өнгөрөгч амралтын өдөр БНСУ-ын Сөүл хотод болсон шахцалдаанаас болж амь насаа алдсан олон залуусын араас дэлхий нийт эмгэнэн гашуудаж байна. Итэвон дүүрэгт болсон энэхүү гэнэтийн осолд Өмнөд Солонгосын иргэдээс гадна гадаадын 26 иргэн өртөж, амь насаа алдсан юм. Тэдний нэг болох 20 настай Америк бүсгүйн тухай эмгэнэлт түүхийг уншигчдадаа хуваалцая.
"Хан мөрний эрэг дээрх 20 насны төрсөн өдөр" гэх тайлбартай инээмсэглэн авхуулсан зураг түүний Инстаграмм хаягийн хамгийн сүүлийн түүхээр бичигджээ. Ийнхүү тэрээр хорин настай үзэсгэлэнт энэ төрхөө цахим орчинд төдийгүй хайртай хүмүүсийнхээ зүрх сэтгэлд үлдээгээд үүрд одсон юм.
Түүний энэхүү зургийг дарсан нутаг нэгт найз нь ч Итэвоны ослын улмаас хорвоог орхижээ. Тэд хоёулаа АНУ-ын Кентаккигийн их сургуулийн сувилахуйн ангиас БНСУ-ын Ханьян их сургуульд суралцахаар ирсэн “Оюутан солилцооны хөтөлбөр”-ийн оюутнууд байв.
Тус эмгэнэлт үйл явдлыг дуулсан төрөлх Кентаккигийн их сургуулийн хамт олон “Өмнөд Солонгосын Сөүл хотод солилцооны хөтөлбөрт хамрагдаж байсан оюутнууд минь амралтын өдөр болсон аймшигт үйл явдлын хохирогчид болсонд бид бүгд гүнээ эмгэнэн гашуудаж байна. Ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлье” хэмээн олон нийтийн сүлжээнд бичсэнийг FOX NEWS онцолжээ.
Харин 20 насны төрсөн өдрөө тэмдэглэж ч дуусалгүй хорвоогоос явсан Аннегийн аав “NBC News”-д “Тэр минь хүн бүхнй хайрыг татаж, гэрэл цацруулж явдаг охин байсан. Түүнийгээ амиа алдсныг сонсоод элэг зүрх минь эмтрэх шиг болсон. Ази соёлыг суралцахаар хоёрхон сарын өмнө баяр хөөртэй ниссэн бяцхан охин минь амьгүй болоод эх орондоо ирж байна. Маш их харамсалтай... ” хэмээн ярьжээ.
Мөн Аннегийн суралцаж байсан “Beechwood Independent Schools” ахлах сургуулиас төгсөгчийнхөө үхэлд эмгэнэл илэрхийлээд “Тэр манай шилдэг төгсөгч, нөхөрсөг найз, оновчтой зөвлөгч, шилдэг бөмбөрчин, Форт Митчелийн нийгэмлэгийн хайртай гишүүн байлаа" гэж мэдэгджээ.
Түүнтэй хамт амиа алдсан Блесигийн аав “Вашингтон Пост” сонинд өгсөн ярилцлагадаа "Тэр экстрем спортод дуртай, адал явдлаар дүүрэн нэгэн байсан. Хамгийн сүүлд шалгалтаа дууссан учраас амралтын өдрүүдэд найзуудтайгаа гадуур явна гэж зурвас илгээсэн. Үлдсэн амьдралаа түүнгүйгээр хэрхэн өнгөрүүлэхээ би мэдэхгүй байна” хэмээн ярьсан байна.
Дашрамд өгүүлэхэд, АНУ-ын Сөүл дэх Элчин сайдын яамнаас тус эмгэнэлт явдлын улмаас Америкийн хоёр иргэн нас барж, гурван хүн хүнд гэмтсэн хэмээн мэдэгдээд байгаа юм.
Сэтгэгдэл ( 2 )
мал бишдээ яаж ч чихэлдсэн хамгийн арын хүмүүс гэдэргээ болох ухаангүй улангассан дайралт хийж хүн үхэж байгааг хашгирч мэдэгдэж байхад тоохгүй ямар гээч хөгжил боловсрол ноёлсон хүмүүс вэ.ер нь цивилизация гэдэг зөвхөн хувиа хичээсэн бэртэгчин үзэлтэй,өөртөө ашигтай гэж үзвэл юуч хийхээс буцдаггүй болгодог юмаадаа дайн хийж хүүхэд хөгшдийг алж байна.хөгжилүү
хорвоог чимж явах насан дээрээ бурхан болсон дүү нар минь RIP