Жамъянгийн Мөнхбат гэх нэр хаа ч дуулдаж, харагдаж мэднэ. Яруу найргийн тайз, бөхийн зүлэг ногоон дэвжээ, тайз дэлгэцийн индэр дээр, УИХ-ын чуулганы танхимд, сайдын суудал гээд хаана ч дуулдана. Магадгүй охид бүсгүйчүүдийн халаас, хулгай дээрмийн хар данснаас ч харагдаж мэдэх хүн. Хулгай дээрэм гэснээс “Нүүрсний бүлэглэл”-ийн гишүүнээр түүнийг нэгэнтээ У.Хүрэлсүх цоллож байсан удаатай. Харин Засгийн газраас нүүрсний хулгайг ил болгох аян өрнүүлж, энэ үеэр мань эр нүүрсний хулгай, далд гэрээг ил болгох хууль санаачлаад олонхын дэмжлэг авчихаад танхимаас гарч ирж байгаагаас харвал түүний нэр хулгай дээрмийн бүлгийн хар дансанд байхгүй бололтой.
Манай парламентад яруу найрагчид өдрийн од шиг ажиллаж, хууль батлалцаж явсан түүхтэй. Өдгөө гэхэд л “Болор цом”-ын эзэн Г.Мөнхцэцэг, Ж.Мөнхбат нарын найрагчид байгаа бол Л.Энх-Амгалан гэх сүрхий найрагч сайдын алба залгуулж байна. Яруу найрагчид гэхээрээ амьдрал, орчлонг байнга уянгалж хардаг, түүн шигээ амьдардаг биш гэдгийг л харуулж яваа хүмүүс. Магадгүй илүү амьдралд ойр, түүнийг үзэх үзэл нь энэрэнгүй байж мэднэ. Ямартай ч өдгөөгийн парламентад хоёр ч цомын эзэн, өөр бусад найрагчид ажиллаж байхад ганцхан түүнийг “Парламентын найрагч” хэмээн онцлон цоллож байгаагийн цаана нэг шалтгаан байгааг олж тогтоохыг зорьсон. Олны салхи, дотоод орчны агаараас анзаарахад шүлэг зохиол бичдэгээр нь бус өөр талаар “найрагч” хэмээн нэрийддэг аж.
Түүний улс төрд хөл тавьсан хорь гаруй жилийн замнал бол жинхэнэ улс төрийн “найрагчид” дунд өсөж бойжсон нуух аргагүй намтартай хүн. Ёстой л “Булавч бултайна, даравч дардайна” гэдэг шиг.
Анх ус нутгийн ах, УИХ-ын дарга С.Төмөр-Очирын Шадар туслах, УИХ-ын Тамгын газарт зохион байгуулагч гэх мэт албаны нэртэй ч ах нарын гар хөлийн үзүүрт гүйх замаар их улс төрд хөл тавьсан нөхөр. Эндээсээ МАН-ын дэргэдэх залуучуудын байгууллагаар дамжин, Монголын залуу үеийн хөгжлийн ассоциацийн Ерөнхийлөгч, “Монголын үнэн” сонины Ерөнхий эрхлэгч, намын Улс төрийн байнгын хорооны дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн, сайд хүртэл өндөр авсан намтартай хүн.
Тэгэхээр өнгөрөгч цаг хугацааны аль нэг орон зайд нь утга зохиол талаас бус улс төр талаас “найрагч” гэх цол гуншин зүүсэн бололтой. Үүнийг заавал илрүүлж тогтоох гээд яахав. УИХ-ын даргын Шадар туслах, УИХ-ын тамгын газрын зохион байгуулагч гэдэг бол “найрагч” нэр зүүхэд анхан шатны мэдлэг олгосон газар байж таарна. Энд эрх биш улс төрийн хар хорын нүүдлийг дотроос нь биш юмаа гэхэд гаднаас нь харж зогссон учраас өөр яах юм. Харин Н.Энхбаяр буурийг нь засаж, У.Хүрэлсүхийн нүүлгэж буулгасан залуучуудын байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга болно гэдэг улс төрийн талаасаа бас л “найрах” асуудал. Энд л хар хор нь гарсан, эсвэл хар хор нь буцалсан ах нарын улс төрийн үйл ажиллагааг өрнүүлнэ гэдэг “Найрагч” нэр зүүх томоохон дамжаа болно.
Түүнээс “Үнэн” сонины эрхлэгч болох эсэхэд тэгтлээ “найрах” асуудал орохгүй л болов уу. Харин 2012 оны УИХ-ын сонгуульд өвдөг шороодож эхэлсэн цагаас хойш ах нараас суралцсан бүхий л талд буруу зүгийн салхи сэвэлзүүлэхээс өөр аргагүй гэдгээ нэгэнт ойлгосон байх. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан нь түүний хувьд улс төрд байгуулсан анхны томоохон ялалт байв. Хожим тэр олон удаа ялж болох ч түүний амьдралд тохиосон ганц том ялалт болж үлдэнэ. Сонины эрхлэгч болох залуучуудын байгууллагын генсек болох, “Болор цом” авах энэ тэр бол юу ч биш. Гагцхүү энд л жинхэнэ “найрагч” нэрийг олж авах хэмжээний томоохон ажиллагаа өрнүүлсэн нь өнөөдрийн ололт амжилт. Түүнийг жинхэнэ удирдаачийн дүрд тоглож, жинхэнэ “найрагч” болгосон газар нь Тусгаар тогтнолын ордон, сөрөг хүчний дарга юм шүү дээ. Үүнээс өмнө тэр өөрийгөө “найрагч” болчихсон чинээ бодож явсан ч эндүүрэл байснаа 2012 оны сонгуулийн ялагдал, 2013 оны Ерөнхий нарийн бичгийн ялалтаас хойш ойлгож ухамсарласан хэрэг. Улстөрчийн хувьд 2012 он бол нэлээд уруудсан жил болов уу. УИХ-ын сонгуульд ч унасан, МАН-ын хойморт суусан Ө.Энхтүвшин, Г.Занданшатар нартай ч тал нийлэхгүй зэрэг олон шалтгаан байв. Ядахад л Архангай аймгийн нутгийн зөвлөлийн даргын сунгаанд үзэж, “Фортуна” Н.Батбаярт дайруулчихсан гээд бар, туулай жил базаахгүй өнгөрсөн. Ялагдал бол ялахын үндэс байдаг гэдэг дээ. Луу жилийн өнгөн дээр ялагдсан ч намын генсек болчихно гэдэг түүний хувьд тэнгэрийн умдаг атгалаа гэсэн үг. “Могой гурав тасравч гүрвэлээс урт” гэдэг шиг улс төрийн ууган хүчин ялагдлаа ч аль ч талаараа АН-аас том харагдаж таарна.
Ж.Мөнхбатын хувьд Архангай аймгийн уугуул бөгөөд МУИС-ийн Улс төр судлалын анги төгссөн хүн. Улстөрч болно, улс төр судална хэмээн энэ ангийг сонгоогүй байх хэмээн бодож явсныг минь арван жилийн ангийнх нь хүүхэд надад баталж өгсөн. Тухайн үед үүд хаалгаа нээгээд удаагүй байсан Улс төр судлалын ангид элсэн суралцах гэж ирээгүй ч түүнийг ийм зам угтаж авсан. Эхийн хэвлийд бүрэлдэхээс эхлээд зурж өгсөн тавилан заяаны харгуй хааш хөтөлнө тийшээ явдаг нь жам хойно. Түүнд орчлонгоос өмчилж өгсөн зам харгуй, уулзаж учрах хүмүүс нь энэ буй амьдрал нь байх.
Түүнээс бус улсын идэрчүүдийн аваргад ирж, ирээдүйн улсын цолтнуудтай шуудагдалцаж, хожим сумын цол хүртэж явсан, улсын “Хүрэл тулга” наадамд уран яруу шүлэг дуудаж, хожим “Болор цом”-ын эзэн болсон залууг өөр бусад ямар ч зам харгуй тосож байсныг таах аргагүй. Тухайн цагийн шилдэг хөгжмийн зохиолчид, хит дуучидтай хамт олон сайхан дуу бүтээж, жүжиг бичиж, найруулж, хоёр, гурван ч түүхэн кино зохиол бичиж, өөрөө тэргүүлэн ажилласан гээд дурдахаар хувь заяаны харгуй хаашаа ч явж мэдэхээр самарч байсан залуу хэзээ ч улс төрөө орхиогүй нь хэтийн зорилго ч байж мэдэх. Хувь хүн талаас нь авч үзвэл үүнийг мэдрэмж гэх байх.
Магадгүй утга зохиол, түүний ай сав доторх дуу, шүлэг, жүжиг, кино бол зөвхөн өөрийгөө олны өмнө ил гаргах гэсэн санаа төдий зүйл байсан нь өнөөдрийн өндөрлөгөөс харагддаг. Түүнийг утга зохиолд гайгүй нэр нүүр олж байх үед утга, уран зохиолд улс төр хамаагүй хэмээн ад шоо үздэг байсан нь элбэг. Тэд ч буруу хараагүй нь өнөөдрийн үйл явц хэлж өгч байна. Тэгээд ч утга зохиолоос шат гишгүүр хийж өөрийнхөө зорилгод хүрнэ гэдэг баргийн аавын хүүгийн хийх ажил биш. Аргагүй зориг зүрх шаардахаас гадна хийморьтой л эрийн барьж авах зүйл аж. Тэр бол өнөөдөр дөчин насны босго давж ид эр бяр нь ханасан улстөрч. Хориодхон настай, оюутан ахуй цагаасаа улс төрийн талбарт хөл тавьж, намын дэргэдэх залуучуудын байгууллагын индэр дээрээс гудамж талбайд улс төрийн тэмцэл өрнүүлж явсан хүүг хожим сайд, дарга болно гэж тэр бүр анзаараагүй ч байж мэднэ. Өдгөө УИХ-д хоёр удаа сонгогдож, Монгол Улсын сайдаар нэгэнтээ заларч, Байнгын хорооны даргаар хоёр ч удаа томилогдоод байгаа түүнд ажлын дадал туршлага суухаас гадна дулимагхан сайдын суудалд яараад байхааргүй болгосон байх. Дарга, сайдын суудалд ханаагүй ч алс хэтийн зорилго нь бүхий л зүйлээс хойш суулгадаг байх. Энэ нь Л.Оюун-Эрдэнэ түүнийг Засгийн газартаа сайдаар урьсан ч тэр очоогүй гэдгээс харагдана. Гэхдээ шалтгаан бий. Хэдхэн жилийн өмнө 33, 32-оороо хуваагдаад үзэж байхад мань эр ялагдал хүлээдэг армийн “Салааны дарга” байсан учраас шазуур зуусан байх. Тэгээд ч Монгол Улсын сайд явсан хүнд нэг муу салбарын сайд хэрэггүй биз. “Эр хүний цээжинд эмээл хазаартай морь багтана” гэдэг шиг түүний цээжинд Ерөнхий сайдын эрэмбэ элбэгхэн харагдах болоо биз. Түүнд тийм боломж ч бий. Ирээдүй ч бий.
Том харж байж л дээш ахих энэ улс төрийн талбарт наашаа гэсэн бүхэн рүү гүйж, суу гэсэн суудал бүхэнд нь залраад байвал юу болох билээ. Тэр ч үүнийгээ мэдэх насан дээрээ очсон байх. Түүнд улс төрийн талаасаа хүрээлэл, туршлага гээд дутах зүйл нэгээхэн ч байхгүй. Заавал нэг зүйл дутаах ёстой гэж үзвэл төрийн албанд ажиллаж байсан туршлага байхгүй. Улс төрд хөл тавьсан цагаасаа улс төрийн албан томилгоо дагаж өнөөдөрт ирсэн хүн. Хүмүүсийн хэлдгээр цүнх баригчаас албаа эхэлж, цүнх бариулах хэмжээнд ирсэн нөхөр.
Эх сурвалж: Өглөөний сонин
Сэтгэгдэл ( 4 )
Нүүрсний хулгайч
ЗАРТАЙ ХУЛГАЙЧ. ХҮРГЭН АХТАЙГАА НИЙЛЖ АСАР ИХ ХӨРӨНГӨ ЗАВШСАН ГЭЖ ЯРИГДДАГ. нӨГӨӨ ХҮРГЭН АХ бУЯНТОГТОХ НЬ ЭНЭҮҮНИЙХЭЭ ХАЛАМЖААР ГАДАГШ ЗАЙЛААД ЯЛ ЗАВШИЖ ЯВАА. ЭРТ ОРЙО ТАНАР БАРИГДАНАДАА ХЭРЭГ ХУУЧРАХГҮЙ ШҮҮДЭЭ МӨНХБАТАА
Хулгай хийхийн хажуугаар тамирчдыг битгий хулхидаад байгаач ...
arxichin