Иргэд санхүүгийн, хууль эрх зүйн мэдлэгээ сайжруулах нь хамгийн сайн ХАМГААЛАЛТ болно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 11 сарын 14

Монголбанк, Цагдаагийн Ерөнхий Газар, Цахим Хөгжил, Харилцаа Холбооны Яам, Монголын Банкны Холбоо хамтран цахим залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор  “UNSEND” буюу “Бүү шилжүүл” аяныг өнөөдрөөс эхлэн 14 хоногийн хугацаатай зохион байгуулж буй талаараа мэдээллээ./2022.11.14/

Монголбанкны  Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалаг дараах мэдээллийг өглөө.

Санхүүгийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хангах, гэмт хэрэг зөрчлийн гаралтыг багасгах, санхүүгийн боловсрол, хууль эрх зүйн мэдлэг олгох ажлын хүрээнд 2020 оноос эхлээд Цагдаагийн Ерөнхий Газар, Монголын Банкны Холбоо, арилжааны банкуудтай хамтран санхүүгийн залилангаас урьдчилан сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Төв банкны тухай хуульд хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах гэж заалт байдаг. Энэ хүрээнд бид иргэдийн эдийн засгийн болон санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Санхүүгийн залилан луйвар гэдэг бол иргэдийн заавал мэдэх ёстой санхүүгийн суурь мэдлэгийн сэдэвт багтдаг. Тэгэхээр бид энэ чиглэлийн  аянд санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, санхүүгийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр хамтран ажилладаг.

Цагдаагийн Ерөнхий Газраас өгч буй мэдээллээр, Монгол Улсад залилах гэмт хэргийн тоо жилээс жилд өсөн нэмэгдэж байна. Үүнийг дагаад иргэд санхүү эдийн засгийн хувьд хохирч байдаг. Цагдаагийн Ерөнхий Газраас сая танилцуулсан тайлан мэдээнд нийт гэмт хэргийн 32.8 хувийг залилах гэмт хэрэг эзэлж байна гэдэг бол маш өндөр үзүүлэлт. Энэ бол яах аргагүй л уг аянд хамтран оролцож буй байгууллагуудын анхаарах ёстой асуудлуудын нэг юм.

Мэдээлэл технологийн хурдтай хөгжил нь төлбөр тооцооны хэрэгсэлд амжилттай нэвтэрч, нэг талдаа хэрэглэгчдийн цаг хугацааг хэмнэж, хэрэглээг хялбаршуулж байгаа сайн талтай ч, нөгөө талдаа мэдээллийн аюулгүй байдлын хянамгай байдлыг маш ихээр шаардаж буйг хэлэх нь зүйтэй байх.

Манай улсад цахим хэрэглээ нэлээн өндөр байгаа талаар ярьж байна. Энэ оны эхний хоёр улирлын байдлаар Монгол Улсад 4.4 сая банкны карт байгаагаас ашигтай ашиглагдаж байгаа нь 2.2 сая карт байна. Цахим орчинд үйлдэгдээд байгаа гэмт хэргийн ихэнх нь хүмүүст хувийн мэдээлэл болон нууц кодоо алдах, картаа ашиглуулах, урьдчилан төлбөр тооцоо хийх, фэйсбүүк аккаунтаар нь нэвтэрч, таньдаг хүмүүсээс нь мөнгө гуйх нэрээр залилан луйвар хийх хэргийн гаралт өндөр идэвхтэй хэвээр байна.  Иргэд  энэ төрлийн гэмт хэрэгт ихээр өртөж байгаа нь  санхүүгийн мэдлэг, тухайн бүтээгдэхүүн үйлчилгээний талаар мэдээлэл, мэдлэг бага байгаатай холбоотой.

Залилан луйвар нь  эдийн засгийн хувьд маш их хохирол үзүүлдэг гэдгийг  бүгдээрээ мэднэ. Иргэд амар хялбар аргаар мөнгө олж санхүүгээ нэмэгдүүлэх гэхээсээ илүү тухайн мэдээллийг сайтар нягтлах, эх сурвалжаас нь тодруулах, энэ талын мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна.

Санхүүгийн залилан луйвраас урьдчилан сэргийлэх эдгээр арга хэмжээг төрийн болон холбогдох байгууллагууд хамтран хэрэгжүүлж байгаа хэдий ч энэ нь бүрэн дүүрэн хангалттай биш ээ. Үүнд, та бүхний оролцоо чухал. Гол нь иргэд аливаа мэдээллийг нягталдаг байх, санхүү эдийн засгийн, хууль эрх зүйн  мэдлэгээ сайжруулах нь хамгийн сайн хамгаалалт болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top