ХӨНДӨХ СЭДЭВ I Цахимыг захирах хуультай болъё

2022 оны 11 сарын 23

Нэг ийм санал байна хүмүүс ээ. Цахим орчноор дагнасан хуультай болъё гэсэн. Энэ бол зүгээр нэг сэтгэлийн хөөрөл, аль эсвэл өөрт тулгамдсан өчүүхэн асуудлаас болж дэвшүүлж байгаа санаа огтхон ч биш. Нийгмийн шаардлага, бодит үнэнээс урган гарсан бүтээлч санал юм. Учирлаваас, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран дэлхий нийтэд тархсан сошиал медиа хэмээх зах хязгааргүй орон зайд та, бидний хүүхэд замбараагүй "сэлгүүцэх" боллоо. Сайнаасаа илүү саар үр дагаврыг ирээдүй хойчид маань “өвлүүлэх” болсон интернэт хэрэглээнд зохицуулалт хийх цаг болсон уу гэвэл, болсон. Баримт түшье. Мэдээллийн эрин зуун хэмээгдсэн энэ цаг үед цахим гэмт хэрэг, цахим гадуурхал, цахим хүчирхийлэл, цахим өвчин гэх нэр томьёо үүсэх боллоо. Ялангуяа манай улс шиг интернэт хэрэглээгээрээ дэлхийд дээгүүрт орж байгаа оронд дээр дурдсан бүхэн байнга яригдах болов. Энэ бүхнийг гэрчлэх ганцхан жишээг дурдъя.

Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 онд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгджээ. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон байна. Үнэхээр харамсалтай. Монголын ирээдүй хойч болсон энэ олон арван хүүхдийн амь нас цахим хэрэглээний золиос болсон гэж бодохоор өр өвдмөөр. Муу ёрлож байгаа юм биш шүү. Магадгүй өнөөдөр биш юмаа гэхэд маргааш таны хүүхдийг ч гэсэн дээрх амиа хорлосон хүүхдүүдийн адил тавилан хүлээж байгааг үгүйсгэхгүй.

Иймээс л бидний өмнө цахим орчны зохистой хэрэглээний зохицуулалт ус агаар мэт хэрэгтэй байгаа юм.

Гарц хайя. Өнөөгийн нийгмийн хөндүүр сэдэв болоод буй цахим хэрэглээг хэрхэн зөв, зохистой хэрэглэх вэ гэдэг нэн чухал асуудал болоод байна. Та бод доо, интернэт, цахим орчин дахь мэдээллийн 70 хувь нь садар самуун, хүчирхийллийн шинжтэй, үлдсэн 30-хан хувь нь зөв мэдээлэл агуулсан байдаг гэсэн судалгаа байна. Мэдээж мэдээллийн энэ эрин зуунд интернэт орчныг шууд хаахаас илүүтэй зөв ашиглаж чадвал хүүхдийн сурч, боловсрох орчин нөхцөлийг бүрдүүлэх боломж бас бий гэдгийг мартах учиргүй. Тэгэхээр тэрхүү хүнд хэрэгтэй, зөв 30 хувийн мэдээллийг хэрхэн шүүж авах вэ. Туршлагаас судалъя.

 

Нэгдсэн төвтэй болъё

 

Цахим орчны зохицуулалтаар нэлээн чимбай явж байгаа улсуудын жишгээс харахад, эцэг эх, хүүхдүүдэд аль алинд нь зориулсан цахим орчинтой холбоотой зан үйл, эрсдэл зэргээр зөвлөгөө өгдөг байнгын төвүүд ажиллуулдаг юм байна. Тухайн төв нь 24 цагаар ажилладаг бөгөөд дуудлагаар үйлчилнэ, эсвэл имэйл бичихэд хариу өгдөг гэнэ. Хүүхэд, тэр дундаа өсвөр насныхан цахим орчинд дарамтад өртөх, эсвэл гадуурхагдах үед нөгөө төв рүү утасдаж “Надад ийм асуудал тулгарлаа, би яаж шийдэх үү” гэх байдлаар зөвлөгөө, тусламж авдаг аж. Улмаар тэрхүү төвүүд цахим орчинд хэрхэн зөв мэдээлэл авах, эрсдлээс өөрийгөө яаж хамгаалах талаар зөвлөгөө өгдөг байнгын ажиллагааг хэвшүүлжээ. Мөн эцэг, эхчүүдэд ч сөрөг мэдээллээс хүүхдээ хол байлгах талаар заавар, зөвлөгөө өгч, сургалтад хамруулдаг юм байна.

Харин манай улсад яг цахим орчноор дагнасан тийм төв хараахан алга. Мэдээж энэ төрлийн зөвлөгөө мэдээлэл өгдөг мэр сэр газар байгаа ч, тэдгээр нь хүүхдийн байгууллага аль эсвэл цагдаагийн газрын салбар байх жишээтэй. Тухайлбал, цахим гэмт хэргийн талаар хүүхдийн тусламжийн 108, Эрүүгийн цагдаагийн газрын цахим гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст хандах боломж бий. Мөн зөвлөгөө мэдээлэл өгдөг тоотой газрууд ч байна.

Тодруулбал, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч, Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагууд хамтраад цахим орчин дахь эрсдлээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөөнүүдийг Монгол хэл дээр бэлтгээд эхэлжээ. Өмнө нь цахим орчинтой харилцах харилцааны талаар мэдэх ёстой зүйлүүд гадаад хэл дээр л байдаг байсан бол одоо энэ орон зай нөхөгдөж, монгол хэл дээрх заавар зөвлөгөө бий болсон нь сайшаалтай. Гэхдээ интернэтийн энэ эрин зуунд зөвхөн цахим орчинтой холбоотойгоор бүх төрлийн зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлдэг нэгдсэн төв улсын хэмжээнд заавал байх ёстой. Цаашлаад хүн ам төвлөрсөн томоохон хотууд, аймаг, сум суурин газруудад ч гэсэн салбар төвүүдийг нь байгуулж яагаад болохгүй гэж.

Өөрөөр хэлбэл, цахим орчинтой холбоотойгоор зөвлөгөө мэдээлэл өгч, үйлчилгээ үзүүлдэг ийм төвүүдийг төрийн байгууллагын институтын хэмжээнд бүрэлдэхүүнийг нь буй болгох бодлогын төвшний ажлыг төрөөс хийж хэрэгжүүлэх цаг үеийн шаардлага ирээд байна.

 

Цахим орчинд эрх зүйн зохицуулалт дутагдаж байна

 

Цахим орчин дахь мэдээллийн агуулга, сөрөг үр дагавар хийгээд хүүхдэд хэрхэн нөлөөлж байгаа төдийгүй амь насанд нь хүртэл эрсдэл учруулсан баримт болон Монгол Улсад цахим орчны зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа талаар дээр дурдлаа. Тэгвэл энд дурдагдсан бүхнийг засаж сайжруулах, зөв зохистой замд оруулах, эмх цэгцийг буй болгоход чухал үүрэг гүйцэтгэх гол суурь бааз нь цахим орчны харилцааг зохицуулах бие даасан хууль юм. Хууль гэдэг бол нийгмийн харилцааг зохицуулах зорилготой заавал дагаж биелүүлэх эрх зүйн хэм хэмжээ байдаг. Энэ утгаар нь аваад үзсэн ч Монголын нийгмийг хэрэн сүлжээд байгаа интернэт дэх орчны харилцааг зохицуулах бие даасан хууль таны, миний ч амьдралд үгүйлэгдэх боллоо. Өдгөө манай улсад цахим орчин дахь гэмт хэрэг, зөрчлийг Эрүүгийн хууль болон бусад хуулийн зохицуулалтаар шийдэж байна. Гэвч энэ нь Цахим орчин дахь харилцааг бүрэн дүүрэн зохицуулахад хангалттай биш байгаа юм. Ялангуяа интернэт дэх орчинд хүүхэд, өсвөр насныхны эрх ашгийг хамгаалах эрх зүйн зохицуулалт гэж алга.

Зургаан жилийн өмнө буюу 2016 оны хоёрдугаар сарын 5-нд “Хүүхдийн эрхийн тухай хууль” шинээр батлагдаж, тус хуулийн Хоёрдугаар бүлгийн 8 дугаар зүйлд, “Хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүүхэд хамгаалал” гэсэн хэсгийг багтааж өгсөн ч энэ нь цахим орчин дахь олон талт харилцааг зохицуулахад чамлалттай байгаа юм.

Мэдээж энэ хууль батлагдсанаар мэдээллийн сөрөг нөлөөнөөс эцэг эх хүүхдээ хамгаалахыг үүрэгжүүлж өгсөн, хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлсон гээд олон олзуурхууштай зүйл байгаа. Гэхдээ нийгмийг аалзны тор мэт хэрсэн интернэт орчны харилцааг бүрэн зохицуулахад ганцхан “Хүүхэд хамгааллын тухай” хууль хангалтгүй байгаа нь нэгэнт тодорхой байгаа юм. Тиймээс л бие даасан хууль хэрэгтэй гэдгийг дахин, дахин өгүүлэхийн учир энэ. Тэгээд ч манай улсад л цахим орчноор дагнасан хууль байхгүй байгаа болохоос гадны маш олон улсад энэ төрлийн хууль хэрэгжиж байна.

Хамгийн ойрын жишээ бол манай хойд хөрш ОХУ. Тус улсын Төрийн Думаас 2010 онд Цахим орчин дахь харилцааг зохицуулах бие даасан хуулийг баталсан байдаг. Орост батлагдсан тэрхүү хуулийн зохицуулалтын зарим зүйлээс дурдвал, Цахим орчин хүүхдэд олон сөрөг үр дагавартай гэдгийг онцлон авч үзсэн. Гэхдээ шууд хязгаарлах биш. Тэндээс хэрэгтэй мэдээлэл авах эрх нь нээлттэй.

Үүнийг хангахын тулд эцэг, эх, төр болон төрийн бус байгууллага, сургууль ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг зохион байгуулалтын асуудлыг нь хуульчилж өгсөн байдаг. Хамгийн гол нь торгох арга хэмжээг чухалчлаагүй сөрөг мэдээллээс хэрхэн хамгаалах арга замыг зааж хуульчилжээ. Түүгээр зогсохгүй тус хуульд боловсролын байгууллагын үүрэг оролцоог чухлаар тавьж, харилцаа холбооны байгууллагуудын зөвлөмжийг тусгаж өгсөн нь амьдралд хэрэгжиж, богино хугацаанд үр дүнгээ өгөх боломжтой гэдгийг судлаачид онцолсон байдаг. Энэ мэт бусад орны сайн туршлагаас үлгэр жишээ авч, цахим орчин дахь харилцааг зохицуулах бие даасан хуультай болбол ямар вэ.

Нэгэнт л монголчууд бид интернэт хэмээх хөлгүй их далайд шумбасан нь үнэнээс хойш живэхгүйгээр өөрсдийгөө хамгаалахын тулд зөв сэлүүрдэж сурах нь чухал. Тэр сэлүүр бол хууль юм.

 

С.ӨЛЗИЙ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top