Монголын сайхан бүсгүйчүүдийн нэг дэлгэцийн болон тайзны бүтээлээр олны хайр хүндэтгэлийг хүлээсэн энгийн бөгөөд даруу нэгэн бол УДЭТ-ын жүжигчин Б.Эрдэнэцэцэг гэдэгтэй маргах хүн үгүй биз. Түүний хувьд нэгэн цагт уран бүтээлээсээ түр хөндийрч олны нүднээс далд чимээгүй амьдрах болсон. Тэгвэл энэ удаад Германы сонгодог зохиолч Бертольт Брехтийн “Сычуаны сайн хүн” жүжгийн хорон санаат Мицү хатагтайн дүрээр эргэн ирлээ. Ийн түүнтэй амьдрал уран бүтээлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Танд өдрийн мэнд хүргэе. Драмын тайзнаа эргэн ирсэн сэтгэгдлээсээ хуваалцаач. Ямар дүрийг үзэгч олноо толилуулах гэж байна вэ?
-Нийт уншигчдадаа өдрийн мэнд хүргэе. Би 2013 онд театраас хөндийрч хувийн уран бүтээл дээр түлхүү ажиллалаа. 2017-2021 онд Сити их сургуульд жүжигчний ур чадвар, хэл ярианы багшаар багшилж байгаад УДЭТ-ын Ерөнхий найруулагч урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарын хүсэлтээр тайзнаа эргэн ирлээ. Мэдээж тайзаа их санаж. Олон жилийн дараа сонгодог дүр бүтээх гэж байгаа учир айх, баярлах зэрэгцэж байна. Миний хувьд энэ удаад Брехтийн “Туульсын театр”-ын арга барилаар бүтээгдсэн хамгийн алдартай жүжиг болох “The Good person of Szechwan” буюу “Сычуаны сайн хүн” хэмээх бүтээлд хатагтай Мицүгийн дүрийг бүтээлээ. Тус уран бүтээлд СУИС-ийг жүжигчнээр, Москвад театр урлагийн найруулагчаар суралцаж эх орондоо ирсэн залуу уран бүтээлч Э.Ёндоншарав Ерөнхий найруулагчаар ажилласан.
-Тус жүжиг нь төрөл жанрын хувьд юугаараа онцлогтой вэ. Мицү хатагтайн дүр нь дотоод хүнтэй чинь хэр ойрхон бэ. Дүрийн саналыг хэрхэн хүлээн авч байв?
-Театрын бусад жүжгээс ялгарах гол онцлог гэвэл ахуйн үзэл суртлаас хол. Өөрөөр хэлбэл, дүрдээ хэт орохгүй. Би хорон санаат эдийн шуналтай хатагтайн дүрийг бүтээсэн. Үүгээр дэлхий дээр сайн хүн байна уу. Байлаа гэхэд түүнийг хэрхэн хэмлэж үгүй хийх вэ гээд өнөөгийн Монголын нийгмийн нэгээхэн процессыг дүрээрээ дамжуулан илэрхийлэх болно.
Би зөөлөн хүн л дээ. Энэ дүрд хувирах амаргүй л байна. Театрын тайзнаа олон жил гараагүй учир дүрийн саналыг шууд зөвшөөрсөн.
-Тус жүжгээр нийгмийн ямар үйл явдлыг харуулна гэж?
-Гурван сая хүн амтай манай улсад муу муухай зүйл нэвт шингэсэн. Ашиг сонирхлын зөрчил, эдийн шунал хэтэрч хүн хүнээ хайрлах сэтгэл гэж үгүй болж. Нэгнийгээ элдэв үгээр дайрч доромжилж хэн нэгнийг амьдрах хүсэлгүй болтол хэмлэж байгаа нь энэ нийгмийн бодит төрх.
-Та ихэвчлэн хатан болон ээжийн дүр бүтээдэг. Жүжигчин мэргэжлийг сонгосны хувьд ямар дүр бүтээхийг мөрөөддөг вэ. Эсвэл аль хэдийн тэр дүрээ бүтээсэн үү?
-Энэ талаар огт бодож байгаагүй юм байна. Жүжигчин хүн бүхий л дүрд хувирах чадвартай байх ёстой. Найруулагчийн өгсөн дүрийг голох эрх бидэнд байдаггүй. Аливаа дүрийг бүтээхдээ өөрийгөө үргэлж хурцалж дотроосоо урж тэмцэж байдаг. 1990 онд хоёрдугаар курсийн оюутан байхдаа “Тэнгэрийн сахил” кинонд тоглосон. Миний анхны уран бүтээл байсан. Энэ кино маань “Монгол” кино үйлдвэрийн улсын төсвөөр хийсэн хамгийн сүүлийн кино. Ардчилал эхлээд, 1991 онд нээлтээ хийсэн. Миний хувьд Ардын жүжигчин Д.Цэрэндулам, А.Очирбат гуай гээд их мундаг жүжигчидтэй хамт тоглосон. Найруулагч Ч.Жумдаан маань их айхтар хүн байсан учраас энэ кинонд сахил хүртэж байж тоглосон байдаг юм. Одоо сахил хүртээсэн зоч лам багш маань бурхан болсон доо. Уг кино амьдралын их философитой. Яруу найрагч ардын уран зохиолч Д.Төрбат гуайн “Могойн чуулган” романоос сэдэвлээд “Харц хатан” зохиол бий болж байсан юм байна лээ. “Харц хатан”-гийн гол дүрийг театрын тайзнаа амилуулах юмсан гэж тухайн үед мөрөөдөж байсан. Тэгээд 2008 онд бодсоноор болж бүр “Гэгээг Муза” наадамд шалгарч байсан.
-“Харц хатан” дуулалт жүжигт дүр бүтээхдээ их зовсон гэж нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг. Чухам яагаад тэгж хэлсэн юм бэ?
-“Тэнгэрийн сахил” кинон дээр сахил хүртсэн бүсгүйн дүрийг бүтээсэн. Харин “Харц хатан” сайхан төрснөөсөө болж хүмүүст хорлогддог. Жүжгийн турш зургаан дуу дуулна. Уйлах, дуулах хоёрыг зэрэгцүүлнэ гэдэг надаас нэлээн ур чадвар шаардсан. Тийм учраас энэ дүрийг зовж бүтээсэн гэж хувьдаа боддог. Их зүйл сурсан энэ жүжгээс.
-Урлаг нийгэмд соён гэгээрүүлэх үүргээ гүйцэтгэж чадаж байна уу?
-Урлагийн биднийг их муулдаг болсонд харамсаад байдаг талтай. Хүний эзэмшсэн мэргэжил, туршлагад их ач холбогдол өгдөг. Бид өдөр бүр шинэ зохиол уншиж судалж олон талын мэдлэг хуримтлуулах нь чухал. Жүжигчний мэргэжил насаараа суралцдаг. Дэлхий ертөнцийг урлаггүйгээр төсөөлөшгүй.
-Та тайз, дэлгэцийн хэчнээн уран бүтээлд дүр бүтээсэн бол?
-Саяхан уран бүтээлийнхээ жагсаалтыг гаргасан. Энэ хугацаанд 80 жүжиг, 50 гаруй дэлгэцийн бүтээлд тоглосон байна лээ.
-“Нар ойрхон жаргадаг”, “Чимээгүй шөнө” жүжиг, ”Цахлай нисэх” гэж төрдөг зэрэг уран бүтээлд та эсрэг дүрийг чадварлаг бүтээсэн байдаг. Тэгвэл эсрэг дүрийн талаар ямар бодолтой байдаг вэ?
-"Нар ойрхон жаргадаг" дэлгэцийн бүтээлд анхны эсрэг дүрийг бүтээсэн. Жүжигчнээс том ур чадвар шаарддаг. Түүнээс хойш эсрэг дүрд тоглохыг үнэхээр их хүсдэг болсон доо. Эсрэг дүрийн санал ирвэл зөвшөөрнө.
-Монголын тайз дэлгэцийн урлагийн чиг хандлагыг та хэрхэн дүгнэж байна?
-Найруулагч гэдэг мэргэжлийг ямар ч хамаагүй кино хийгээд үнэгүйдүүлчихсэн. Сайн кинонуудыг дарсан муу кино их хийгдэх болж. Монгол ахуйгаас хол, хэт хийсвэр хиймэл бүтээл гарч байна.Киногоор дамжуулж нийгэмд өгөх үлгэр дууриал атал зөвхөн ашиг хонжоо хардаг болсонд харамсаж байна даа. Кино урлаг дэлхийн хэмжээний кино наадамд өрсөлдөж байгаа хэдий ч хараахан дэлхийн зах зээлд гарах болоогүй болов уу.
-Таны бага нас их сонирхолтой өнгөрсөн юм байна лээ. Олон зүйлд өөрийгөө сорьсон овжин охин байв уу. Анагаахын оюутнаас жүжигчин болсон тухай сонсож байлаа. Яагаад эмч мэргэжлээрээ ажиллаагүй юм бэ?
-Би айлын том хүүхэд учир аавыгаа дагаад модонд явна,модоо хөрөөднө, хураана, гарын үзүүрт зарагдаж хар бор ажил хийж өссөн. Бага нас минь Завхан аймагт өнгөрсөн. Ер нь багадаа балетчин, уран гулгагч гээд юм юм оролддог байсан. Бүр тэшүүрээр хичээллэж байсан үе ч бий. Ингээд ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд Анагаахын дундын лаборант бага эмчийн ангид элсэн орж улаан дипломтой төгсөж байсан. Төгсөөд сувилагчаар ажиллаж байгаад Завхан аймгийн Тарваган тахлын станцад лаборантоор ажилд орчихсон. Ингээд аймгийн төв рүү буцаж үзэл суртлын ухуулагчаар ажилласан. Хожим бодоход би их сонин сонин ажил хийж байсан юм байна лээ. Удалгүй кино драмын жүжигчний мэргэжлээр суралцах зорилгоор шалгалт өгч тэнцэж байсан түүхтэй. Тухайн үед багш нар маань намайг маш сайн эмч болно гэдэг байсан. Эмч мэргэжлээр ажиллаж байгаагүй гээд харамсаж байсангүй.
-Та ямар төрлийн кино үзэх дуртай вэ?
-Миний хувьд арт төрлийн кино, ном зохиолд дуртай.
-Тэгвэл одоо та ямар ном уншиж байна вэ?
-Ном уншихад хүний сэтгэн бодох чадвар асар их хөгжих юм. Бага багаар уншиж судалсаар сүүлийн үед яруу найраг биччихдэг болсон. Цалингаа буух бүрд нэг ном авч хэвшсэн. Зохиолоо уншихдаа өөрөө гол баатар нь болчихдог. Одоо “Тачаалын хатан хаан” романыг уншиж байгаа. Ташрамд хүүхэд багачуудыг утаснаас хол байлгаж оюуны потенциалыг нь тэлэх дэлхийн болон дотоодын сонгодог зохиолууд уншуулаасай. Өсвөр үе минь барууны соёлд уусаж байгаад харамсдаг. Хүүхдүүдийн утасны хэрэглээ үнэн хэрэгтээ сэтгэл түгшмээр. Сайны хажуугаар саар гэгчээр техник технологи хөгжиж юм бүхэн хялбар болж байгаа ч гарах үр дагавар нь аймшигтай. Учраа мэдэхгүй жоохон хүүхэд ямар ч хяналтгүй утас үзэж байгаад л эмзэглэж байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдүүддээ гадны соёлоос суралцуулахаас илүү Монголын түүх соёлын талаар мэдээлэлтэй болгох нь чухал.
-УДЭТ-аас таны үеийн уран бүтээлчдийн залгамж халааг авах залуус бэлтгэгдэн гарч байна. Тэдэнд юу захиж, сургаж байгаа вэ?
-Би драмын театрт 23 жил ажиллахдаа ахмад үеийн найруулагч жүжигчдээсээ үлгэр дуурайл, заавар зөвлөгөө авсаар байна. Драмын театрын найруулагч жүжигчид үнэхээр чадварлаг. Сайн багш нарын хормойноос зүүгдэж энэ мэргэжлийг эзэмшсэндээ баярладаг. Тийм ч учраас өөрөөсөө нэг хоёр насаар ах, эгч хэн ч байсан хүндэлдэг. Залуу үе минь ч гэсэн ахмад уран бүтээлчдээ хүндэлдэг хайрладаг байгаасай. Олон сайхан зүйл сураасай л гэж хүсдэг. Биеэ тоож болохгүй шүү. Хандлагаа эерэг байлгаарай гэж хэлье дээ.
-Анх Театр урлагийн сургуулийг төгсөж амьдралд хөл тавьсан Б.Эрдэнэцэцэг гэдэг жүжигчинг урлаг хэр өөрчлөв?
-Дотоод хүнийхээ хувьд жоохон охин хэвээрээ, огт өөрчлөгдөөгүй. Олон сайхан бүтээлд ажиллаж арвин их туршлага хураасан нь өөрчлөлт юм гэж боддог. Энэ хугацаанд гадаадын болон дотоодын олон ном зохиол уншиж зохиол бүр дээр анализ хийж сурлаа.
-Цаашид ямар нэгэн шинэ уран бүтээлийн санаа танд байна уу?
-Он гармагц шинэ уран бүтээлээ толилуулна. Одоогоор нууцалъя. Энэ зун "Зөнч эмэгтэйн тухай" 10 ангитай сериал хийх гээд амжсангүй. Өөрөө продюсероор ажиллаж гол дүрийг нь бүтээнэ. Удахгүй энэ уран бүтээлийнхээ ажил руу шамдан орно.
-“Сычуаны сайн хүн” жүжиг тайзнаа тоглогдоход цөөн хоног үлдэж. Хүн бүр энэ жүжгийг үзэх ёстой мэт санагдлаа.
-Тийм шүү. Арваннэгдүгээр сарын 18-нд нээлтээ хийнэ. Энэ хүү драмын жүжгийг үзсэн хүн харамсахгүй. Хүн төрөлхтний сайн сайхныхаа төлөө, нийгмээ соён гэгээрүүлэх цаг болжээ гэдгийг энэ жүжгээс ухаарах болно. Тиймээс та бүхэн хүрэлцэн ирж үзээрэй гэж хэлье.
Б.ОЮУНЖАРГАЛ
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 2 )
hujaa boov huhugch
Б.Эрдэнэцэцэг жүжигчин дүрээ сайхан бүтээдэг чадварлаг, авьяастай даруухан эмэгтэй гэж надад дандаа бодогддог. Та маш олон кинонд эелдэг сайхан сэтгэлтэй эмэгтэйн дүрд тоглодог. Та их даруухан сайхан сэтгэлтэй жүжигчин юм. Та театр, кинонд олон жил болсон тул ГАВЪЯАТ ЖҮЖИГЧИН БОЛОХЫГ ХҮСЭН ЕРӨӨЕ.